Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0597

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 488 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.*******ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардага бүхий иргэн Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо: Д.*******ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 488 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж баина. Үүнд:

1. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс Налайх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Ийнхүү Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэхийн тулд дараах асуудлыг тодруулан үзэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Үүнд:

ГтХ-ийн 40.1.6 дахь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг хэрэглэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд 1-рт гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг, 2-рт 2 жил дараалан гэсэн хугацааг анхаарах, 3-рт хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулах ёстой юм. Хуулийг хэрэглэхийн тулд тодорхой факт бүрдэж үү гэдгийг тогтоож, үйл баримт, хуулийн заалтыг харьцуулан үзэх шаардлагатай юм.

Засаг дарга нь дээрх үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа бол газар эзэмшигч газраа ашиглаж байгаа эсэх талаар тодруулах ажиллагаа явуулах, газраа ашиглаагүй болохыг тогтоосон бол хүндэтгэн үзэх шалггаан байгаа эсэхийг газар эзэмшигч нараас тодруулах ёстой байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа буюу газар эзэмшигчид сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт, түүний үндэслэлийн талаар мэдэгдээгүй.

Мөн 40.1.6 дахь заалтын 2 жил гэдгийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот тогтоолд тайлбарлахдаа, “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй” байхыг ойлгоно гэж заасан. Гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй google earth-ээс татаж авсан гэх зургаар захирамж гарсны дараа газрыг ашигласан байна гэж дүгнэсэн. Бодит үйл баримтын хувьд шүүх дээр нэхэмжлэгч болон түүний “Тэнгэрийн найзууд” ХХК хамтран төв замаас нисэх клуб хүртэл 500 м сайжруулсан зам тавьсан ба шүүх уг замыг газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаас өмнө хийгдсэн ажил гэж үзсэн. Гэвч уг замыг шинэ патентаар тавьсан бөгөөд нэхэмжлэгч нь уг замыг анх барихад хөрөнгө гаргасан, зам тавигдсанаас хойш байнга арчилж, тодорхой зардлуудыг гаргаж байсан. Уг зам нь газрыг зориулалтын дагуу буюу нисэх онгоцны буудалд зайлшгүй зүйл юм. Уг замаар нисэх клуб хүртэл авто замын урсгал бий болсноор нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээрх олон салаа зам үгүй болж, барилгажуулах талбайн хэмжээ нэмэгдэж, хөрөнгө оруулагч нарын сонирхол дээшлэх юм.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж, мөн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлд газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийг заасан ба 3.4-д “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж заасан. Энд зааснаар газар эзэмших гэрээг жил бүр дүгнэхээс гадна, төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой байна.

Хариуцагчаас, “нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөөгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарласан байна.

Газар эзэмших гэрээний 4.6-д Газар эзэмшигчийн үүрэгт: “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар хоног тутам алданги төлөх” гэж заасан байхад тус тус заасан байхад хариуцагч гэрээг дүгнээгүй атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд дүүргийн Засаг дарга эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан боловч энэ нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээг дүгнэх ажиллагааны үр дүнгээс хамаарч хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт гэж үзэж байна.

Мөн газрын албаны төлбөрийн мэргэжилтэнтэй уулзаж, газрын төлбөрийн хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлөх тухай тохиролцсон тухайгаа шүүхэд тайлбарласан байхад шүүгч газрын албаны төлбөр, санхүүгийн ажилтан гэснийг Засаг даргын Тамгын газрын санхүү хариуцсан албан тушаалтанд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг өөрчлөх эрх байхгүй гэж буруу ойлгож, дүгнэсэн.

2. Анхан шатын шүүх нотлох баримт бүрдүүлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлэхийн зэрэгцээ нотлох баримтын шаардлага хангахгүй google earth-ээс татаж авсан гэх зургийг үндэслэн газар эзэмшигч газраа ашиглаж байсан байдлаа нотлоогүй гэсэн. Уг баримтын эх сурвалж нь тодорхойгүй ба шүүхээс үзлэг хийж, тэмдэглэл хөтлөж баримтыг хэлбэржүүлсэн зүйл үгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлээр Д.*******ийн 240 000 м.кв газар эзэмшихийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

            Налайх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 438 тоот захирамжаар иргэн Д.*******эд Нисэх онгоцны буудлын зориулалтаар 240 000 м.кв газрыг эзэмшүүлсэн байхад 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу газар эзэмшиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь буруу байна.

            Түүнчлэн нэгэнт хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул дээрх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

            Нэхэмжлэгч Д.*******э нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасан журмын дагуу газрын төлбөрийг төлөөгүй боловч нийт 3 000 000 төгрөгийг төлсөн ба талууд энэ талаар маргахгүй байна.

Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д газар эзэмшүүлэгч нь “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх”, 4.6-д газар эзэмшигч “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан байхад газар эзэмшүүлэгч нь газар эзэмших гэрээний биелэлтийг огт дүгнээгүй атлаа гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан нөхцлийг хэрэгжүүлэх боломжтой байхад шууд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.9-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...удаа дараа…” гэдэгт мөн зүйлийн 40.1.2-оос 40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж заасан төдийгүй нэхэмжлэгч нь гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                                              Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                              С.МӨНХЖАРГАЛ  

                ШҮҮГЧ                                                                               Г.БИЛГҮҮН