| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0185/э |
| Дугаар | 2022/ШЦТ/193 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.Баасанжав нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2215002090187 дугаартай, 163/2022/0185/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гын *******, Булган аймгийн ******* суманд 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Бүрд гэх газарт оршин суух хаягтай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд нь Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр Д.*******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа бие эрх чөлөөнд нь халдан зүүн хацар хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002090187 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.******* нь эхнэр Д.*******ын хамт хүнс цуглуулах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 06-ны Булган аймгийн ******* сумын нутаг буюу гэрээсээ ******* аймаг руу явсан байх ба энэ хугацаандаа гэр бүлийн найз болох Ч.*******, түүний эхнэр ******* нартай уулзалдаж улмаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд Г.******* нь гэр лүүгээ буцах замдаа Д.*******ыг алгадах, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд халдсаны улмаас Д.*******ын зүүн хацарт нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.*******ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нөхөр *******ын хамт Булган аймгийн ******* сумын нутгаас ******* аймгийн төв рүү хүнс цуглуулахаар явсан. Төвд ороод юм аа цуглуулаад машинаа угаалгаж байгаад гэр бүлийн найз болох Болортой таараад түүний гэр лүү нь хамт явсан. Тэгээд Болорын нөхөр болох Өлзийг дагуулаад дөрвүүлээ ногооны талбай руу нь явж тэнд нэг шил архи, дөрвөн лааз пиво уусан. Тэгээд би машинаа унаад нөхрөө суулгаад харих гээд Эрдэнэтээс гараад явж байхад нөхөр зүүн гарынхаа ар хэсгээр миний нүүрлүү алгадсан. Тэгэхээр нь “яаж байнаа” гэтэл “би яагаа ч үгүй” гэхээр нь би замын хажууд машинаа зогсоогоод машинаасаа буугаад ******* аймгийн зүг рүү эргээд алхсан. Манай нөхөр машинаа унаж ирээд “хоёулаа харъя” гэхээр нь би зөвшөөрөхгүй, машины урд суугаад цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Цагдаагаас буцаад залгахад нь би утсаа аваагүй. Тэгээд сууж байтал нөхөр маань миний нүүр лүү баруун хөлөөрөө өшиглөчихсөн. Маргааш нь зүүн хацар хавдчихсан байсан, нөхөр маань “эмнэлэгт үзүүл” гэхээр нь би үзүүлээгүй. Хэд хоногийн дараа хавдар нь нөгөө тал руугаа ороод байхаар нь эмнэлэгт үзүүлж хагалуулсан. Тэгээд би цагдаад гомдол өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
3. Гэрч Ч.*******гийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа 17 цагийн үед буугаад гэртээ харихад манай эхнэр найз тойгоо сууж байсан. Тэгээд бид гурав манайхаас гараад ******* дээр очоод тэндээсээ манай хүлэмж рүү очиж ойр зуурын зүйл ярилцаж юм хийнгээ Жав бид хоёр нийлээд 0.75 литрийн хэмжээтэй архи ууж, эхнэр той хоёр пиво уусан. Тэрийгээ дуусгаад гэртээ харьцгаах болоод манай гэрийн гадаа жаахан сууж байгаад бид хоёрт сүү өгөөд явцгаасан. Манайд болон гадаа сууж байхад тэр хоёр маргалдаагүй. Өөрсдийгөө хянах чадвартай байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай: Д.*******ын биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацарт үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь тухайн үедээ шинэ гэмтэл байсан ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймагт байж байгаад найз Болор, Өлзий нартай хамт архи ууж байсан бөгөөд тухайн үед би юу болсон талаар санахгүй байна. Архи их уугаад тасарцан байсан. Нэг мэдсэн чинь эхнэр ******* миний урд нүүрээ дарцан чи намайг өшиглөөд байхдаа яадаг юм бэ? гээд байж байсан. Тухайн үед эхнэрээсээ уучлалт гуйгаад гэртээ харьсан. 2-3 хоногийн дараа эхнэр *******ын нүүр улам хавдаад байхаар нь ******* аймагт байх хувийн эмнэлэгт очиж хагалгаа хийлгүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.*******, гэрч Ч.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Д.*******ын зүүн хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан дээрх үйл баримт нь Г.*******ын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ түүний бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Г.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогджээ.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 456 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.*******ын зүүн хацарт үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоотой тогтоогдсон байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.*******, хохирогч Д.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хэдий ч тухайн өдөр шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, түүний хууль бус үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн байнгын бөгөөд зан үйлийн хувьд зуршил болсон байх шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Г.*******ын эхнэр Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 36-49 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 38 настай, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг Бүрд гэх газарт мал маллан амьдардаг, урьд нь нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4/156 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД