| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0471/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/507 |
| Огноо | 2022-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/507
2021 05 12 2022/ШЦТ/507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхим Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин
Улсын яллагч: Ц.Ш,
Шүүгдэгч Э.Б,
Шүүгдэгч Э.Б нар оролцсон эрүүгийн 2209000000576 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 146 байрны 22 тоотод оршин суух хаягтай, Дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, Хэмжилзүй ХХК-д цахилгааны инженер ажилтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э.Б
Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт оршин суух хаягтай, Дээд боловсролтой, Олон нийтийн харилцааны мэргэжилтэй, Космотрейд ХХК-д ажилтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, И М овогт Э.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 27-ны орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гоодойн зуслангийн задгай тоотод О.А-г “миний эхнэрийг зодлоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүд, уруулан тус газар гараараа цохиж зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гоодойн зуслангийн задгай тоотод О.А-г “эмэгтэй хүний хажуугаар хэвтлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний хамар тус газар гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б, Э.Б нар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн болно.
Эрүүгийн 2209000000576 дугаартай хэргээс:
Хохирогч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 17-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7531 дугаартай дүгнэлт:
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3631 дугаартай “...О.А-гийн биед хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 54-55-р хуудас/,
Э.Б, Э.Б нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87, 99 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 сарын 27-ны орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гоодойн зуслангийн задгай тоотод О.А-г “миний эхнэрийг зодлоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүд, уруулан тус газар гараараа цохиж зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гоодойн зуслангийн задгай тоотод “эмэгтэй хүний хажуугаар хэвтлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний хамар тус газар гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч О.А-гийн “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зусланд манай эмэгтэй найз А гадаад явахаар болсны баярыг тэмдэглэж байхад 20 цагийн үед би унтаж байхад Б над руу дайрч миний нүүрний шанаа хэсэгт зүүн гараараа нэг удаа цохиод 3 удаа алгадсан. Дараа нь 22 цагийн үед Б миний нүүрэн тус газар цохиод би ухаан алдсан. Э.Б миний нүүр лүү 1 удаа гараараа цохиод 3 удаа алгадсан. Э.Б миний нүүр лүү маш олон удаа цохисон хэдэн удаа, юугаар яаж цохисныг санах боломжгүй байхгүй. Э.Б, Э.Б хоёр намайг хугацааны хувьд өөр цаг хугацаанд тус, тусдаа зодсон. Э.Б намайг унтаж байхад алгадаад эхэлсэн тэгээд яаж байгаа юм бэ? гэж асуутал би чамайг андуурсан байна буруу ойлгосон байна гэж надаас уучлалт гуйсан. Э.Б-ий найз охиныг цаашаа бай гэж хэлээд түлхсэн тэгтэл тэр хүүхэн бөгсөөрөө газарт унасан тэгээд орилоод тэгтэл гадаа тамхи татаж байсан Б орж ирээд намайг цохисон түүнээс хойш би ухаан балартсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.У-ын “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зусланд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би найз А, Н, Б, Б түүний эхнэрийн хамт бид нар байсан тухайн үед найз А гадаад явах гээд үдэлтийн баяраа тэмдэглэсэн юм... Би хамгийн эрүүл байсан тухайн үед архи согтууруулах ундааны хэрэглээгүй тухайн өдөр маш хүйтэн байсан учраас хажуугийн өрөөнд нь даараад байж байтал А гэх залуу хажуугаар ороод би чамайг яах ч үгүй гэж хэлээд миний хажуугаар орж ирээд хэвтсэн. А миний гараас бариад цамц сөхөөд гараа оруулсан тэгэхээр нь би гараа аваач болиоч гэж хэлсэн тэгтэл намайг наашаа харчих гэж хэлсэн тэгээд би иргээд хартал Б гэх залуу А алгадсан тэгээд А ахын дүү чи эмэгтэй хүн дургүй байхад нь оролдоод байхдаа яадаг юм бэ? гэж хэлээд хоёр удаа алгадсан тэгтэл хамраас нь цус гарсан тэгэхээр нь би нөгөө хоёрыг салга гээд нөгөө өрөөнөөс хүмүүс дуудаад тэр хоёрын асуудлыг хурцатгахгүйн тулд намайг яагаач үгүй чи буруу ойлгочихлоо гэж хэлээд Б-г тайвшруулсан түүнийг сонсоод Б нөгөө Агээс уучлалт гуйсан... эвлэрээд гар барьсан... Тэгээд бид нар нэг давхрын тоглоом тоглохоор болоод үлдсэн би дээшээ гараад хоёр давхрын өрөөнд ном уншаад сууж байсан. Тэгтэл доор нэг давхарт миний эхнэрийг цохилоо, эхнэрийг чинь цохичихлоо... гэх мэтээр шуугиад эхэлсэн... уг хоёр зодоон цаг хугацааны хувьд 30-40 минутын хугацаанд зайтай болсон... Б эхлээд А-г алгадахад хамраас цус гарсан Агийн нүд зүгээр байсан... харин дараа нь зодолдоход нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Х-ын “...А гээд сүүлд Б гэх хүүхний дагуулж ирсэн урт үстэй залуу юм яриад байсан тэгээд сонин, сонин зүйл яриад байхаар нь би чамтай яриа нийлэхгүй юм байна гэж хэлээд боссон тэгтэл намайг чи яасан сэхүүн охин бэ гэж хэлээд татаж босгосон тэгтэл нэг нь манай нөхөр Б-г дуудсан юм шиг байсан би түүнийг гаднаас орж ирж байгааг харсан тэгээд найз нар намайг дээг аваал гарсан... надад учирсан гэмтэл байхгүй тухайн үед миний гар хөхөрсөн байсан түүнийг манай найз нар намайг татаж босгохдоо учруулсан байх мөн өгзгөөрөө унасан болохоор өгзөг хөхөрсөн байсан шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/хэргийн 40-41-р хуудас/,
Гэрч Х.Н-ийн “...Би орой 19 цагийн орчим унтаж байгаад сэрээд доошоо буугаад 00 ороод гараад иртэл нөгөө өрөөнөөс чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ? гэж эрэгтэй хүн нэлээд чанга дуугарч байсан тэгээд яасан юм бол гээд ортол манай найз У-г оролдсон гээд Б уурласан хажууд нь А гэсэн байх бүтэн нэрийг нь мэдэхгүй тухайн үед Амка гэж дуудаж байсан залуу байсан тэр залуугийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэр хоёрыг салгасан салсны дараа нөгөө хоёр учраа олох гэж гадаа гараад иргэж орж ирэхдээ хоорондоо ойлголцсон орж ирсэн тэгээд бүгд буцаад ширээ тойроод юм яриад суусан тэгээд би найзтайгаа юм яриад сууж байтал манай найз Х-ыг цохичихлоо гээд А хашхирсан би хартал Х нүүрээ дарсан газарт явган суусан байдалтай байсан... гэтэл гаднаас Х-ын нөхөр Б гаднаас орж ирээд яасан юу болсон гэж асуугаад нөгөө Амка гэх залуутай чи яахаараа манай эхнэрийг зодож байгаа юм бэ? гээд заамдалцаад авсан... намайг тухайн өрөөнд ороход нүд нь зүгээр байсан хамраас нь цус гарсан байсан... Б А хоёр маргалдаад дараа нь А Б хоёр маргалдаж байгаа цаг хугацааны хувьд бол 30-60 минут болсон харин А Б хоёрыг маргалдаж байхад бид нар бүгд л байсан Б тухайн үед Б-тэй нийлж А-г цохих зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Булганы “...Б нөгөө залууг алгадсан нөгөө залуу нь Б-г нэг цохих шиг болсон тэгээд нөгөө хоёр зууралдсан тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр эвлэрээд сууцгаасан тэгээд би дээшээ гараад өөр өрөөнд ороод унтаад өгсөн... Тэгтэл доор нэг давхарт бужигнаад хүмүүс орилоод эхэлсэн тэгэхээр нь би хоёр давхраас буугаад иртэл нөгөө У-ын хажуугаар хэвтэж байсан залуу Б, Б нар маргалдсан байж байсан... Б У-ын хажуугаар хэвтэж байсан залууг алгадах үед тэр залуугийн хамраас цус гарсан... эхний удаа Б-тэй маргалдаад салсны дараа нүд хөмсөг нь зүгээр байсан хоёр дахиа муудалцаад намайг дээрээс бууж ирэхэд Б-ий нүд нь бага зэрэг хөхөрсөн нөгөө дээр Б-тэй маргалдсан залуугийн нүд нь хөхөрсөн байсан... эхний маргааны дараа хоорондоо юм яриад инээлдээд байсан нэлээд хугацаа босон байх ёстой...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Б-гийн “...бид нар очоод юм яриад байж байтал гэнэт А-г, Б цаана байдаг жижиг өрөөнд цохиод авсан. Гайхаад юу болоод байна гэж асуутал Б манай найз У-ыг А оролдсон тийм болохоор би цохисон гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр эвлэрээд зүгээр болсон... Хэсэг хугацааны дараа бид нар Хаяка гэж дууддаг би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна А-г намайг цохисон гэж хэлээд шалан дээр суугаад согтуу орилсон тэгтэл Б гэж түүний найз залуу уурлаж босож ирээд А-г зодсон А-гийн нүд хөхөрсөн байдалтай байсан... Б А-г эхлээд цохиход хамраас нь цус гарсан байсан... нүд аманд нь гэмтэл харагдаагүй... Б нь А-гийн нүүр лүү 1-2 хоёр удаа цохиж байгаа харагдсан энэ зодооны дараа А-гийн нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан уруул нь бас язарсан харагдаж байсан тэгээд би А, Т хоёрыг аваад дуудлагын жолооч дуудаад бид гурав явсан ийм зүйл болсон... Энэ хоёр зодоон хоорондоо хугацааг нь сайн мэдэхгүй байна гэхдээ 30-40 минутын хугацаа болсон байх Б Б-тэй бүлэглэн А-г зодож байгааг бол хараагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3631 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, Э.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.А-гийн нүд, уруул, хамар тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Э.Б, Э.Б нар хохирогч О.А-гийн биед халдаж зодож, цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Хохирогч О.А нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э.Б-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч И М овогт Э-ийн Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Э.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч О.А нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашил гарах эмчилгээний зардлаа нотлоах баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН