Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/544

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Б.Баярчимэг,

Шүүгдэгч О.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонтуяагийн Тд холбогдох эрүүгийн 2211000001266 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, О.Т, 1999 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, морин циркчин мэргэжилтэй, "Сүүн зайрмаг" ХХК-д борлуулагч, ам бүл 4, ээж, эмээ, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 16 гудамжны 4 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 27-10-64 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хони зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч Д.Эыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний зүүн бугалгаас хазаж биед нь зүүн бугалгад цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Тгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч О.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Циркид хамт ажилладаг найзуудтайгаа уулзсан юм. Тэгээд бид нар согтууруулах ундаа хэрэглэж байгаад зочид буудалд орохоор болсон. Чингэлтэй дүүргийн 5 хороо Хони зочид буудалд миний танил ажилладаг болохоор түүнээс өрөө байгаа эсэх талаар тодруулж байгаад 03 цагийн орчимд 3-лаа орсон. Надтай хамт миний найзууд болох Бямбадорж, Ээгий нар хамт 7 давхарт нэг өрөөнд орсон юм. Тухайн өрөөнд ороод сууж байтал албан ёсны гэрлэлтийн баталгаатай боловч салаад 10 орчим хонож байгаа манай эхнэр залгаад чи буудалд явж байна тэ гэтэл тийн гэж хэлээд хаана байгаа талаар асуутал 6 давхарт байна гэхээр нь би 6 давхарлуу бууж эхнэртэйгээ юм яриад сууж байтал түүнтэй хамт байсан хүмүүс над дээр ирж бид нар маргалдсан. Тэгээд маргалдаад байж байтал манай найз ирээд намайг салгаад бид хоёр 6 давхарын коридорт байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд би болсон асуудлын талаар хэлтэл нэг цагдаа нь манай эхнэрийн байсан өрөөрүү орж хүмүүстэй уулзсан харин нэг цагдаа манай найз бид 2-той уулзаж байгаад намайг цагдаагийн газарт очоод мэдүүлгээ өгчихөөд яв гэж хэлсэн. Би тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тухайн цагдаагийн шаардагийг биелүүлэлгүй түүнтэй хэрэлдсэн юм. Гэтэл нөгөө цагдаа намайг гавлаад зочид буудлаас авч гараад машиндаа суулгах гэхээр нь би машинд нь суухгүй гэж орилж байгаад тухайн цагдаагийн зүүн гарын булчин хэсгийг нь хазчихсан юм. Гэтэл нөгөө цагдаа намайг эрүүлжүүлчихсэн юм..” гэсэн мэдүүлэг. /хх-51/

 

Хохирогч Д.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эргүүлийн оцифер, ахлах дэслэгч М.Пүрэвдоржийн хамт ТЭС-113 чиглэлд Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороонд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 03 цаг 22 минутад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машины худалдааны төвийн дэргэдэх Хони зочид буудалд зодоод байна гэх дуудлагаар очиход Т гэх залуу би сая зодуулчихлаа намайг өрөө рүүгээ татаж оруулаад зодчихлоо гэсэн ба очиж байгаад юу болсон талаар тодорхой яриад асууж тодруулахад манай эхнэр энд өөр хүмүүстэй уугаад байна тэдгээр хүмүүс нь намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэсэн Пүрэвдорж зодсон гэх хүмүүстэй уулзсан харин би дуудлага өгсөн Т гэх залуутай уулзаж түүнээс тайлбар мэдүүлэг авах хэрэгтэй байна гэж хэлтэл би танил ажил дээр очиж чадахгүй гээд миний өөдөөс орилж хэлсэн ба шаардлага тавихад биелүүлэхгүй эсэргүүцэхээр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэн авч гараад машинд суулгах гэтэл суухгүй гэж уурлан миний зүүн гарын булчин хэсгээс хазсан..гэсэн мэдүүлэг /хх-5/,

 

Гэрч Ц.Эрдэнэчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Т цагдаа руу цагдаагийн өөдөөс орилоод цагдаатай маргалдсан. Гэтэл цагдаа түүнийг гавлаад буудлаас авч гараад машиндаа суулгах гэтэл Т суухгүй гээд цагдаагийн гарнаас нь хазчихсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7562 дугаартай дүгнэлтэд: “..Д.Эын биед зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-13-14/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнгэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Т нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Тд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР