Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Алтнай,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бөд холбогдох эрүүгийн 2211000001209 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ц.Б, 1989 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул-2 худалдааны төвд худалдагч, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8-511 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нарантуул-2 худалдааны төвд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Аг мөргөж, түүний биед тархи доргилт, дээд баруун 1-р үүдэн шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Бөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ц.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 худалдааны төвийн дотор архины бөөний төвийн худалдагч залуугаас Баасандорж бид хоёр архи авсан бөгөөд тэгсэн, хамт явсан Баасандорж тухайн дэлгүүрийн худалдагч залуутай маргалдаад байхаар нь би түүнийг салгаад боль гэж хэлээд аваад цааш нь гараад явж байтал ардаас нэг залуу гүйгээд ирэхээр нь би эргэж хараад тухайн залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа толгойгоороо мергөсөн...” гэх мэдүүлэг /хх-31/,

 

Хохирогч Б.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр миний бие өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвийн архины бөөний төв дээр байж байтал хажуу талд гурилын лангуун дээр зогсдог хоёр залуу манайхаас зээлээр архи авмаар байна гэхээр нь үгүй, та хоёр нэлээн согтсон байна, одоо архи зарахгүй гэж хэлсэн. Тэгтэл Б гэгчийн хамт явсан залуу нь чи ямар том болсон юм энэ тэр гээд намайг хэл амаар доромжлоод байсан. тэгсэн надтай хамт байсан манай эмэгтэй дүүг тухайн залуу нь мөн хэл амаар доромжлоод байхаар нь би тэр хоёрт одоо болио манайх хүн ихтэй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр залуу дээр яваад очтол Б нь шууд ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа толгойгоороо мөргөсөн. гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

Гэрч Б.Баасандоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх Нарантуул-2 худалдааны төв дээр ажлынхаа ах Бийн хамт архи ууж байгаад тус худалдааны төвд байх архины бөөний төвийн худалдагчаас архи авах гэж байгаад маргалдсан. ...Б нь намайг боль гэж хэлээд тухайн лангуунаас нь гараад явсан. Тэгсэн А гэх тухайн бөөний төвийн худалдагч залуу ардаас орилоод гүйгээд ирсэн, Б ах намайг түлхээд эргэж хараад А гэх өнөөх залууг цааш нь түлхэх шиг болсон бөгөөд бид хоёр тухайн худалдааны төвөөс шууд гараад явсан.. гэсэн мэдүүлэг /хх-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6930 дугаартай дүгнэлтэд: “..Б.Агийн биед тархи доргилт, дээд баруун 1-р үүдэн шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-24-25/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: /хх-19-21/ “...Тус бичлэгийн 56 секундэд Б нь А гэгчийг эргэж харан толгойгоороо түүнийг мөргөж буй байдлыг харуулав. Зураг №4..” гэх тэмдэглэл, шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг мөргөж, түүний биед нь биед тархи доргилт, дээд баруун 1-р үүдэн шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МӨНХБАЯР