Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/686

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Д.Ундармаа /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2211 00895 1345 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          Монгол Улсын иргэн, Б.Б, 1994 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр мужаан ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо зээлийн 16-4А тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “Рич” гэх нэртэй караокед хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж түүний биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан гадуур суухаар болж 18 цаг өнгөрч байх үед ажлаасаа гараад караокед орохоор болж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич нэртэй караоке луу манай ажлын залуучууд болох Энхбаяр, Суурь, Борко, Боролдой нарын хамтаар караоке луу орж хүний хоёр шил сэнгүр гэх нэртэй 0,5 литрийн хэмжээтэй пиво авч пиво уугаад дуулаад сууж байгаад Энхбаяр, Суурь бид гурав хамтдаа караокеныхоо гадаа үүдэн дээр гарч тамхи татчихаад буцаж орохоор болж караокены шатан дээр суурь бид хоёр хамтдаа алхаж ардаас Энхбаяр ганцаараа алхаж явтал урдаас үл таних хоёр залуу гараад ирэхээр нь би эхний залуутай мөрөөрөө мөргөлдчихөөр нь би өө уучлаарай гэж хэлэх гэтэл надтай мөргөлдсөн залуугийн нөгөө залуу нь миний цамцны захнаас хоёр гараараа заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан бөгөөд намайг заамдсан залуу шатны уруу татахаар нь би дагаад тухайн залуутай шатны уруу буух үед ард талын шатан дээр намайг эхэнд мөрлөсөн залуу миний ардаас ирээд намайг татахаар нь би эргэж хараад баруун гараа атгаж байгаад тухайн залуугийн зүүн нүдний хэсэг рүү нэг удаа цохиод голоор хүмүүс орж ирээд болиулсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/,

 

Хохирогч Б.Бэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хуучин хамт угаалгын газарт ажилладаг байсан танилууд болох Батбаяр, Амартайван, Хонгорзул, Чингис, Золбаяр гэх нэртэй танилуудтайгаа хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич гэх нэртэй караокед орой ороод бид 6 дундаа 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол гэх нэртэй архи аваад 50 граммын хэмжээтэйгээр нэг нэг удаа уучхаад тамхи татах зорилгоор караокены өрөөнөөс би Батбаярын хамтаар гадагш гарахаар алхаж байх үед шатан дээр нэг үл таних залуу намайг мөрлөхөөр нь би тоолгүй өнгөрөөд явтал намайг мөрлөсөн тухайн залуу миний ард явсан Батбаяртай маргалдаад хоорондоо заамдалцаад зогсож байгаа харагдахаар нь би очоод салгах гэтэл тухайн залуучуудын нэг нь миний зүүн нүдний хэсэгт цохиход би газарт унасан ба тэгээд голоор хүмүүс орж ирээд салгасан. Ингээд бид нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7972 дугаартай дүгнэлтэд: /хх-19-20/ “..Б.Бат-Эрдэнийн биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, эрүүгийн хариуцлагх хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Бд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний алим, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Б нь гомдол санал, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР