Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/522

 

 

 

 

 

 

 

    2022       05          16                                     2022/ШЦТ/522

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000542 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн, уг ялаа биелүүлсэн / хх 82 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .../ Б.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... лоунжид Б.Б-тай маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн хөлийн шаант ясны далд хугарал, шагайн үеийн гадна болон дотор холбоосны хэсэгчилсэн урагдал, суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:
 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Согтуу байсан учир буруу ойлгоод түлхэж унагаасан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Байгалийн мэдүүлэг / хх 6-7 /, гэрч Н.Ш-ын мэдүүлэг / хх 17-18 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаартай дүгнэлт / хх 40-41 /, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 47 /, яллагдагч Б.Б-ын мэдүүлэг / хх 24-25 /, хохирлын баримтууд / хх 56-62 /, хохирогч Б.Б 6.000.000 төгрөгний эмчилгээний зардлаа авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт / хх 78 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 67 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 66 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... лоунжид Б.Б-тай маргалдан үстэж унагаан өшиглөж, эрүүл мэндэд зүүн хөлийн шаант ясны далд хугарал, шагайн үеийн гадна болон дотор холбоосны хэсэгчилсэн урагдал, суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Б.Б-ийн / хх 6-7 / “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед ... 3 дугаар давхарт үйл ажиллагаанд уригдсан бөгөөд үйл ажиллагаа тарж байсан ба би найзын хамт дээшээ 23 давхар руу гарч байхад Б.Б- гэх эрэгтэй нь нэг хүүхний хамт явж байсан. Уг хүүхнийг өөрийнхөө эхнэр гэж танилцуулсан. Тэгээд уг хүн нь манай найз О-тай яриа өдөөд дагаад яваад байсан. Тэгээд бид нар 23 давхарт байрлах лоунжинд орсон. Манай найз О нилээд согтсон байсан. Тэгэхэд Б.Б- нь манай найзаас согтуу хүнээс эрээ цээргүй асуултууд асуугаад байсан. Тэр үед Б.Б-тай хамт явж байсан хүүхэн бичлэг хийгээд байсан. Би Б.Б-ад хандаж боль гэж зөндөө хэлсэн. Сүүлдээ биеэ барьж чадахгүй би босоод ирэхэд миний шууд нүүр рүү түлхээд зодсон. Газарт түлхэж унагаасан. Би газарт унаснаа л мэдэж байна. Тухайн үед би маш их сандарсан айсан байсан. Намайг өшиглөөд байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Н.Ш-ын / хх 17-18 / “...Эрэгтэй хүн босож ирээд шар цамцтай эмэгтэйг үсдээд газарт унагаасан ба энэ эрчиндээ өөрөө бас дээрээс нь дарж унасан. Уг эрэгтэй хүн ширээндээ сууж гэж явахдаа газар шалан дээр сууж байсан шар цамцтай эмэгтэйн яг хаана өшиглөснийг хараагүй ч нэг удаа өшиглөчхөөд цааш ширээндээ суусан...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ийн биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал, шагайн үений гадна болон дотор холбоосны хэсэгчилсэн урагдал, суналт, цээж, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Зүүн хөлийн шаант ясны далд хугарал, шагайн үеийн гадна болон дотор холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээж бугалганд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй гэжээ. / хх 40-41 /

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 47 / “...Б.Б- нь гэнэт сандлаасаа босч ирэн зүүн талын тохойгоороо Б.Б-ийн баруун эрүү шанаа хэсэгт тохойлдож улмаар баруун гараараа нүүр рүү нь түлхэн, 2 гараараа толгойноос нь барьж, баруун гараараа Б.Б-ийн үснээс зуурч баруун тал руугаа мушгин унагааж доош даран дээгүүр нь унаж байх ба энэ үед ширээнд байсан 2 эмэгтэй босож ирж салгаж байх ба энэ үед цагаан хувцастай эмэгтэй нь Б.Б-ыг цааш нь татахад Б.Б- нь Б.Б-иас салаад зогсож байснаа 02:38:31 цагт дахин Б.Б-ийг баруун хөлөөрөө өшиглөж байгаа нь бичигдсэн байлаа” гэжээ.

 

Яллагдагч Б.Б-ын / хх 24-25 / “...Б гэх хүнтэй маргалдаж улмаар түүнийг түлхсэн. Би нилээн их согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас болсон асуудлыг бүрэн дүүрэн санахгүй байна. Б-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ад ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Б-ийн эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 / нэг мянга хоёр зуу / нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ