Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0085

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.Сүндэръяа

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал

Гуравдагч этгээд Б.Баярсайхан

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2023/0030/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Сүндэръяа нь Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан иргэн П.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй, Батсүмбэр сумын Газрын даамалд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Батсүмбэр сумын 01 дүгээр баг, Мандал улаан худаг 01-01 тоотод байрлах 11031 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Газрын даамал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 169 дүгээр захирамжийг үндэслэн ферм, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11000 мкв 578467 дугаар бүхий гэрчилгээг тус сумын Газрын даамал 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бичиж өгсөн байдаг бөгөөд уг захирамжийг архиваас шүүж үзэхэд 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 169 дүгээр захирамж гарсан байдаг. 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/73 дугаар захирамж нь өмнөх газрын даамал Мөнхбаярын төлөвлөсөн захирамж бөгөөд Мөнхбаярт даалгасан заалт нь захирамж дээр байгаа. Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын Газрын даамлаар 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Мөн иргэн Б.Баярсайхан нь уг газрыг хууль бусаар авсан гэж удаа дараа гомдол гаргаж байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэдэг.

Гэвч анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тодруулбал Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжаар тус сумын 01 дүгээр баг, Улаан худаг 01-01 тоотод байрлах 1100 мкв газрыг ферм, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Д.Өлзийсайханд эзэмшүүлсэн.

Д.Өлзийсайхан өөрийн эхнэр болох П.Сүндэръяад уг газрыг шилжүүлэх хүсэлт гаргаснаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжаар Д.Өлзийсайханы эзэмшлийн 11031 мкв газрыг П.Сүндэръяад шилжүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ олгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Газрын даамалд зөвшөөрсөн шийдвэр гарсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас гаргасан хүчин төгөлдөр захиргааны акт нь заавал биелэгдэх шинжийг агуулсан байх ба түүнийг албан тушаалтан биелүүлэх, эсхүл хууль зөрчсөн байна гэж үзвэл өөрчлөх, залруулга хийх талаар эрх бүхий албан тушаалтанд тайлбарлах үүрэгтэй.

Гэтэл Газрын даамал захиргааны актыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, үндэслэлгүйгээр гэрчилгээ олгохгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан ба Газрын даамал Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн газарт Чөлөөт бүсийн захирагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана”, 12.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна” гэж заасан ба Газрын даамал газрын гэрчилгээ олгохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан актыг зөрчсөн эс үйлдэхүй юм.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ газрын хэмжээг 8368 мкв орчим байгаа, нийтийн эзэмшлийн хэмжээг хасвал 8000 мкв хүрэхгүй учир 11031 мкв газарт гэрчилгээ олгох боломжгүй, хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Өлзийсайхан, П.Сүндэръяа нарын эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээг нарийвчлан тогтоосон баримт авагдаагүй, гэтэл хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж газрын хэмжээ бага учир захирамжид заасан газрыг олгох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн хариу тайлбарт захиргааны акт болон газрын хэмжээний талаар маргаагүй, зөвхөн өмнө Д.Өлзийсайханд олгосон захирамж архивт байхгүй, өмнөх газрын даамал Мөнхбаярт даалгасан, Б.Баярсайхан гомдол гаргасан гэх үндэслэлүүдээр татгалзлаа гаргадаг ба газрын хэмжээний талаар хариуцагч маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолын 9-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно” гэж заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрт “…Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны А/73 дугаар захирамжаар шилжүүлсэн газрыг П.Сүндэръяад олгосноор бусдын газартай давхацсан байх тул хууль зөрчихийг хариуцагчид даалгах боломжгүй…” гэж дүгнэсэн.

Шүүхийн дүгнэснээр бусдын газартай давхацна гэж үзвэл газар олгосон дэс дараалал буюу Д.Өлзийсайханы газар бусдын газартай давхцаж олгогдсон уу, эсхүл бусад айлын газар Д.Өлзийсайханы газартай давхацсан уу гэдгийг шүүх тодруулах шаардлагатай, үүнийг тодруулалгүйгээр бусдын эрх ашиг хөндөгдөнө гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх талаар ярилцсан ба хариуцагчийн зүгээс гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар нэг талд гарсан тохиолдолд захирамжид заасан газрыг гуравдагч болон нэхэмжлэгчийн хэний ч нэр дээр гэрчилгээ гаргаж болно гэж тайлбарласан, хариуцагчийн энэхүү тайлбараар захирамжид заасан газарт бусдын нэр дээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулах боломжтой байсан нь харагдана.

Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр дүгнэж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 123/ШШ2023/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “…газар эзэмшүүлэх шийдвэрийг …сум, …-ын Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, …тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Сүндэръяад шилжүүлэн эзэмшүүлсэн 11031 мкв газрыг Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжаар анх нэхэмжлэгчийн нөхөр болох иргэн Д.Өлзийсайханд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр эрхийн гэрчилгээ олгосон байна.

Хуулийн дээрх зохицуулалт болон захирамжаас үзэхэд хариуцагч сумын Газрын даамал нь Засаг даргын 2021 оны А/73 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, мэдээллийн санд бүртгэх үүрэгтэй.

2.Гэвч хэрэгт авагдсан баримт, шүүхийн дүгнэлтээс үзэхэд он, дугаар нь адил ч сар, өдөр нь өөр 2010 оны “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 169 дүгээр захирамж энэ хэрэгт хамааралгүй, мөн бодит байдалд 11031 мкв газар байхгүй буюу нэхэмжлэгчийн хашаалсан газрын хэмжээ 8368 мкв орчим байгаа энэ тохиолдолд хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэр болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Учир нь 1-р хх-ийн 62 дугаар талд авагдсан 2010-07-02-ны өдрөөр огноолсон, нэгж талбарын 18628362892564 дугаартай 11040 мкв газрын байршлын кадастрын зургийг 2-р хх-ийн 33, 34 дүгээр талд буй одоогийн бодит байдлыг харуулсан зурагтай давхцуулж, чухам аль хэсгээрээ, ямар хэмжээгээр бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай болохыг тогтоох, Засаг даргын захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн 11031 мкв газар байхгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, түүнчлэн Засаг даргын 2021 оны А/73 дугаар захирамж бодит байдалд хэрэгжих боломжтой эсэхийг Засаг даргаар тайлбарлуулах шаардлагатай.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт “…хашаалсан хашааны хэмжээ 8368 мкв орчим байгаа, энэ хашааг нийтийн эзэмшлийн гудамж талбай руу сунгаж барьсан гудамжийг чөлөөлж гаргавал 8000 мкв ч хүрэхгүй гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар бүгд хүлээн зөвшөөрч байгаа…” гэж дүгнэсэн, иймд нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрын хэмжээ 11031 мкв хүрэхгүй байгааг үнэхээр л хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд чухам ямар үндэслэлээр бодитой бус энэ хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулахыг хүсч байгааг нэхэмжлэгчээс, магадгүй захирамжид зааснаас бага буюу одоогийн бодит хэмжээгээр нь гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэх боломжтой эсэхийг хариуцагчаас тус тус тодруулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” заасан, гэтэл 2-р хх-ийн 33-35 дахь талд авагдсан “одоо бодит зураг, ...талбайн хэмжээ 8368 мкв Батсүмбэр сумын газрын даамал М.Өлзийзаяа” гэх тэмдэглэгээтэй баримтууд энэ шаардлагыг хангахгүй байгааг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                            ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН