Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,

шүүгдэгч Н.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө овогт Нанзангийн Батболдод холбогдох эрүүгийн 2016 0108 0334 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүгийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 7-785 тоотод оршин суух, Нийслэлийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил, 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил тус тус хорьж, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгож, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20,000 төгрөгөөр торгох, 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын 30 хувь болох 2 жилийн өршөөн хасч, үлдэх 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж 6 жил болгон 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг дээрх 6 жилийн хорих ялд багтааж, түүний жинхэн эдэлбэл зохих ялыг 6 жилийн тогтоож, 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн УД78020610 дугаартай, Мөнгө овогт Нанзангийн Батболд нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 56-1 тоотод оршин суух Ж.Ганганы гэрийн хаалгыг сүхээр эвдэн орж 32 инчийн SHARP Aquos маркийн LCD телевизор, ягаан өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хулгайлан авч бусдад 310.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батболд нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 56-1 тоотод оршин суух иргэн Ж.Ганганы гэрийн хаалгыг сүхээр эвдэн хууль бусаар орон байранд нэвтэрч 32 инчийн SHARP Aquos маркийн LCD телевизор, орны бүтээлэг зэргийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр хулгайлан бусдад 310,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батболдын өгсөн: “Би Нисэхийн хороо руу явж байгаад 2 залуутай таараад 1 шил архи уусан. Тэгээд тэр 2-оос салаад гудамжаар дээшээ өгсөж байгаад айлын хашаа руу орсон. Гэрийн хаяа нь сөхөгдсөн байхаар нь хартал зурагт байсан. Хаалганы хажууханд сүх байхаар нь сүхээр цоожийг нь цохиж гэрт орсон.  Зурагтыг нь орны бүтээлгээр бүтээгээд гарч яваад хэсгийн цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Батболдын өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би Налайх дүүргийн 1 дүгээр хороо орж төрсөн ах Бат-Эрдэнэтэй 13 цагийн үед уулзаад жимсэнд явах талаар асуусан тэгсэн чинь машины нэг юм эвдэчихсэн байгаа янзлахаараа яван гэж ярьсан. Тэгээд би тэдний гэрээс гараад арын гудамжинд нь байх ээжийнхээ гэрт орж жаахан сууж байгаад Налайхын төв тосгон руу ороод Налайхын захын архичидтай 2 шил “Сайхан” архи хувааж уугаад тэгээд буцаж 1 дүгээр хороо яваад пост руу ганцаараа 19 цагийн үед явсан. Тэгээд постны шувуу, тэмээ унуулдаг газар очоод гүзээлзгэнэ зарж байгаа эсэхийг асуугаад, буцаж замаа дагаж яваад бойны хажуугаар уруудаад под станцын хажуу талын блокон хашаатай айлуудын хажуугаар явж байгаад хуучин бааст голын хажууд хоёр залуу сууж байхтай нь тааралдаад тамхи асуугаад, тэр хоёроос тамхи авч татаад мөн задалчихсан байсан архийг тэр хоёртой хувааж уугаад архи нь дуусчхаар нь би тэр хоёроос салж яваад Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн нилээн хойд талын гудамж руу ороод нэг захаас нь нөгөө зах хүртэл нь яваад үзүүрийн айлын хашааны завсраар нь хартал гэр нь цоожтой байхаар нь би хашааг нь давж ороод уг гэрийн хаалгыг хашаанд нь байсан сүхээр цохитол цоож нь цүүгээрээ мултраад хаалгыг нь нээсэн. Тэгээд дотогшоо ортол гэрийн хойморт нимгэн, хавтгай, хар өнгийн зурагт байсныг орных нь бүтээлгэнд боогоод хойд талаар нь даваад зурагтаа үүрээд явж байгаад машины гэрэл тусахаар нь би цахилдагтай газар явж байсан тул гэрэл өнгөрөг гэж бодоод нуугдаад хэвтэж байсан чинь цагдаа гарч ирээд намайг бариад авсан. Тухайн үед зурагттайгаа явж байгаад баригдчихсан юм. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-29 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхдэлгэрийн өгсөн: “2016 оны 07 сарын 25-ны өдөр би Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 56-1 тоотод байрлах гэртээ байгаагүй бөгөөд манай нөхөр өглөө ажилдаа гараад орой нь гэртээ очтол манай зурагт, одеал хоёр хулгайд алдагдсан байсан гэсэн тэгээд цагдаад өгч шалгуулсан юм. Манай нөхөр Ганган нь бичиг үсэг муу учир намайг хохирогчоор болж явахаар бид хоёр тохиролцсон юм. 32 инчийн Sharp Aquos маркийн хар өнгийн LCD зурагт алдагдсан, уг бол их үнэтэй зурагт, гадна талдаа ямар нэгэн эвдрэл байхгүй, асаахаар нэг зураас гараад байдаг юм, уг зурагтыг 3 жилийн өмнө хүнээс 300.000 төгрөгөөр авч байсан, тэрнээс хойш цэвэрхэн эдэлсэн, ямар ч гэмтэл учруулаагүй, яг хэвээрээ байгаа учраас анх авсан 300.000 төгрөгөөр үнэлнэ. Угаасаа ч манай зурагт зах зээлийн үнээрээ бол өртөг үнэ өндөртэй 700.000-800.000 төгрөгийн үнэтэй байдаг, жижигхэн зураас юм гарчихсан байсан тул хямдхан 300.000 төгрөгөөр авч байсан юм. Харин орны одеал нь ашиглаж байсан уранхай цоорхой зүйл байхгүй байсан тул 10.000 төгрөгөөр д үнэлнэ. Гэрийн хаалганы цүү эвдэлсэн байсныг буцаагаад хадчихад л болох тул үнэлэхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Ганганы өгсөн: “2016 оны 07 сарын 25-ны өдөр ...орой 20 цаг минутын үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цүүгээр нь цоожтой мулталчихсан байсан, ямар нэгэн цоожинд эвдрэл байгаагүй. Тэгээд гэртээ ороод хартал хойморын зурагтын мөлхөө тавиур дээр байсан 32 инчийн Sharp Aquos маркийн хавтгай дэлгэцтэй зурагт мөн хойморын зүүн талын орны ягаан эрээн өнгийн бүтээлэг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Насанбатын өгсөн: “2016 оны 07 сарын 25-ны өдөр 20 цаг 30 минутын үед би Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 536-11 тоотод байрлах хашааныхаа гадаа, хашааныхаа банзыг хадаад зогсож байтал гүүрний хажуу зайтай машин уначихсан байхаар нь ямар болгоомжгүй явдаг автомашин бэ гээд яриад зогсож байх үед хоёр залуу доороос 1-р хорооны талаас Бааст голын тэрүүгээр ирж яваа харагдсан, зүгээр л хүмүүс явж байсан учир тухайн үедээ нэг их анзаараагүй. Тэгээд гадаа зогсож байтал нөгөө хоёр залуугийн нэг нь хажуугаар гарахдаа хоорондоо хэрэлдчихсэн хүмүүс шиг нэг зэрэгцээ мөртлөө 4-5 метр зайтай явсан, нэг нь хажуугаар өнгөрөхдөө нүүрээ халхлаад байсан, тэгээд би ямар сонин нүүрээ дараад явчихдаг хүн бэ гэж бодоод өнгөрсөн, тэгээд тэр хоёр дээшээ яваад өнгөрөөд 15-20 минутын дараа би гэртээ оръё доо гээд гэгээ бүрэн тасраад харанхуй болж байх үед нөгөө хоёр залуугийн нэг нь буцаад одеаланд юм ороогоод үүрээд явж байгаа харагдсан, тэгээд би араас нь харахад зурагтны залгуур унжчихсан байхаар нь би зурагт аваад явж байгааг нь хараад сая зүгээр явсан хаанаас зурагт авчихав хулгай хийж дээ цагдаад мэдэгдэе гээд цагдаагийн жижүүрлүү залгаж хэлээд би хаанаас хулгай хийчихэв гээд гудамжаар дээшээ алхсан, тэгээд би алхаж байхдаа цагдаад уг хүмүүсийн талаар мэдэгдсэн. Дээшээ гудамжаар алхаж байтал нөгөө залуу нь араас нь ирж явсан, тэгээд би буцаад хаашаа явахыг нь хараад хашааруугаа орчихсон, тэгээд хашааныхаа нөгөө талаар тойроод араас нь явтал зурагт бариад явж байгаа нь алга болчихсон байсан, тэгэхээр нь нөгөө залуугийнх нь араас зайтай дагаж яваад цагдаад хэлсэн, цагдаагийн машин гарч ирээд ямар ч байсан нэгийг нь барих шиг болсон, нөгөөдөх нь харанхуйд зүг буруулаад зугтах шиг болсон. Цагдаад баригддаг залуу бол нөгөө залуугийн хамтаар миний хажуугаар хамт өнгөрдөг залуу бол мөн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баяржаргалын өгсөн: “Би Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт мэдээлэл хүлээн авагч албан тушаалтайгаар ажилладаг юм. 2016 оны 07 сарын 25-ны өдөр томилгоотой ажиллаж байхад Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 56-1 тоотоос зурагт хулгайд алдагдсан гэх дуудлага ирсэн. Тэгээд бүрэлдэхүүн явсны дараа нэрээ хэлээгүй иргэнээс хулгайн эд зүйл байж болзошгүй зүйл хүн бариад явж байна, би араас нь дагаад холоос хараад явж байна гэхээр нь би тэр хүний заасан газарлуу яваад Налайх дүүргийн 1-р хороо Баянзүрхийн гудамжны хамгийн хойд талын үзүүрт очтол гэмт этгээдийн талаар дуудлага өгсөн иргэн намайг харж байна гээд утсаар хаана байгаа газрыг нь зааж өгсөн, тэгээд би тэр газарт нь яваад очиж зогсоход нэг эрэгтэй хүн надаас 50-60 метр зайд зурагт үүрээд явж байгаа нь харагдсан, тэгээд би машинаа зогсоотол цахилдаг дунд нөгөө хүн хэвтээд нуугдчихсан, тэгэхээр нь очтол Н.Батболд гэх хүн зурагтаа газар тавиад цахилдган дунд нуугдаж байгаад яг олоод очсон чинь босоод шууд үг хэлгүй зугтаачихсан, тэгэхээр нь араас нь хөөж байгаад барьж авсан. Тэгээд уг хүнийг цагдаагийн хэлтэс дээр авчираад шалгахад Нисэх 56-1 тоотоос алдагдсан зурагтыг авч явсан болох нь тогтоогдсон, тэгээд Н.Батболд нь тухайн үед ямар нэгэн юм хэлээгүй, яагаад хулгай хийж байгаа юм гэтэл дүүгийнхрүүгээ явж байна гээд өөр юм хэлэхгүй байсан, ер нь бол Батболд гэгч нь илтэд согтуу байсан, нэг их согтоогүй өөрийн гэсэн ухаантай л байсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд Батболдыг хүлээлгэн өгсөн. Батболдыг барихаас өмнө ганцаараа явж байсан, ойр хавьцаа нь ямар нэгэн хүн харагдаагүй, эхлээд намайг бол анзаараагүй тоохгүй явж байснаа машинаа зогсооход л нуугдсан юм. Тухайн явж байсан газрын ойр орчимд нь хашаа хайс байхгүй, доошоо хэвтэж цахилдаг өвсөн дунд л нуугдаж болохоор байсан юм. Батболдыг ганцаараа явж байсан гэж бодож байна, тэгээд ч тухайн үед ямар нэгэн хүнтэй явж байна гэж хэлээгүй, би хэнтэй явж байгаа юм гэж асуухад би ганцаараа явж байна, дүүгийндээ очиж байна гэж хэлсэн. Тэгээд миний араас 5-6 минутын дараа манай тухайн үеийн томилгоотой алба хааж байсан машинтай болон явган эргүүлийн алба хаагчид ирээд бүлэглэн хулгай хийсэн байж магадгүй гээд тэр хавийг самнахад ямар нэгэн сэжигтэй хүн амьтан огт байгаагүй, тэгэхээр Батболд нь ганцаараа явж байсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/ хохирогч Б.Мөнхдэлгэрт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 дугаар тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Н.Батболдод Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Батболдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Н.Батболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, барьцааны мөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, түүний 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлагдсан 72 /далан хоёр/ цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөнгө овогт Нанзангийн Батболдод орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг санаатайгаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Мөнгө овогт Нанзангийн Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Н.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Батболдын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлагдсан 72 /далан хоёр/ цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, барьцааны мөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Н.Батболд нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Н.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.БАВУУ