Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2579

 

МАГАДЛАЛ

 

2017.12.20                                                     Дугаар 2579                                Улаанбаатар х

 

 

 

 

 

 

оЭ.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.М ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “Ч Х Б ” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Ч Х Б ” ХХК-тай 2009 оноос эхлэн “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, тус банкны “Эрсдэлийн удирдлагын хэлтэс”-ийн ажилтнаас эхлэн “Эрсдэлийн удирдлагын хэлтэс”-ийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Тус банкинд ажиллаж байх хугацаандаа өөрийн хүч хөдөлмөр, мэдлэг боловсролыг бүрэн дайчилж, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн. Миний бие өөрийн боловсрол, мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2015-2016 онд Люксембургийн Их Сургуульд Банк санхүүгийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалахаар явах болсон тул 2015 оны 09 дүгээр сарын 10-нд “Ч Х Б ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын №91 тоот “Захиргааны чөлөө, тэтгэмж олгох тухай” тушаал гарч, надад нийт 18 сарын хугацааны чөлөө олгосон. Ийнхүү Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн шинжлэх ухааны магистрийн зэргийг амжилттай хамгаалж буцаж ирсэн бөгөөд улмаар захиргааны чөлөө дуусахаас өмнө “Ч Х Б ” ХХК-ийн Үйл ажиллагааны газарт “Өргөдөл” гаргаж, өмнөх ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргасан. Гэтэл “Ч Х Б ”     ХХК-ийн зүгээс хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд улмаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №135 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, намайг ажил олгогчийн зөвшөөрөлгүй өөр байгууллагад байнгын ажлын байранд ажиллан, ашиг сонирхлыг нь төлөөлж хөдөлмөрийн гэрээгээр хулээсэн үүргээ ноцтой зөрчиж байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсугэй" гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халсан байна. “Ч Х Б ” ХХК-тай байгуулсан Сургалтын гэрээнд “ажилтныг сургуулиа төгсөөд ирэхэд нь банк ажлын байраар хангах” гэж заасны дагуу тус байгууллага нь намайг ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй хирнээ хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Э.М  нь тус банкинд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр банкны зардлаар Люксембургийн вант улсад банк санхүүгийн шинжлэх ухааны магистрт суралцах хүсэлт гарган гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 91 тоот тушаалаар 2015-2016 оны хичээлийн жил эхлэх өдрөөс эхлэн 18 сарын чөлөө болон 10 000 ам.доллар, сургууль төгсөж ирээд 5 жил тогтвортой ажиллах талаар шийдвэрлүүлсэн байдаг. Улмаар тушаалаар олгосон чөлөөний хугацаа дуусаагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг гаргасан бөгөөд Ч Х Б наас тухайн хүсэлтийг шийдвэрлэх явцад Хөдөлмөрийн тухай хууль болон Ч Х Б тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Сургалтын гэрээний заалтуудаа тус тус зөрчин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Капитрон банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон талаар мэдээлэл Капитрон банкны цахим хаягт байршсан байдаг. Уг асуудлыг тодруулах, шийдвэрлэх зорилгоор Ч Х Б ны зүгээс Э.М тай уулзалт зохион байгуулсан боловч үнэн, бодит мэдээлэл өгөхөөс зайлсхийж ямар нэгэн албан тушаалд ажиллаж байгаа зүйлгүй төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээтэйгээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Монголын банкны холбооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/05 тоот тушаалаар Капитрон банкийг төлөөлж холбогдох хороонд гишүүнээр ажиллаж байгаа нь батлагдсан тул гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.8-т тухайлан заасан “Өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлсөн;” гэх ноцтой зөрчилд тооцох заалтыг баримтлан ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан Сургалтын гэрээнүүдийн дагуу Ч Х Б наас олгосон сургалтын зардлуудыг буцаан төлүүлэхээр харъяалах шүүхэд нэхэмжлэл гарган холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Нэхэмжлэлд Сургалтын гэрээний 3-т “...сургалтын хүрээнд олгогдсон үнэмлэх, гэрчилгээ түүнтэй адилтгах бусад тодорхойлох баримтыг Банкны хүний нөөцийн албанд ирүүлж, сургалтыг баталгаажуулна” гэж заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох сургалтанд амжилттай төгссөн гэх боловч ямар нэгэн сургалттай холбоотой төгссөн тухай баримт бичгийг Ч Х Б инд хүргүүлээгүй байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Э.М д ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан өдөр нь хүлээлгэн өгөх гэтэл хуульд заасан зохицуулалтад үл хүндэтгэлтэй хандан хүрэлцэн ирээгүй тул Ч Х Б ны ажилтан Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газарт очин тушаалыг гардуулж гарын үсгээр баталгаажуулсан болно. Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.М ын “Ч Х Б ” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтыг огт тайлбарлахгүйгээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болсон. Учир нь, өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолыг төлөөлөх гэдэг нь ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллагад байнгын ажлын байранд нэгэн зэрэг ажиллах утгыг агуулахгүй юм. Харин тухайн байгууллагад ажиллаж байхдаа өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолыг өөрийн ажиллаж буй байгууллагын эсрэг төлөөлж, хохирол учруулахьгг ойлгох нь илүү нийцнэ. Энэ нь Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар зүйлийн 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал"-н зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4-т "Энэ зүйлд заасан "Ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино" гэж заасантай ч нийцэж байгаа болно. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг тодорхойлсон зохицуулалтаар ажилтны хуульд заасан эрхийг хязгаарлах, улмаар түүнийг нь хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд хамруулах нь хууль бус юм. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх, албан тушаалд ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно" гэж заасан. Хавтаст хэргийн 66 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэгч Э.М ын "Ч Х Б " ХХК-ны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын ажил үүргийн тодорхойлолт болон “Хөдөлмөрийн гэрээ”-ны 2 дугаар зүйлийн 2.3-т заагдсанаар бол Э.М  нь "Эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш" учир хуульд зааснаар хэд хэдэн ажил олгогчид зэрэг ажиллах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны уг үйлдлийг нь хөдөлмөрийн "гэрээнд заасан ноцтой зөрчилд хамруулж буй нь ойлгомжгүй болсон.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчил гаргаснаас хойши зургаан сар, ирүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан. Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч "Ч Х Б " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрахын "Нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай" албан тоотын "Монголын Банкны Холбооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/05 тоот тушаалаар Капитрон банкийг төлөөлж хороонд гишүүнээр ажиллаж байгаа нь батлагдсан" гэх хэсэг, Монголын Банкны Холбооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/05 тоот "Аж Ахуйн нэгж байгууллагын өрийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хороог байгуулах ажлын хэсэг байгуулах тухай" албан бичиг, хавтаст хэргийн 109 дүгээр хуудаст авагдсан Монголын Банкны Холбооны албан бичиг зэргээр "Ч Х Б " ХХК нь нэхэмжлэгч Э.М ыг Капитрон банкинд ажиллаж байгаа тухай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр илрүүлсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар бол Э.М ыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ч өмнө Капитрон банкинд ажиллаж байсныг мэдэж     байсан нь нотлогддог. Тухайлбал, уг тайлбарт "уулзалт хийх үеэр Капитрон банкинд ажиллаж байгааг мэдсэн бөгөөд үнэн бодит тайлбарыг Э.М  өгөөгүй" гэж тайлбарласан болно. Хэрэв Э.М ыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Капитрон банкинд ажиллаж байгааг мэдсэн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу дараа сарын буюу 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө сахилгын шийтгэл ногдуулах журамтай. Энэ асуудлаар Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар зүйлийн 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал"-н зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.3-т "...тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан. Хэрэв нэхэмжлэгч Э.М  нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үнэхээр үзвэл түүнд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөөгүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Хариуцагч "Ч Х Б " ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Э.М ын хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд Э.М ын чөлөөний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусгавар болсон хэдий ч хариуцагч "Ч Х Б " ХХК-ийн зүгээс Э.М ыг Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-т "эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн шаардлагаар болон захиргааны чөлөөтэй байгаа" гэж заасан. Гэтэл хариуцагч "Ч Х Б " ХХК-ийн зүгээс хэвээр хадгалагдах албан тушаалд нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эгүүлэн томилоогүй атлаа захиргааны чөлөөний хугацаа дууссанаас хойш бүтэн 2 сарын дараагаар "Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан" үндэслэлээр ажлаас халсан асуудалд шүүхийн зүгээс огт тайлбар өгөөгүй нь хэргийг нэг бүрчлэн судалж, шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, "Ч Х Б " ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын     09-ний өдрийн 135 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар "Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал"-ийн албан тушаалаас Э.М ыг чөлөөлсөн байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар уг албан тушаал нь Э.М ыг чөлөөлөхөөс өмнө байхгүй болсон бөгөөд Эрсдэлийн удирдлагын газар гэх бүтэцтэй болсон, уг газрын захирлын орон тоо дээр н.Энх-Амгалан гэх этгээд ажиллаж байгаа, харин Зээлийн бодлогын бүтцийн захирлын орон тоо дээр Э.М  байгаа гэсэн атлаа "Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал"-н албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлүй болсон бөгөөд хадгалах ёстой албан тушаалыг хадгалаагүй хууль бус үйлдлээ цайруулах зорилгоор нэхэмжлэгчийг гэрээ болон хууль зөрчсөн мэтээр харагдуулж байгааг шүүхийн зүгээс огт анхаараагүй нь шийдвэр хууль ёснй бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй болохыг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

              Нэхэмжлэгч Э.М  хариуцагч “Ч Х Б ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

              Нэхэмжлэгч Э.М ыг Ч Х Б ны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 135 тоот тушаалаар ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллагад байнгын ажлын байранд ажиллан, ашиг сонирхлыг нь төлөөлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

                                                                                                                             /хх-79 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага 135 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.М ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч Э.М  нь 2017 оны 02 дугаар сараас эхлэн Капитрон банкны Эрсдлийн удирдлагын газрын захирлаар, Капитрон банкийг төлөөлөн “Монголын банкны холбоо” ТББ-ын Аж ахуйн нэгж байгууллагын өрийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсныг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Капитрон банкны Эрсдлийн удирдлагын газрын захирлаар, Капитрон банкыг төлөөлөн “Монголын банкны холбоо” ТББ-ын Аж ахуйн нэгж байгууллагын өрийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсныг ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллагад байнгын ажлын байранд ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан бөгөөд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцсон ба 10.5.8-д өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба ажилтан Э.М ын гаргасан зөрчил үүнд хамаарчээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Э.Мөнжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд ажилтан ноцтой зөрчил гаргаагүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              М.НАРАНЦЭЦЭГ