Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2257

 

МАГАДЛАЛ

 

2017.10.27                                                     Дугаар 2257                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

Э.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.А гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Н.Б нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Р.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э.А  нь Б.Б Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Энэ байрыг худалдан авч амьдрах хугацаанд дотор нь амьдарч байсан 5 хүний тархи толгой өвдөх, даралт ихсэх болж, Д.Б 2014 оны 02 дугаар сард 00-ын өрөөнд муужирч унасны улмаас тархиндаа мэс засал хийлгэсэн. Э.А  хонгилын хаалт онгойлгох гэж цонхоор гарах гэж байгаад унаж, хөлөө хугалж, хүү Х уруул омголтож, нүд нь улайж, нүүр нь хөхрөн толгой нь өвдөж, бие нь сулбайх болсон. Агаар муу ба чийгтэй энэ байрны нөхцөл хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан тул зохих газруудад хандаж, дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн газраас авахад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б.Б нь "Ж " ХХК-тай оффис үйлчилгээний заал захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу "Ж " ХХК Саруул тэнгэр 2 цогцолборын 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбайд үйлчилгээний зориулалттай заал Б.Б т хүлээлгэн өгсөн байна. 2013 оны 03 дугаар сарын    19-ний өдөр хариуцагч Б.Б  нь үйлчилгээний зориулалттай захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлж, шинээр гэрчилгээ авсан байдаг. Түүнчлэн Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн материалд барилгын техник хяналтын Улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт авагдсан байсан бөгөөд уг дүгнэлтэнд "... В-7 тоотын 2 өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой" гэж дүгнэсэн байсан. Гэтэл уг байрны нөхцөл бидний эрүүл мэндэд бодитой хохирол учруулсан тул зориулалтын хувьд орон сууц мөн эсэхийг дахин нягтлуулах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, өргөдөл гаргасан юм. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн байрны талаар дахин дүгнэлт гаргахдаа "...В давхрын ариун цэврийн өрөөнөөс бусад өрөө, тасалгааны агаар сэлгэлт муу, өрөөнүүдэд агааржуулалтын суваггүй, өрөө тасалгаа чийгтэй, бохир усны шугам жигд ажиллагаагүй, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11.1.5-д заасан "...барилга байгууламж нь ашиглагчдын аюулгүй байдал, “...хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхаар төлөвлөгдөн баригдсан байх" шаардлагыг хангаагүй, мөн "Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт айлын сууц, сууцны зориулалттай өрөө тасалгаа төлөвлөхийг хориглоно гэсэн шаардлагыг зөрчсөн" гэж 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өөрийн дүгнэлтээ үгүйсгэж, дүгнэлт гаргасан.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга бүсийн Улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулууны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 дугаартай шийдвэрээр Улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Б.Б  нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйл, 3.3-д заасан гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай байна гэсэн нөхцлийн дагуу биет байдлын доголдолгүй, мөн эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууцыг надад худалдах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, биет байдлын доголдолтой, мөн эрхийн зөрчилтэй, өөрөөр хэлбэл орон сууцны зориулалтын бус байрыг надад худалдсан нь бидний хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Б тэй байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөгийг гаргуулах, төлбөрөө бүрэн авч уг байрыг хариуцагчид буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Үйлчилгээний байрыг Ц.Цэрэнмөнхөөс шилжүүлэн авсан ба нэхэмжлэгч худалдан авах үед уг байрны В давхрыг 4-5 айл орон сууцны зориулалтаар ашиглан амьдарч байсан юм. Н.Батхуяг нь цонхыг хаасан сараалжны пластик хамгаалалт нь гадны хог чөлөөтэй нэвтрүүлж бас гэрэл нэвтрүүлэхгүй байсан тул сараалжийг авч, давхар вакум цонх захиалан хийлгээд гаднах агаарыг дотогшлуулдаг, доторх агаарыг гадагшлуулдаг тусгай 2 сэнс хийж тавьсан. Агааржуулалт нь чөлөөтэй нэвтэрч, цонх нь агаар салхи нэвтрүүлж байсан тул тухайн үед мэргэжлийн хяналтын байцаагч биеэр шалгаж хүн амьдрах орон сууцны зориулалттай ашиглаж болно гэж дүгнэлтээ гаргасан. Уг байрны СӨХ ч манай цонх, агааржуулалтын системийг тухайн үед сайшааж тодорхойлолт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянхүүгийн хүсэлтээр В-7 тоот байранд очиж уулзахад уг агааржуулагчийг ашигласан шинжгүй, агааржуулагчийн 1 нь алга болсон байсан. Одоо 103-р байрны В давхрыг бүгд сууцны зориулалтаар ашиглаж байгаа. Би тухайн үед эрх мэдэл бүхий хариуцсан төрийн байгууллагаар нь албан ёсны дүгнэлтийг гаргуулан уг дүгнэлтэн дээр үндэслэн эрх бүхий төрийн байгууллага нь орон сууцны зориулалтаар гэрчилгээг гарган өгч, нэхэмжлэгч биеэр үзэж харж танилцан, зээл өгсөн банк нь хянан үзэж нэхэмжлэгчид зээл гарган өгч нэхэмжлэгч худалдан авсан байгаа. Миний зүгээс эрхийн зөрчилтэй байр худалдсан зүйл байхгүй. Тэр үед байр анхнаасаа үйлчилгээний зориулалтаар гарсныг болон орон сууцны зориулалтаар гэрчилгээ гаргасныг Э.А  мэдэхийн дээдээр мэдэж бүх зүйлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Үйлчилгээний зориулалттай байрыг орон сууцны зориулалттай болгосон гэдэг эрхийн зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тодорхой юм. Мөн тухайн үед худалдан авсан үнэ нь уг байрны В давхрыг зарж байсан үнэ болон дээд давхрын үнээс харьцангуй хямд байсан болохоор Э.А  олзуурхан худалдаж авсан юм. Тус байрны дээд давхар тухайн үед нэг метр квадрат нь 1 500 000 төгрөг байхад нэхэмжлэгч нэг метр квадратыг 1 084 120 төгрөгөөр худалдаж авсан юм. Нийт 54 000 000 төгрөг Б.Б ийн дансанд орсон, Бид өөр хүнд зарсан, эсхүл түрээслүүлсэн бол ашиг олох боломжтой байхад хаалт болсон. Түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад 54 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлж авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч гомдлын шаардлага гаргах байсан боловч гомдол гаргаагүй. Иймд гомдол гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Э.А , Б.Б  нарын хооронд байгуулсан 2013 оны 06 дутаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Б.Б ээс 54 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс 427 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б ээс шинжээчийн зардалд 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэг талыг барьсан дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Тухайн үед 1-9 давхрын байрны ханш 75 000 000 төгрөгөөр зарагдаж байх үед цонхны тал нь подваль руугааа орсон, биет байдлыг нь нэхэмжлэгч Э.А  нь өөрөө нүдээр хараад 54 000 000 төгрөгөөр зарж байгаа гэхэд байр сонирхоод авах гэж байсан хүмүүсийн урдуур ороод хямдханд нь болж худалдан авч байсан юм. Нэхэмжлэгч Э.А  нь байр худалдаж авах үед манай нөхөр болох хүн гэх 40 гаруй насны н.Идэр гэх хүнийг танилцуулж, байрыг худалдан авч байсан бөгөөд энэ байр нь орон сууцны зориулалтай байр байсан гэдгийг биднийг ярилцаж байх үед сонсож байсан, мэдэж байсан бөгөөд энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан боловч шүүх хангаж шийдээгүй болно. Гэр бүлийн хүмүүс энэ байрнаас болж өвчтэй болсон гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянхүү нь нэхэмжлэгч Э.А г илт дарамталж энэ байрныхаа гэрчилгээг хүчингүй болго гэж загинах, шүүхийн танхимаас гараад хариуцагч нарыг ална гэж дайрч давшлах, шүүх хуралдааны үеэр энэ байранд амьдарснаас болж би унаж тусдаг болсон гэх зэргээр өөрөө энэ байрын өмчлөгч юм шиг хандлага гаргах, Э.А  нь энэ нэхэмжлэлийг гаргаад байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танай шүүхийн албан тоотод дурьдсанаар шинжээчийн дүгнэлт гаргахаа больсон гэж албан тоотын хариуг ирүүлсээр атал шинжээчийн нэр зааж дүүргийн шинжээч гэх албан байгууллагын ямар ч лого байхгүй, хувийн тэмдгээр баталгаажуулсан Г.Вандандэмид гэх хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй байна. Энэ тухай тодруулахыг хүссэн боловч нэхэмжлэлийг мөн л хангааагүй хэрэгсэхгүй болгосон болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянхүүгийн тайлбарласнаар энэ байранд 8 cap амьдраад буюу 2014 оны 02 сард муужирч унаснаас хойш энэ байрны гэрчилгээг хүчингүй болгуулахын тулд холбогдох газруудаар явж эхэлсэн гэж мэдүүлж байгаа байдал зэргээс харахад энэ үеэс эхлэн байрны доголдолтой болсныг нь мэдсэн болох нь ойлгомжтой байх бөгөөд яагаад 4 жил гаруйн дараа буюу 2017 оны 01 сард шүүхэд анх нэхэмжлэл гаргасан зэрэгт шүүх бодит байдлаас дүгнэлт хийлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.А  нь хариуцагч Б.Б, Н.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйлийн үнэд төлсөн 54 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болох 49,81 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны биет байдлын доголдлын талаар маргаан гарчээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан журмаар бүрдүүлээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.

Тухайлбал, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон ба шүүхээс томилогдсон шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй, шинжээчээр ажиллах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийн шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 427 950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ