| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0434/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/469 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/469
2022 05 04 2022/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч А.Б-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000591 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / А.Б- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... 21 давхарт үйл ажиллагаа явуулах ... нэртэй стриптиз бааранд үл ойлголцлын улмаас Э.Х-г зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн хугарал, мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Х-гийн мэдүүлэг / хх 10-11, 36 /, гэрч Т.Д-ын мэдүүлэг / хх 16-17 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3654 дугаартай дүгнэлт, / хх 20-21 /, яллагдагч А.Б-ийн мэдүүлэг / хх 5 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 24 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 47 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... 21 давхарт үйл ажиллагаа явуулах ... нэртэй стриптиз бааранд үл ойлголцлын улмаас Э.Х-г зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, баруун тохойнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Х-гийн / хх 10-11, 36 / “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт найзуудтайгаа заал авч тоглоод 16 цагт дуусаад ... гэх нэртэй газар найзуудын хамт пиво ууж юм ярьж суусан. 22 цаг гээд Хүүхдийн 100 Сөүл плазагийн 8 давхарт вино лоунжид найз Б-тай байсан. 00 цагаас хаана гэхээр нь ... 21 давхарт байх нэрийг нь мэдэхгүй газар руу 01 цагийн орчим орсон. Тэгээд үйлчлүүлж байгаад 04 цагийн орчим намайг зодсон гэх залуутай таарсан. Нойлд урт үстэй залуутай юм ярьсан. Тэгээд ширээн дээрээ сууж байгаад нойл орох гэж байхад нэг залуу нь хамт явж байсан ахимаг насны эмэгтэйтэй намайг хардаад, тэр эмэгтэйг бүжиглэ гэж хэлсэн гээд намайг зодсон. Би тэгж хэлээгүй. ...Намайг нийт 3 удаа цохьсон. Яг хаана яаж цохьсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр,
Гэрч Т.Д-ын / хх 16-17 / “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө найз А.Б-, Д нарын хамт ... нэртэй стриптиз бааранд орсон. Би хоёр найзын хамт бааранд орохоос өмнө хүний 3 ширхэг пиво уугаад тэр бааранд орж 1 литрийн Текьюла авч уусан. Ингээд би Д-ийн хамт өөр тасалгаанд байсан бөгөөд А.Б- биднээс зайтай байсан. Мөн тухайн үед настай эмэгтэй хүнтэй хамт байсан бөгөөд найз нь юм шиг байна лээ. Шөнийн 01 цагийн үед би Д-той төлбөр тооцоо төлөх гээд явж байгаад А.Б- дээр ирэхэд байхгүй байсан бөгөөд ойр хавьд байсан хүмүүс нь надад “Танай найз сая хүн зодсон” гэж хэлсэн. Ингээд би Д-той хамт тэндээс гараад маргааш нь А.Б-ээс асуухад “Би хүн зодчихсон юм аа” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3654 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Х-гийн биед хамрын таславчийн хугарал, муруйлт, баруун хөмсөг, зүүн шанаа, эрүү, баруун тохойнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.
4. Хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. / хх 20-21 /
Яллагдагч А.Б-ийн / хх 5 / “...Бааранд байсан үл таних эрэгтэй Б-ыг хэл амаар доромжлохоор нь би тэр залуутай муудалцаад биед нь халдсан. Хамгаалагчид нь ирж салгасан. Би эхэлж маргалдаад нэг удаа цохьсон бөгөөд тэр газар шууд унахдаа гэмтсэн байх. Тэгээд дахиад босоод ирэхээр нь муудалцаад дахиад хэд хэдэн удаа цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч А.Б-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардал нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, хохирогч Э.Х- нь өөрт учирсан хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэлтэй холбоотой хагалгааны зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Э.Х- нь өөрт учирсан хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэлтэй холбоотой хагалгааны зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ