Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 

  2022          05        11                                     2022/ШЦТ/502

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч Б.Тогоодулам,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000181 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... коллежийн 1 дүгээр курст сурдаг, ам бүл 2, эгчийн хамт ... тоотод бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / С.Т- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. клуб нэртэй үйлчилгээний гадна болсон бусдын хоорондын маргааны явцад хохирогч А.Г-ын шаргал өнгийн гинж, хохирогч Э.У- Айфоне 8 загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Г-т 378.000 төгрөгний, хохирогч Э.У-д 465.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т- мэдүүлэхдээ: ... Хохирогч нарт эд зүйлийг нь буцаан өгсөн. Би мөнгөгүй түрээсийн төлбөр төлөх асуудалтай байсан учир хулгай хийсэн. Одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.У- мэдүүлэг / хх 10, 12, 20 /, хохирогч А.Г-ын мэдүүлэг / хх 27-28, 33-34 /, гэрч Э.Х-ны мэдүүлэг / хх 12 /, насанд хүрээгүй гэрч Х.Х-тийн мэдүүлэг / хх 15 /, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 58-61 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 48-49, 51-52 /, яллагдагч С.Т-ийн мэдүүлэг / хх 38 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 63 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 66 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... клуб нэртэй үйлчилгээний гадна болсон бусдын хоорондын маргааны явцад хохирогч А.Г-ын шаргал өнгийн гинж, хохирогч Э.У- Айфоне 8 загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Г-т 378.000 төгрөгний, хохирогч Э.У-д 465.000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Э.У- / хх 10, 12, 20 / “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед найз А.Г-ын хамт 57 дугаар сургуулийн автобусны буудлын эсрэг талд байрлах ... клубын караоекд сууж байгаад 22 цагийн үед караокеноос гараад тус клубын бүжиглэдэг заал руу орж булангийн ширээнд суусан. Тэгээд сууж байгаад 4 удаа тооцоо хийсэн. Манай найз хамгаалагчтай нь маргалдах явцад гинж нь унаад хажуугаар нь явж байсан залуу гинжийг нь авч байсан. Тэр хооронд би гар утсаа оролдож байсан ба би найзыгаа аваад такси барих гээд явж байх үед гудамжинд тэр залуу явж байсан” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч А.Г-ын / хх 27-28, 33-34 / “...32 нэртэй клубт найз Уянгын хамт орж суусан. Тэр бааранд байх хугацаандаа би хамгаалагчтайн маргаан үүсгэсэн. Тухайн үед би согтуу байсан. Өглөө нь сэрэхэд миний хүзүүний гинж байхгүй болсон байсан. Найз Э.У-тай утсаар ярихад гар утсаа алдсан талаар гомдол гаргасан байгаа гэхээр нь миний мөн хүзүүний гинж байхгүй болсон гэж хэлсэн. Э.У- баарны камерыг шүүлгэхэд хамгаалагч биш өөр хүн авч байгаа бичлэг байсан. Алдсан гинжийг манай найз Э.У-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Э.Х-ны / хх 12 / “...2022 оны 01 дүгээр сарын эхээр манай хамаатны дүү залгаад “Та утасны Ай ди гаргаж чадах уу. Манай найз кодоо гаргаж чаддаггүй. Та гаргаад тоглоом татаад өг” гэхээр нь би гэртээ дуудсан. Дүү 2 найзын хамт ирсэн ба гар утас нь кодтой байсан. Нэг дугаар байхаар нь мессеж бичээд кодыг нь авчих уу гэхэд тэг тэг гэсэн. Тухайн дугаар руу буцаагаад залгахад таны утсанд код ирсэн. Та хэлээд өгч болох уу гэхэд дуугарахгүй байж байгаад тасалсан. Дараа нь өөрийн утсаар залгахад утсаа аваагүй. Манай нөхөр ... утсаар тухайн дугаар руу залгахад энд нэг ийм утас байна. Код нь таны дугаар руу яваад байна. Таны утас биш бол кодыг нь хэлээд өгөөч гэхэд энэ манай эгчийн гар утас байгаа цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө хүүхдэд алдагдсан утас байна шүү дээ гэхэд “ Тийм үү. Эгчээ би сайн мэдэхгүй байна. Манай ах өгсөн гэсэн” гэх мэдүүлгээр,

 

Насанд хүрээгүй гэрч Х.Х-ийн / хх 15 / “...Найз Б над руу залгаад ах надад гар утсаа өгч байгаа. Айди кодтой юм байна. Үүнийг гаргахад мөнгө хэрэгтэй гэж аав, ээждээ хэлэхэд мөнгөний боломжгүй гэсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нь би нэг эгчээсээ асуугаад үзье гээд эгчид хэлсэн. Очоод янзалж байгаад болохгүй байна гээд нэг дугаар руу залгасан. Тэгсэн алдсан утас байна гээд эгч найзад гар утсыг нь буцааж өгөөд бид хэдийг гаргасан” гэх мэдүүлгээр,

 

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 58-61 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 48-49, 51-52 /

 

Яллагдагч С.Т-ийн / хх 38 / “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэр гар утас болон гинжийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Т-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч С.Т-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч С.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт эд зүйлийг нь буцаан өгсөн, сургуульд сурдаг тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 

 

Шүүгдэгч С.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Бусад асуудлаар:

Хохирогч нарт эд зүйлийг нь буцаан өгсөн, тэдгээр нь гомдол саналгүй гэх тул С.Т- нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Т- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь С.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ