Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/509

 

 

 

 

 

 

 

  2022          05          12                                  2022/ШЦТ/509

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Д.Д /томилолтоор/ нар оролцсон эрүүгийн 2209005760752 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х.А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Арви худалдааны төвийн гадна хохирогч П.Б-ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан, биед нь халдаж хохирогчийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага насны хүүхэдтэй тул хувийн байдлыг харгалзан үзнэ үү.....” гэв.

Эрүүгийн 2209005760752 дугаартай хэргээс:

Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3785 дугаартай:

1. П.Б-ын биед тархи доргилт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Арви худалдааны төвийн гадна хохирогч П.Б-ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан, биед нь халдаж хохирогчийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч П.Б-ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5 буудлын "Арви" худалдааны төвийн гаднаас хөдлөх гэж байсан чинь урд приус-20 маркийн саарал өнгийн машин ирж зогссон юм. Тэгээд би нэг удаа сигналдаад ахаа би гарья гэсэн чинь "яасан сүртэй пизда" бэ гэж хэлээд цаашаа очоод хаалга татаж үзчихээд машин луугаа хүрч ирсэн. Тэгэхээр нь би “та хүнтэй жоохон соёлтой харьцаач” гэсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гээд над руу хүрч ирээд би машинаасаа буусан чинь ах намайг заамдаад авсан юм. Тэгээд байж байсан чинь ахын машинаас нэг эмэгтэй бууж ирснээ намайг учир зүггүй толгой тархи нүүр ам руу гараараа удаа дараа цохиж эхэлсэн юм. Тэр үед миний уруул дотор талдаа язраад цус амтагдсан юм. Тэгээд би тэр ахыг цохиогүй зууралдаж байгаад салсан юм. Тэгээд би зай авах гээд тэр эмэгтэйг хөлөөрөө нааж түлхсэн юм. Тэгээд байж байгаад маргалдаад цагдаа дуудсан чинь зугтах гээд машинаа асаагаад явах гээд байхаар нь би машиных нь урд нь гараад ард нь гараад сүүлдээ түлхүүрийг нь булааж авсан юм. Тэгээд байж байсан чинь ар гэрийнхэн нь баахан хүмүүс ирээд бөөн хэрүүл болоод байж байсан чинь цагдаа ирсэн юм. Тухайн гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Х “...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн охин А-ийн хамтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5 буудлын "А" худалдааны төвийн гадна очоод хувцас угаалгын газар онгорхой байгаа эсэхийг шалгах гээд буусан бөгөөд тэр үед манай машины цаана байсан жолооч залуу цонхоо онгойлгоод пизда минь чи зайлаач ээ гэхээр нь манай охин чи аав шигээ хүнийг пиздагаар нь дуудлаа гээд хэрүүл болсон бөгөөд манай охин тэр залуугийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохих шиг болсон бөгөөд тэр залуу зөрүүлээд манай охиныг бууж ирээд өшиглөсөн юм. Тэгээд би очоод маргалдаад байж байгаад охиноо салгаад машиндаа суулгаад хөдлөөд явах гэсэн чинь тэр залуу цонх онгорхой байхад орж ирээд намайг шанаадаад машинд зүүлттэй байсан түлхүүрийг хуга татаж авсан юм. Тэгээд би буцаж эргээд машин дээр нь очиж зогсоод цагдаа дуудсан гэхээр нь хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд улмаар цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3785 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Арви худалдааны төвийн гадна хохирогч П.Б-ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан, биед нь халдаж хохирогчийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Х.А нь хохирогчийг нүүрэн тус газар нь удаа дараа цохиж, зодсон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас П.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч П.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-48/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Х.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Х.А-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН