| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0474/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/513 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга И.Алтнай
Улсын яллагч Д.Ундармаа,
Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бөд холбогдох эрүүгийн 2111 00000 1076 дугаартай хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Б, 1991 оны 8 сарын 15-ны Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, халх, эрэгтэй, Бага дунд боловсролтой, мэргэжилгүй, Элбэг бууз цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 7,эцэг, эх 4 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1157в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Гурван-Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд хохирогч Б.Тийг гараараа цохиж зүүн дээд 1, 2-р шүдний буйланд цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Бөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг. /хх-50/
Хохирогч Б.Тээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 4 дүгээр сарын 12-нд гэртээ харих гээд Гурван-Эрдэнэ дэлгүүрийн урд талд явж байтал зүс таних манай урд талын айлын Б нь намайг дуудаад байхаар нь яваад очтол чи манай дүүг яагаад дээрлэхээд байгаа юм бэ? гэхээр нь би танай дүүг дээрлэхээгүй гэсэн чинь над руу гараараа далайгаад айлгаад байхаар нь би бариад авсан чинь Б нь битгий давраад байгаарай гээд гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохиод хавирч газар унагаад доош нь дарж байгаад миний цээж, нүүрэн тус газар 3-4 удаа өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-9/
Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн залууг цохиж зодсон асуудал бол байхгүй манай хүүг зодсон өдрийн маргааш өглөө нь гудамжинд явж байгаад Б гэх залуутай тааралдсан юм тэгээд би өмссөн хувцасаар нь таниад дуудаж зогсоогоод чи яагаад манай хүүг зодсон юм бэ гэсэн чинь тухайн залуу би зодоогүй би биш та хүн андуураад байна гэхээр нь гар утасныхаа бичлэгийг гаргаж ирээд энэ чи мөн байгаа виз дээ гээд гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн чинь тухайн Б гэх залуу нь наад хүүхэд чинь манай дүүг дээрлэхсэн байсан учраас би цохисон юм гэж хэлхээр нь би та нар нэг газрын хүүдүүд байж нэг нэгнийгээ ингэж зодож болохгүй би чамайг аавтай чинь хамт цагдаагийн байгууллагад өгнө гэж хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 12 ны өдөр 12-13 цагийн орчим гэртээ харих гээд машинтайгаа явж байтал Гурван-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн урд талд явган хүний зам дээр Б.Б нь нэг танихгүй бандитай зууралдаад зогсож байхаар нь машинаа зогсоогоод бууж очоод та хоёр чинь юу болоод байгаа юм бэ гэтэл Б.Б нь энэ банди дүү Чингүүнийг дээрлэхээд байгаа банди байгаа юм гэхээр нь би боль боль гэж салгаж хоёр тийш нь болгочихоод би тухайн бандийг чи өөрийнхөө биений тал шиг биетэй хүүхдийг яагаад зодож байгаа юм бэ гээд гэдэс орчимд нь өмсөж явсан куртик рүү нь гарынхаа араар хоёр удаа нударсан яг бол цохиогүй биед нь бол хүрээгүй /зангасан/ чинь тухайн банди би Чингүүнийг бол зодоогүй шүү ахаа гэхээр нь би өөрийн хүү Чингүүнээс асууя гэж бодоод Б.Бийг ажилдаа яв гэж хэлчихээд гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-17/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч 2022 оны 4 сарын 18-ний өдрийн 5658 дугаартай дүгнэлтэд: /хх-23/ “..Б.Тийн биед зүүн дээд 1, 2-р шүдний буйланд цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Тд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиод хавирч газар унагаад цээж, нүүрэн тус газар 3-4 удаа өшиглөн зүүн дээд 1, 2-р шүдний буйланд цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүл 7 эцэг, эх дүү нарын хамт амьдардаг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР