Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямба-Очир, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Ад холбогдох 1808000000685 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Огийн А, 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

 О.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...... тоотод иргэн Г.Цэцэгмаагийн өмчлөлийн хувийн байшинд иргэн Б.Бямбацэрэнгийн зүүн эгэмний  баруун дээд хэсгээс цээжний хөндий рүү, мөн зүүн гүрээ, оочин тус газруудад хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: О.Агийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Огийн Аг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Агийн урьдчилан хоригдсон 184 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, бусад эд зүйлсийг устгаж, “Самсунг” маркийн гар утсыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хэргийн зүйл ангийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.  Би тус хэрэгт холбогдохоосоо өмнө хувиараа бизнес эрхлэн хөдөлмөрлөж амьдардаг байсан. Талийгаач Бямбацэрэнтэй Герман улсаас ирээд найзтайгаа явж байгаад 2014 оны 9 сард танилцаж улмаар дотносож, талийгаачтай хааяа уулздаг байсан. Талийгаач тухайн үедээ эрхэлсэн  ажилгүй байсан болохоор бие биедээ дэм, түшиг болон хамтдаа хойшоо, урагшаа явж бизнес хийж амьдардаг байсан. Архи уухаараа их огцом ширүүн зан авир гаргаж миний биед гар хүрч зоддог байсан. Сүүлийн үед архи уух нь ихсэж, ааш зан нь өөрчлөгдөж, нэг бус удаа хутга барьж дайрч байсан ба хэд хэдэн удаа багалзуурдаж боож ухаан алдуулж байсан боловч цагдаа дуудаж өгдөггүй, үр хүүхэд найз нөхдөөсөө ч нуудаг байсан. Учир нь бид хоёр бие биедээ их дассан, хайртай байсан учраас муу зүйл бодож, тээж явдаггүй байсан. Талийгаач их ганцаарддаг, архи уудаг, ар гэрийнхэн нь тоодоггүй тухайгаа ярьдаг байсан болохоор их өрөвдөж, архи уулгахгүй, зорилготой болгох гэж хичээдэг байсан. Талийгаач дуу цөөнтэй, хүнд тусархаг, цагаан цайлган сэтгэлтэй, халамжтай хүн байсан. Талийгаач Бямбацэрэн 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эмээ ээжтэйгээ хөдөө яваад ирье гээд 2018 оны 6 дугаар сарын 08-ны орой хөдөөнөөс ирлээ гэж яриад орой 21 цагийн үед Баянхошуунд уулзсан. Бид хоёр тэндээ хоноод маргааш нь талийгаач амарч нэг шил архи ууж кино үзэж байгаад орой болсон хойно талийгаач ээж рүү яваад ирье гэхэд нь архи уусан байж машин барьж хэрэггүй гэтэл миний үгэнд оролгүй яваад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2018 оны 6 сарын 10-нд хэрэг гардаг өдөр машинаа нэг хүнээр бариулаад жоохон халамцуу ядарсан царайтай 10 дугаар хороололд Пүрэвдоржийнд байж байгаад ирлээ. Хөгшин нь өлсөөд байна хоол хийгээд өгөөч гэхээр нь мах авах гээд дэлгүүр гарах үед утас нь дуугараад хүнтэй яриад л байсан. Би гаднаас орж ирээд хоол хийж өгсөн. Удалгүй талийгаачийн найз Пүрэвдорж, Халиунбат хоёр орж ирсэн. Пүрэвдорж нь нэлээн халамцуу нэг шил архи бариад орж ирсэн. Бид хэд нэлээн ярилцаж, хөзөр тоглож байгаад Пүрэвдорж согтоод орны хажууд унтсан. Тэгээд талийгаач Халиунбаттай хамт усанд яваад ирье гээд гарсан. Миний толгой өвдөөд хэсэг хэвтсэн. Удалгүй тэр хоёр усаа аваад орж ирсэн. Гэтэл талийгаач гэнэт уурлан хоёр найзыгаа яв гээд явуулсан. Би ороо засаад орондоо ороод унтсан. Намайг унтаж байтал талийгаач миний үснээс зулгаагаад угзарч орон дээрээс унагаагаад чирээд, гарын сарвуун дээр дэвсэлж, бөгс, нуруу, гар, хөл рүү өшиглөөд дэвсэлж зодсон. Чи яагаад байгаа юм бэ? гэхэд чи намайг гарсны дараа Пүүжээтэй яасан юу хийсэн гээд л хэл амаар доромжлон, өндийхөөр л өшиглөж дэвслээд ер нь чамайг яасан ч яадаг юм гээд юм хайгаад пийшингийн зүг эргэхэд нь маш их айсан. Урьд нь ийм аймаар ширүүн догшин байхыг хараагүй. Ингээд энэ хүний гарт үрэгдэх юм байна гэсэн бодол орж их айсан. Би босоод ширээн дээр байсан хар иштэй хутгыг хараад авч нуух гээд дөхөж очтол талийгаач шилээвэр төмөр барьж ирээд мөр рүү цохиход би хутгаа бариад авсан. Гэтэл талийгаач шилээвэр төмрөө хаячихаад шууд л 2 гараа урдаа бариад дайрсан. Би багалзуурдах нь гэж ойлгоод хутга барьсан байна цаашаа байгаач гэж орилсон. Гэтэл 2 гарын шуунаас бариад 2 гараас дээш өргөөд түлхсэн. Би унахгүйн тулд урагшаа түлхсэн. Хутганы ир урагш харсан байсан. Ард ор тээглэж хойшоо унах гээд, хойшоо унавал дараад хоолой багалзуурдаад авбал би тэсэхгүй байх гэж бодогдоод ингээд л үхдэг юм байна гээд үр хүүхэд минь нүдэнд харагдах шиг болоод хамаг хүчээрээ урагшаа зүтгээд гараа тавиулах гээд угзраад нааш цаашаа хэдэн удаа түлхэлцсэнийг мэдэхгүй байна. Нэг харсан чинь зүүн эгэмний хавиас нь цус гарч байсан. Энэ үйл явдал хоромхон зуур болсон. Би айж цочирдоод юу болсныг ойлгоогүй нэг мэдэхэд цус гарч байсан. Тэгээд цус гарч байсан газар нь гараараа дараад дараа нь фудболкоороо дарсан. Гарч гүйгээд түргэн тусламж, цагдаа дуудсан. Хиймэл амьсгаа массаж хийсэн. Тухайн үед хутгалчихлаа гэж бодоогүй. Бид хоёрыг ноцолдож байхад санамсар болгоомжгүй байдлаас болж талийгаач Бямбацэрэнгийн амь насыг хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байна. Би талийгаачийн амь нас болон өөрийн амь насыг хамгаалах зорилгоор уг хутгыг нуух гэтэл амжилгүй ноцолдож байгаад өөрийн айж балмагдсан үйлдлээс болон санамсар болгоомжгүй байдлаас болж талийгаачийн амь нас эндсэнд маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо хохирол төлбөргүй. Миний хэргийг шийдвэрлэхдээ прокурор байцаагч нар хэт нэг талыг барин миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн. Гэрч болох Пүрэвдорж нь миний талаар худал мэдүүлэг өгсөн байсан. Уг гэрч Пүрэвдоржтой би дотно найзууд байгаагүй. Би зөвхөн Пүрэвдоржийн найз хүүхэн болох Энхтуяатай найзууд байсан. Би Энхтуяагаар дамжуулан талийгаачтай анх танилцаж байсан. Гэтэл гэрч Пүрэвдорж нь намайг гүтгэн үндэслэлгүй архичин хүүхэн байнга архи уудаг мэтээр худал ярьсанд гомдолтой байна. Гэтэл гэрч Пүрэвдорж нь найз хүүхэн Энхтуяадаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө согтуудаа худлаа мэдүүлэг ярьсан гэж байсан. Өнөөдөр уг хэргийн гэрч болох хүн нь ийм хувиа хичээсэн байдлаас болж миний эрх зүйн байдал дордож байгаад гомдолтой байна. Үнэнийг гэрчлэх Энхтуяаг шүүх хуралд оролцуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч шалтгаангүйгээр ирээгүй. Уг Энхтуяа нь талийгаачийн зан байдал болон гэрчийн үнэн зөв байдлыг үнэнээр нь ярьж нотлох хүн билээ. Гэтэл уг хүсэлтийг шүүх хүлээн авч Энхтуяаг гэрчээр оролцуулахгүй байгаад гомдолтой байна. Хохирогчийн дүү болох Бямба-Очир нь намайг үндэслэлгүйгээр гүтгэн миний эсрэг мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Учир нь: Би талийгаачтай нийлж байнга архи дарс уугаад байдаггүй. Хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийн хүрээнд уудаг байсан. Би уруу татаж архи уулгадаггүй. Элдэв ааш талийгаачид гаргаж байгаагүй. Ах дүүс нь хоорондоо ямар харилцаатай юу ярьдаг байсныг би мэдэхгүй. Бид хоёрын хувьд сэтгэлийн холбоотой. Амьдралд бие биедээ түшиг тулгуур болж явж байсан. Талийгаач хичнээн зодож, нүдэж, гэмтээж байсан ч би хайртай байсан болохоор би тэвчиж элдэв гомдол гаргаж ийш тийш цагдаа шүүх гэж байгаагүй. Бид хоёрын дунд юу болж байсныг би гомдсон үедээ сэтгэлээ тайвшруулах гэж найз хүүхэн Энхтуяатай ярьдаг байсан. Зөвхөн архи уусан үедээ хурц, ширүүн ааш авир гаргадаг байсан. Эрүүл болох үед нь энэ бүгдийг хэлэхэд “би юу ч санахгүй байна. Намайг уучлаарай. Би чамайгаа хардаад байгаа юм байлгүй дээ” гэж хэлдэг байсан. Бид хоёрын энэ асуудлыг ах, дүүс нь мэдэхгүй зөвхөн бид хоёрын л асуудал гэж боддог байсан. Талийгаач эрүүл үедээ ах, дүүсийнхээ талаар ярихдаа архи уугаад очихоор орон гэртээ оруулахгүй хөөгөөд А руугаа яв гээд байдаг. Надад очих газар байхгүй гээд ярьдаг байсан. Чи л надад хань болж байна гээд зовлонгоо хуваалцдаг байсан. Би огт талийгаачийн биед гар хүрч байгаагүй. Талийгаач гараа гал түлж байгаад түлсэн. Машиныхаа цонхыг согтуудаа тоосго аваад шидэж хагалсан. Мөн би автомашин зэргийг нь барьцаалж мөнгө авч Паб ажиллуулаагүй. Өөрийн дүүгээсээ мөнгө авч Паб ажиллуулж байсан. Үүнийг нотлох баримт байгаа. Энэ мэтээр намайг ямар ч ор үндэслэлгүй гүтгэж, бүтэшгүй архи уудаг харгис эмэгтэй болгож байгаад маш их гомдолтой байна. Тогтоол дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад прокурор, шүүх, мөрдөгч нар зөвхөн хохирогчийг онцлон авч үзэн миний нотлох баримтыг үгүйсгэсэн. Шүүхээс хэргийн үнэн зөв байдлыг зөв шударгаар тогтоон хэргийг шударга байх бүх талыг бүрэн дүүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх процессыг гүйцэд хийж чадаагүй материалаар хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би хэрэг гардаг өдөр байцаалт өгөхдөө маш их сэтгэл зүйн цочролтой хүнд байх үедээ байцаалт өгсөн. Надад зорилготойгоор хүний аминд хүрэх гэсэн санаа сэдэл огт байгаагүй. Иймээс миний хэргийн үнэн зөв байдлыг хуулийн дагуу зөв шударгаар шийдвэрлэн миний хэргийн зүйл ангийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Надад оногдуулсан 9 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Огийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял шийтгэсэн нь хэргийн үйл баримт болох бодит байдалтай нийцээгүй, гэм буруугийн асуудалд өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт гэрч Ж.Халиунбат, Э.Пүрэвдорж, Р.Оюунчимэг, яллагдагч, шүүгдэгч Агийн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1301 дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7394 дугаартай дүгнэлт зэргийг дурдаж, эдгээр нотлох баримтуудаар О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, О.Агийн мэдүүлгээс бусад бүх баримтууд Бямбацэрэнгийн амь хохирсныг нотлох болохоос А нь Эрүүгийн хуулийн 10.1, 10.2, 10.6-д заасан хэргүүдийн алийг нь үйлдсэнийг нотлохгүй. Шийтгэх тогтоолд дурдсан гэрч Ж.Халиунбат, Э.Пүрэвдорж, Р.Оюунчимэг нарын мэдүүлгүүд хэргийн үйл явцыг харсан үзсэн бус айж цочирдсон Агийн үг яриаг хэлж буй дамжмал шинжтэй шууд бус баримтуудаар Аг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэх нь өрөөсгөл болно. Агийн яллагдагчаар өгсөн “...Бямбацэрэнг айлгах санаатай ширээн дээрээс хутга аваад урдаа барьсан чинь өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь цаашаа бай л даа гэхэд Бямбацэрэн гарнаас барьж гараа татаад буцаагаад түлхэхэд хүзүүнийх нь хажуу талд хутгалчихсан...” гэх мэдүүлгийн хэсгийг шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь үндэслэл муутай. Учир нь олон удаагийн үйлдлээр амь хохирогчид зодуулж, айж балмагдан сандарсан Агийн хутгатай гарнаас талийгаач барьж таталцаж түлхэлцэх явцад хутгалагдсан байдал тодорхой байхад шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 10.1, 10.2, 10.6-д заасан өрсөлдөх хэм хэмжээнүүдийн алинд хамаарах үйл баримт тогтоогдож байгааг хууль зүйн талаас нь анхаараагүй байна. Амь хохирогч шүүгдэгчийг хардсан, эрх чөлөөнд нь халдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн болон гэрч Халиунбатын мэдүүлэг, О.Агийн биед гэмтэл учирсан талаарх шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн шүүх дүгнэж, шийтгэх тогтоолд дурдсан атлаа “...Бямбацэрэн тэр өдөр маш хэрцгий догшин хандаж, олон удаагийн үйлдлээр зодоод чамайг яасан ч яахав гээд пийшингийн тийш эргэхэд нь энэ хүний гарт амь үрэгдэх юм байна гэх бодол төрж, их айж балмагдаж ил харагдсан хутгыг авах зуур галын шилээвэр төмөр барьж гүйж ирээд цохиж, 2 гарны шуун дээрээс барьж дээш өргөн түлхэж дарж унагах гээд байсан, унахгүйг хичээж таталцаж түлхэлцэж байтал нэг мэдэхэд цус гарч хутгалагдсан байсан” гэх мэдүүлгийг хэрхэн няцааж үгүйсгэснээ шийтгэх тогтоолд дурдалгүй шууд Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хэргийн материалд цугларсан нотлох баримтыг шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд хуульчлахдаа “...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх болон нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар шалгах” талаар заасан атал Агийн бичгээр болон амаар гаргасан мэдүүлгүүд, түүний хувийн байдлын талаарх баримтууд, гэрчийн мэдүүлгүүд зэргийн алийг нь үнэлж, алийг нь няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ямар хууль зүйн дүгнэлт хийсэн нь ч харагдахгүй хэргийн үйл явцыг нотлохгүй хэдэн баримтыг дурдах төдийгөөр хязгаарласан шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Шийтгэх тогтоолд дурдсанаар О.А нь хэрэг болох тэр цаг мөчид амь хохирогчид зодуулж олон тооны гэмтэл авсан нь түүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тухайн үед хүч тамир дорой эмэгтэй хүний үснээс чирч газарт унаган өшиглөж, дэвсэж, өндийх боломж олгохгүй хэрцгий догшин цохиж зодоход маш их айж амь үрэгдэх нь гэдэг бодол төрж цочирдохдоо ил харагдсан хутгыг авсан гэдгээ А мэдүүлдэг. А нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хутгыг хараад анх нуух бодолтой авсан хэдий ч амь хохирогч яах ийхийн зуургүй төмөр бариад дахин зодохоор ирэхэд нь нэг талаас амиа хамгаалах нөгөө талаас хутгатай байгааг хараад айх болов уу гэсэн санаагаар цаашаа бай хутгатай байна шүү гэхэд төмрөөрөө зүүн бугалгад цохиод газар хаяж 2 гарны шуу хэсгээс барьж гарыг өргөсөн байдалтай хойш түлхэж дарж унах гээд байхаар нь унахгүйн тулд урагшаа зүтгэн урагш хойш хэд хэдэн удаа таталцаж түлхэлцсэн. Би их айсан байсан нэг мэдэхэд цус гарч харагдсан, хоромхон зуур л болсон” гэх агуулгатай мэдүүлгүүд болон шүүх хуралд оролцсон шинжээчийн “...Агийн хутга барьсан гарыг дээш өргөсөн байдалтай таталцаж түлхэлцэх үйлдэл хийхэд хутга дээрээс доош чиглэлтэй эгэм орчимд орох боломжтой...” гэх мэдүүлэг зэрэгт хууль зүйн ямар дүгнэлт өгсөн нь тодорхойгүй. Ялангуяа Агийн ... амь хохирогчийг алах шалтгаан байхгүй тул анхнаасаа алах тухай бодол төрөөгүй, маш их айж балмагдсан, хутгатай гарын шуунаас барьж өргөсөн чигтээ таталцаж түлхэлцэж байсан, нэг мэдэхэд л цус гарахыг харсан” гэх мэдүүлэгт гэм буруугийн талаас нь ямар нэг үнэлэлт дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон. Миний бие мөрдөн байцаалтын шатанд Аг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт цуглараагүй тул өрсөлдөх хэм хэмжээ болох Эрүүгийн хуулийн 10.2 болон 10.6-д заасан хэргийн шинжийн аль тохирох байдалд анхаарал хандуулах талаар хүсэлт гомдол гаргаж байсан ба анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт энэ байр сууриа илэрхийлсэн боловч шүүх хэрхэн няцааж үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл А нь үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүйн хэлбэрээр хандаагүйг ямар баримтаар нотолж байгаа болон хэрэгт байгаа ямар баримт гэм буруугийн болгоомжгүйн хэлбэрийг үгүйсгэн няцааж байгаа, А тухайн үед айж цочирдоогүй гэдгийг яг ямар баримтаар нотлон тогтоож байгаа зэргийг шийтгэх тогтоолд тусгаж, тэдгээрт онолын болон хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгөлгүй учир битүүлгээр "Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл эмэгтэй хүнийг унтаж байхад нь гэнэт үснээс нь чирч шалан дээр унаган учир зүггүй өшиглөн дэвсэх зэргээр зодож, төмрөөр цохиж, яасан ч яахав гэж заналхийлэхэд айж балмагдан цочирдох нь ойлгомжтой бөгөөд хүчинд автан дийлж босож чадахгүй байсан, ширээн дээр ил харагдсан хутгыг авсан, гарт хутга байгаа шүү цаашаа бай гэсэн боловч амь хохирогч хутганаас айлгүй ирж зууралдсан талаарх Агийн мэдүүлэг, түүний биед учирсан гэмтэл, Агийн болон амь хохирогчийн зан байдлын талаарх гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх улмаар хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба хэрэгт цугларсан баримтаар Аг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй байгааг анхаарч мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримталж хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямба-Очир нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаачтай хамт амьдардаг байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Тэнгис нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ. Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хэргийн үйл баримт дээр хийсэн дүгнэлтүүд нь зөв зүйтэй байна гэж үзэж байна. Хавтас хэрэгт хохирогч Б.Бямбацэрэн, шүүгдэгч О.А нар нь согтууруулах ундаа үе үе хэрэглэдэг нотлох баримтууд бий. Талийгаачид учирсан энэ шарх, сорви, 2 удаагийн ир үзүүртэй зүйлээр зүсэгдэж, цус алдаж нас барсан байна гэсэн үйл баримтууд нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгагдсан байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл баримтууд харагдахгүй байна гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд хоёр гэрчүүд байсан. Ж.Халиунбат, Э.Пүрэвдорж нар нь талийгаачийн хувийн байдлын талаар мэдүүлсэн байдаг. Талийгаачийн ар гэрийнхэн дандаа эмэгтэйчүүд байдаг учраас удам залгах хүү гэж үрчилж авсан байдаг. Тиймээс удам залгах хүү нь бусдын оролцоотойгоор амь нас нь хохирсонд сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардалд гарсан бодит хохирлыг төлсөн. Тус сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хор уршиг, гэм хохирлыг тооцож, дүгнэж болно гэж заасан байдаг учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... ... тоотод иргэн Г.Цэцэгмаагийн өмчлөлийн хувийн байшинд иргэн Б.Бямбацэрэнгийн зүүн эгэмний  баруун дээд хэсгээс цээжний хөндий рүү, мөн зүүн гүрээ, оочин тус газруудад хутгалж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Нотлогдвол зохих бүх асуудлыг нотолж тогтоосон юм. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрүүл маргаан Ж.Халиунбат, Э.Пүрэвдорж хоёр тэдний гэрээс тухайн үед 01 цаг өнгөрч байхад явсан байдаг. Үүнээс хойш үргэлжлээд цаг хугацааны шинжтэйгээр Б.Бямбацэрэн, О.А нарыг согтуу байдалтай үлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Үргэлжилсэн байх магадлалтай. 17 – 18 цагийн үед амь хохирогч хутгалагдаж, нас барсан байдалтай байсан. Тухайн цаг хугацаанд О.Агийн зүгээс Ж.Халиунбат руу утасдаж “хутгалчихлаа” гэж хэлдэг. Хоёр ч удаа залгасан байдаг. “Яанаа баларлаа” гэж залгаад, дараа нь “би хутгалчихлаа” гэж залгасан байдаг. Тэр даруй утас нь цэнэггүй болоод гадаа гарч хүнээс тусламж дуудсан. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан зүйл бол огт байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна. Хохирогчийн биед ир бүхий зүйлээр үйлчлэгдсэн 2 шарх байсан. Хутгаа сугалж авах явцад оочин тус газар зүсэгдсэн байх боломжтой шарх үүссэн байдаг. 2 удаа хутгалаад байгаа үйлдлийг болгоомжгүйгээр алсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил байхгүй бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...  ... тоот хувийн байшинд амь хохирогч Б.Бямбацэрэнтэй маргалдах явцдаа түүний зүүн эгэм тус газарт нэг удаа хутгалж алсан болох нь:

шүүгдэгч О.Агийн “...найзууд нь ирж талийгаач архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас, намайг юуны учир хардсан нь тодорхой бус байдлаар дайрч, зодож, түлхэн унагаж, цохих юм хайж эргэх хооронд нь айсны улмаас ширээн дээр ил байсан хутгаа аваад нуух гэтэл галын шилээвэр барин гүйж ирж, хутгатай гарнаас давхар зууралдаж нааш цааш түлхэж би унахгүй тулд урагш зүтгэн байх тэр хоромхон агшинд талийгаачийн хүзүүнээс цус гарахыг харсан...” /2 дугаар хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/,

гэрч Р.Оюунчимэгийн “...зээ охинтойгоо найзындаа орох гээд явж байтал 40 орчим насны хөл нүцгэн эрээн палажтай хөл, гар, нүүр нь цус болчихсон хүүхэн сандарчихсан гүйж ирээд “Түргэн дуудаад өгөөч, 109-рүү залгаад өг” гэхээр нь би хүний бие муудаад байгаа юм байх гэж бодоод 102 дугаарын утас руу залгаад нөгөө хүүхнээс “Гэрийн чинь хаяг хэд юм” гэж асуутал “АОС-н 3-109” гэж хэлээд явсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 47, 48 дугаар хуудас/,

гэрч Ж.Халиунбатын “...Б.Бямбацэрэн бид хоёр худаг орж ус авчихаад 20 гаран минут болоод буцаад ирэхэд Пүүжээ орон дээр хэвтсэн чигээрээ унтаж байсан ба хойд талаар нь О.А буруу хараад хэвтэж байсан. Тэгэхэд Б.Бямбацэрэн тэр хоёрыг харчихаад хардаад байгаа бололтой уурлаад, амандаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй бувтнаад, үглээд уурлаж байгаа нь илт мэдэгдээд эхэлсэн. О.А “Чи чинь одоо мэдрэл муутай юм уу, юм уухаараа хардаад балайраад байдаг юм, юундаа уурлаад байгаа юм. Пүүжээтэй хардаад байгаа юм уу” гэхэд Б.Бямбацэрэн өөдөөс нь юм хэлэхгүй уурлаад орж гараад тамхи татаад байсан. Б.Бямбацэрэн ер нь хартай хүн байгаа юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

гэрч Э.Пүрэвдоржийн “...Халиунаа надад хэлэхдээ “А над руу залгаад би Б.Бямбацэрэнг хутгалчихлаа гэж ярьсан, би итгээгүй шүү дээ, тоглож байгаа юм байхдаа гэж бодоод цагдаа, түргэн дууд” гэж хэлсэн гэж хэлж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1301 дугаартай цогцост хийсэн шинжилгээний “Талийгаач Б.Бямбацэрэнгийн биед ир үзүүр бүхий зүйлийн гэмтэл, зүүн эгэмний баруун дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн гүрээний венийг бүрэн тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх, оочинд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 5,2 промилли, ходоодны шингэнд 6,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач зүүн эгэмний хутгалагдсан шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас 84-85 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 2-19 дүгээр хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудас/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр О.Агийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нь “...ноцолдож байхад санамсар болгоомжгүй байдлаас болж талийгаач Б.Бямбацэрэнгийн амь нас хохирсон, ...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А нь: “...Бямбацэрэн надруу гүйгээд ирсэн. Намайг өмнө нь багалзуурдаад дээрээс дараад уначихдаг учир бас багалзуурдах гэж байна гэж бодоод би айлгах санаатай хутга аваад урдаа барьсан... Би “Цаашаа бай л даа” гээд гараараа далайхад Бямбацэрэн миний гарнаас бариад авсан, би гараа салгах гээд татаад буцаагаад түлхсэн чинь хүзүүнийх нь хажуу талд хутгалчихсан”  /хэргийн 1 дэх хавтасны 156-162, 2 дахь хавтасны 38-39, 155-167/ гэх зэргээр удаа дараа хэрэг болсон байдлын талаар тогтвортой мэдүүлж байжээ. Уг мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулахад О.А хэрэг гарах үеийн бүхий л  нөхцөл байдлуудыг бодитоор тусган авч, гэмт хэрэг үйлдсэн талаар тогтвортой мэдүүлж байсан байх тул О.Аг аргагүй хамгаалалт хэрэглэсэн, эсхүл болгоомжгүйгээр бусдыг алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаар дүгнэлтээр шүүгдэгч О.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай төдийгүй өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай болох нь /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/ тогтоогджээ. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, мөн хуулийн 10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч О.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж, түүний гаргасан давж заалдах гомдлын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хэсгийг хангах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч О.Аг 9 /ес/ жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч О.Аг 8 /найм/ жилийн хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                      Ц.ОЧ