Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

   2022        05         03                                     2022/ШЦТ/465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Шагдар,

шүүгдэгч М.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000650211 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / М.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот гэртээ С.Д-тэй хамт архи ууж согтсон үедээ түүний зүй бус үг ярианд дургүйцэн маргалдаж, улмаар барьж байсан заазуураа шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 12-16 /, хохирогч С.Д-гийн мэдүүлэг / хх 22 /, гэрч А.А-ийн мэдүүлэг / хх 35 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт / хх 46-47 /, хохирогч С.Д- 400.000 төгрөг хүлээн авсан. гомдол саналгүй гэх хүсэлт / хх 68 /, яллагдагч М.Б-ын мэдүүлэг / хх 7-8 /, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар / хх 66 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 52 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо ... тоот гэртээ С.Д-тэй хамт архи ууж согтуурсон үедээ маргалдаж, улмаар заазуураа шидэж, түүний хамрын нуруунд, ноцолдох явцдаа хөлийн зүүн шилбэнд тус тус зүсэж, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 12-16 /

 

Хохирогч С.Д-гийн / хх 22 / “...Би М.Б-ынд шараа тайлах гээд очиход М.Б- дэлгүүрээс архи аваад ир гээд надад 20.000 төгрөг өгөөд явуулсан. Би Хараа нэртэй 0.5 л архи аваад буцаж М.Б-ынд ирж бид хоёр хувааж уусан. Гэтэл архи ууж байгаад гэнэт намайг эхнэртэйгээ хардаж, зодохоор нь би цонхоор гарч зугтахад М.Б- араас ирээд хөл үү хутгалсан. Жижигхэн улаан иштэй хутгаар миний зүүн хөлөнд хоёр удаа хутгалаад, хамарт нэг удаа зүссэн” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.А-ийн / хх 35 / “..М.Б-, С.Д- нар маргалдаад М.Б- заазуур аваад шидэхэд С.Д-гийн хамар дээр оносон. Намайг нойл ороод буцаад орж ирэхэд С.Д- газар хэвтсэн байсан. Тэр үед л шилбэ нь гэмтсэн байх” гэх мэдүүлгээр, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэд:

1. С.Д-гийн биед хамрын нуруу, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 46-47 /

Хохирогч С.Д- 400.000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй гэх хүсэлт / хх 68 /

 

Яллагдагч М.Б-ын / хх 7-8 / “...Гэртээ унтаж байхад манай найз С.Д- орж ирээд шартаж үхлээ гээд манай эхнэрэээс мөнгө зээлээд гараад явсан. Удалгүй архи, ундаа, тамхи авч орж ирсэн. Тэр архийг уугаад бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэрийн хоол хийж байсан заазуурыг аваад шидсэн чинь хамар дээр нь оносон. С.Д- над руу дайрахаар нь бид хоёр ноцолдож байгаад хөлийг нь бас зүссэн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч М.Б-д ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, “Тэрхийн эх” ХХК-ний тодорхойлолтоос өөр баримтгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 

 

Шүүгдэгч М.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Хохирогч С.Д- нь хохиролд 400.000 төгрөг авсан бөгөөд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул М.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь М.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ