| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 184/2017/02064/и |
| Дугаар | 2578 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2578
МАГАДЛАЛ
2017.12.20 Дугаар 2578 Улаанбаатар хот
“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02064 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.А д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17 057 262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани дотоод журамдаа заасны дагуу байр, орон сууцны дэмжлэг, тусламж олгох асуудлаар компанид 4 жилээс дээш ажилласан, компанийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан ажилтны зээлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж хүүгүй зээл олгодог. Үүний дагуу хүүгүй зээлийн гэрээний нөхцөл нь компанидаа 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэгтэй бөгөөд ажилтан ажлаасаа чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болбол зээлийн гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар зээлийг эргэн бүрэн төлж барагдуулна гэж заасан. Г.А 2009 оноос хойш Бараа материалын нярав, Судалгааны менежер, худалдааны менежерээр ажилласан бөгөөд дотоод журмын дагуу зээлийн өргөдлийг үндэслэн Г.А тай 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр МЕ-БУО/14/21 тоот Зээлийн гэрээ байгуулан 14 610 600 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээл олгосон. Г.А нь өөрийн хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн МЕ-БУО/14/63 дугаартай Зээлийн гэрээний зээлийн 8 650 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 6 650 000 төгрөг, хүүгийн төлбөрт 2 151 833 төгрөг, нийт 8 801 833 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн 23 412 433 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж үүний дагуу Г.Алтанбаганын өр авлагын дэлгэрэнгүй тайлан дахин нягтлахад 8 650 000 төгрөгийн зээлийн гэрээнээс 5 000 000 төгрөгийн хасаагүй байсан учир үүнийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж, 17 057 262 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа.
2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/06 тоот гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаал гарсан. Уг тушаал нь Менежментийн багийн мөн өдрийн шийдвэрийг үндэслэсэн. Менежментийн багт хувьцаа эзэмшигч нар ордоггүй учир энэ шийдвэр хувьцаа эзэмшигчдийн шийдвэр биш. Захирлын тушаалыг хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. Үндэслэл нь Г.А манай компанид ажиллаж байх үедээ өөрөө хувиараа компани үүсгэн байгуулж худалдааны нууцлалыг хадгалдаг хүний хувьд компанийн гадаад харилцагчдын мэдээллийг мэддэг байж “М ” ХХК-тай тендерт өрсөлдөгчөөр оролцсон, манай харилцагч байгууллагын үнийн саналыг мэдэж байж тэндээс давхар үнийн санал авч бага үнийн дүнтэй тендерт оролцсон тул хувьцаа эзэмшигч нар дургүйцэж зээлийн төлбөрөө буцаан нэхэмжилэхээр шийдвэр гаргасан. Г.Алтанбаганын зээлийн гэрээ 2014 он хүртэл хүчинтэй байгаа, зээлийн гэрээний 8.2-т заасны дагуу эргүүлэн төлөх ёстой. Мөн компанийн дүрмийн 6.1-д хувьцаа эзэмшигч нар буцалтгүй тусламж, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр заасан байхад гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлсэн тул зээлээс чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон байгаа. Иймд Г.А ас нийт 17 057 262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Намир групп” ХХК болон түүний салбар компаниудад 2009 оны 09 дүгээр сарын 21-нээс 2016 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэл 7 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан болно. Энэ хугацаанд, Анх эрчим хүч, дулааны засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аморе Интернэшнл” ХХК-д 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Захирлын №16 тоот тушаалаар, ажилтны сонгон шалгаруулалтын журмын дагуу Бараа материалын няраваар ажилд орсон. Энэхүү бараа материалын няравын албан тушаалд 2010 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл ажилласан бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс Захиралын №31 тоот тушаалаар тус группын охин компани болох эрчим хүчний ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг “Редуктор” ХХК-д Судалгааны менежерээр дэвшин ажилласан. Улмаар, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Намир группын салбар компани болох уул уурхайн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “М ” ХХК-нд Худалдааны менежерээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэл нийт 5 жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан болно. Дээрх 7 жилийн хугацаанд, “Намир Групп” болон түүний салбар компаниудын Санхүүгийн алба, Бизнес Хөгжлийн Алба, Худалдааны албанд өөрийн идэвхи санаачлага, хүчин чармайлт, хувь нэмрийг оруулж, үр бүтээлтэй ажилласаар ирсэн.
Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу, Компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтанд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн, байр, орон сууцны дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд энэ журмын дагуу хүсэлт гарган, 14 610 600 төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан нь үнэн болно. Миний хувьд энэхүү дэмжлэгийг, тус компанид ажилласан хөдөлмөр зүтгэл, идэвхи санаачилга, оруулсан хувь нэмрийг үнэлж өгсөн дэмжлэг гэж үзэж, компанийнхаа удирдлага болон хувьцаа зэмшигчиддээ үргэлж талархаж явдаг.
Орон сууцны 8%-ийн зээл авахаар Худалдаа хөгжлийн банктай уулзах үед зээлийн эдийн засагч нь банкны үнэлгээгээр 8 650 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр дээр нэмж төлсний дараа зээл олгох боломжтой гэсэн. Энэ тухай, шууд удирдлагадаа хандан, хүсэлт гаргаж 8 650 000 төгрөгийг хүүтэй зээлсэн нь үнэн. Үүнээс 2 000 000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн. Миний ажиллаж байсан “М ” ХХК нь худалдааны менежерүүдтэй Борлуулалтын урамшууллын гэрээ байгуулан ажилладаг байсан бөгөөд тендерийн борлуулалтад НӨАТ ороогүй дүнгээс 0,1%, шууд борлуулалтаас 1-2%-ийн борлуулалтын урамшуулал олгодог байсан. Гэрээ байгуулдаг байсан. Энэхүү гэрээний дагуу, үндсэн цалингаас гадна жилдээ 5-8 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал авдаг байсан. МЕ-БУО/14/21 тоот гэрээгээр олгосон 14 610 600 төгрөгийг намайг ажлаас чөлөөлөгдөхийн өмнө буюу 2016 оны 09 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу байр орон сууцны буцалтгүй тусламж болгон шагнаж, намайг болон энэ группт өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан олон хүмүүсийг баярлуулсан шийдвэр гарсан. Миний бие, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах үед өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар компанид 16 000 000 орчим төгрөгийн өглөгтэй байсан. Энэ дүнд 14 610 600 төгрөгийн орон сууцны буцалтгүй тусламж ороод зөрүү нь гаалиас харилцагч руу бараа хүргэсэн тээврийн зардал зэрэг дараа тайлангаар хаагаагүй өглөг байсан. Мөн агуулахаас харилцагчид битум хүрэгхэд гаргасан тээврийн зардалууд ч орсон байсан. Ажлаас өөрийн хүсэлтээр халагдахдаа тойрох хуудас зуруулж халагдсан бөгөөд уг тойрох хуудаст бараа материалын нярав, кассын нярав, салбар компанийн нягтлангууд, “М ” ХХК-ийн нягтлан бодогч, хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх болон өөрийн шууд удирдлагаар бүх тооцоогоо дуусгаж тооцоогүй гэсэн гарын үсэг зуруулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад бичиг баримтаа авч гарсан. Иймд “М ” ХХК-д ямар нэгэн санхүүгийн өр төлбөргүй. Миний төлсөн 5 000 000 төгрөг хасагдаагүй байсан нь шинээр ирүүлсэн баримтаар гарч ирж байна. Энэ гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр байсныг би хүлээн зөвшөөрч байгаа боловч өмнөх гэрээний дүн дээр нэмээд захирлын тушаалаар ажлаас халагдахад буцалтгүй тусламж болгохоор шийдвэрлэж би компанид өр төлбөргүй болсон. Сүүлд нь хувьцаа эзэмшигч нарын хурлаар уг захирлын тушаал хүчингүй болгосон тухай би мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад л мэдсэн. Компаниас гарснаас хойш ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй. 2017 оноос бизнес хийж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс заралсан тендерт оролцсон. Тендер 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуулийн дагуу л явагдсан. Өөрөөр “М ” ХХК-тай өрсөлдөгчөөр оролцсон зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдсан зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал, тендер 2 цаг хугацааны хувьд өөр үед болсон. Сүүлд нь санхүүгийн баримт дээр засвар хийж хүнийг өглөг авлага үүсгэж болдог юм байна гэдгийг эднийхээс олж харлаа. Ажлаас гарахдаа тойрох хуудас дээр бүгд тооцоогүй гэсэн байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-д заасныг баримтлан Г.А ас зээлийн төлбөрт 23 412 433 төгрөг гаргуулах тухай “М ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тус тус нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалт, 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалт, 283 дугаар зүйлийн 283.2 дахь заалтуудын дагуу хүчин төгөлдөр 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн МЕ-БУО/14/21 тоот Байр, орон сууцны дэмжлэг, тусламж олгох "Зээлийн гэрээ"-ний 14 610 600 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн МЕ-БУО/14/63 дугаартай 8 650 000 төгрөгийн "Зээлийн гэрээ" байгуулсан болно. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна". Мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д "хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх" гэж тус тус заасны дагуу компанийн 96 хувийг эзэмшдэг Хувьцаа эзэмшигчид саналын эрхийнхээ дагуу Гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрий А/06 тоот тушаалыг Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрий 03 тоот хурлын тогтоолоор "Тушаалыг хүчингүйд тооцсон" болно. Дээрхи хоёр зээлийн гэрээний төлбөр 23 412 433 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг хасаж, хүүгийн төлбөр, үлдэгдэл төлбөр нийт 17 057 262 төгрөгийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “М ” ХХК хариуцагч Г.А д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 23 412 433 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалаар надад олгосон зээлийг өөрчилж, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнг байр орон сууцны буцалтгүй мөнгөн тусламж болгон олгосон гэж маргажээ.
Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Г.А д 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн МЕ-БУО/14/21 тоот зээлийн гэрээгээр 14 610 600 төгрөгийг 10 жилийн хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар, зээлийн гэрээний эхний 4 жилийн хугацаанд зээлийн хүү болон зээл төлөлтөөс чөлөөлөгж, 5 дахь жилээс хуваарийн дагуу зээлийг төлөхөөр, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8 650 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-7, 9-10 дугаар тал/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаангүй боловч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.
Г.А “М ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт нь гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалаар компанийн хөдөлмөрийн дотоод журмын 30.4, 30.4.1-д заасан ажиллагсдад олгосон буцааж төлөх нөхцөлтэй байр, орон сууцны мөнгөн дэмжлэгийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр өөрчилж, ажилтан бүрийн үлдэгдэл дүнг байр, орон сууцны нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж болгож олгосон ба худалдааны менежер Г.А д 16 570 512 төгрөгийн байр, орон сууцны нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгон шийдвэрлэсэн байна.
“М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолоор “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат нь компанийн дүрэм, Компанийн тухай хуулийн 62.2.2-т “гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох” гэсэн заалтыг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлж, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй худалдааны менежер ажилтай Г.А д 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр А/06 тоот тушааалаар байр орон сууцны буцалтгүй тусламж 16 570 512 төгрөг олгосныг цуцалж, гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалыг хүчингүйд тооцсон тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ үндэслэжээ.
“М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/06 тоот тушаалыг хүчингүй болгосон гэх “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчилүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй тул эрх хэмжээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 243 240 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
М.НАРАНЦЭЦЭГ