Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/538

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтнай,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч С.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн 2211000001207 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, С.М, 1991 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 44 дүгээр хороо Толгойт 55-3 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Т.Эын таксинд орхиж буусан цүнхнээс Хаан банкны картыг авч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 1.150.000 төгрөгийг авсан болох нь:

 

Шүүгдэгч С.Мгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгино хайрхан дүүргийн 44 дүгээр хороо Толгойтын 55-3 тоотоос такси үйлчилгээнд явахаар гарсан. Би тухайн үед 42-41 УАХ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл унаж явсан ба тус тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Энхтайваны гүүр өнгөрөөд 120 мянгатын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудлаас 35-40 насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 170 см өндөртэй, савхин богино хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн савхин нэг үүргэвчтэй цүнх, цэнхэр өнгийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн эрэгтэй хүн гараа өргөж миний тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн залуу Чингэлтэй дүүргийн дэнжийн мянга гэх газар луу явах талаараа надад хэлсэн учир тухайн газраас Чингэлтэй дүүргийн дэнжийн мянга орохоор явсан ба тэр залуу намайг хаана ямар ажил эрхэлдэг вэ?, Мөн өөрийгөө Оюу толгойд ажилладаг гэх мэт олон зүйлийн талаар бид хоёр ярилцсан. Удалгүй Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга гэх газар ирсэн ба такси үйлчилгээний мөнгө 7500 төгрөг болсон талаар хэлтэл интернет банкаар миний хаан банкны дансруу гар утсаараа шилжүүлэх гэтэл тэр залуу шилжүүлж чадахгүй байсан тул Дэнжийн мянгын ойролцоох петровис шатахуун түгээх станцийн атм хамт ороод тэр залуу надад цэнхэр өнгийн хаан банкны картаа надад өгч 0405 гэж нууц кодоо хэлж өгөөд миний дэргэд зогссон. Намайг 20.000 төгрөг банкны картнаасаа аваад өгчих гэж хэлсэн тул бэлэн мөнгө авах гэтэл тус атм ажиллахгүй байсан. Тэгээд бид буцаж дэнжийн мянга ороод тэр залуугийн гар утсаар би эхнэр лүү нь залгатал эхнэр нь утсаа авахгүй байсан. Удалгүй би буулаа гэж хэлээд автомашины замын дэргэд тэр залуу буугаад үлдсэн. Би үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэлээ хөдөлгөж ертөнцийн зүгээр урагш чиглэлтэй ганцаараа явж байгаад Нарлаг дэнж худалдааны төвийн ойролцоо өөрийн 4241 УАХ тээврийн хэрэгсэлээ байрлуулж орхиод тэр залуугийн цүнхийг онгойлгож Оюу Толгой гэсэн бичиглэлтэй шар өнгийн цамц өмсөөд цэнхэр өнгийн банкны картыг авч Нарлаг дэнж худалдааны төвийн хаан банкны атм орж 150.000 төгрөгөөр нэг удаагийн зарлагын гүйлгээ, 1.000.000 төгрөгөөр нэг удаагийн зарлагын гүйлгээ хийж нийт 1.150.000 төгрөгийг бэлнээр авч тээврийн хэрэгсэл рүү очоод тэр залуугийн хар өнгийн савхин нэг үүргэвчтэй цүнхэнд бэлнээр авсан хийсэн. Би тухайн 1.150.000 төгрөгийг захиран зарцуулаагүй байсан ба 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус эрэгтэйд бэлнээр хүлээлгэн өгсөн. 2020 оноос 4241 УАХ тээврийн хэрэгсэлээр такси үйлчилгээнд би явж байгаа ба урьд өмнө нь энэхүү аргаар хэн нэгний эд зүйлийг хулгайлан авч байгаагүй юм. Тэр залуу банкны картын нууц үгээ надад хэлсэн учир би такси үйлчилгээний мөнгөө авах зорилгоор атм ороод үлдэгдэлийг нь шалгаж үзэхэд 1.150.000 төгрөг байхаар нь тус мөнгийг авах сэдэл төрж бэлнээр авсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-30/,

 

Хохирогч Т.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Би 2022 оны 5-р сарын 13-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Оюу толгой ажлаас буугаад газардсан. Тэгээд би ажлынхаа Батмагнай, Суурь нарын хамт 120 мянгатын English паб руу явж байх замдаа машин дотор 0.75 литрийн Эдэн нэртэй архи 1 шилийг хамт уугаад English пабад ороод 0,75 литрийн Эдэн нэртэй архи 1 шилийг хамт уусан. Тэгээд би 03 цаг 20 минутын үед English пабаас гараад такси зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор яг юу болсныг санахгүй байсан. Тэгээд би маргааш өглөө нь босоод интернэт банкаа шалгатал миний дансанд 1.155.000 төгрөг байсан. Тэгтэл 05:08 цагийн үед миний данснаас эхлээд 150.000 төгрөг дараа нь 2 минутын дараа 1.000.000 төгрөг Чингэлтэй дүүрэг 11-р хороо Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-аас гарсан байсан ба миний Оюу толгойгоос ирэхдээ үүрч ирсэн хар өнгийн үүргэвч алга болсон байсан. Миний үүргэвч дотор түрүүвч иргэний үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх, энгийн жолооны үнэмлэх, оюу толгойд жолоо барих зөвшөөрөл, мандал даатгалын карт, Оюу толгойд ажиллах ID карт, уурхайд жолоо барих зөвшөөрөл, Хаан банкны 5025666238 тоот дансны карт, Голомт банкны 1709060591 тоот дансны SI болон алтан карт, Тэг цэгийн тэмүүлэл, Өөрчлөлтийн өөрөөсөө гэсэн 2 ширхэг ном, гар утасны цэнэглэгч, Оюу толгойн ажлын цамц зэрэг зүйл байсан. Тэгээд би алдсан зүйлсээ эргүүлэн олж авахаар цагдаагийн байгууллагад хандсан..”  гэсэн мэдүүлэг /хх-11-12/,

Т.Эын Хаан банкны 5025666238 тоот депозит дансны хуулга /хх-45/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-20-24/, шүүгдэгч С.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Т.Э нь Хан Уул дүүргийн 120 мянгатаас Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга хүргүүлэхээр шүүгдэгч С.Мгийн такси үйлчилгээнд явж байсан машинд суусан байна. Хохирогч согтуу байсны улмаас цүнхээ машинд орхиж бууснаас шүүгдэгч цүнхнээс картыг авч хоёр удаагийн гүйлгээгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Нарлаг дэнж худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 1.150.000 төгрөгийг авсан байна. Ингэхдээ такси үйлчилгээний тооцоо хийхдээ хэлж өгч байсан кодыг ашиглаж дээрхи мөнгийг авсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос “хохирогч эд зүйлсээ машинд үлдээж буусан нь гээгдэл эд хөрөнгө завшсан мэт байх боловч хохирогчийн банкны картнаас нууц үгийг нь ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нь эд зүйлсийг авч байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг илүү агуулж байн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаас зүйлчилж ял сонсгон ирүүлсэн” гэж дүгнэсэн нь зөв байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.М нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар ямар нэг маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч С.Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж  шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Шүүгдэгч С.Мг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Т.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР