Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/463

 

 

 

 

 

  2022         05          03                                     2022/ШЦТ/463

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Д.Даваадорж,

хохирогч Т.Ш-,

шүгдэгч Б.Э-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000545 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... шуурхай албаны ахлах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Э- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гадна иргэн Т.Ш-ийн түүнд хандаж “тооцооны мөнгийг эхнэрээс маань авлаа” гэж хэлсэн зүйлээс болж маргалдаж, түүний хөмсөг буюу нүд орчимд нь мөргөж, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: ... Би Шинэцэрэгтэй дарга цэрэг гэхээс илүү ах дүүгийн харилцаатай байсан. Би хохирогчийг мөргөж биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Мөн уучлалт гуйж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ш- мэдүүлэхдээ: ... Тухайн үед байгууллагын ажилтныг ажлаас үдэж өгөхөөр нэг газар орж суусан. Тэгээд 1 шил архи авахаар нь хувааж төлье гэж хэлсэн. Надад тооцооны мөнгө байсан. Тооцоогоо Б.Э- аваад надад үзүүлээгүй. Эхнэр над руу залгаж байхад Б.Э- харсан бөгөөд миний утсыг зөвшөөрөлгүй авч эхнэрийн дугаарыг харж өөрийн утсаар мессеж бичиж ярьсан байхаар нь би тоогоогүй. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод эхнэр рүүгээ олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Би Б.Э-аас “ Эхнэрээс мөнгө авсан юм уу” гэхэд “Ав гээ биз дээ” гээд агсарч маргаан эхэлсэн. Намайг шатаар гарч явахад араас татах шиг болохоор нь эргээд хартал мөргөсөн. Б.Э-ыг эхнэртэй ярихыг зөвшөөрөөгүй учир үүнийг шалгуулах хүсэлттэй байна. Би ажилгүй байх хугацааанд даатгалаас 55 хувиар тооцож олговор олгосон учир ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах хүсэлттэй байна. Мөн сорви арилгах эмчилгээний зардлыг нээлттэй нэхэмжлэх эрхийг үлдээж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ш-ийн мэдүүлэг / хх 31 /, гэрч Г.Г-ын мэдүүлэг / хх 13-14 /, гэрч Н.Э-ын мэдүүлэг / хх 15 /, гэрч Э.А-ын мэдүүлэг / хх 33 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3856 дугаартай дүгнэлт / хх 7-8 /, яллагдагч Б.Э-ын мэдүүлэг / хх 40 /, хохирлын баримтууд / хх 44 /, “Арвижих эстимейт” ХХК-ний дүгнэлт / хх 48 /, хохирол төлсөн баримт / хх 52 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 19 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 71 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хх 22-23 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 25 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гадна хохирогч Т.Ш- түүнд хандаж “тооцооны мөнгийг эхнэрээс маань авлаа” гэснээс болж маргалдан түүний хөмсөг буюу нүд орчимд нь мөргөж, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

Хохирогч Т.Ш-ийн / хх 31 / “...Бид нарыг сууж байхад төлбөр тооцооны асуудал яригдсан. Тэгсэн Б.Э- миний утсыг зөвшөөрөлгүй авч эхнэрийн дугаарыг харсан. Дараа нь Б.Э- өөрийнхөө утсаар хүн рүү ярьсан. Тэгээд тооцоогоо Б.Э- авсан. Тооцоогоо Б.Э- хэнд ч харуулаагүй. Тэгээд эхнэр рүү ярьсан байж магадгүй гэж бодоод ариун цэврийн өрөө ороод эхнэр рүүгээ залгахад утсаа аваагүй. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд хүмүүс гараад явчихсан байсан. ...Б.Э-аас “Чи мөнгө авчихсан юм уу” гэж асуухад “Яасан болохгүй юу. Өөрөө ав гэж зөвшөөрсөн биз дээ” гээд уурлаад над руу ширүүн ууртай дайрсан. Тэгээд маргалдаад намайг ажил хийдэггүй гэж доромжилсон. Б.Э- над руу дайраад агсраад байхад Б.Э-ыг Ганбаяр, Эрболд хоёр зогсоосон. Би ажил руу оръё гээд шатан дээр явж байхад Б.Э- намайг татаж аваад цохих шиг болсон. Миний нүд хавдсан. Надад учирсан гэмтлийг Б.Э- учруулсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Г-ын / хх 13-14 / “...Бид нар 21 цаг өнгөрч байхад гарах болоод тооцооны мөнгөн дээр Б.Э- ах Ш хоёулаа хуваана гэснээрээ хуваая гэхэд Ш ах “Мөнгө байхгүй” гэсэн. Тэр үед Шинэцэрэг ахын эхнэр залгаад байсан ба Б.Э- ах “Танай эхнэрээс тооцоог авчих уу” гэхэд Ш ах зөвшөөрөөд Б.Э- Ш-ийн эхнэртэй нь утсаар ярьж байгаад тооцоонд 200.000 төгрөг авсан. Бид нар тооцоогоо хийгээд гарахад Ш ах авсан юмаа ууж дуусгана гээд үлдсэн. А, Б.Э-, Э, Г бид нар ажлын үүдэнд буюу ...ын гадна зогсож байхад араас Ш ах ирсэн. Тэр үед Б.Э- ахын утас руу нь Ш-ийн эхнэр залгаад Ш ахтай ярьсан. Б.Э- “Би танай эхнэрэээс 200.000 төгрөг авчихсан шүү” гэхэд Ш ах “Чи яагаад эхнэрээс авч байгаа юм бэ. Би чамд өгөх байсан юм” гээд маргалдсан. Тэгээд Ш ах орилж чарлаад хүрч ирээд намайг цохиод, цагдаа аавтай хүн хэргээс мултардаг гээ биз дээ гэх зэргээр үг хэлээр өдөөд байсан. Б.Э- ч мөн уурлаад Ш ахтай маргалдсан. Б.Э- уурлаад үсчээд дайраад байхаар нь би Б.Э-ыг хориод хэсэг тэвэрсэн. ...Цүнхээ авчихаад гарч ирэхэд Б.Э-, Э хоёр явчихсан байсан бөгөөд А, Ш ах хоёр байсан ба Ш ахын зүүн дээд хөмсөг сэтэрчихсэн цус гоожиж байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Н.Э-ын / хх 15 / “...Б.Э- утсаа Ш даргад өгөөд “ Танай эхнэр чинь яръя” гэсэн чинь хэрүүл маргаан болж эхэлсэн. Ш дарга “Би чамд мөнгийг чинь өгөх байсан юм. Чи арчаагүй шүү дээ” гээд маргалдсан. Ш дарга “Чиний цагдаа аавтай байх хамаагүй” гээд, Б.Э- болохоор “Даргын найз байх чинь хамаагүй шүү” гэж байсан. Ганбаяр Б.Э-ыг дагуулаад барилгын хойшоо гарсан. Буцаж гарч ирээд дахиад маргаан болсон. Ш дарга ажил руу орох гээд явсан. Би Б.Э-ыг  барьчихсан байсан. ...Б.Э-ыг салгаад Ш даргыг харахад зүүн хөмсөгнөөс  нь цус гоожиж байсан. Тухайн үед Б.Э-, Ш хоёр хоорондоо зууралдаад Ш даргыг гэмтэхэд өөр хүн хажууд нь байгаагүй” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Э.А-ын / хх 33 / “...Тооцооны асуудал болоод Б.Э- нь Шинэцэрэгээс “Чи яах юм бэ” гэж асуухад Ш надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Б.Э- түүнд хандаж “Та эхнэрээсээ мөнгө авах юм уу” гэхэд тэрээр “Чи тэгвэл манай эхнэр рүү өөрөө яриад ав” гэж хэлсэн. Тэгээд бид нар 500 гаруй мянган төгрөг төлөөд гарсан. Бид нарыг гараад явахад Ш араас ирсэн бөгөөд Б.Э-тай маргалдаж эхэлсэн. Улмаар маргааныг салгаад хоёр тийш нь болгоод эргээд ирэхэд Ш-ийн хөмсөгнөөс цус гарсан зогсож байсан”гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3856 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Ш-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 7-8 /

 

Яллагдагч Б.Э-ын / хх 40 / “...Э бид хоёр зогсож байгаад ямар дахиад уулзахгүй нүүр байгаа биш гээд би Ш дээр очиход Ш над руу үг хэлэх шиг болохоор нь би Ш шатны дээр нь гараад “ Чи яах гээд байгаа юм бэ” гээд толгойгоогоо Ш-гийн толгойд тулах гэтэл орон зайн баримжаа алдаад Ш-гийн хөмсөг хэсэгт нь мөргөсөн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1.163.195 төгрөг төлсөн, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, Б.Э- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хохирогч Т.Ш- нь эмчилгээний зардалд баримтаар 168.700 төгрөг, нүдний шилний хохиролд 130.000 төгрөг, нийт 298.700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Э- нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Э- нь төлөх төлбөргүй байна.

Хохирогч Т.Ш- нь 13 хоног акттай байсан гэх боловч 12 хоногийн цалинг байгууллагаас авсан болох нь цалингийн хүснэгтээр нотлогдсон. Иймд 10 хоногийн цалингийн зөрүү 864.495 төгрөгийг шүүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсний дагуу шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогч Т.Ш-т төлж барагдуулсан болохыг дурдав.

Харин хохирогч Т.Ш- нь дээрх гэмтлийн улмаас учирсан сорви арилгах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ... овогт Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ш- нь сорви арилгахтай холбоотой хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ