Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/474

 

 

 

 

 

 

 

   2022        05          06                                   2022/ШЦТ/474

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч Х.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000643 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Х.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн орчим найз охиныг үнссэн хэмээн хардалтын улмаас хохирогч Г.Б-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанаа, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б-ий мэдүүлэг / хх 9, 17 /, гэрч Д.Т-нийн мэдүүлэг / хх 13 /, гэрч Г.Э-гийн мэдүүлэг / хх 15 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4582 дугаартай дүгнэлт / хх 20-21 /, яллагдагч Х.Б-ы / хх 31 /, хохирогч Г.Б-ий гомдол саналгүй гэх хүсэлт / хх 35 /, ... ХХК-ний тодорхойлолт / хх 40 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 25 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 26 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 24 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн орчим өөрийн найз охиныг үнслээ гэсэн шалтгаанаар хохирогч Г.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зүүн хацар шанаа, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Г.Б-ий / хх 9, 17 / “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шөнө Фрэйндэс нэртэй лоунжид хүмүүсийн хамт орж суусан. 05 цагийн үед гараад ... төвийн урд байрлах ТҮЦ-ээс тамхи авсан чинь ... улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинтай 3 хүн ирсэн. Тэгээд ... гэдэг нэртэй залуу машинаасаа буугаад шууд найз охиноо хардсан шалтгаанаар миний, нүүрний зүүн хэсэгрүү 4-6 удаа цохьсон. Үүнээс болж нүүр хавдаж, нүд хөхөрсөн. Дараа нь тэр охин дээр нь очиж асуудлын талаар лавлахад намайг үнссэн гэж найзууддаа худлаа хэлсэн байсан. Хохиролд 500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.Т-ийн / хх 13 / “...Пабаас гараад Х.Б-ы машинаар -лыг хүргэж өгөхөөр 16 дугаар хороолол руу явсан. Энэ үед А нь намайг пабны залуугийн найз үнссэн гэж хэлсэн. Ингээд Э, Х.Б- бид гурав үнссэн гэх залуутай уулзахаар очтол нөгөө А-ыг үнссэн гэх залуу Х.Б-ыг үгээр идэж тэр хоёр барьцалдаж авахад Х.Б- тухайн залуугийн нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Э бид хоёр очиж салгасан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Э-гийн / хх 15 / “...А-ыг үнссэн гэх залуу Х.Б-ыг үгээр идэж, битгий өдөөд байгаарай ахын дүү гэж хэлсэн бөгөөд тэр хоёр барьцалдаж авах үед Х.Б- тухайн залуугийн нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4582 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Б-ий биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зүүн хацар шанаа, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 20-21 /

 

Яллагдагч Х.Б-ы / хх 31 / “...Би машинаас бууж тухайн залуу дээр очтол үгийн зөрүүгүй надтай зууралдсан ба би тухайн залуугийн зүүн шанаа хэсэг рүү нь 3 удаа цохьсон. Намайг цохьсны дараа Э, Т хоёр салгасан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б-ы үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Б-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн,хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ