| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0333/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/468 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/468
2022 05 04 2022/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Н.Б-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000311 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Н.Б- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... зочид буудлын нэг давхарт хохирогч Т.С-ийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь баруун доод 1,2-р шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр их хэмжээний согтолттой байсан учир ямар асуудлаас болж маргалдснаа санахгүй байна. Цагдаагийн машинд явж байгаад ухаан орсон. Гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг / хх 8 /, хохирогч Т.С-ийн мэдүүлэг / хх 23 /, гэрч С.Г-ын мэдүүлэг / хх 56 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1777 дугаартай дүгнэлт / хх 26-27 /, яллагдагч Н.Б-ын мэдүүлэг / хх 33 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 36 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 44 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... зочид буудлын нэг давхарт иргэн Т.С-ийг шалтгаангүйгээр нүүрэнд нь цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун доод 1,2-р шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Т.С-ийн гэрчээр өгсөн / хх 8 / “...Тухайн өдөр ... зочид буудлын ресторанд орж найзуудын хамт үйлчлүүлсэн. Тэндээс харих гээд 22 цагийн орчим гартал 1 давхарт нь үл таних хүнд зодуулсан. Миний зүүн хацар болон амнаас цус гарсан” гэх мэдүүлгээр,
Хохирогч Т.С-ийн / хх 23 / “... зочид буудлын нэг давхарт буухад үл таних залуу намайг цохих үед би сэргэлт авч юу болоод байгаагаа мэдсэн. Тэгэхэд дахиад миний уруул руу цохьсон. Энэ үед миний амнаас цус гарсан. Ноцолдож байхдаа би тэр залуугийн куртикнээс татахдаа урсан байх гэж бодож байна. Цагдаа ирэх үед тэр залуу куртик урчихлаа гээд байсан” гэх мэдүүлгээр,
Гэрч С.Г-ын / хх 56 / “...Дуудлагын дагуу очиж шалгахад ... зочид буудлын нэг давхарт 2 эрэгтэй хүн зодоон хийсэн байдалтай байсан. Зодсон гэх эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Зодуулсан гэх эрэгтэйн хамарнаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1777 дугаартай дүгнэлтэд
1. Т.С-ийн биед баруун доод 1,2-р шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 26-27 /
Яллагдагч Н.Б-ын / хх 33 / “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-од холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Б-од ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаягтай тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Шүүгдэгч Н.Б- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
Бусад асуудлаар:
Хохирогч Т.С-ээс хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс түүнд хурлын тов мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй гэсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч Т.С- нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Т.С- нь энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
5. Н.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ