Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 171/2022/0227/Э |
Дугаар | 2022/ШЦТ/249 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/249
2022 07 05 2022/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Буджав
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2225000000300 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны *** тоотод Т.Б-тай маргалдан нүүрэн тус газар өшиглөх, нүүр лүү нь гараараа цохиж зодсоны улмаас уруулын няцарсан шарх гэмтэл, 11-р шүдийг хугалж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиргчийн нэхэмжилсэн 3 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би шүдний эмнэлэгүүдээр явж асууж үзсэн 2 000 000 төгрөгт багтаан эмчлэх боломжтой гэсэн” гэв.
Хохирогч Т.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Т.Б -н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 6 дахь тал/,
2. Хохирогч Т.Б н “би Э , Д хоёрыг одоо болноо, гэртээ харь гэхэд манай гэрээс явахгүй, үл тоосон шинжтэй байгаад байсан. Мөн манай гэрт үргэлжлүүлэн 0.75 литрийн хэмжээтэй архи авч уусан. Э миний урдаас уурлаад ямар том пизда вэ гээд намайг түлхээд авсан. Миний хоолойг багалзуурдаж, боож унагаахаар нь би түүний толгойноос доош дарсан. Тэгсэн ч надад дийлдээгүй. Миний нүүр лүү хромон гутлаараа өшиглөсөн, гараараа нүүр лүү 2-3 удаа цохьсон. Э гаар хугарсан шүдний оронд хиймэл шүд хийлгүүлмээр байна. өөрөө хийлгэх гэхээр би мөнгө, төгрөгийн боломжгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-12 дахь тал/
3. Гэрч Б.Ч-н “Э нь чиний цусаар чинь би хромоо тослоно шүү” гэж хэлээд барьцалдаж аваад манай нөхрийг багалзуурдаж, газар унагаагаад нүүр лүү нь өшиглөж, гэрийн униар бие рүү нь цохьсон. Д зодооныг салгах гэж оролдсон. Манай хүү Г гаднаас орж ирэхээр нь хүүгээ цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,
4. Сэжигтэн Б.Э гийн “2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр миний бие найз Д гийн хамтаар хүргэн ах Б-н гэрт очсон. Гэрт нь хүргэн ах Б манай төрсөн эгч Ч , түүний хүүхдүүд байсан. Б ахын гэрт 0.5 литрийн 1 шил архи, 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Б ахын хүүхэд Г намайг хэл амаар доромжлоод байхаар нь би бага байхдаа өвөө эмээ дээрээ өсчихөөд юу гээд байгаа юм гэхэд намайг аав руугаа түлхэж унагаачихаад гэрээс гараад явсан. Тэгтэл Б босож ирээд чи муу, хүүхэд рүү яагаад томроод байгаа юм бэ ална үү гээд намайг заамдаж аваад хэвлий рүү цохьсон. Би зөрүүлээд Б-н нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Хүү Г нь цагдаад дуудахаар нь гэрээс гараад зугтаачихсан. Би өмсөж явсан гутлаараа цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/
5. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаартай “Т.Б н биед дээд уруулд 1 тооны няцарсан шарх, 11-р шүд унасан, 21-р шүд ганхалт, доод эрүү, хүзүүний баруун хажууд 2 тооны зулгаралт, цээж баруун мөрөн дээр зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уруулын няцарсан шарх, 11-р шүд нь унасан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
6. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаартай “Б.Э гийн биед цээж, зүүн чихний урд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
7. Б.Э ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/,
8. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолынн хуулбар /хавтаст хэргийн 39-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны *** тоотод Т.Б -н нүүрэн тус газар өшиглөх, нүүр лүү нь гараараа цохиж зодсоны улмаас уруулын няцарсан шарх гэмтэл, 11-р шүдийг хугалж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Т.Б -н цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Т.Б -н “Миний нүүр лүү хромон гутлаараа өшиглөсөн, гараараа нүүр лүү 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Ч-н “манай нөхрийг багалзуурдаж, газар унагаагаад нүүр лүү нь өшиглөж, гэрийн униар бие рүү нь цохьсон” гэх мэдүүлэг, Б.Э гийн “Би зөрүүлээд Б-н нүүр лүү 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны *** тоотод Т.Б-тай маргалдаж, нүүрэн тус газар өшиглөх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож уруулын няцарсан шарх, 11-р шүдийг хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б -н эрүүл мэндэд нь 11-р шүдний хугарал, уруулын няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогч Т.Б нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Э хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.Б д олгох нь зүйтэй. Хохирогч нь шүд хийлгэх эмчилгээний зардлын зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гаас 2 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хорооны *** тоотод оршин суух/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай
6. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.Б нь эмчилгээний зардлын зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС