Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/482

 

 

 

 

 

   2022        05         09                                      2022/ШЦТ/482

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,    

улсын яллагч Н.Булганчимэг,

иргэний төлөөлөгч Н.Тунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

шүүгдэгч И.Н-, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109000001432 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / И.Н- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод 2021 оны 10 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “намайг зодлоо” гэх шалтгаанаар Б.М-ийг зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Н- мэдүүлэхдээ:  ... Талийгаач намайг архи уугаад согтоод унасан байхад нэг мэдэхэд миний баруун нүд рүү цохьсон. Тэгээд түлхээд гараад явсан. Эргээд ороход намайг цохьсон чулуу гэрийн үүдэнд байсан. Талийгаач пийшингийн хажууд сууж байхаар нь нөгөө чулуугаар цохьсон. Тэгээд тэр шөнөдөө талийгаач Г-ын гэрт архи уугаад хоносон. Маргааш нь ороход талийгаачид А архи хийж өгсөн. Дахиад хийж өгөхөд талийгаач уухгүй гээд унтсан. А миний утсыг гаргаж өгсөн. Тэгээд гараад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: ... Б.М- нь миний төрсөн дүү юм. Хүнд их тусархуу, даруу зантай. Дүү маань эхнэрээсээ салснаас хойш архи уудаг болсон. Оршуулгын зардалд 5.822.569 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 16-30/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн мэдүүлэг / 1хх 44-46 /, гэрч Ц.Н-ын мэдүүлэг / 1хх 135-137 /, гэрч О.Х-ийн мэдүүлэг / 1хх 148-152 /, гэрч Б.Т-ын мэдүүлэг / 1хх 161-164 /, гэрч У.А-гийн мэдүүлэг / 1хх 167-168 /, гэрч Л.О-ны мэдүүлэг / 1хх 170-172 /, гэрч А.А-ын мэдүүлэг / 1хх 175-178 /, гэрч Д.Б-ийн мэдүүлэг / 1хх 186-188 /, гэрч А.Г-ын мэдүүлэг / 1хх 194-198 /, шинжээч эмч М.Э-ын мэдүүлэг / 2хх 11-12 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2372 дугаартай дүгнэлт / 2хх 1-6 /, яллагдагч И.Н-ын мэдүүлэг / 2хх 80-81 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч И.Н-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож, мэдсээр байж алсныг ойлгохоор хуульчилжээ. Мөн биеэ хамгаалж чадахгүй хүнд өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжлөөр илтэд сул дорой, хүчтэй мансуурсан, согтуурсан бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаардаг байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хэрэг болох үед амь хохирогч болон шүүгдэгч нар хэн аль нь согтууруулах ундааг хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэсэн байсан, И.Н- нь хохирогчийг бие хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгох чадвартай байсан нь эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул шүүгдэгч И.Н-ыг хүнийг  алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч И.Н- нь 2021 оны 10 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод “намайг зодлоо“ гэх шалтгаанаар Б.М-ийг зодож алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 16-30/,

 

Гэрч Ц.Н-ын / 1хх 135-137 / “...Би анх талийгаачтай 2018 онд Дамбадаржаад танилцаж, 2019 онд охиноо төрүүлээд буйраа сэлгэе гээд тоосгоны үйлдвэрт айлын хашаанд гэрээ бариад амьдарсан. Гэтэл талийгаач архи уугаад байхаар нь хашраая гэж бодоод би охиноо аваад тусдаа амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш талийгаач баяр ёслолын үеэр охинтойгоо ирж уулзчихаад явдаг байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Х-ийн / 1хх 148-152 / “...Ингээд харуй бүрий болж байх үед 18 цагийн орчимд болов уу Б, Д, А бид дөрөв Г-ын гэрт очсон. Тэнд Г, Б.М-, Т, И.Н- дөрөв байсан. Хамгийн түрүүнд би яваад орсон. Тэгэхэд байшинд хойд талын орон дээрээ Г сууж байсан. Т Г-ын өөдөөс хараад ширээний эсрэг талд сандал дээр сууж байсан. Б.М- ханан пийшингийн зүүн талд толгойгоо хойшоо хана руу чиглүүлсэн байдалтай толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. И.Н- орны баруун булан дээр яг Б.М-ийн хажууд тулчихсан сууж байсан. Түүний зүүн хөмсөг нь сэт цохиулчихсан цус гарсан байдалтай байсан. Өмсөж байсан цагаан фудволк гээд хувцас нь тэр чигээрээ цус болчихсон байсан бөгөөд хэвтэж байгаа Б.М-ийг хуруугаараа заагаад “Энэ муу банди намайг үүгээр цохьдог байна шүү дээ” гээд шалан дээр байсан дөрвөлжиндүү хэлбэртэй хальт харвал тоосго ч юм уу гэмээр том саарал чулууг заасан. Б.М-ийг зодоод нам хэвтүүлчихсэн байдалтай, И.Н- өөрөө ялж дийлсэн байдалтай байсан. Тэгтэл хэвтэж байсан Б.М- өндийгөөд босоод ирсэн. Түүний толгойн баруун тал духны хэсэг нь тэр чигээрээ аймаар хавдсан. Дух нь зулгарсан байдалтай байсан. Тэгээд Б.М- “би таныг цохиогүй шүү дээ” гэж байсан. Харин би Т-аас “Юу болсон юм бэ” гэж асуухад тэр “Наад Мөнгөө чинь И.Н-ыг эхлээд цохьсон. Өөрөөсөө болсон тэгээд И.Н-аар цохиулсан” гэж байсан. Тэгтэл И.Н- шалан дээр байсан нөгөө том чулуугаа баруун гараараа аваад Б.М-ийн толгой pyy зүүн чамархай хэсэгт маш хүчтэй 1 удаа, зүүн мөрөн дээр нь 2 удаа бас их хүчтэй цохьсон. Б.М- ч зүүн тал руугаа унаад өгсөн. Ухаан алдах шиг болсон. Тэгэхэд нь би очоод И.Н-тай зууралдаж байж чулууг нь салгаж аваад үүдээр гаргаад шидсэн. Би Б-той очоод Б.М-ийг нүүрийг нойтон алчуураар арчиж, толгой дээр нь нойтон алчуураар жин тавьсан. Тэр залуу нүдээ нээж сэргэсэн боловч юу ч яриагүй. Нүүр, нүд, толгой нь битүү хавдаад аймаар болчихсон байсан. Тэгтэл И.Н- гараад нөгөө чулууг авч орж ирээд хэвтэж байгаа Б.М-ийн толгой руу шидсэн. ...Талийгаач хөдөлгөөнгүй хэвтээд байсан. И.Н- “алнаа чамайг” гэж олон дахин хэлээд дайраад Б.М-ийн толгой руу 3-4 удаа өшиглөөд үргэлжлүүлээд 7-8 удаа дэвссэн. Бямбадорж бид хоёр арай гэж салгасан.

... И.Н- толгой руу нь өшиглөж, дэвссэний дараагаар чихнээс нь цус гараад эхэлсэн. Нүд нь гөлийгөөд юу ч дуугарахгүй байсан. Гэхдээ амьсгалж байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Т-ын / 1хх 161-164 / “...Тэгээд ойролцоогоор 13 цагийн орчимд би ганцаараа үлдсэн архиа аваад ундаа авах гээд “...” дэлгүүр рүү явж байтал урдаас И.Н- ирсэн. Түүний зүүн хөмсөгний дээд тал яз цохиулаад ангайгаад цус гарчихсан, өмссөн хувцас нь нил цус болчихсон явж байсан. Түүнээс яасныг нь асуухад “Г-ын гэрт унтаж байсан чинь сахалтай бацаан архины шилээр цохьчихлоо” гэсэн. Тэгэхлээр нь би “та цагдаа дуудаач дээ” гэхэд тэр “за яах вэ, би өөрөө арга хэмжээ авна аа” гээд шороон дээр дээшээ хараад хэвтээд өгсөн. Босож явахгүй их согтуу байсан. Түүнийг орхичихоод шууд хойшоо арын гудамжинд Г-ын гэрт яваад очсон. Тэднийг ороход гэрийн эзэн Дархан хочтой Г орон дээрээ сууж байсан. Түүний орны хөлд ханан пийшингийн хажууд нэг сахалтай залуу куртик нөмрөөд унтаж байсан. Тэр залуугийн нүүр, нүд нь зөв зүгээр унтаж байсан. Би Г-аас “энэ залуу яагаад Г-ыг цохьсон юм бол, цаадах чинь нил цус болчихсон явж байна” гэж хэлсэн. “Г тодорхой юм яриагүй “И.Н- өөрөө аягүй муухай агсам юм аа” гэж хэлсэн. Би ч авч очсон тал шил архиа гаргаад аягалаад сууж байтал пир хийтэл Г-ын байшингийн хаалга нээгдээд гаднаас И.Н- саарал өнгийн том чулуу хоёр гараараа барьчихсан орж ирээд нөгөө унтаж байсан залуугийн дээр үсэрч очоод чулуугаа хоёр гараараа дээшээ далайж байгаад шууд толгой руу нь цохьсон. Нөгөө залуу бол өндийгөөч үгүй, урдаас нь ч эсэргүүцэж чадахгүй ухаан алдсан байх. Нөгөө залуугийн толгойн баруун тал дух хэсэг оройгоор хавдаад эхэлсэн. Эвэр шиг хавдсан. Духны хэсэг нь улайгаад зулгарсан шиг байсан. Би ширээн хажууд зурагтны хажууд сандал дээр сууж байсан бөгөөд “Нямаа ах. Та болилдоо. Хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн.

... Тэгтэл И.Н- гаднаас орж ирсэн Х, Б хоёрыг хараад “Энэ муу намайг зодсон” гээд газар хэвтэж байсан залууг зодоод эхэлсэн. Х, Б хоёр И.Н-ыг болиулаад салгасан. Тэгэхэд нь И.Н- урд ардуур нь орж гүйгээд нөгөө хэвтэж байгаа залуу руу юм авч шидээд, толгой руу өшиглөөд, дэвсээд зодоод “алнаа” гээд дайраад байсан. Нөгөө залууг цохьсон чулууг нь Х гадагшаа аваад шидтэл И.Н- гараад чулуугаа авч ирээд нөгөө залуу руу шидэж байсан. ...Бид нар И.Н-ыг хараад айсан. Тэгтэл нөгөө М гэх залуугийн чихнээс нь цус гараад эхэллээ, тархиндаа гэмтэл авчихлаа гээд Х, Б хоёр түргэн дуудна гэсэн. Бид бүгдээрээ тэндээс гарцгаасан. Г, М нар үлдсэн. А бас ороод ирчихсэн байсан. Тэгээд “...” дэлгүүрийн тэнд очиход цагдаа тааралдаад биднийг хөөсөн. Би Х-ийг цагдаа дуудсан юм байна гэж ойлгоод гэр рүүгээ яваад ороод унтчихсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч У.А-ийн / 1хх 167-168 / “...Б, Х хоёр орж ирээд Б нь намайг түргэн дуудаад өгөөч гэхээр нь би 103 руу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 37 дугаар гудамжинд 30 орчим насны эрэгтэй хүний чихнээс нь цус гараад байна гэж дуудлага өгсөн. Тэгээд Б, Х хоёр гараад яваад өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бол юм аваагүй байх. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи Б болон нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй хамт орж ирээд авсан. Тэр хоёрын нэг нь карт уншуулсан. Би хэнийх нь карт болон хэдэн цагт байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Л.О-ны / 1хх 170-172 / “...Би өчигдөр гэртээ байж байгаад 19 цагийн орчим байхаа Т гэх айлаас усны карт авах гэж явсан. Ингээд гараад өөрийн гудамжнаас гараад ертөнцийн зүгээр баруун эргээд явж байхад дунд зэргийн нуруутай зүүн дух хэсэг орчмоос нь цус гарчихсан эрэгтэй хүн гартаа нэг юм барьчихсан. Ална аа гээд урдаас ирж байсан бөгөөд би тухайн хүнийг хараад зогсоход “ Зүгээр зүгээр. Та яв “гээд миний хажуугаар зөрөөд явсан. Тэр залуу ямартаа ч дотуураа цагаан өнгийн цамцтай энгэр орчим нь нэлээн цус болсон харагдсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.А-ын / 1хх 175-178 / “...Нямаа ах хөмсгөө сэтэртэл цохиулсан гарч ирсэн. Би уулзаад “Та одоо яав аа” гэтэл “ Намайг унтаж байхад шилээр цохилоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Хэн таныг цохиж байгаа юм бэ” гэж асуутал “ Мэдэхгүй. Г-ийн гэрт байсан нэг сахалтай залуу намайг цохиод хаячихлаа. Архины шилээр цохьсон” гэж хэлээд баруун нүдний дээд талд сэтэрсэн байсан. Тэгэхээр нь би “Та одоо цагдаа дуудчихаач “ гэж хэлтэл “ Би цагдаа дуудахгүй. Хувийн арга хэмжээ авна” гэж хэлээд байсан. Тэгээд шар Нямаа ах гудамжиндаа хэвтээд үлдэхээр нь би шууд яваад Д Г-ийн гэрт орсон тэгтэл нэг сахалтай залуу Д Г-ийн гэрт шалан дээр нь хэвтэж байсан Ганбаа бид хоёр юм яриад сууж байтал хаалга гэнэт онгойгоод Шар Нямаа том чулуу хоёр гараараа барьж орж ирээд шууд сахалтай залууг толгой дээр нь шууд цохьсон. Тэр үед гаднаас Дархан, Г-гийн дүү орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд орж ирээд салгах гээд дийлээгүй. Шар Нямаа архины шилээр цохиод мөн дээрээс нь толгой хэсэг рүү дэвсээд байсан. Тэгээд бид нар эмнэлэг дууд гээд би гэртээ харьсан” гэх мэдүүлгээр, 

 

Гэрч Д.Б-ийн / 1хх 186-188 / “...Би тэр өдөр эхнэрийг ажилдаа явангуут нь Ганбаа ахынд орсон Азаа эгчийнхээс хоёр шил архи аваад орсон ороход тэнд  Т Н ах, М бацаан унтаж байсан. Тэгсэн Н ахын хөмсөгнөөс нь цус гарчихсан “Мөнгөөнөө бацаан намайг зодчихлоо” гэж хэлсэн. М-г харсан чинь духан дээр нь мангар том булдруу болчихсон байсан. Тэгээд хоёр дахь 0.75 гр архиа ууж байхад Н, М-г “ Энэ муу бацаан намайг ийм болгосон” гээд дэвсээд байсан чинь М-гийн чихнээс цус гараад эхэлсэн. Би Азаа эгчийн дэлгүүр рүү ороод “ Миний утас болдоггүй ээ. Азаа эгчээ утсаа өгч бай” гээд би утсаар нь дуудлага өгсөн. Тэгсэн удалгүй цагдаа ирээд хаяг асуугаад явсан. Би гэртээ харьсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Г-ын / 1хх 194-198 / “...Н-ийн толгой хагарчихсан цусаа гоожуулчихсан орон дээр сууж байсан. М хажууд нь сууж байхаар нь юу болов гэсэн чинь Н “ Энэ намайг цохьчихлоо” гэж хэлээд өөр юм ярилгүй жоохон сууж байгаад шууд манайхаас гараад яваад өгсөн. Би тэр хавиар гоожсон цусыг арчиж цэвэрлээд Мөнгөөнөө бид хоёр унтаад өгсөн. Унтаж байгаад миний нүд рүү гэнэт хүн цохихоор нь босоод ирэхэд Нямаа “Ганбаа байна шүүдээ “гэснээ газар хэвтэж байсан Мөнгөөнөө рүү дайраад дээрээс нь өшиглөөд дэвсээд цохиод байсан. Би араас нь тэврээд үүд рүү түлхсээр байгаад гэрээс гаргачихаад ороод ирсэн чинь Мөнгөөнөө босоод сандал дээр сууж байсан. Бид Мөнгөөнөө бид хоёр юм яриад сууж байтал гаднаас Тулгаа ороод ирсэн. Тэр үед 17 цаг өнгөрч байсан байх. Тулгаа орж ирэхдээ тал шил дөрвөн шилтэй архи барьчихсан орж ирсэн. Тэрийг нь бид гурав хувааж уусан. Мөнгөөнөө тэр архинаас хоёр татчихаад би унтлаа гээд хэвтээд өгсөн. Тулгаа бид архийг нь уугаад дуусчихаад сууж байтал гэнэт хаалга онгойгоод Н гаднаас гүйж орж ирээд М-гийн дээр нь очоод шууд чулуугаар толгой руу нь нэг удаа цохихоор бид хоёр салгаад сандал дээр суулгаад тайвшруулаад байж байтал гаднаас Х, Б хоёр ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд сууж байтал Н гэнэт ухас хийж босоод М-гийн толгой руу нөгөө барьж байсан чулуугаараа хоёр гурван удаа цохьсон. Тэр уед Х чулууг Н-ийн гараас нь булааж аваад гадагшаа гаргаад шидсэн. Б, Т, бид гурав салгаад ширээний нөгөө талд гаргасан. Н ширээн дээр байсан хоёр архины шилийг нь аваад шидсэн нэг нь хана оносон. Нөгөөдөх нь хаана оносныг нь хараагүй. Тэгсэн дахиад ширээн дээр байсан варены шилийг аваад Мөнгөөнөө рүү шидсэн оносон үгүйг хараагүй. Тэгээд байж байтал гаднаас Цааска Баяраа хоёр ороод ирсэн байж байтал Н нэг чөлөө гарангуут гуйж очоод М-гийн дээрээс очоод өшиглөөд цохиод байсан. Арай гэж салгахаар сууж байгаад хүмүүс анхаарал нь сулрангуут гүйж очоод дээрээс нь өшиглөөд цохиод байсан” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2372 дугаартай дүгнэлтэд:

1. Б.М-ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, суурин хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, уртавтар тархины эдийн няцралт, тархины хоёр тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн гадна болон урд гадарга, духны дэлбэн, уртавтар тархи, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, хамар ясны хугарал, дух, хамар, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хоёр чамархайн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тархины гэмтэл нь хэвтээ, босоо, суугаа ямар ч байрлалд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай суурин хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, уртавтар тархины эдийн няцралт, тархины хоёр тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн гадна болон урд гадарга, духны дэлбэн, уртавтар тархи, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байх бөгөөд Б.М- нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь тархины гэмтлийг авснаас хойш идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай.

6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

7. Б.М- нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэжээ. / 2хх 1-6 /

 

Шинжээч эмч М.Э-ын / 2хх 11-12 / “...Уртавтар тархинд эдийн няцралтай учраас амь нас аврагдах боломжгүй. Уртавтар тархинд амьдралын амин чухал эрхтнүүдийн төв байрладаг учраас амь насыг аврагдах боломжгүй. Уг гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжгүй” гэх мэдүүлгээр,

 

Яллагдагч И.Н-ын / 2хх 80-81 / “...Эхлээд намайг цохьсон. Тэгэхээр нь түлхэж унагаагаад гараад гүйснийг л санаад байна. Бусдыг нь санахгүй байна. Согтуу байсан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:  ... Шүүгдэгч И.Н- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж санаатай алсан гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч И.Н-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч И.Н-ын хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч И.Н-д ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Н- нь өөрийгөө зодлоо гэсэн шалтгаанаар хохирогчийн толгойд чулуугаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, хохирогч нь шүүгдэгчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 / арван гурав / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцоожоос оршуулгын зардалд 5.822.569 төгрөг нэхэмжилсэн, хоног хураахтай холбоотой зардал нэхэмжлээгүй болно. Хэдийгээр зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч оршуулгын зан үйлтэй холбоотойгоор шаардлага хангасан баримтыг бүрдүүлэх боломжгүй байх нөхцөл шалтгаан үүсдэг, тодорхой хэмжээний зардал гарсан нь тодорхой тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан Б.Алтанцоожид олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч И.Н-ын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2-г журамлан шүүгдэгч И.Н-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч И.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч И.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 / арван гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар И.Н-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Н-ын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Н-аас 5.822.569 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгосугай.

 

8. И.Н-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                          Б.ДУЛАМСҮРЭН

                                                    

                                                               А.МӨНХСАЙХАН