Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/521

 

 

 

 

 

 

 

    2022       05          16                                    2022/ШЦТ/521

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Б.Оргилболд,

шүүгдэгч Ц.Э-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209005390685 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн жүжигчиний ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эмээ, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:.. / Ц.Э- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргилуун” төв дотор хохирогч П.Хасартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохиж, зодсоны улмаас биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:
 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Хасарын мэдүүлэг / хх 29-30 /, гэрч Т.Анхбаярын мэдүүлэг / хх 37-38 /, гэрч Г.Мөнгөншагайн мэдүүлэг / хх 41-42 /, гэрч Б.Төгс-Эрдэнийн мэдүүлэг / хх 45-46 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлт / хх 52-53 /, яллагдагч Ц.Э-ийн мэдүүлэг / хх 9 /, хохирогч П.Хасарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт / хх 84 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 81 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 62 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргилуун” төв дотор хохирогч П.Хасартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож,  биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч П.Хасарын / хх 29-30 / “...Оргилуун бааранд ороод ганцаараа 3 шил пиво уугаад сууж байтал манай найзын дүү Төгс-Эрдэнэтэй таарсан. Түүнийг энэ орой болсон байхад юу хийж яваа юм гээд ярилцаж байсан. Гэтэл Төгс-Эрдэнэтэй хамт явсан урт үстэй залуу уурлаад манай найзыг дээрэлхээд байна уу гээд маргаан эхлүүлсэн. Би найз Отгоноо руу залгаад ирээд авчих гэж хэлээд хүлээж байхад Отгоноо ирсэн. Би нилээн согтсон байсан бөгөөд явах болоод баарны коридорт Отгоноотой юм ярьж байхад баарнаас хоёр залуу гарч ирсэн. Нэг нь урд бааранд байсан урт үстэй залуу байхаар нь би түүнд хандаж “Та нар залуу хүүхдүүд зөв боловсон байна шүү” гэхэд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Нэг цохилт нь миний баруун нүдийг оносон болохоор би ухаан балартаад доош тонгойх хооронд дахиад хэд хэдэн удаа цохьсон. Урт үстэй буюу Ц.Э- гээд байгаа залуу нь надад гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Т.Анхбаярын / хх 37-38 / “...Хасар гэх залуу Отгоноо гэх найзын хамт шатан дээр сууж байснаар бид хоёрыг хараад босож ирээд Отгоноо гэх хүн бид хоёрт хандаж “Та нар яагаад байгаа юм. Ийм том болчихсон юм уу” гэх зэргээр юм ярьсан. Гэтэл Хасар гэх залуу бид хоёрыг цохиод авсан чинь Ц.Э- өөдөөс нь цохилцоод эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Мөнгөншагайн / хх 41-42 / “...Нилээн байж байгаад Анхбаяр, Ц.Э- хоёр гадагшаа гарахад Хасар гэх ах шатан дээр хүлээгээд сууж байсан гэсэн. Тэгээд орилоод эхлэхээр нь гараад харахад Хасар гэх ахтай Ц.Э-, Анхбаяр хоёр зодолдож байсан. Би голоор нь ороод салгахад Хасар нь намайг заамдаж аваад тавихгүй байхаар нь цээж рүү түлхээд өөрийгөө холдуулсан. Хасартай Ц.Э- зодолдсон юм байна лээ. Анхбаяр харин салгаж зууралдаж байхад нь бид нар зодолдож байсан гэж ойлгоод байсан байна лээ...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Төгс-Эрдэнийн / хх 45-46 / “...Хэсэг хугацаа өнгөрсний дараа Ц.Э-, Анхбаяр хоёр гадагшаа гарахаар явсан. Гэтэл коридорт шуугиан болоод байхаар нь гараад харахад Хасар ах буцаад Отгоноо гэх хүний хамт хүрээд ирсэн Ц.Э-тай зодолдож байсан. Тэгэхээр нь Мөнгөншагай бид хоёр салгахад Хасар ах Мөнгөншагайг цохиод авах шиг болоод Мөнгөншагай буцаагаад түлхсэн ба түүнийг нь сайн хараагүй. Ингээд зодооныг салгаад харахад Хасар ахын зүүн хөмсөг нь сэтэрсэн цус гарч байсан...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлтэд:

1. П.Хасарын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 52-53 /

 

Яллагдагч Ц.Э-ийн / хх 9 / “...Би хохирогчид гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Э-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э-эд ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Э- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан, сургуульд сурдаг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Ц.Э- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ