Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/549

 

                                                           

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1911 01055 1066 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ч.Б, 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эх, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 14 дүгээр хороо 44-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б 2019 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд иргэн Г.Билгүүн түшиг, П.Галбадраг нартай хамт үйлчлүүлж байгаад гарахдаа Г.Бийн эзэмшлийн 480.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-7 загварын, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-6 эджи загварын, П.Галбадрагийн эзэмшлийн 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ 6 Плас загварын гар утаснуудыг авч бусдад нийт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ч.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр найз Хулангийн хамт түүний гэр болох 11 дүгээр хороололд хамт пиво ууж байгаад гэрээс нь гарч Чингэлтэй дүүргийн 4 хороо "Доргио" нэртэй баранд орсон. Уг барны гадна Хулангийн найз гэх Заяа гэдэг эмэгтэйтэй уулзаж 3-лаа баранд орсон. Тэгээд баранд 1 хүний 2, 3 шил пиво ууж, бүжиглэж байгаад тамхины өрөөнд тамхи татаж байгаад бид 3 нэрийг нь санахгүй байна 2 залуутай танилцсан. Тэгээд уг барнаасаа удалгүй нөгөө танилцсан 2 залуутайгаа 5-лаа гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 8 шарга төвийн ойролцоо нэг караокед орсон. Караокед сууж байгаад би тасарчихсан. Ингээд өглөө сэртэл 8 шарга төвийн ойролцоо зочид буудалд сэрсэн. Намайг сэрэхэд танилцсан 2 залуу нэг орон дээр унтаж байсан харин би нэг орон дээр сэрсэн бөгөөд Хулан, Заяа 2 байхгүй байсан. Тэгээд би утсаараа Хуланруу залгах гэтэл миний утас олдохгүй байсан гэтэл өрөөний ширээн дээр 3 ширхэг гар утас байсан ба уг утаснуудын 2 ширхэг айфоне загварын гар утас, 1 ширхэг нь Самсунг загварын гар утас байсан. Тэгээд уг утаснуудыг үзэхэд Самсунг загварын гар утас нь кодгүй байхаар нь Хулантай уг утсаар ярьж байгаад МНВС кабелийн телевиз дээр ажил дээр нь очсон. Тэгээд Хулангаас өөрийнхөө гар утсыг авч түүнд хүний утаснуудыг авсан байгаа гэдгээ хэлсэн. Ингээд Хулангийн гзрийнхэн түлхүүрийг авч тэдний гэрт очиж усанд орчихоод өөрөө ямарч мөнгөгүй байсан болохоор дээрх 3 ширхэг гар утсыг Тэди худалдааны төвийн гадна ирээд зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-57/,

 

Хохирогч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр найз Галбадрагтай 22 цагийн үед Монгол Улсын их сургууль дээр уулзсан. Тэгээд тэндээсээ бид хоёр Тайгер нэртэй бааранд орсон. Тэнд пиво ууж байгаад үл таних эмэгтэй хүмүүстэй уулзсан..бид нар буудалд ороод унтсан. Тэгээд өглөө 12 цаг өнгөрч байхад сэрсэн чинь тэр хоёр эмэгтэй байхгүй байсан. Тэгтэл миний гар утас болон манай найзын гар утас байхгүй байсан. Миний гар утас Айфонэ-7, Самсунг Эс-6 Эджи загварын гар утас байсан..” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:..тэндээсээ найман шарга валют арилжааны ойролцоо байрлах буудалд нэг өрөө авсан тэнд ороод шууд унтсан. Тэгээд 12 цагийн үед сэрэхэд тэр 2 эмэгтэй байгаагүй, босоод гар утас алга болсныг мэдээд буудлын ресейпшнээс болсон явдлын талаар асуухад тэр хоёр эмэгтэйг тус тусдаа гараад явсан гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-26/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..80132303 дугаарыг одоо ашиглахгүй байгаа. 2019 оны 03 дугаар сард хамт ажиллаж байсан Болороо гэх эмэгтэйд энэ дугаарыг өгсөн. Болороо гэх эмэгтэйтэй Цахирмаа гэх массажны газар 4-5 хоногийн хугацаанд хамт ажиллаж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-32/  ,

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..манай найз Энхзаяа караокед байх хугацаанд гараад явсан байсан..бид дөрөв буудалд ороод 2 ортой 1 өрөөнд орсон..би өглөө 07 цаг 50 минутад сэрэхэд тэндээс шууд гараад явсан. Тэндээс гараад би шууд ажил руугаа явсан..тэгсэн Б би чиний ажлын гадаа яваад очно миний гар утсыг аваад гараад ир гэж хэлсэн. Тэгсэн Б 30-40 минутын дараа манай ажлын гадаа ирсэн байсан. Тэгээд би гараад очиход Б ганцаараа зогсож байсан. Тэр үед Бгийн гар утсыг өгсөн тэгээд Б надад хэлэхдээ би хамт хоносон 2 залуугийн гар утсыг нь аваад гараад ирлээ 3 сартай хүүхдээ эмээ дээрээ орхиод ирсэн надад үүнээс өөр арга байсангүй гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн 3 ширхэг гар утас байсан би тэрийг харсан. Тэгэхээр нь би наад гар утаснуудаа аваачиж өг би наад асуудалд чинь оролцохгүй шүү гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

 

Хохирогч Г.Бээс бичгээр гаргасан гомдол, түүний хавсралт /хх-19-20/, “Ашид билгүүн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-622/3654 дугаартай дүгнэлт /хх-40-42/ , “ЮнителХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 5006 дугаартай албан бичиг /хх-91/, шүүгдэгч Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-121/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хохирогч Г.Б, П.Галбадраг нарын нийт 1.040.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлж хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар ямар нэг маргаагүй болно. Иймд шүүгдэгч Ч.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж  шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Шүүгдэгч Ч.Бг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР