Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 62

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж

нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил

улсын яллагч Д.Ганчимэг

иргэний нэхэмжлэгч М.Нямсүрэн

шүүгдэгч Ю.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бо овогт Юийн Ад холбогдох эрүүгийн 201608000119 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Юнйн А /РД:............/, 1966 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн..... оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягтай, одоогоор оршин суух тодорхой газаргүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Ю.Ам нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 16 тоотод оршин суух Х.Пйн гэрт нэвтэрч TCL маркийн 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, DDISH-ийн жижиг станц, удирдлагын хамт, индүү зэргийг хулгайлж 425 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

     Шүүгдэгч Ю.Ам нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 16 тоотод оршин суух Х.Пйн гэрт нэвтэрч TCL маркийн 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, DDISH-ийн жижиг станц, удирдлагын хамт, индүү зэргийг хулгайлж 425 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд

 

1. Шүүгдэгч Ю.Ам мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Тухайн өдөр би нэг шил архи уугаад дахиж архи уумаар санагдаад дүүгийнхээ гэрээс хөлдөөгч, зурагт, DDISH станц хулгайлж аваад хүнд зараад мөнгөөр нь архи, хоол авсан. Гэрийн цоожийг төмөр замын хадаасаар хөшиж эвдээд ганцаараа гэрт орж хулгай хийсэн. Бүх эд зүйлийг нэг дор аваад гарсан. Би индүү аваагүй. Гэхдээ шинэ индүү авч өгнө. Хулгайлж авсан зурагт, DDISH станцыг Гд 30 000 төгрөгөөр, хөлдөөгчийг Нямсүрэнд 80 000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би Нээс мөнгөө хувааж авсан. Согтуу байсан болохоор Нямсүрэнгээс 90 000 төгрөг авсан байж магадгүй. Ажил төрөл хийж байгаад иргэний нэхэмжлэгч нарын хохиролыг төлж барагдуулна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

2. Иргэний нэхэмжлэгч Б.Нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед  би ажил дээрээ байж байтал А ирээд мөнгөний хэрэг гарчихлаа энэ хөлдөөгчийг худалдаад авчих гээд гуйгаад байсан. Тэгээд би шалгаж үзээд ажиллаж байхаар нь авахаар болсон. Худалдаж авчихаад бэлэн мөнгийг нь өгөх гэснээ эргэлзээд эхний өдөр 50 000 төгрөг, маргааш нь 20 000 төгрөг, үлдсэн 20 000 төгрөгийг 10 000, 10 000 төгрөгөөр нь хувааж цувуулж өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа цагдаа ирээд хулгайн хөлдөөгч байсан байна гээд аваад явсан. Амаржаргалаас 90 000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

3. Хохирогч 1955 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 16 тоотод оршин суух Х.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой манай 2 хүү болох Ш, Дү нар Чойрын төвд байдаг хашаа гэрээ эргэхээр явсан юм. Зун хүүхдийн сургуулийн амралтаар төвийн гэрээ эзэнгүй орхидог юм. Манай 2 хүү төвийн гэртээ ирээд зурагт, хөлдөөгч, DDISH-ийн станц, индүү зэрэг зүйл алга болсон байна гэж утсаар хэлсэн. Гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байна гэж байсан. Нимгэн хар өнгийн 32 инчийн цахилгаанд залгадаг утасны үзүүрт цагаан өнгийн цахилгааны утас нэмж залгасан зурагт, Хятад улсад үйлдвэрлэсэн дээрээ сөхөж онгойлгодог хаалгатай дунд зэргийн хэмжээтэй хөлдөөгч, жижиг дөрвөлжин хавтгай содон шинж тэмдэг гэх зүйлгүй DDISH-ийн станц, маркийг нь мэдэхгүй хятад индүү алга болсон байсан. Хадам ах Амаржаргал манай эд зүйлийг хулгайлсан гэдгийг нь мэдлээ. Манай гэрээс алдагдсан эд зүйлүүд олдсон. Одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Индүүгээ нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

4. Иргэний нэхэмжлэгч 1969 онд төрсөн, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр баг, Дуутын булаг гэх газарт оршин суух Т.Га мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Мөнхийн 25 тоот хашаанд эгч Отн гэрт Амаржаргал орж ирээд уулзъя гэхээр нь дагаад гарсан чинь би DDISH-ийн станц, зурагт  зарах гэсэн юм гэхээр нь  мөнгө байхгүй гэсэн чинь хямдхан өгнө чи ядаж 30 000 төгрөгөөр авчих дараа хоёулаа болно гэсэн. Тэгэхээр нь би 80 000 төгрөгөөр авахаар болоод эхлээд      30 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. 50 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Тэгээд би мотоцикльтойгоо Аын хамт малчны байранд очоод Ам байшинд ороод хар өнгийн нимгэн LCD зурагт, DDISH-ийн станц, 2 удирдлагатай хамт аваад гараад ирсэн...Амадад хэлэхдээ өнгөрсөн жил 400 000 төгрөгөөр шинээр нь авсан үзэхгүй байгаа юм гэсэн. Зурагтын залгуур нь үзүүр хэсэгтээ цагаан өнгийн цахилгааны утас залгаад урт болгосон байсан. Мөн доод хэсгээрээ саарал хүрээтэй байсан. DDISH-ийн станц жижиг хар өнгийн дотроо карттай байсан. Өөр содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй байсан. Мөн зурагт DDISH-ийн станц тус тусдаа удирдлагатай ирсэн. 2 удирдлага нь ар талд баттерейн таг нь байхгүй байсан. Амас 30 000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

5. Гэрч 1974 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Лүнгийн хадат толгой гэх газарт оршин суух Х.Хо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 09-ны орой манай 2 хүү Ш, Дү нар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Өгөөмөрийн 16 тоот хашаанд байдаг гэрээ эргэхээр явсан. 22 цагийн үед төвийн гэрт хулгай орсон байна гэж ярьсан. Тэгээд би маргааш нь төвийн гэрт ирээд юмаа бүртгээд үзсэн чинь хар өнгийн нимгэн LCD зурагт удирдлагын хамт, цагаан өнгийн дээрээ сөхдөг хаалгатай хөлдөөгч, DDISH-ийн станц удирдлагын хамт, индүү зэрэг эд зүйл алга болсон байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/

 

6. Гэрч 1990 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 16 тоотод оршин суух Х.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Өгөөмөрийн 16 тоот хашаанд байдаг төвийн гэрээ эргэхээр ирсэн. Тэгсэн гадаа хашааны хаалга онгорхой, мөн гэрийн хаалганы цоожыг нь эвдэлсэн хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод харсан чинь гэрийн хойморт авдар дээр байсан LCD 32 инчийн нимгэн хар зурагт /маркийг мэдэхгүй/ цагаан өнгийн дээрээсээ сөхөж онгойдог тагтай хөлдөөгч, DDISH-ийн станц, индүү зэрэг алга болсон байсан. Тухайн үед манай дүү Д хамт явсан. Дүр цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

7. Гэрч 1987 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчдын 3-5 тоотод оршин суух О.Дэд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой гэртээ ирээд ээж Оын гэрт орсон чинь зурагт, DDISH-ийн станц байсан. Би ээжээсээ юун зурагт станц вэ гэсэн чинь Г ах чинь таньдаг хүнээсээ худалдаж авсан зарах юм гэсэн гэхээр нь би хэдээр зарах юм гэсэн чинь хоёуланг нь нийлүүлээд 150 000 төгрөгөөр зарна гэсэн. Би Гн ах руу утсаар яриад зурагт DDISH-ийн станцыг чинь авъя гэсэн чинь тэг тэг гэхээр нь ээж Отт 150 000 төгрөг үлдээгээд зурагт, DDISH-ийн станцыг нь аваад гэртээ тавьсан. Залгуурынх нь үзүүр хэсэгт цагаан өнгийн цахилгааны утас залгаад урт болгосон зурагт, жижиг хар өнгийн DDISH-ийн станц, TCL маркийн 32 инчийн хар өнгийн нимгэн зурагт байсан. Г ахыг А гэх хүнээс худалдаж авсан гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/

 

8. Гэрч 1979 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчдын 3-5 тоотод оршин суух Г.Эмөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сард улсын баяр наадмаас өмнөхөн хагас сайн өдөр манай эхнэр Б бид хоёр Балдан засаг захын хажууд явж байсан чинь А нимгэн зурагт, DDISH-ийн станц хоёрыг зарна гээд явж байсан. Хэдээр зарах юм бэ гэсэн чинь ярьж хөөрөөд хямдхан өгнө гэсэн. Зурагт, DDISH-ийн станцаа нийлүүлээд 200 000 төгрөгөнд өгчихнө гэсэн. Тэгээд Ааас зурагт, DDISH-ийн станцыг худалдаж авахаар болоод гэр рүүгээ дагуулаад явсан. Мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. А зурагт DDISH-ийн станц авч ирсныхээ маргааш мотоцикльтой танихгүй хүнтэй хамт ирээд зурагт DDISH-ийн станцаа авахаар боллоо бэлэн мөнгөөр энэ хүнд зарахаар боллоо гээд аваад явсан гэсэн мэдүүлэг. / хх-ийн 33 дугаар хуудас/

 

9. Гэрч 1969 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчдын 3-5 тоотод оршин суух П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сард улсын баяр наадмаас өмнөхөн Атай Балдан засаг захын хажууд таарахад нимгэн зурагт зарна гээд бариад явж байхаар нь хэдээр зарах юм бэ гэсэн чинь хямдхан зарна гэсэн. Би ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзээд үнэ тохирвол авъя гэж хэлсэн. Амаржаргал зурагт, DDISH-ийн станц хоёроо аваад дагаад манайд ирсэн. Тухайн үед манай нөхөр Энхцогт хамт явсан. Амаржаргал надад хэлэхдээ би эхнэр хүүхдээсээ салсан гэрийхээ зарим зүйлийг авсан. Энэ зурагт миний юм байгаа юм гэж хэлж байсан. Тухайн зурагтыг цахилгаанд залгаад үзэхэд асаж байсан. Сувгийг гаргаж үзээгүй. Тэгээд зурагт, DDISH-ийн станц хоёрыг нь нийлүүлээд 200 000 төгрөгөөр авахаар болоод мөнгийг нь хэд хоногийн дараа өгөхөөр болсон. Зурагт, DDISH-ийн станц авч ирснийхээ маргааш Амаржаргал нэг мотоцикльтой танихгүй хүнтэй хамт ирээд зурагт, DDISH-ийн станцаа авахаар боллоо бэлэн мөнгөөр энэ хүнд зарахаар боллоо гээд аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

10. Гэрч 1979 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 21 тоотод оршин суух Э.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би  Эын гэрт ирээд байж байсан чинь Амаржаргал гаднаас хар өнгийн нимгэн зурагт, DDISH-ийн хар өнгийн жижиг станц барьж орж ирээд зарах гэж байгаа юм гэсэн. Манай зурагт байгаа юм гэж байсан. Тухайн үед Эын эхнэр зурагт, DDISH-ийн станцыг нь авахаар болоод 1 дэх өдөр мөнгийг нь өгье гэж байсан хэдээр зарж байсан талаар мэдэхгүй. Тэгээд зурагт авч ирснийхээ маргааш А Эын гэрт орж ирээд зурагт, DDISH-ийн станцаа аваад явлаа би авах хүн олсон та нар мөнгийг нь удаагаад байна гээд аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар хуудас/

 

11. Гэрч 1979 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 21 тоотод оршин суух Н.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байсан гэж санагдаж байна. Амл  ирээд дэнжээс нэг юм ачаад өгөөч хөлсийг нь өгье гэсэн. Тэгээд би өөрийнхөө Портер машинтайгаа А ахтай цуг Өгөөмөрийн эгнээнд нэг хашаанд очсон. А хашаа руу ороод нэг цагаан өнгийн дээрээ сөхдөг хаалгатай хөлдөөгч аваад гараад ирсэн. А ах нь энд амьдарч байгаа гэж хэлж байсан. Тухайн хашаанд нэг жижиг гэр байгаа харагдсан. Тэгээд хөлдөөгчөө ачаад Балдан засаг захын урд талд байрладаг махны дэлгүүрийн гадаа буулгасан. Би хөдлөөд яваад өгсөн Нямсүрэн гэдэг махны ченж гарч ирээд хөлдөөгчийг онгойлгож үзээд байгаа харагдсан. Амаржаргал надад ачаа ачсаны хөлсөнд        10 000 төгрөг өгсөн. Хөлдөөгч нь жижиг хэмжээтэй цагаан өнгийн дээрээ сөхөж онгойдог нэг хаалгатай хөлдөөгч байсан. Ганц хөлдөөгч ачсан өөр зүйл ачаагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/

 

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/

 

13. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-23 дугаар хуудас/

 

14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын Үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 47 дугаар хуудас/

 

15. Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 007/072 тоот дүгнэлтэнд: Хэргийн газраас гялгар уутанд хийж хураан авсан 2 хажуу талдаа EXTRA SANTIAO TOP SECURITY гэсэн бичиглэл бүхий цагаан никель зүүдэг цоож шинжилгээнд тэнцэнэ. Уг цоожинд эвдрэл байна. Цоожны хэл /түгжээ/-нд нумарч үүссэн эвдрэл нь механик хүчин зүйлийн үйлчлэлээр гадны хатуу биеттэй харилцан хөдөлгөөнд орж, физик хүчний үзэгдлийн улмаас эвдрэл үүссэн байна.

Шинжээч Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /хх-ийн 52-53 дугаар хуудас/

 

16. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ю.А бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Прокурор яллах дүгнэлтэндээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн өдрийг 9-ний өдөр гэсэн боловч иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр 6-ны өдөр болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь хохирогч Х.Пүрэв нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ю.А нь бусдад төлөх төлбөргүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ю.А нь хохирол төлбөр төлж барагдуулсан зүйлгүй. Эд зүйлийг худалдаж авсан этгээдүүдээс буцаан хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн ба иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шүүгдэгч Ю.А нь төлж барагдуулаагүй байна.    

 

Иймд шүүгдэгч Ю.Ааас 30 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Г, 90 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Нд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ю.Амыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /EXTRA SANTIAO TOP SECURITY/ гэсэн бичиглэл бүхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Б овогт Юийн Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ю.Амын эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн      хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Ю.Амаржаргалд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаанчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /EXTRA SANTIAO TOP SECURITY/ гэсэн бичиглэл бүхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч Ю.А нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ю.А хохирол төлбөрт 90 000 төгрөг гаргуулж  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Ханангийн 17 тоотод оршин суух  иргэний нэхэмжлэгч Б.Ннд, 30 000 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр баг, Дуутын булан гэх газар оршин суух иргэний нэхэмжлэгч Т.Га тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА