Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/455

 

 

 

 

 

2022         04        29                                    2022/ШЦТ/455        

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Улсын яллагч: Б.О /Баянзүрх дүүрэг/

Хохирогч: Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганболд

Хохирогч: М.Н /цахимаар/,

Гэрч: А.Н,

Шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Б нар оролцсон эрүүгийн 1906057082302 дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тоотод оршин суудаг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 14 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Н овгийн Д.Б,

Хоёр: Монгол Улсын иргэн,1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогтой Г.Г

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Нэг: Шүүгдэгч Д.Б,  Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н-ыг хөрөнгө оруулалтын төсөлд хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.200.000 төгрөгийг дансаар авч залилсан,

мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр хохирогч Г.Б-ыг “олон улсын төслийн зээлд хамруулж өгнө зээлд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай, жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө ” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц гэх хүн над руу залгаад “Олон улсын төсөлд хамруулах боломжтой” байна. Тухайн төсөл нь Хятад улсын Ухань хотоос санхүүжилтэй, жилийн 1.5 хувийн хүүтэй, Монгол талыг хариуцсан Б гэх хүнийг танилцуулж өгье гэсэн. Б гэх хүн Ц ахтай манай аймагт зээлийн судалгаа авахаар ирээд явсан. Дараа нь Улаанбаатар хотод ирээд тухайн төслийг хөөцөлдөөд явж байтал манай найз Уранцэцэг надтай Говь-Алтай аймгаас холбогдсон. Тэгээд би найздаа зээлийн талаараа хэлтэл “би ч бас наад төсөлд чинь хамрагдъя” гээд ирэхдээ Н гэх хүнийг дагуулж ирсэн.  Тэгээд би тэр хоёрыг Б эгчтэй танилцуулсан. Тэгээд энэ хэд хоорондоо ярилцаад миний дансаар 10.000.000 төгрөгийг дамжуулуулсан. Тэгээд тухайн төслийн зээл удаад байхаар нь би Нын данс руу 7.500.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байгаа. Би А.Н эгчтэй эртний танилууд байсан бөгөөд төслийн зээлийн талаараа хэлтэл “эгчдээ танилцуулаад өг” гэхээр нь танилцуулж өгсөн. Тухайн үед энэ хэд юу гэж ярьсныг нь мэдэхгүй. Хэдэн төгрөг өгч авсныг нь огт мэдэхгүй. Би Б эгчид үнэхээр итгэсэн. Итгэсэн болохоор өөрийн дотны найз эгчээ танилцуулсан. Анхнаасаа залилах гэж байна гэдгийг нь мэдээгүй. Хамгийн гол нь чи ч гэсэн энэ зээлийг хамрагдаж болно гэж намайг оруулсан. Жил гаруй хугацаанд манай гэр бүлийг ямар ч ажил хийлгэлгүй, одоо зээл чинь гарна, бүтнэ гээд хүлээлгэдэг байсан гэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...У эгч манайхыг 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байхад энэ төслийн талаар ярьсан. Г гэх хүн зуучилж өгч байгаа талаар хэлсэн. Үүнийг нь би нөхөртэйгөө ярилцаад 5 сарын эхээр Улаанбаатар хотод очсон. Тэр оройноо Д.Б, Г.Г нартай танилцсан бөгөөд бичсэн төслөө харуултал “ийм төсөл чинь арай болохгүй байна жоохон сайжруулах хэрэгтэй, мөн орчуулга хийлгэнэ гэж хэлээд надаас 500.000 төгрөг авсан. У эгч, Г хоёр “5 тэрбумыг авчихсан хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар төслөө өгчхөөд явсан. Тэгтэл Б “нөгөө мөнгө нь орох гэж байна, бүтэж байна гээд манай аймагт хүрээд ирсэн. Тэгээд 4  дүгээр сарын 15-наас эхлээд мөнгө шилжүүлж явсаар байгаад бараг 22.000.000 шилжүүлсэн. Тэгээд “одоо мөнгө чинь орох гэж байна, мөнгийг чинь оруулах гэж байна, чи байж бай гээд бүхэл бүтэн 4 сар хотод байлгасан. Тэр хугацаанд би дэлгүүрээ ажиллуулж чадалгүй дэлгүүрээ хаасан. Энэ хүнээс болж би маш их хохирол амссан. Тэгээд бүтэхгүй юм байна гэж бодоод 12.750.000 төгрөгөө авъя гэхэд “дансаа явуулчих, үдээс хойш шилжүүлнэ гэж худлаа хэлсэн. Тэгээд би том охинтой нь ярихад “ээжийг ийм ажил хийж байгааг мэдэхгүй байна. Ийм ажил хийж байгаагүй” гэж хэлсэн. Г.Г эгчийн хувьд миний хохирлыг барагдуулсан. Анх 10.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би 5.500.000 төгрөгийг, У эгч 4.500.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Сүүлд Б эгчтэй уулзаад хэдэн төгрөг авсан бэ гэж асуухад 3.000.000 сая төгрөг өгсөн. Үлдсэнийг нь Г.Г өөрөө авсан юм байна гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г-ийг эхнэр бид хоёр таньдаг байсан. Г манай эхнэр рүү утасдаад “Олон улсын урт хугацаатай бага хүүтэй зээл байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ итгээгүй, тэр зээлийг нь зөвшөөрөөгүй. Дахиад 1 сар гаруйн дараа манай эхнэр рүү яриад “энэ яг бодит юм байна. Нэг хүн энэ зээлийг авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед мөнгө хэрэгтэй байсан бөгөөд, бэлэн төсөл биччихсэн байсан болохоор уулзсан. Тэгээд уулзтал 1.2 хувийн хүүтэй. Хамгийн доод тал нь 2 тэрбумаас дээш хэмжээний мөнгө зээлүүлж байгаа гэж байсан. Тэгээд Б эгч, Г нөхөртэйгээ бид хэд манай объектыг харахаар Налайх руу явсан. Тэгээд болж байна гэхээр нь төслийнхөө материалыг өгсөн. Материалыг маань үзээд болох юм байна. Гэхдээ хүсч байгаа мөнгө чинь бага юм байна гэж байсан. Бараг 5 тэрбумын зээл хүсэх эрхтэй. Олон зээлийн урдуур оруулаад өгье гэж хэлсэн. Орчуулгын мөнгө 500.000 төгрөгийг нэхэхээр нь Г-ээс зээлээд буцаагаад 600.000 төгрөг болгож өгсөн. Үүний дараа 10.500.000 төгрөгийг Транс Капиталаас байраа барьцаалж авч өгсөн. Өнөөдрийг хүртэл өмгөөлөгчтэйгээ хамт үнэн худал эсэхийг нотлохоор явж байна. Би Бт 10.500.000 төгрөг өгсөн байхад 7.500.000 төгрөгийг л өгнө гээд байгаа юм. Энэ хооронд маш их зүйлээрээ хохирсон. Хүүхдүүдийнхээ сурч байсан сургуулийг хүртэл зэрэглэлийг нь бууруулсан. Маш олон хохирлыг амссан. Би Д.Б-т өгсөн 10.500.000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэв.

Гэрч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би “Ван койн крипто” валютыг өөртөө хөрөнгө оруулалт хийгээд авчихсан байсан. Г.Г миний нэрийг асуугаад, намайг сураглаад өөрөө ирсэн. Тэр үеэс хойш таньдаг болсон. 2019 оны 05 сарын үед Бтэй танилцсан. Төслийн зээлд хамруулж өгье гээд 10.500.000 төгрөгийг Д.Б гэх хүн авсан. Г.Гийн зүгээс ямар нэгэн байдлаар мөнгө өгөхийг шаардаж шахсан зүйл байгаагүй. Харин Д.Б л уулзсан цагаас хойш “яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр өдөр шөнөгүй ярьдаг байсан. 10.500.000 төгрөгийг бүтнээр нь Б-ийн данс руу хийсэн. Анх Г “Олон улсын төсөл байдаг юм байна. Би тэр төсөлд хамрагдахаар бичиг баримтаа өгчихсөн байгаа гэж хэлж байсан.  Г бид нарт итгэл үнэмшил төрүүлэхүйц байсан болохоор итгэсэн...” гэв.

Эрүүгийн 1906057082302 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 154-158 дугаар хуудас/,

Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 241 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б-ын Транскапитал ББСБ-тай хийсэн зээлийн гэрээ /1хх-ийн 181-183 хуудас/,

А.Н-ын Х" банкны 5124032640 дугаартай дансны хуулга /1хх-ийн 223-225 дугаар хуудас/,

Хохирогч М.Н-ын Х банкны 5315555542, 5336101036, 5337066666, 5336101036 дугаартай дансны хуулга /1хх-ийн 42, 43-47, 48-51, 52-55 дугаар хуудас/,

Гэрч Л.М-ийн “...Захирал Бтэй харьцаад 12,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хуулбарыг цагдаад аваачиж өгөөрэй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 197 дугаар хуудас/,

Г.Б-ын Х банкны 5064154597 дугаартай дансны хуулга /1хх-ийн 226-228 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 170, 2хх-243 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.  

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч Д.Б Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н-ыг хөрөнгө оруулалтын төсөлд хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 21.200.000 төгрөгийг дансаар авч залилсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч М.Н-ын 2019 оны 04 дүгээр сард би Уранцэцэг гэх эгчийн хамт Д.Б, Г.Г нартай танилцаж байсан бөгөөд тухайн үед Барилгын чиглэл бүхий Хятадын хөрөнгө оруулалттай төсөл явагдаж байсан гэсэн тухайн үед Төв номын сангийн хажууд байрлах Гурван гал дэлгүүрийн хойд талд байрлах Япон хоолны газар уулзахад Г.Г, Д.Б нар нь “Нууцлалын зэрэглэлтэй төсөл байгаа юм, төсөлд найдвартай хамруулж өгнө” гэсэн юм. Тэгээд тухайн үед танилцаад Д.Б нь нэг төсөл өгсөн бөгөөд тэр төгслийг нь засаж янзлаад ажиллаж байсан юм. Тэгээд Г, Ганболд гэх хүний хамт Говь-Алтай аймгийн төвд байрлах миний үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр болон барилга барих газар зэрэгтэй танилцсан юм. Тэгээд мөнгө өгөхөөр амаар тохирч өөрийн 5315555542, 5336101036 гэсэн данснаас Д.Г болон Д.Б нарын данс руу нийт 21.200.000 төгрөг мобайл банк ашиглан шилжүүлсэн, Д.Б, Г нар нь ярихдаа төслийн нэр нь нууц, хэрэгжүүлж байгаа компани нь нууц гэж хэлсэн. Хятадын хөрөнгө оруулалттай төсөл байгаа бөгөөд миний төсөл дэмжигдэх юм бол бол хятадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэлж байсан  гэх мэдүүлэг,

Гэрч М.Н-ийн “ Миний дүү Н нь 2019 оны 04 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод ирээд, төсөлд хамрагдах зорилгоор Б Г гэх хүмүүст 21.2 сая төгрөгийг өгсөн байсан. Би энэ талаар 2019 оны 05 сард мэдсэн Н нь тухайн үед манай гэрт хэд хоног байрласан ба Б-тэй уулзахад нь би хамт явсан. 2019 оны 05 Б-тэй уулзахаар Тэнгис кино театрын хойно байрлах хөлсөлж байсан байранд нь очиход охин нь гарч ирээд ээж байхгүй гэж хэлсэн ба хувцасны шкаф дах бүх эд зүйлс нь газар байж байхаар нь шкафны хаалгыг онгойлгоход Б нуугдсан байсан. Б-тэй уулзахад “мөнгийг чинь удахгүй өгнө, төсөл үнэн шүү дээ, би худлаа хэлэхгүй, гэрт ирж намайг дарамталлаа”  гэх мэдүүлэг,

2019 оны 04 сарын 15-ны өдөр хохирогч М.Н-ын Х банкны 5315555542 тоот данснаас 5085224823 тоот дансанд 500.000 төгрөг, 2019 оны 06 сарын 23-ны өдөр 5085224823 тоот дансанд 300.000 төгрөг, 2019 оны 04 сарын 16-нд 5405581954 тоот дансанд 5.500.000 төгрөг, 2019 оны 04 сарын 15-ны өдөр 5085224823 тоот дансанд 2000.000 төгрөг, 2019 оны 04 сарын 20-ны өдөр 5085224823 тоот дансанд 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтаар,

Хоёр: Шүүгдэгч нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр хохирогч Г.Б-ыг “олон улсын төслийн зээлд хамруулж өгнө зээлд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай, жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө ” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэргийн үйл баримт нь:  

Хохирогч Г.Б-ын “Б нь утсаар яриад “танай төслийн зээл гарах боломжтой юм байна яаралтай авна гэх юм бол бусад очер дарааллыг нь өмнүүр оруулаад яаравчлаад 10.000.000 төгрөг шаардлагатай байна та орчуулгын 500.000 төгрөг шилжүүлэх гэж хэлэхээр нь маргааш өдөр нь Г-ээс манай эхнэр А.Н түр 500.000 төгрөгийг нь өгч байгаач гэж хэлээд Г-ээс дансаар 500.000 төгрөг шилжүүлж аваад 2019 оны 05 сарын 13-ны өдөр Бийн Х банкны 5085224823 дугаарын дансанд шилжүүлсэн. Эхнэр бид 2 Б-т өгөх ёстой 10.000.000 төгрөгийг бүрдүүлж өгөхийн тулд Налайх дүүрэгт байрлах 4-н өрөө орон сууцыг Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Т ББСБ-д 1 жилийн хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөгийг 2019 оны 05 сарын 14-ний өдөр аваад тухайн өдрөө шууд Б-ийн банкны 5085224823 дугаарын дансанд 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Б-тэй холбоотой байсан, Б хэлэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны эрх бүхий дарга нарт амаар нь гартал мөнгө цутгаж байж энэ эрхийг олж авлаа гэх мэтээр хэлдэг байсан. төсөл юу болж байгаа талаар удаа дараа асуухад маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэх мэтээр маш их хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Б-т өгсөн 10,500,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Одоо миний хувьд Б буруутай үйлдлийн улмаас үндсэн төлбөр 10,500,000 төгрөг, үүн дээр сар бүр банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаа сарын 4 хувийн хүү 6.800.000 төгрөг болсон байгаа. Энэ хүүгийн мөнгийг давхар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Н-ын “...Г олон улсын төслийн зээл байна. Энэ төслийг хариуцаж байгаа Монгол талын захирлыг нь дүү нь таньдаг юм. Энэ хүнтэй уулзаад үзээч гэж санал тавьсан. Үүнээс хойш Г дахиад нэг зээлийг өгч эхлэх гээд байх шиг байна. Манай Дорнодын хамрагдсан компаниудыг дуудсан өгөх гээд байна та уулзаад үзэх үү гэхээр нь энэ талаар нөхөртөө хэлсэн. 2019 оны 05 сарын 12-ны орчим байх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газар нөхөр Мөнхбат, Г нарын хамт Д.Б гэж хүнтэй анх уулзаж хоолонд орсон юм. Тухайн үед энэ хүнтэй уулзахад Олон улсын төслийн зээлд хамруулж өгнө. Зээлэнд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа. энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө гэсэн Б нь манай төсөл хэрэгжүүлж байгаа гэж байгаа газартай танилцаад зургийг нь аваад явсан. Орой нь Б залгаад танай төсөл дэмжигдэх юм байна орчуулгын төлбөр 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан учраас Гээс 500.000 төгрөг зээлж өөрийн Хаан банкны 5124032640 тоот данс руу шилжүүлж аваад Бийн 5085224823 тоот данс руу 2019 оны 05 сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Б дарааллын урдуур оруулж өгнө гэхээр нь түүнд итгээд одоо амьдарч байгаа Налайх дүүргийн 5 дугаар хороо 72-05 тоот орон сууцаа Транс Капитал ББСБ-д 13.000.000 төгрөгийн барьцаанд тавиад 9.950.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны 5064154597 тоот данснаас Бийн данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдрөө үлдэгдэл 50.000 төгрөгийг эхнэрийн данснаас шилжүүлсэн. Ингээд нийт 10.500.000 төгрөгийг Бийн дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ын Т ББСБ-тай хийсэн зээлийн гэрээ,

А.Нын ХААН банкны 5124032640 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б, Г.Г нар нь 2019 оны 04 сард хохирогч М.Н-тай танилцан улмаар нууцын зэрэглэлтэй төсөлд надвартай хамруулж өгнө гэж хуурч шүүгдэгч Д.Б нь 13.700.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Г нь 7500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Г.Г нь  Д.Б-ийг зээл хариуцсан төслийн ажилтан гэдгийг баттай мэдээгүй атлаа 2019 оны 05 сард хохирогч Г.Б-ын эхнэр А.Н-тай утсаар холбогдон,  урьдын танил харилцаатай байдлаа ашиглан улмаар олон улсын төслийн зээл гэж жилийн 1, 2 хувийн хүүтэй барьцаагүй зээл байна, Монгол талыг хариуцсан захирал нь миний таньдаг Б гэх  хүн байна, Дорнодын зарим нэг компаниудыг дуудаж зээл өгөх гэж байна, би уулзуулж өгье гэх зэргээр бусдыг төөрөгдүүлж, удаа дараа холбогдож ятгасаар Д.Б-тэй уулзуулан, улмаар Д.Б нь танай төслийн зээл гарах боломжтой юм байна, яаралтай оруулахын тулд 10.000.000 төгрөг, орчуулгын мөнгө 500.000 төгрөг өгөх шаардлагатай байна гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий  болгон 10.500.000 төгрөг шилжүүлэн авах үйлдэлд хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  “гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Б, Г.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамласныг 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.  

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч нараас  гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Энх-амгалан: Миний үйлчлүүлэгчийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг бий болгож бусдад хохирол учруулсан үйлдэлд 17.3-1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Ц-гийн мэдүүлэгт тодорхой байгаа. Г-тэй танилцуулсан. Г нь хэрэв тийм зүйл үнэхээр байгаа бол зуучлах компаниуд байгаа шүү гэсэн байдаг. Энэ байдлаар Ц гэх гэрчтэй танилцаад Бтэй уулзаад нөхцөл байдлыг танилцуулаад боломжтой гэдгийг Гт хэлсэн. Г түүнд нь итгэсэн. Б гэх хүний саналыг бусдад дамжуулж байгаа. Өөрөө ч энэ төслийн зээлд хамрагдаад явж байсан. Гэтэл нөхцөл байдал ойлгомжтой болоод худлаа яригдаад байгаа юм байна гэсэн нь мэдэгдэнгүүтээ авсан мөнгөнүүдийг буцаагаад шилжүүлж өгсөн байгаа.  Шүүгдэгч Д.Б-тэй нийлээд зориуд зохиомол байдлыг бий болгосон зүйл байхгүй. Ийм учраас өмгөөлөгчийн хувьд Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Г.Г-ийн хувьд өөрөө шүүгдэгч Д.Б-т хууртан залилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Д.Б-ийг олон улсын зээл хариуцсан төслийн ажилтан болон зээл гаргах эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэж байсан /эсхүл зээл гаргах эрхтэй гэдгийг баттай мэдээгүй/ атлаа хохирогч нарт олон улсын зээл хариуцсан Монгол талын захирал гэж  Б.Б-ийг танилцуулан, барьцаагүй зээл олгож байна, зарим компаниуд 5 тэрбум төгрөгийн зээл гарсан байна  гэх зэргээр хуурч, шүүгдэгч Д.Б-тэй уулзуулах байдлаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч  захиран зарцуулж байгаа идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна. Иймд өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.  

  Мөн шүүгдэгч Г.Г нь хохирогч Г.Б-аас шилжүүлэн авсан 10.500.000 төгрөгөөс тухайн өдөрт нь буюу 2019 оны 05 сарын 14-нд гэрч Г.М-ийн /шүүгдэгч Г.Гийн нөхөр /-ийн Х банкны 5405581954 тоот дансаар дамжуулан 3000.000 төгрөгийг  шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба дээрх мөнгийг Б.Б-ээс түр хэрэглэхээр авсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Залилах гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-д 13.700.000 төгрөгийн, хохирогч Г.Бад 7.500.000 төгрөгийн , шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Н-д 7500.000, хохирогч Г.Б-д 3000.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Н-д 7500.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Н-д 2000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Хохирогч Г.Б-д учруулсан 10.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б дангаараа төлж барагдуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 22.200.000 төгрөг гаргуулж хохирогч М.Н-д 11.700.000 төгрөг, хохирогч Г.Б-д 10.500.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах санал гаргасан байна.

Хохирогч М.Н-аас: “...Завсарлага авснаас хойш хохирол төлөгдөөгүй. Иймд хорих ял оногдуулах нь зүйтэй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн Г.Г-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан: “...Улсын яллагчийн зүгээс Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны олон хүүхэдтэй  зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулах саналыг тус тус гаргаж байна.

Шүүгдэгч Г.Г-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангий 17.3 дугаар зүйлийн 1  дахь хэсэгт зааснаар 1000.000 төгрөгөөр торгох ялаар,

Харин шүүх Д.Б-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны 07 сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой байна.

Иймд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялын хамрах хүрээг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр тогтоож, шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, төрийн байгууллагаас үйлчилгээ авахаас бусад үед эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Б-т зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Номчбат овгийн Д.Б, Х овогтой Г.Г нарыг бүлэглэн “хөрөнгө оруулалтын төсөлд хамруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, төрийн байгууллагаас үйлчилгээ авахаас бусад үед эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Д.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ээс нийт 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Н-д 11.700.00 /арван нэгэн сая долоон зуун тавин зургаан мянга/ төгрөгийг, хохирогч Г.Б-д 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Н-д 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Н-д 2000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

13. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

14. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН