| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/248 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/248
2022 07 05 2022/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч Г.А
Хохирогч С.А
Шинжээч эмч Ч.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн 2125003500388 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа Гранд гарден хотхонд байх ажлын өрөөндөө иргэн С.А-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “Хохирогчийг гараараа болон аягаар цохьсноо хүлээн зөвшөөрч байна. Гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цай ууж байсан аягаар айлгах гээд далайхад А гараараа хаахад аяга хагарсан. Хаалгаа цоожилж байгаад зодсон зүйл байхгүй. А ажил хийхгүй олон хоног алга болж, манай компанийг цалин мөнгөө өгдөггүй гэж фэйсээр удаа дараа бичсэн учир маргалдсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.А мэдүүлэхдээ “Ажил хаяж явсан зүйл байхгүй. Хийх ёстой ажилаа хийгээд ажлын хөлсөө нэхсэн. Фэйсбүүкээр бичсэн зүйл байхгүй гэдгээ өөрт нь хэлсэн. Т өрөөндөө оруулж байгаад хаалгаа хааж байгаад намайг зодсон. Тэнд байсан хүмүүс мэдэж байгаа. Гар маань эдгэхгүй болохоор нь хотод очиж үзүүлэхэд шөрмөс тасарсан байна гэсэн. Мэс засал хийлгэх төлбөр, ажилгүй байсан хугацааны орлого нийт 11 сая төгрөг нэхэмжил байна” гэв.
Шинжээч эмч Ч.Б мэдүүлэхдээ “анх үзлэг хийхэд шархийг оёсон байсан учир шөрмөс тасарсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Энэ хүн маань нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд шөрмөс тасарсан гэдгээ тогтоолгосон байсан. Гарын шөрмөс тасарсан тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.А н “Тэгээд Г.Т нь надад цай найруулж өгөхөөр нь цайг нь аваад сандал дээр суух мөчид миний биеийн хэсэг рүү цохисон, яг хаашаа юугаар цохисныг санахгүй байна, гараараа байх гэж бодож байна. Намайг аягаар цохиход би өөрийнхөө зүүн гараараа хаатал зүүн гарын бугуйны гадна хэсгээс цус гарсан. Би цус гарч байсан гараа нөгөө гараараа барьтал 5 см орчим диаметртэй, 40-50 см урттай цилиндр хэлбэрийн төмрөөр миний биеийн нүүрнээс бусад хэсгүүд рүү олон удаа цохисон, харин гар болон хөлөөрөө миний бие болон нүүрэн хэсэг рүү цохиод байсан. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, нүүр хэсгээ л хамгаалсан. Тэгээд намайг зодохоо болиод оффисынхоо хаалганыхаа түгжээг тайлсан. Зүүн гарын бугуйн шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүдийг Г.Т зодож үүсгэсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
2. Гэрч Б.Б-н “2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.А миний гар утас руу залгаад оффис руу ороод ирээч гэхээр нь орох гэтэл хаалга цоожтой байсан бөгөөд хаалгыг татахад дотроос Г.Т хаалгыг нээн өгсөн. Дотогш ороход шалаар цус болж, шалан дээр цагаан өнгийн бариултай цайны аяга хагарсан байсан бөгөөд С.А н зүүн гарын бугуй хэсгээс нь цус гарч салфетикаар даран сандал дээр сууж байсан. Тэгээд Г.Т нь С.А-г уг барилгын талбайд ажиллуулахгүй, цаашид өөр барилгын талбайд ч оруулахгүй, барилгын янхан, пизда гэх мэтээр хэл амаар доромжпоод байсан. С.А нь Г.Т тай оффисын өрөөнд ярилцаж байхад Г.Т нь аяга бариад цохиход нь С.А өөрийгөө гараараа хамгаалахад аяганд гараа цохиулж гараас нь цус гарч, аяга хагарсан гэж надад хэлсэн. С.А-г Г.Т аягаар цохихоос гадна хөмсөг рүү нь төмрөөр цохисон, мөн биеийн хэсгүүд рүү нь гараа болон хөлөөрөө цохиод байсан гзж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №635 дугаартай “С.А н биед зүүн гарын бугуйнд шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн гарын бугуйнд шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 15-17 дахь тал/
4. Сэжигтэн Г.Т ын “Намайг доромжлоод байхаар нь би тэсгэлгүй гараа атгаж байгаад шанаа руу нь 2 удаа цохин авахад С.А гараараа миний нүүр хэсэг рүү цохиход нь би бултахад миний нүүрэн хэсгийг хальт гар нь шүргэсэн. Тэгээд дахиад хэрэлдэж байгаад өөрийн цай ууж байсан аягаараа тэсгэлгүй С.А руу далайх үйлдэл гаргахад С.А гараараа хааж таарсан бөгөөд би аягаар гарыг нь цохиж гэмтээсэн. С.А цахим орчинд мөнгө өгдөггүй гэж худал мэдээлэл тараагаад байсан болохоор нь С.А тай маргалдаж байгаад уур хүрээд цохих болсон” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23 дахь тал/
5. Г.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/,
6. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/,
7. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/,
8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №03 дугаартай “ С.А н биед зүүн гарын 2 ба 3-р хурууг тэнийлгэгч шөрмөсний урагдал бүхий гэмтэл нэмж тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 2021.10.22-ы өдөр гаргасан №635 дугаартай дүгнэлтэд дурьдсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Зүүн гарын 2 ба 3-р хурууг тэнийлгэгч шөрмөсний урагдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 165-166 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа Гранд гарден хотхонд байх ажлын өрөөндөө иргэн С.А-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Гэмтлийн зэргийн хувьд эргэлзээтэй гэж үзэж байгаа. Тийм учраас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүгдэгч хохирогчид 450 000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрнө. Ажилгүй байсан хугацааны цалин орлогоыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар нотлох баримт хэрэгт хангалтгүй байгаа” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А н “Г.Т нь надад цай найруулж өгөхөөр нь цайг нь аваад сандал дээр суух мөчид миний биеийн хэсэг рүү цохисон, яг хаашаа юугаар цохисныг санахгүй байна, гараараа байх гэж бодож байна. Намайг аягаар цохиход би өөрийнхөө зүүн гараараа хаатал зүүн гарын бугуйны гадна хэсгээс цус гарсан. Миний биеийн нүүрнээс бусад хэсгүүд рүү олон удаа цохисон, харин гар болон хөлөөрөө миний бие болон нүүрэн хэсэг рүү цохиод байсан. Зүүн гарын бугуйн шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүдийг Г.Т зодож үүсгэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Дотогш ороход шалаар цус болж, шалан дээр цагаан өнгийн бариултай цайны аяга хагарсан байсан бөгөөд С.А н зүүн гарын бугуй хэсгээс нь цус гарч салфетикаар даран сандал дээр сууж байсан. С.А-г Г.Т аягаар цохихоос гадна хөмсөг рүү нь төмрөөр цохисон, мөн биеийн хэсгүүд рүү нь гараа болон хөлөөрөө цохиод байсан гзж надад хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №635 дугаартай дүгнэлт, сэжигтэн Г.Т ын “хэрэлдэж байгаад өөрийн цай ууж байсан аягаараа тэсгэлгүй С.А руу далайх үйлдэл гаргахад С.А гараараа хааж таарсан бөгөөд би аягаар гарыг нь цохиж гэмтээсэн. С.А цахим орчинд мөнгө өгдөггүй гэж худал мэдээлэл тараагаад байсан болохоор нь С.А тай маргалдаж байгаад уур хүрээд цохих болсон” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №03 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр Гранд гарден хотхонд байх ажлын өрөөндөө иргэн С.А-г гараараа цохих аягаар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын бугуйнд шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн гарын 2 ба 3-р хурууг тэнийлгэгч шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар аягаар цохьсон үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэмтлийн зэргийг зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хохирогчийн эрүүл мэндэд зүүн гарын бугуйнд шарх, баруун гарын бугалга, цээжний зүүн талд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн гарын 2 ба 3-р хурууг тэнийлгэгч шөрмөсний урагдал бүхий гэмтэл учирсан бөгөөд зүүн гарын 2 ба 3-р хурууг тэнийлгэгч шөрмөсний урагдал бүхий гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна. Гэм буруутай үйлдэл, учирсан гэмтэл нь шалтгаант холбоотой бөгөөд гэмтлийн зэргийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас С.А н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм хорын хохиролд 11 341 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн баримтуудыг шинжлэн судлаад MRI зураг авахуулсан 323 000 төгрөг, шатахууны зардал 200 000 төгрөг, эмчийн үзлэгийн 30 000 төгрөг, хагалгааны төлбөр 4 690 000 төгрөг, нийт 5 243 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 98 000 төгрөгийн шатахууны зардал нотлох баримтын шаардлага хангахгүй, гэм хорын хохиролд хамааралтай нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цалингүй байсан хугацааны орлого 6 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтууд нь хангалтгүй, эргэлзээтэй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Г-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-аас 5 243 000 төгрөг гаргуулан хохирогч С.А /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ***** тоотод оршин суух,/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.А нь ажилгүй байсан хугацааныхаа цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А