Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/496

 

 

 

 

  2022         05          10                                 2022/ШЦТ/496

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин

Улсын яллагч: С.Э,

Шүүгдэгч Э.З,

Шүүгдэгч Ч.Д нар оролцсон эрүүгийн 2209000000407 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн 1985 оны 07 сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Майнекс Экүтмент ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай , ам бүл дөрөв / урьд өмнө ял шийтгэлгүй, Ц овогт Э З

 Монгол улсын иргэн 1997 оны 08 сарын 29-ны өдөр Дархан Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх дүүгийн хамт түр оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй, Т ургийн овогтой Ч  Д

 Холбогдсон гэмт хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.З, Ч.Д нар бүлэглэж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лагшин төвийн 6г тоотод иргэн иргэн Д.Б-тэй үл ойлголцол үүсгэн улмаар улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд буюу биед зүүн хацар, дух, баруун хөмсөг, зүүн шанаа зүүн нүдний доод зовхи, уруул, баруун хацар, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000407 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-40 дүгээр хуудас/, 

Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дугаар сарын 27-ний өдрийн өдрийн 2340 дугаартай дүгнэлт:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3631 дугаартай “...Д.Б-ийн биед зүүн хацар, дух, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, уруул, баруун хацар, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Э.З, Ч.Д нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.З, Ч.Д нар нь бүлэглэж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лагшин төвийн 6г тоотод иргэн иргэн Д.Б-тэй үл ойлголцол үүсгэн улмаар улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд буюу биед зүүн хацар, дух, баруун хөмсөг, зүүн шанаа зүүн нүдний доод зовхи, уруул, баруун хацар, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Б-ийн ”... Би тухайн лагшин төвд дээрээс доошоо бууж гэрлээ унтрааж, граж руу орж ус алдсан эсэхийг шалгаж явдаг. Би лагшин төвийн 6 давхрыг шалгаад гарч байсан урдаас шал танихгүй түрээслэгч биш хүн орж ирсэн. Тэгээд би та яах гэж байгаа билээ гэж асуутал би хүүхэн дээрээ орох гэж байна гэж хэлээд согтуу эрэгтэй дайраад орсон. Тэр хүнийг би өмнө нь харж байсан, өмнө надад хэлж орж байсан хүн байсан.Тухайн үед хоёр лааз пиво лагшин төвийн гадаа уусан. Тэгээд ажил руугаа орж Лагшин төвийн хэвийн байдлыг шалгасан. Тухайн үед согтолт бага халаалттай байсан. Намайг эрэгтэй нь хоолойноос боогоод, дээрээс нь толгой руу хөлөөрөө өвдөглөж дарсан, мөн эмэгтэй нь маажаад, нүүр рүү хацар хэсэгт алгадаад маажаад байсан. Би болиоч ээ гэж гуйсан тэгээд босож ирээд явах гэхэд эрэгтэй нь араас татаж унагааж, эмэгтэй нь толгой руу өшиглөж байсан. Хамаг бие маажаад байсан. Дээрх гэмтлүүдийг тэр эрэгтэй эмэгтэй хоёр нийлж учруулсан. Эмэгтэй нь нүүр рүү нэлээн олон удаа алгадсан тэр үед миний биед хацар улайж зулгарсан цус хурсан, мөн хүзүү, нуруу, суга, чихний ар хэсэг зэргийг маажсан. Мөн толгой руу хөлөөрөө өвдөглөж дараад цохиод байсан. Эрэгтэй нь эхлээд нэг удаа зүүн хацар руу шанаадаж цохиж газарт унагаасан. Тэгээд намайг өвдөглөөд дээрээс суугаад байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.М-ийн “...2022 оны 01 сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад 01 сарын 27-ны шөнийн 01 цагийн орчим ресепшний дугаар руу захирал Г утсаар холбогдож 6 давхарт согтуу хүмүүс маргалдаад байх шиг байна, очоод шалгаарай гэж хэлсэн. Тэгээд би яваад ороход тэнд 4 хүн байсан ба маргалдаж байгаа 3 хүн байсан. Тэгээд намайг ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Б гэх залууг нийлж дайраад байхаар нь дундуур нь орж салгаад дийлэхгүй тэр хоёрын нэгийг нь салгахаар нөгөөх нь дайраад ээлжлээд Б рүү дайраад байсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн цагдаа руу яаж залгахаа мэдэхгүй Г захирал руу залгаж би салгаж дийлэхгүй зохицуулж чадахгүй байна та цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудчихлаа гэж Г захирал бууж ирсэн. Захирлыг бууж ирэх үед маргаан нь багассан болохоор намайг доошоо бууж ажлаа хий гэсэн. Тэгээд би доошоо буутал удалгүй цагдаа нар ирээд тэр гурвыг аваад явсан. Б яг юу хийдэг эсэхийг мэдэхгүй, гэхдээ тэнд байнга ажилдаг. Засвар үйлчилгээ янз бүрийн л ажил хийгээд яваад байдаг. Тухайн үед ороход 3 хүн маргалдаж байсан. Нэг нь Б байсан нөгөө хоёрыг нь таньж мэдэхгүй, нэг нь эрэгтэй нөгөө нь эмэгтэй байсан. Тухайн үед хоёр эрэгтэй нь хоорондоо зууралдаад заамдалцаад тавьж өгөхгүй байсан. Хоорондоо бол цохилцоогүй салж өгөхгүй зууралдаад байсан. Тэгээд салгах гээд дундуур нь орж салгасан хойгуур хамт байсан эмэгтэй нь Б рүү дайраад нүүр бие рүү нь маажиж алгадаад байсан. Тэгээд тэр эмэгтэйг салгах үед нөгөө эрэгтэй дахин дайрч Бийг татаж унагаад хүзүүгээр нь сугадаж боосон байдалтай дээр нь дарсан байж байсан. Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй гээд цохиулаад суугаад байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Э-ийн: “...2022 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө ажил дээрээ унтаж байтал хүмүүс орилолоод зодолдоод байх шиг байхаар нь гараад очсон. Тэгсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай ажлын Хишигээ гэх залууг барьж аваад дээр нь гарсан, цохисон байдалтай мөн хажуугаас нь эмэгтэй нь цохисон байдалтай орилоод байж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр хоёр тэр залуу руу дайраад салахгүй би 2-3 удаа салгаж холдуулсан. Намайг очиж салгаад байж байтал дахин хоёр талаар дайрч зууралдаад байсан. Тэр эмэгтэй нь маажаад цохиод байсан. Тэгээд бүх биеийг нь маажсан харагдсан. Тэгээд байж байтал ресепшин залуу орж ирээд салгалцсан. Тэр эмэгтэй нь алаад өг алчихъя л гээд дайраад байсан. Би тухайн үед 2 дахь удаагаа салгаад байж байтал эрэгтэй нь дахин дайрч тэр Х гэх залууг боосон, тэр үед би эмэгтэйг нь мөн дайрч маажаад байхаар нь салгаад холдуулж байсан тэгсэн тэр залуу нь газарт коридорт байсан гар угаадаг шилэн угаалтуур тавьсан байсныг авч тэрүүгээр ална гэж гартаа бариад цохих үед нь би татаж биед нь хальт хүрээд өнгөрсөн. Тэр үед ресепшин залуу мөн орж ирсэн байсан болохоор хамт салгалцсан. Миний нүдэнд бол харагдаагүй, тэр эмэгтэйд бол Х гэх залуу ойртохгүй эрэгтэйтэй нь бол зууралдаад барьцалдаад байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3631 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З, Ч.Д нар бүлэглэн хүч хэрэглэн хохирогч биед халдаж цохиж, зодох зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хохирогч Д.Б-ийн мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Э.З, Ч.Д нарын хэн алиных нь үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдын биед халдаж зодож, цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.З, Ч.Д нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Б нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд,  шүүгдэгч Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.З, Ч.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Э З, Т ургийн овогтой Ч Д нарыг бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-ийг 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Ч.Д-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, Ч.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Э.З, Ч.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, Ч.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН