Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/487

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Солонго,

Хохирогч Ц.Б,

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

Гэрч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Уд холбогдох эрүүгийн 2011 00446 0127 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Э.У, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, И март худалдааны төвийн 4 дүгээр давхарт худалдагчаар ажилладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4-75А тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн 1075, 1076 тоот Ж.Наранмандах ажиллуулдаг гоо сайханы барааны лангууны худалдагчаар ажиллах хугацаандаа хохирогч Ц.Бээс итгэмжлэн хариуцуулж өгсөн гоо сайхны барааны бараа болон түүнээс зарсан үнэ зэргээс завшиж 24.519.750 төгрөгийг хохирол учруулсан  болох нь:

 

Шүүгдэгч Э.Угаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би Б эгчтэй хамтарч 2 жил ажилласан байгаа. Тухайн үеийн тооллого маш сонин явагддаг байсан. Би өөрөө бал цаас аваад бичье гэхээр ерөөсөө бичүүлдэггүй байсан. Чи ямар муу санаатай юм бэ гэх мэтчилэн үг хэлдэг байсан. Компьютероо цаашаа харуулаад бичдэг байсан учраас би цаашаа харуулаад бичиж байгаа тоог үнэн зөв бичиж байгаа гэдэгт эргэлзэж байна. Янз бүрийн бараа дутуу үлдсэн байна гэж хэлэхээр үүнийг чинь бичсэн байсан гээд янз бүрээр доромжилдог байсан. Орлогын падан дээр байгаа бараа бүтээгдэхүүн дутуу ирдэг байсан. Түүний нөхөр болон хүүхэд хоёр нь бараа авч ирдэг байсан. Би ажилд орсон цагаасаа эхлээд бараа бүтээгдэхүүн авч ирж өгч байсан падаанаа тэмдэглэж байсан. Тэр баримтуудыг өөрт нь өгсөн байгаа. Тооллого болох ямар үйл явцтай явдаг байсан бэ гэхээр хүүхэдтэйгээ хамт ирчихээд 5 ширхэг крем байлаа гэхэд түүнийг компьютер дээр 5 ширхэг гэж бичиж байгаагаа надад харуулдаггүй байсан. Би тухайн бараануудыг өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл тоолсон байхад ингэж их дутсан байгаад эргэлзэж байна. Маргааш нь яагаад ингэж дутаад байгаа юм бэ?. Дахиад тоолох уу гэж асуухад компьютер худлаа тоолно гэж байхгүй гээд дарамтлаад байсан. Бид нар ажил дээрээ алдаа дутагдал гаргахгүй ажлын цагтаа очиж байхад намайг ганган хувцаслалаа гэж хэлдэг байсан. Хохирогч нь мэдүүлэгтээ худлаа мэдүүлсэн байна. Би энэ ажилд орсон цагаас эхлээд тухайн үед өмсөж байсан хувцастайгаа байсан. Тэр дутсан мөнгийг намайг идсэн гээд байгаа. Маргааш нь хохирогчийн хүүхэд нь бүтэн өдөржингөө сууж ажилласан байдаг. Намайг хэрэглээ өндөртэй, зарлага өндөртэй гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Би ганган, тансаг хэрэглээтэй хүн биш. Юм болгон дээр худлаа яриад байна. Надад тухайн лангуу нь дээр ажиллаж байхад бараа бөөндөж болно гэж хэлсэн. Ширхэгийн үнээр зарсан бараа нь дээр зөрүү гардаг байсан. Тэр мөнгө гээд 1 сая гаруй төгрөгийг надаар төлүүлсэн. Би тухайн үед тэдний гэрт очиход намайг тухайн үед чи өрөнд орсон гээд дарамтлаад надаар захиа бичүүлсэн байдаг. Намайг янз бүрээр доромжлоод миний 4 сартай хүүхдийг хамт явж авхуулсан. Тэр шөнөжингөө намайг дарамтлаад цаас над руу шидээд чи шорондоо яваад ялтан болно гэж хэлсэн учраас би түүний хүссэнээр захиа бичиж өгсөн байгаа. Хохирогч нь худлаа мэдүүлэг өгсөн байсан. Тооллогын үйл явц алдаа дутагдалтай болсон..” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Э.Угаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний хувьд Э.Б эгчийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төв дээр байрлах 1075, 1076 дугаартай лангуунд худалдагчаар 2018 оны 11 дүгээр сард ажиллаж эхэлсэн Аудитаар болон шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Б эгч өөрөө бараагаа тоолчихоод барааны тоо ширхэгийг дутуу бичдэг тохиолдол байдаг. Өмнөх тооллогоор бараа дутаалаа гээд надад 1.000.000 гаруй төгрөгийн оронд оруулахаар нь тухайн биедээ цалингаасаа төлөөд үргэлжлүүлж ажилласан. Ингээд ажиллах байх хугацаанд golden rose гэх нэртэй уруулын будаг 30 гаруй ширхэг тоологдоогүй үлдсэнийг мэдээд дээрх өр 1.000.000 төгрөгнөөс хасуулж тооцуулж байсан. Энэ мэтчилэн бараагаа дутуу тоолчихдог, дээрээс нь бараа шинээр ирэхэд дутуу бараа ирэхээр нь дараа нь асуухаар дараагийн шинэ бараа таталтаар өгнө гэчихээд өгдөггүй байсан. Тэгээд тооллого хийхээр энэ талаар хэлэхээр тэр барааг өгсөн ш дээ гэж хэлээд гүтгээд байдаг байсан. Э.Бийн нөхөр болон хүүхэд Бат-Оргил нар бараа авчирч өгдөг байсан ба хоорондоо хүлээн авсан өгсөн падаан дээр гарын үсэг зурдаг байсан Ирээгүй дутуу ирсэн барааг би тодруулагчаар тодруулаад ирээгүй гэж хэлдэг байсан. Мөн Э.Б бараа тооллогын баримт дээр хамгийн сүүлд мөнгө дутаалаа гээд ажлаас гарахын өмнөх өдөр Э.Бийн гэрт байхдаа Э.Бийн энэ тооллогын хуудас дээр гарын үсэг зураа, энэ хуудаснаас нэг хуудас дутвал дахиад чиний өр нэмэгдэнэ ш дээ гэж хэлэхээр нь айгаад тэр тооллогын хуудас дээр гарын үсэг зурсан. Дээрээс нь надаас Э.Б эгч надад байсан анх ажилд орохоос эхэлж цуглуулж байсан бараа хүлээлгэж өгсө баримт, падаан, дутуу ирүүлсэн барааны жагсаалт гээд дэвтэр зэргийг эх хувиар нь авчихаад байгаа. Тооллогын явцыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрчээр Сүгжиймаа эгчийг дуудаж мэдүүлэг авахуулмаар байна. Намайг анх ажилд ороход би Сүгжиймаа эгчээс ажлаа хүлээж авсан ба тэр эгчийг бас бараа дутаасан гээд байсан. Мөн Минжиндулам /99630802/ эгчийг дуудуулж мэдүүлэг авахуулмаар байна. Минжиндулам эгч бол Э.Б эгчийн тооллого яаж явуулдаг талаар сайн мэдэх хүн нь байгаа юм..” гэх мэдүүлэг /1хх-178/

 

Хохирогч Ц.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр худалдагчийн зар тавиад энэ охин над дээр ирж байсан. Би энэ хүнд хүчээр ийм урт захиаг бичүүлээгүй. Би түүнд компьютероор буруу бодоод байгаа бол гараар бичээд бодъё гэж хэлж байсан. Би Э.Уг өрөнд оруулахын төлөө ажиллаж байсан гэж ярьж байгаад маш их гайхаж байна. Би үнэхээрийн 2018 оноос эхлээд 2020 оныг хүртэл дарамталж байгаагүй. Би нүүрээ гоё буд гэж хэлдэг байсан. Манай лангуу дотор байгаа бүтээгдэхүүнээс үнэгүй хэрэглэдэг байсан. Э.Угийн энэ зальжин энэ занг хамт ажиллаж байсан Энхцэцэг гэдэг охиноосоо сурсан байх гэж үзэж байна. Тооллого хийхэд доторх нь бүтэн байсан хэр нь доторх нь хоосон байсан. Би хүүгээ дуудаж ирээд бүх барааг нэг нэгэнгүй шалгасан байдаг. Би Баасансүрэн гэдэг худалдагчийг Э.Уг ажлаас нь гарсны дараа худалдагчаар авсан байгаа. Тэгээд хоосон харцагануудыг би өөрөө үүрье гэж хэлж байсан. 20.000 төгрөгийн үнэтэй крем байлаа гэхэд 7000 төгрөгийн үнэтэй кремийг дотор нь хийсэн байсан. Энэ тооллыг намайг буруу хийдэг гэж яриад байгаа. Надад энэ тооллыг буруу хийх шалтаг шалтгаан байхгүй. Энэ тоог надад илүү дутуу бичих надад ямар ч ашиг байхгүй. Би энэ лангууг ажилуулаад 6-7 жил болж байна. Энхцэцэг болон У гэдэг худалч хоёр охинтой таарсан бусдаар бол үнэхээр сайхан хүмүүстэй нийлээд хамтарч ажиллаж байсан. Би хөргөгчдөө мөнгөгүй байсан хэдий ч ажилчдынхаа цалин хөлсийг тавьж байсан. Би энэ хөрөнгө мөнгийг яаж олсон юм бэ гэхээр нөхөртэйгөө Солонгос улс руу яваад ажил хөдөлмөр эрхэлж тухайн мөнгийг олсон байгаа. Миний амьдрал энэ үеэр доголдсон байсан. Манай нөхөр сахрын өвчтэй. Миний хүүхэд зүрхний гажигтай байсан. Миний амьдрал энэ үеэр доголдож байсан. Энхцэцэг гэдэг охин энэ тооллогын материалыг гэртээ очоод нягтлаад аваад ирье гэж хэлээд зальдаж байсан. Падаанаар буруу ирсэн бараа гэж яриад байх юм. Би чамд 2 ширхэг бараа өгчхөөд би чамд 10 ширхэг өглөө гэж хэлдэггүй байсан. Шударга үнэн байж үнэн зөвшөөр хэргээ шийдвэрлүүлье гэж хэлсэн бол өнөөдөр энэ сандал дээр суулгах шаардлага байхгүй байсан. Би түүнийг битгий худлаа яриач дээ гэж хэлэхэд намайг бөө шашин шүтдэг гэж хэлж байсан. Би яагаад түүний хүүхдийг авхуулаагүй. Эхлээд Самбуу намайг аргадаж байсан. Нэгэнт ийм зүйл болж байсан бол төлнө гэж хэлж байсан. Надад мөнгө өгөхдөө хэдэн төгрөг өгсөн гэж хэлдэг байсан. Би итгээд явдаг байсан. Заримдаа тэр хэлсэн мөнгөнүүдээ өгдөггүй байсан. Миний тухайд шударга үнэн байгаасай гэж хүсэж байна. Би 2018 оноос хойш чиний цалинг чинь өгөхгүй нэг өдөр цалин өгөх хугацааг хэтрүүлж байсан тохиолдол байхгүй. Шударга үнэн бай..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бөмбөгөр" худалдааны төвийн 1075, 1076 дугаар гоо сайхны барааны лангуунд худалдагчаар ажиллаж эхэлсэн. Баянзүрх худалдааны төвд ажиллахдаа ямар нэгэн дутагдал гаргаагүй. Бөмбөгөр худалдааны төвд ажиллуулахдаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 39.313.600 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа. Өдөр бүрийн орлогоо миний Хаан банкны 5021525927 дугаартай данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Мобайл банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд Уг өөрийн данс руу шилжүүлж аваад нэгтгээд оройдоо миний данс руу нийт мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн. Гоо сайхны бараа жижиглэнгийн бараа учраас cap болгоны тайлан гаргадаг байсан. Энэ нь анх хүлээлгэж өгсөн барааны үнийн дүн дээр орлогодож шинээр барааны үнийн дүнг нэмж тооцоод, дараа сарын үлдэгдэл бараа гэж тооцож явж байсан. Cap болгон бол бараагаа тоолж яваагүй, ойролцоогоор 3 сардаа нэг удаа бараагаа тоолж байсан. Угийн хувьд өдөр бүр ажилдаа ирж, ажлаа сайн хийж бараагаа сайн зарж байсан учраас нэлээн итгэл хүлээлгэчихсэн байсан. Бөмбөгөр худалдааны төвийн худалдагчаар ажиллуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Угийн хамт бараагаа тоолоход 1.376.700 төгрөгийн дутагдал гарсан. Үүнийг мэдээд бараа дутаасан учраас Уг ажиллуулахгүй гэж байсан ч гэр бүлд нь асуудал гараад сэтгэл санаа нь хэцүү байгаа гэж бодоод болиулаад үргэлжлүүлээд ажиллуулсан. У ч надад өөрөө гараараа бараагаа хэрхэн дутаасан талаар захидал бичиж, цалингаасаа барааны дутагдал мөнгө төлөхөө бичсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бараагаа тоолж үзэхэд тооцоо нийлж байсан. Энэ өдрөөс эхлээд худалдагчаар өөрсдөөр нь орлого зарлагын тайлан гаргуулж эхэлсэн. Түүнээс хойш тооллого хийхгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Утай тооллого хийхэд нийт 57,801.810 төгрөгийн бараа байх ёстой байтал 33,996,000 төгрөгийн бараа тоологд.ж 23.805.810 төгрөгийн дутагдал гарсан. Тооллого хийх үед манай хүү Бат-Оргил, У бид 3 байсан. Тооллого хийж дууссаны дараа Угийн нөхөр Самбуу орж ирсэн. Бөмбөгөрийн хаах цаг болж байсан болохоор тэндээсээ гараад манай гэрт очоод дахиад бүх орлого, зарлага, падаанаа шүүж тулгаж үзэхэд яг л 23.805.810 төгрөгийн дутагдал гарсан. Тэгэхэд Самбуу одоо тоолоод яахав дээ эгчээ, энэ мөнгийг бид 2 цувуулаад төлнө гэж хэлсэн. Би Уг барааны мөнгө авч байсан дансныхаа хуулгыг бүгдийг аваад ир гэж хэлээд дансны хуулгыг шүүхэд өдөрт орсон орлого бүтнээр биш, талыг нь эсвэл 70%-ийг нь гэх зэргээр дутуу мөнгө явуулаад байсан. Үлдсэн мөнгөө хэн рүү явуулж байсныг нь харахад өөрийнхөө ээж Энэбиш, нөхөр Самбуугийн данс руу байнга мөнгө шилжүүлж байсан байдаг. Бусад нь хоол унд, хувцас хунар авсан байдаг. Яасан ч их хувцас авдаг юм гэмээр хуулгуудыг харсан. Өдөрт орсон орлогын талыг нь над руу явуулаад байхад энэ их хэмжээний дутагдал гарахаар байгаа юм. Би бас хүн юм чинь өөрийнх нь мөнгө байх вий гээд харахад цалин гэж авсан 600,000 төгрөг дороо дуусаад л миний орлогын мөнгөнөөс зарцуулаад яваад байсан байгаа юм. ...Тухайн үед У доошоо харж суучхаад л уучлаарай эгчээ, ажлаа хийгээд төлж болох уу гэж хэлж байсан ч би өмнө хүртэл дутагдал гаргасан учраас одоо дахиж төлж болох уу гэж хэлж байсан ч би өмнө хүртэл дутагдал гаргасан учраас одоо дахиж ажиллуулж чадахгүй гэж хэлсэн. Бага хэмжээний мөнгө биш их хэмжээний мөнгө учраас дахиж ажиллуулахыг хүсээгүй. Тооцоо нийлж дутагдал гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.. гэсэн мэдүүлэг /хх-40-41/,

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-58/ “..хамгийн сүүлд тооллого хийхээс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тоолж, тэрнээс өмнө бараг 9-10 сарын өмнө тооллого хийсэн. Тооллого хийх бүрд би ээжтэйгээ хамт очдог байсан. Ээж, Утай хамт бараагаа тоолж тооллогын цаас гэж тусдаа байдаг, тэр дээр тэмдэглэж тоолсны дараа би цаасан дээр бичсэнийг компьютер дээр шивж тэмдэглэдэг. Яагаад гэхээр би ээжээс хурдан компьютер дээр ажилладаг учраас би тооллогын тэмдэглэгээг шивдэг юм. Хамгийн сүүлд тооллого хийхэд би эхлээд ээжтэй хамт очоогүй байж байгаад дараа нь ээж над руу яриа лангуун дээр хүрээд ирээ, тооллого хийхэд гоо сайхны бараа байхгүй зөвхөн хайрцаг байгаад байна, дахиад шалгах хэрэгтэй байна гэж дуудаад би бараг 12-13 цагийн үед очсон. Тэгээд тооллогыг дахиад хийсэн. Ингээд тооллого хийж миний компьютер дээр шивсэн тэмдэглэгээг У болон ээж бид нар маш сайн тулгаж үзэхэд бараа дутагдсан.. У эгчийн нөхөр нь хамгийн сүүлд тооллого хийдэг өдөр ирж байсан. Тэр үед тооллого хийгээд мөнгө дутагдсан талаар нөхөрт нь хэлээд бид нар хамт манай гэрт очиж дахин данс тооцоогоо тулгаж үзсэн. Тэгэхэд нөхөр нь дутагдсан мөнгийг төлөлгүй яах вэ гэж байсан хэр нь маргаашаас нь мөнгө төлөхөө болилоо гээд элдэв мессеж манай ээж рүү явуулсан байсан. Маргааш нь дахиад Угийн дансны хуулгыг аваад ээж тэд нар хамт шүүж үзэхэд хөдөө байдаг ээжийнхээ данс руу мөнгө шилжүүлж байсан байдаг. Түүнийг Угийн нөхөр нь хараад мөнгөө ээж рүү шилжүүлсэн байна гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Н.Сгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Манай эхнэр тооллого хийхийн өглөө нь эрт гарсан байгаа. Орой тарах цагтаа тарахгүй байсан учраас би оройны 24 цагийн үед Бөмбөгөрийн харуулаас нь гуйж байгаад гүйгээд орсон. Намайг яваад ороход Б болон Оргил, манай эхнэр гурав тоолж байсан. Тоолж дуусаж байгаа юм уу гэхэд одоо дөхөж байна гэж хэлж байсан. Тэгээд лангууны наад талд Б нь компьютер дээр шивсэн байдалтай байсан. Цаана нь Оргил болон У хоёр барааг нь тоолж байсан. Дээр нэг шампунь 10 ширхэг байна доор 10 ширхэг нийт 20 ширхэг гээд тоолж байхад компьютер дээрээ 10 ширхэг гээд бичиж байсан. Нэг ширхэг шампунь байна гэхэд түүнийг нь бичээгүй байсан. Өөр хүснэгт дээр бичсэн байж магадгүй гэж орой эхнэртэйгээ гэртээ очсоны дараа хэлэхэд юу яриад байгаа юм бэ? Бичихгүй бол надаас дутна шүү дээ гэж хэлсэн. Тооллогын материал дээрээс нэг хуудас дээрээс 800.000 төгрөгийн илүүдэл гарч байна. Нарийн тулгах юм бол маргааш нь гараад ирэх байх гэж хэлсэн. Дахин тоолъё гэж хэлсэн. Энэ шампунийг бичээгүй байна гэхэд өглөөнөөс орой хүртэл ажиллаад ядарсан байсан учраас түүнийг бичээгүй байсан байх гэж хэлсэн. Би түүнд үнэхээр л дутсан тохиолдолд би төлье гэж хэлсэн. Миний нүдэн дээр хайрцаг сав нь эвдэрсэн гээд бүтэн кремүүдийг хогийн сав руу шидээд байсан. Тэгээд тооллогын материал дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Нэг ширхэг хуудас тасарлаа гэхэд чамаас хэчнээн төгрөг дутах бол гэж хэлсэн учраас манай эхнэр гарын үсэг зурсан байсан..” гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаартай дугаартай дүгнэлтэд: “.. ЦЭСБ-АУДИТ ХХК-ний аудитын дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь: Шинжилгээнд ирсэн баримтаар Бөмбөгөр худалдааны төвийн 1075, 1076 дугаар лангууны худалдагчаар ажиллаж байсан Э.Уд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бараа материал хүлээлгэн өгсөн тооллогын баримтаар 41.656.250 төгрөгийн бараа хүлээлгэн өгч 2019 оны 03 дугаар сараас 12 cap хүртэлх хугацаанд 181.113.100 төгрөгийг бараа хүлээн авч нийт 222.769.350 төгрөгийн бараа авснаас 9,772,660 төгрөгийн бараа зарлагдсан байна. Үүнээс Ц.Бийн Хаан банкны 5021557660 тоот дансанд 48,518,000 төгрөг, пос машины Хас банкны 5002583491 тоот дансанд 77.713.540 төгрөг нийт 154.575.540 төгрөгийн барааны орлогыг эргүүлэн тушаасан байна.

Тус барааны байвал зохих үлдэгдэл 58.449.750 төгрөгийн бараа байхаас 2020 оны 01 дүгээр 24-ний өдрийн бараа материалын тооллогын баримтаар 33.930.000 төгрөгийн бараа материалын үлдэгдлийг тоолуулсан байна. Зөрүү буюу дутагдал нь 24.491.150 төгрөгийн бараа байна.

ЦЭСБ-АУДИТ ХХК-ний аудитын дүгнэлтээр 19.971.000 төгрөгийн дутагдал тооцсон бөгөөд 4.548.750 төгрөгийн буцааж тушаасан орлогыг илүү тооцсон байна. Дээрхи орлогоос 3.633.750 төгрөгийн хамааралгүй, орлогыг хасаж, Ц.Бийн 5021525927 тоот дансанд орсон 690.000 төгрөг бусад дансанд шилжүүлсэн 180,000 төгрөг орлого, зарлага тодорхойгүй 45.000 төгрөг нийт 915.000 төгрөгийн орлогыг Э.Угийн барааны орлого эсэхийг тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

Бөмбөгөр худалдааны төвийн 1075, 1076 дугаар лангууны худалдагчаар ажиллаж байсан Э.У нь 2019 оны 03 сарын 01-ээс 2020 оны 01 сарын 24-ний хооронд ажиллах хугацаандаа 24.519.750 төгрөгийн бараа материал дутагдуулсан байна.

Шинжилгээг хийхдээ бараа материалын тооллогын баримт, бараа материалын тайлан, орлого зарлагын баримтууд, Ц.Бийн Хаан банкны 5021525927 тоот данс, Д.Гомбосүрэнгийн 5059557660 тоот данс, пос машины Хас банкны 5002583491 тоот данс, Э.Угийн Хаан банкны 5035278197 тоот дансны хуулгыг үндэслэж хийсэн болно.. гэсэн дүгнэлт /1хх-153-163/,

 

 Шинжээч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ..Хавтаст хэргийн хамт санхүүгийн баримтууд ирсэн. Шинжилгээний явцад хохирогч Бээс хавтаст хэрэгт авагдсан баримтын эх хувийг шаардаж авчруулсан. Үүнд cap бүрийн тооцоо бодсон акт, орлогын баримт, Б болон Гомбосүрэн нарын дансны хуулгыг харж дүгнэлт гаргасан. Дээрх баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангаж байсан учраас дүгнэлтийг гаргасан. Баримтуудад У гарын үсэг зурсан байсан..Уг 915.000 төгрөгийг Баяраа эгчид гэх утгатай 2 удаагийн 620.000 төгрөгийн дансны гүйлгээ, мөн Оргилд гэх утгатай 1 удаагийн 50.000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь Угийн дансны хуулгаар харагддаг. Уг шилжүүлсэн мөнгө нь орлогын мөнгө бол хохирогч Б, гэрч У нар хүлээн зөвшөөрвөл дутагдлын үнийн дүнгээс хасаж болно. ...гэрчийн мэдүүлгийг дүгнэлтэд үндэслэл болгох ёсгүй. Санхүүгийн анхан шатны баримтууд болох бараа материалын тооллогыг акт, бараа материалын орлогын баримт, нэхэмжлэл, хариуцагч нарын 2 талын дансны хуулга зэрэгт үндэслэн шинжилгээ хийсэн...Бараа материалын тооллогын баримт, тооллогын акт, бараа материал хүлээн авсан орлогын баримт санхүүгийн баримтын хувьд хүчин төгөлдөр баримт гэж үзнэ. Тооллогын актын тухайд эд хариуцагч болон бараа материал хүлээлцсэн гарын үсэг зурсан учраас хүчин төгөлдөр баримт гэж үзнэ. ...Э.У нь гарын үсэг бараа зурсан учраас акт /тооллогын/ хүчин төгөлдөр гэж үзнэ..гэх мэдүүлэг /1хх-165-169/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-223-241/, шүүгдэгч Э.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-187/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.У нь “..хүүхэдтэйгээ хамт ирчихээд 5 ширхэг крем байлаа гэхэд түүнийг компьютер дээр 5 ширхэг гэж бичиж байгаагаа надад харуулдаггүй байсан. Би тухайн бараануудыг өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл тоолсон байхад ингэж их дутсан байгаад эргэлзэж байна. Маргааш нь яагаад ингэж дутаад байгаа юм бэ, дахиад тоолох уу гэж асуухад компьютер худлаа тоолно гэж байхгүй гээд дарамтлаад байдаг. Би хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэх зэргээр тэрээр холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч Б.Бат-Оргил нар “тооллого хийхдээ Э.У бид хоёр зэрэг нүд үзэж тоолдог, тоолсноо хүснэгттэй цаас, компютерт тус тусдаа бичиж нэгтгэдэг, Э.У өөрийн гараар тоолж бичсэн хуудас баримтаа тооцоо бодно гэж авч яваад эргэж авчирч өгөөгүй” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

Шинжээч дүгнэлт гаргахдаа бараа материалын тооллогын баримт, бараа материалын тайлан, орлого зарлагын баримтууд, хохирогч Ц.Бийн Хаан банкны 5021525927 тоот данс, түүний нөхөр Д.Гомбосүрэнгийн 5059557660 тоот данс, пос машины Хас банкны 5002583491 тоот данс, шүүгдэгч Э.Угийн Хаан банкны 5035278197 тоот дансны хуулгыг үндэслэсэн бөгөөд дүгнэлтийг үнэн зөв, хууль ёсны нотлох баримт гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Угийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.У нь өмнө гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт ороогүй, энэ хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад хамааруулах шаардлагыг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоос бүрдсэн ба эдгээр хуульд шүүх хуралдаанаас аливаа этгээдийг гэм буруутайд тооцож, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг заасан бөгөөд дээрх хуулиудад заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах шаардлага хангасан этгээдийн эрүүгийн хэргийг бүхэлд нь өршөөн хэрэгсэхгүй болгох нь энэ хуулийн зорилтод нийцэж байна гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнээс 24.519.750 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 21 дүгээр байрны 54 тоотод оршин суух, Дархан овогт Цэрэндоржийн Бт /РД:УХ77103064/ олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Уг Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Э.Угийн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Угаас 24.519.750 төгрөгийг гаргуулж, олгуулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР