Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 432

 

Иргэн Ж.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0452 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0648 дугаар магадлалтай, иргэн Ж.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0452 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д холбогдох хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар Ж.Нарантуяад эзэмшүүлсэн газартай давхцуулсан хэмжээгээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн Ж.Нарантуяад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0648 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхижээ.

Гуравдагч этгээд “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Манай компани Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун урд талд байрлах 30 га газрыг 2007 оноос хойш аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр замын трасс орсон гэдэг шалтгаанаар маргаан үүссэн. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг дарга болон “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг баталгаажуулж, уг Эвлэрлийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13,4 га газрыг манай компанид эзэмшүүлж, гэрчилгээ олгосон юм. 2012 оны 4-5 дугаар сарын үед Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болон Хуулийн хэлтсийн дарга н.Ариунбилэг, эрх зүйн мэргэжилтэн н.Цолмон, Баянзүрх дүүрэг хариуцсан байцаагч нар харилцан ярилцаж, газрын мэдээллийн сангийн зургийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий төлөвлөгөө, төслийг үзэж шалгаж байгаад хуучин эзэмшиж байсан манай газар дээгүүр дэд бүтэц зам тавьсан хэсгийг хасаад сул үлдсэн талбайг эргүүлэн олгохоор 13,4 га газрын хэмжээг гаргасан бөгөөд шүүхэд энэ хэмжээгээ өгч шийдвэрлүүлсэн юм. Ийнхүү манай компанийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлснээс хойш 5-6 сарын дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр А/395 дугаар захирамж гаргаж, манай эзэмшлийн газартай давхцуулан Ж.Нарантуяад 419 м.кв газрыг олгосон байна. Манай компанийг газрын гэрчилгээ авах үед Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн “мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байгаа учир эцсийн байдлаар кадастрын зургийг чинь гаргасан” гэж тайлбарлаж байсан. Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар нэг газрыг ийнхүү давхардуулан олгохоор шийдвэрлэснээс иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн А/395 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн нь илт байхад 2 шатны шүүх үүнийг хайхрахгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, манай компани Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянзүрх дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татсан байсан бөгөөд тухайн газар маргаантай байгаа, шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар маш сайн мэдэж байсан атлаа иргэн Ж.Нарантуяад газар эзэмших эрх олгосон захирамжийг гаргасан нь учир дутагдалтай байна. Төрийн байгууллагын харилцан уялдаагүй, хариуцлагагүй ажиллагаанаас энэхүү маргаан үүссэн бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилладаг манай компанийг хохироосон, хэт нэг талыг барьсан, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун урд 30 га газрыг орон сууцны хотхоны зориулалтаар эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар “ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

“Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-иас “Хамгаалалтын бүс тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2011 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 422 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/395 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороонд 419 м.кв газрыг иргэн Ж.Нарантуяад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх үед “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК тус байршилд газар эзэмших эрхгүй байсан төдийгүй тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргааныг дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, эрхийн гэрчилгээ эзэмшигч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэн Ж.Нарантуяад 419 м.кв газрыг эзэмшүүлсэн байх тул гуравдагч этгээдийн “Баянзүрх дүүргийн Засаг дарга 2012 оны А/395 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчижнэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм. 

“Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргааныг шүүхээр шийдвэрлэсний дараа “Хохирол арилгуулах” нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан эрхийн гэрчилгээг шинээр олгохгүй байх үндэслэл биш байна.

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д 13,4 га газрыг эзэмшүүлэхдээ иргэн Ж.Нарантуяагийн эзэмшил газартай давхцуулсан болгох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв  байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0452 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0648 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН