| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00953/и |
| Дугаар | 155/ШШ2018/01178 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2018/01178
| 2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2018/01178 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2017/00953/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч П.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Н нь Б.Ттэй 1990 онд танилцаж, 1991 онд гэр бүл болсон. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан ба 1992 онд хүү Т.Г, 1997 онд охин Т.Гг нар төрсөн. Б.Т нь 2013 оноос эхлэн гэр орондоо хонож өнжихөө больж, ааш занд нь өөрчлөлт орж ажлынхаа газрын эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоож жил гаруй амьдраад эргэж гэртээ ирсэн. Ингээд дахин амьдарч байтал 2017 онд бас өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болж тэр эмэгтэйтэйгээ одоо Өмнөговь аймагт амьдарч байгаа сурагтай байсан. Иймээс бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Т.Гг нь төрөлхийн тархины саажилттай, баруун гар, хөл нь мэдээгүй, хугацаагүй групптэй байдаг. Нөхөр Б.Т нь бидний хажууд байж охиноо асрах үүргээ биелүүлэхгүй байгаа тул охиндоо эцгээс нь тэтгэлэг гаргуулах авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ... Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Т.Ггт хүүхдийн тэтгэлгийг би шүүхээр тогтоолгохгүйгээр хувиараа өгч баймаар байна. Би эцэг хүний үүргээ биелүүлж 2 хүүхдээ харж хандаж, хамгаалж байх үүрэгтэй учраас 2 хүүхдээ мөнгөөр хэмжүүлэхгүйгээр зовлон жаргал аль ч үед нь харж хандаж баймаар байна. Би охиныхоо бие муутайг мэдэх учир юу юу ч үгүй, харж хандахгүйгээр орхихгүй. Би үргэлж охин, хүү хоёроо харж хандана, шүүхээр тэтгэлэг тогтоолгохгүйгээр хувиараа өгөх хүсэлтэй байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 1992 онд Т.Г, 1997 онд Т.Гг төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Тийн Гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Нгийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Б.Т хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй учир эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.
Нэгэнт гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нар нь 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа байдал, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл зэргийг үндэслэн шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй байна гэж үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр П.Н, Б.Т нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Гэрлэгчдийн дундаас 1997 онд төрсөн Т.Гг нь тархины төрөлхийн саажилттай, “Тархины судасны өвчний үлдэц” гэх оноштойгоор хөдөлмөрийн чадварыг 60 хувиар алдаж, хугацаагүй групп тогтоогдсон болох нь Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул охин Т.Ггийг эх П.Нгийн асрамжинд үлдээж, эцэг Б.Төөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Т.Ггийг эх П.Нгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 1997 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Ггийг хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 183.600 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Т.Ггт сар бүр төлөх 182.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.191.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөгийг, нийт 120.209 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Б.Тт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Т, П.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1997 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Ггийг эх П.Нгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 1997 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Ггийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Төөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Тт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Нд тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Нд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН