Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******

Нэхэмжлэгч: Д.Х*******

Хариуцагч: Үндэсний Аудитын газар

Гомпдлын шаардлага: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 837 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, Ц.Мишээл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.М*******

Хэргийн индекс: 128/2023/0650/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Д.Х*******аас, Үндэсний Аудитын газарт холбогдуулан Үндэсний Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166/А0150053 СНАГ-2023/21/НА-СТА-ТӨА дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргажээ. .

 Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 837 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Төрийн Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166/А0150053 СНАГ-2023/21/НА-СТА-ТӨА дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

3.1. Нэхэмжлэгч Д.Х******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166/A0150053CHAГ-2023/21НА-СТА-ТӨА дугаар "Төлбөр барагдуулах тухай" акт нь агуулгын хувьд илэрхий алдаатай буюу 5.095.762/4.910.510,63/, мөн төлбөрийн акт гэсэн атлаа тогтоох хэсэгтээ "Албан шаардлага өгсөн" гэж бичсэн, мөн акт гаргах хууль зүйн үндэслэл байхгүй, акт гаргах эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор... хариуцагч "Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

3.2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар Үндэсний аудитын газраас "төлбөрийн актуудын зарим бичвэр болон тооцоолол алдаатай байгааг залруулан дахин хүргүүлсэн тухай" буюу нэхэмжлэлийн маргаж байгаа зөрчлийн дүнг 185.2 мянган төгрөгөөр илүү тооцоолсныг залруулсан нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/1020 дугаар албан бичгийг Монгол Улсын боловсролын их сургуулийн захиралд хаяглан хүргүүлсэн нь тогтоогдож байна гэх үндэслэлээр үгүйсгэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн баримт нь Монгол Улсын боловсролын их сургуулийн захиралд төлбөрийн акт зарим  бичвэр болон тооцоолол алдаатай байгаа тул залруулан дахин үйлдэж, хүргүүлэх талаар холбогдох аудитын хуулийн этгээд, Санхүү-нийцлийн аудитын газарт чиглэл хүргүүлсэн Тамгын дарга С.Ц*******ын албан бичгийн хариу болохоос биш актын зөрчлийг арилгасан дахин зассан акт биш байхад шүүх алдаагаа засварлаж дахин гаргасан актыг Монгол Улсын боловсролын их сургуулийн захиралд хүргүүлсэн, мэдэгдсэн мэтээр дүгнээд байгааг ойлгохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д "...Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй..." гэж зааснаар Үндэсний аудитын газар дахин зассан гэх актыг хэзээ, хэрхэн ямар байдлаар мэдэгдсэнийг шүүхэд болон шүүх хуралдаан дээр нотолж чадаагүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг өөр байдлаар тайлбарлаж мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т аудит хийсэн "Х******* аудит" ХХК-н гүйцэтгэх захирал И.Г******* актад гарын үсэг зурж баталгаажуулсан нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь хэдийгээр Үндэсний аудитын газартай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын боловсролын их сургуульд аудит хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Үндэсний аудитын газраас гарч буй актад гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш юм. Өөрөөр хэлбэл төрийн нэрийн өмнөөс гарч буй албан бичигт хувь компанийн гүйцэтгэх захирал төрийг төлөөлж гарын үсэг зурж албажуулах эрх бүхий этгээд биш байхад шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргийг хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу Х******* ХХК санхүүгийн тайланд аудит хийсэн. Уг тайланд үндэслэн Үндэсний аудитын газрын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж албажуулахаар хуульчилсан байна. Гэтэл хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн этгээдийг гарын үсэг зурах үндэслэлтэй мэт дүгнэлтийг хийсэн нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчимд нийцэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иймээс тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй...” мөн “...нэхэмжлэгчийн “захиргааны акт гүйцэтгэх этгээд тодорхой бус" гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна..." гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоож Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 тоот тогтоолын 3, 4, 5.-р хавсралтуудыг тус тус хүчингүй болгосноор төрийн өмчит их дээд сургуулиудын ажилтан, багш нар нь төрөөс цалин авч ажилдаггүй учраас төрийн албаны албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарахгүй тул төрийн албан хаагч гэж үзэхгүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоол үйлчилж эхэлсэн цаг хугацаанаас эхлэн төрийн өмчийн их дээд сургуулийн удирдах албан тушаалтнууд, багш ажилчид нь төрийн албаны зохицуулалтад хамрагдахгүй болж, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн өмчит их дээд сургуулиудын дүрэм, дотоод журам, хамтын гэрээгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах болсон бөгөөд үүний дагуу Монгол Улсын боловсролын их сургуулийн цалин хөлс олгох журмын 3.4, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, мөн дүрмийн 4.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн зэргийн нэмэгдлийг олгосон байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй Хөдөлмөрийн тухай хууль, цалин хөлс олгох журамд үндэслэн олгосон гэх үндэслэлд тайлбар хийх шаардлагагүй, энэ үндэслэлд хамаарах нотлох баримтыг үнэлээгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт авагдсан Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал О.Алтангоогийн бичгээр гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/380 дугаар хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр зэргийн нэмэгдлийг хэрхэн ямар хууль, дүрэм, журамд заасан талаар дэлгэрэнгүй тайлбарыг шалгагч “Х******* аудит" ХХК-д хүргүүлж байсан нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх огт хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Үндэсний аудитын газрын шалгалтын явцад тогтоож буй төлбөрийн акт нь төлбөрийг нөхөн төлүүлэхэд /улсын төсөвт/ чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байх бөгөөд Монгол Улсын боловсролын их сургуулийн санхүүгийн эх үүсвэр нь оюутнуудын сургалтын төлбөрөөс бүрддэг ба төсвөөс ямар нэгэн санхүүжилт авдаггүй тул төлбөрийн актын тогтоох хэсгийн 1 дэх хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгчээс Үндэсний Аудитын газарт холбогдуулан “Үндэсний Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166/А0150053 СНАГ-2023/21/НА-СТА-ТӨА дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан бөгөөд үндэслэлээ “...дээрх төлбөрийн актаар 5,095,762.00 төгрөгийг нэмэгдэлд олгосон зөрчил илэрсэн гэсэн нь утга агуулгын хувьд илт алдаатай болсон ба энэ нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/1020 дугаар актаар нотлогдоно, зөрчлийн дүнг 4,910,510.63 төгрөг болгосон талаар сургуулийн захирал, нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнчлэн төлбөрийн акт гэсэн атлаа тогтоох хэсэгтээ албан шаардлага өгсөн гэж бичсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2. бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй буюу актыг “Х******* аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г******* баталгаажуулсан, 47.1.4-т заасан захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй  тул уг захиргааны акт илт хууль бус захиргааны акт” гэжээ.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”,47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй”, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно”, 8.5-д “Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 8.4-т заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ төрийн аудитын байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллана” 6 дугаар зүйлийн 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж тус тус заажээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Үндэсний аудитын газраас “Х******* аудит” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний аудитын газартай байгуулсан “Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж уг гэрээний дагуу “Х******* Аудит” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын боловсролын их сургуулийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

2.4. Уг аудитаар Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын 2022 оны Б/01 дүгээр тушаалаар тус сургуулийн Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний албаны даргад Улсын Их Хурлын 2018 оны “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 21 дүгээр тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож 5.1 сая төгрөгийн нэмэгдэл олгосон зөрчил илэрсэн тул Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер Д.Э*******, “Х******* аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г******* нараас дээрх зөрчлийн 4,910,510.63 /дөрвөн сая есөн зуун арван мянга таван зуун арван төгрөг 63 мөнгө/ төгрөгийг Үндэсний аудитын газрын Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 100900000601 тоот дансанд төвлөрүүлж, актын биелэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулсан тухай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166/А0150053 СНАГ-2023/21/НА-СТА-ТӨА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг гаргасан байна.

2.5. Хариуцагчаас маргаан бүхий актыг анх гаргахдаа ...зэргийн нэмэгдэлд 5,095,762.00 төгрөг олгосон, тогтоох хэсэгтээ албан шаардлага өгсөн гэж дурдсан байх боловч Үндэсний аудитын газраас ...төлбөрийн актуудын зарим бичвэр болон тооцоолол алдаатай байгааг залруулан дахин үйлдэж хүргүүлсэн тухай буюу нэхэмжлэгчийн маргаж байгаа зөрчлийн дүнг 185.2 мянган төгрөгөөр илүү тооцоолсныг залруулсан тухай дурдсан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/1020 дугаар албан бичгийг Монгол Улсын боловсролын их сургуулийн захиралд хаяглан хүргүүлсэн нь тогтоогджээ.

2.6. Хэрэгт авагдсан баримт болон хуулийн зохицуулалтуудаас үзвэл уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.4-т заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж дүгнэх боломжгүй байна.

2.7. Тодруулбал, Монгол Улсын боловсролын их сургууль нь төрийн өмчийн хуулийн этгээд бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг хэлнэ гэж заасан ба төрийн аудитын байгууллага нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасны дагуу шалгагдагч этгээдийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлд болон нийцэлд аудит хийх эрхтэй бөгөөд маргаан бүхий актад шалгагдагч этгээд болох Монгол Улсын боловсролын их сургууль түүний эрх бүхий албан тушаалтан болох сургуулийн захирал, ерөнхий нягтлан бодогчид төлбөрийг төсөвт төвлөрүүлэхийг хариуцуулахаар заасан, Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н*******, аудитын менежер Д.Э*******, “Х******* аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г******* нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс үзвэл захиргааны актыг гүйцэтгэх этгээд, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэхээргүй байна.

2.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Тухайлбал: Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж захиргааны акт хуульд үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн тохиолдол хамаарах бөгөөд тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх тухайн албан тушаалтанд олгогдоогүй байхыг хамааруулан ойлгохоор байна.

2.9. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Үндэсний Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 166/А0150053 СНАГ-2023/21/НА-СТА-ТӨА дугаартай акт нь хуульд нийцсэн ба маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ                   

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ                   

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН