Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

хохирогч П.Мэндсаруул,

иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаян, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Баттөр нарын өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Цд холбогдох 201626020488 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Цын Ц, 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:.../;

 Ц.Ц нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг ...УНЧ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота хайландер” машинтай хөдөлгөөнд оролцож явахад нь “Машинаас бууна” гэж хохирогч П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн Нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг ...УНЧ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Хайландер” машинтай хөдөлгөөнд оролцож явахад нь “Машинаас нь бууна” гэж П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боосны улмаас П.Мэнд-Саруул нь ухаан алдаж, машиныхаа жолоодлогыг алдан, зогсоол дээр байсан ...УБО улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн автомашин, ...УБЦ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн автомашинуудыг мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боосны улмаас П.Мэнд-Саруул нь ухаан алдаж, машиныхаа жолоодлогыг алдан нийтийн эзэмшлийн шон мөргөж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д овгийн Цын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Цгаас 9.225.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаянд, 2.773.300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт, 3.763.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баттөрд, 1.536.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Хайрхан наран трейд” ХХК-д тус тус олгож, хохирогч П.Мэнд-Саруул нь 1.900.000 төгрөгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрч, харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, П.Мэндсаруулын бусдад учруулсан хохирлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед хохирогч гэх П.Мэндсаруул нь намайг машинаасаа буух боломж олгохгүй айлган сүрдүүлж явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн Б.Баттөр, Б.Эрдэнэчимэг нарын эзэмшлийн автомашин болон “РЗА” ХХК-ны хариуцаж байсан гудамжны гэрэлтүүлгийг гэмтээсэн байдаг. Мөн П.Мэндсаруулын унаж явсан машин болох түүний аав Г.Пүрэвдаянгийн нэр дээр байдаг машиныг гэмтээсэн. Би П.Мэндсаруулын машинд зорчиж явахдаа түүний гар утсыг авах гэж оролдсон, улмаар түүнийг боож ухаан алдуулсан зүйлгүй болно. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл шалган шийдвэрлэх үеэсээ эхлэн хэт нэг талыг баримтлан, зөвхөн П.Мэндсаруул нь буруутгагдаж, эд хөрөнгийн төлбөрт уначихвий гэсэн болгоомжлол, Ц.Ц л энэ бүхэнд буруутай гэх нотлох баримтаар тогтоогдоогүй таамаглалд тулгуурлан явагдсан гэж үзэхээр байна. Тухайлбал: Энэ хэргийг авто ослын буюу хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж огт үзээгүй, харин ч танхай, дээрмийн гэмт хэрэг гэж үзсээр ирсэн, урьд нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг яллагдагчийн зүгээс эс зөвшөөрч танхайн хэрэгт гэм буруутай эсэхээ тогтоолгох гэхэд бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэх хэрэгт гэм буруутайг нь тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, шүүхээс буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудад заасан ажиллагааг огт хийдэггүй, иргэний нэхэмжлэгч Б.Баттөр, Б.Эрдэнэчимэг нарын эрхийг зөрчсөн, тэдгээрийг огт хайхардаггүй зэргээс энэ нь илт харагдана. Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй. Учир нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1691 дугаартай дүгнэлтэд П.Мэндсаруулын биед үүссэн гэмтэл нь ямарч хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, аваар ослын үед ч үүсэх боломжтой, ялгах салгах боломжгүй... гэснээс гадна энэ дүгнэлтийг гаргах үндэслэл болсон эмнэлэгт анхны тусламж авсан лавлагаанд П.Мэндсаруул нь эмнэлгийн тусламж авсан талаар тусгагдаагүй байна. Шүүхээс Ц.Цд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй /гэхдээ шийтгэх тогтоол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж заасан/ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаян, Б.Эрдэнэчимэг, Б.Баттөр нар болон “Хайрхан наран трейд” ХХК нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч биш юм. Энэ хэргийн нотлох баримт цуглуулах ажиллагаа буюу хэргийн газрын үзлэг, зам тээврийн осолд үзлэг хийсэн зэрэг ажиллагааны тэмдэглэл хууль бусаар үйлдэгдсэн байхад тэдгээрт тулгуурлан гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгон заасан зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гарган, хууль ноцтой зөрчсөн шүүхийн тогтоол гарсан гэж үзэж шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон, Ц.Цг цагаатгуулахаар гомдол гаргав...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд хохирогч П.Мэндсаруулын биед учирсан гэмтлийг аваар ослын үед болон ямар нэгэн зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой, юунаас ч үүсэж болно гэх дүгнэлт гарсан. Гэтэл шүүх зөвхөн Ц.Цгийн үйлдлээс буюу П.Мэндсаруулын хоолойг боосны улмаас тухайн гэмтэл үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Замын Цагдаагийн газрын гаргасан дүгнэлтэд хохирогч П.Мэндсаруулыг тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хурд тохируулаагүй гэсэн дүгнэлт байдаг. Үүнийг шүүх мөн хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ц.Цг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Мэндсаруул болон иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаян нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. П.Мэндсаруулын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон нь гэж үзэж байна. П.Мэндсаруулын машин дотор П.Мэндсаруул, Ц.Ц хоёр л явсан. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг хоорондоо зөрдөг боловч П.Мэндсаруулыг хойш нь татаж, хоолойгоор нь гараа оруулж тохойлдож татаад ухаан алдуулсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зураг, П.Мэндсаруулын өөрийн мэдүүлгээр тогтоогддог. Ц.Цгийн зарим мэдүүлгээр ч нотлогддог. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон. Зам тээврийн осол мэтээр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэхдээ үүнийг зам тээврийн осол, зам тээврийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байгаа. Анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатай устгасан, гэмтээсэн гэж үзэж Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл шүүх дүгнэлт хийхдээ П.Мэндсаруулын биед хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдож тогтоогдсон, мөн дамжаад бусдын эд хөрөнгөнд гэмтэл учруулсан үйлдэл нь болгоомжгүй байдлаар хандсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хууль хэрэглээний тухайд санаатай буюу хууль бусаар устгасан, гэмтээсэн гэж үзэх боломжтой гэж харж байна. Гэхдээ үүнд гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Баттөр нарын өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цгийн болгоомжгүй үйлдлээс болж Б.Эрдэнэчимэгийн “Тоёота Аллион” маркийн автомашинд 2.277.000 төгрөгийн эвдрэл учирсан. Б.Баттөрийн “Ниссан Экстрал” маркийн автомашинд 3.763.000 төгрөгийн эвдрэл тус тус учирч, нийтдээ 6.536.300 төгрөгийн хохирол учирсан. Ц.Цгийн буруутай үйлдэл нь шүүхээс тогтоогдсон гэж үзэж байгаа учраас гэм хорын хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохирлоо шаардах эрхтэй. Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан учраас уг хохирлыг Ц.Ц хариуцах үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар хурд тохируулаагүй гэж ярьж байна. П.Мэндсаруул ухаан алдсан үедээ хурд тохируулах боломжгүй. Тухайн үед Замын цагдаагийн хэлснээр “таны хүү ийм ослоос амьд гарсан нь машины буян, урт хамартай машин байна. Ийм ослоос амьд гарсан хүн байхгүй” гэж хэлсэн. Ийм хүнд нөхцөлд Ц.Цг орхиж явсанд маш их гомдолтой байгаа” гэв.

Хохирогч П.Мэндсаруул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Цтай уулзаж байгаа бичлэг нь юу болсон талаар яриулах бодолтой, өөрийгөө нотлох санаатай хийсэн бичлэг юм. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Прокуророос С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь тухайн хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр Ц.Ц нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мэнд-Саруулыг ... УНЧ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота хайландер” машинтай хөдөлгөөнд оролцож явахад нь машинаас бууна гэж П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Мэндсаруулын мэдүүлэг болон 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1691 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэг “П.Мэндсаруулын биед учирсан гэмтэл нь ямар ч хүчин зүйлсийн үйлчлэлээр үүсэх боломжтой, аваар ослын үеэр ч үүсэх боломжтой, цохих боох зэрэг үйлчлэлээр үүсэх боломжтой, ялгах салгах боломжгүй, жолоочийн анхаарал сарних төдийд жолооч жолоодлого алдах боломжтой. Гэхдээ боох үед жолоодлого алдах боломжтой гэсэн” мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон давж заалдах гомдлоор шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэгт дурдсан цохих, боох зэрэг үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг байнга орхигдуулдгийг хэлэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгч шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн хэрэгт иргэний нэхэмжлэлд 9.225.000 төгрөгийг Ц.Цгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн авах боломжгүй. Шүүх Ц.Цгаас Г.Пүрэвдаянд 9.225.000 төгрөг олгуулахаар, Б.Эрдэнэчимэгт 2.277.000 төгрөгийг,  Б.Баттөрд 3.763.000 төгрөгийг олгуулахаар, “Хайрхан Наран Трейд” ХХК-д 1.536.000 төгрөгийг олгуулахаар нийт 17.297.300 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр ....тархи доргилт, гэх мэт хөнгөн хохирол учирсан. Учирсан гэмтэл нь ямар үед... Боох үед ухаан алдсан. Амгаланболд эмчийн үйлдлийг байнга ярихгүй орхигдуулж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг шүүх цагаатгах тогтоол гаргасан тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан. Хавтас хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол гарсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хэргийг хянаж үзэх байх. Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дүгнэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээсэн зүйл байхгүй” гэдэг утгаар дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хавтас хэрэгт өмнөх прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Машин гэмтээснийг догшин авирлаж, танхайрсан гэдэгт хамааруулж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Хавтас хэрэгт санаатайгаар машин устгасан, гэмтээсэн гэсэн үйл баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэв ажиллагаа явуулна гэвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Тухайн хоёр зүйл ангийн хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа. Хэрэв 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дүгээр зүйл ангиар хэргийг зүйлчилсэн бол хүндэвтэр гэмт хэрэг болж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй 5 жил байх байсан гэдгийг мөн дурдах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” нэртэй зочид буудлын урд талын автомашины зам дээр хохирогч П.Мэнд-Саруулыг ... УНЧ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота хайландер” загварын машиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явахад нь “Машинаас бууна” гэж П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боож, ухаан алдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

ийнхүү хохирогч П.Мэндсаруулыг боож ухаан алдуулсны улмаас хохирогч машиныхаа жолоодлогыг алдан, замын хажуугийн зогсоол дээр байсан иргэний нэхэмжлэгч Б.Баттөрийн эзэмшлийн ...УБО улсын дугаартай “Ниссан Экстрал” загварын автомашин, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн эзэмшлийн ...УБЦ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын автомашинуудыг тус тус мөргөж хохирогч П.Мэндсаруулын жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаянгийн эзэмшлийн “Тоёота хайландер” загварын 95-53УНЧ улсын дугаартай автомашинуудыг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

мөн хохирогч П.Мэнд-Саруулын араас хоолойг нь боосны улмаас П.Мэнд-Саруул нь ухаан алдаж, жолоодож явсан автомашиныхаа жолоодлогыг алдан нийтийн эзэмшлийн буюу иргэний нэхэмжлэгч “Хайрхан наран трейд” ХХК-ийн хариуцан ажилладаг гэрэлтүүлгийн шонг автомашинаар мөргөж гэмтээсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд:

хохирогч П.Мэндсаруулын: “Намайг эрүүл байсан болохоор үүнтэй зууралдаад байвал юм олж авна гэж бодоод зууралдаад байсан... Би түүнд “Машинаас буу, би энэ хэрэгт хамаагүй” гэхэд тэр намайг цохиод найзуудаа дуудаад “Энэ залууг зодоорой” гэж байсан. Би олон залуучууд машин гэмтээж магадгүй гэж бодоод машинаа холдуулах гэтэл Ц.Ц машинд орж ирж суучхаад буухгүй хэрүүл хийгээд байсан... Тэгээд машинаа жолоодоод явж байхад Ц.Ц арын суудлаас цээжээрээ өмнүүр орж ирээд зүүн гарт байсан утсыг булааж авах гээд дайрахаар нь би утсаа доошлуулсан. Тэгтэл тэр баруун гараараа хоолой боогоод намайг арагш хэвттэл хойшоо татсан. Би түүнд “Тэнэг минь би машин жолоодож байна шүү дээ” гэхэд үгийн зөрүүгүй хоёр гараараа хоолой боосон... Нэг сэрэхэд машины копутнаас утаа гарч байсан... Би цочролд ороод суудал дээрээ хэсэг суусан... Би Ц.Цг машинаасаа буулгах гэхэд тэр “Чамаас ямар нэгэн зүйл авч байж сална” гээд байсан” гэх мэдүүлэг,

гэрч Д.Зундуйсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цаг 30 минутын орчим их чанга дуу чимээ гарахаар нь 3 давхарт байрлах гэрийн цонхоор харахад хар өнгийн жип машин байх шиг байсан бөгөөд тухайн машин нь нэлээн хүчтэй юм мөргөчхөөд эсрэг урсгалд буюу зүүнээсээ баруун зүгт явах чиглэлд ороод зогссон. Тухайн машиныг зогсмогц дотроос нь 1 эрэгтэй хүн гараад баруун урд зүгт гүйчихсэн. Тэгэхээр нь би өөрийн машинаа зогсоолд тавьчихсан байсан учраас мөргөчихсөн байж магадгүй гэж бодоод гараад шалгахад миний машин зүгээр байсан. Тэгэхээр нь хар өнгийн жип машин дээр очоод зүүн урд талын хаалгыг татаж онгойлгоход жолооны хүрдэн дээр 1 эрэгтэй сууж байсан. “Чи зүгээр үү” гэж асуухад “Би зүгээр, танд утас байвал яриулаач” гэсэн. Жолооч жолооныхоо хүрдийг мөргөчихсөн, завж орчмоос нь цус гарчихсан байдалтай байсан. Тухайн үед би “Чи согтуу юм уу хаашаа юм” гэхэд тэр залуу “Би зүгээр” гэж хэлсэн. Тухайн машин нь урд хэсэг нь тэр чигтээ эвдэрчихсэн, машины урд мотор орчмоос уур савчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 130-131 дүгээр хуудас/,

шүүгдэгч Ц.Ц нь тухайн нөхцөл байдалд хохирогчид тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлд нь саад болж ухаан алдуулсан болон түүний биед гэмтэл учруулсныг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “П.Мэндсаруулын биед тархи доргилт, духны зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1691 тоот дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 29 дүгээр хуудас),

шүүх эмнэлгийн шинжээч А.Амгаланболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “П.Мэндсаруулын биед учирсан гэмтлүүд нь ямар ч хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Аваар ослын үед ч боломжтой, цохих, боох зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ялгах, салгах боломжгүй. Жолоочийн анхаарал сарних төдийд жолооч жолоодлого алдах боломжтой. Тэгэхээр боох үед жолоодлого алдах боломжтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 91 дүгээр хуудас /,

шүүгдэгч Ц.Ц нь автомашинд зорчиж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4 дэх заалтын 4.2 дахь заалт “Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох-ыг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Д.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Автомашинд зорчигч нь жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй гэдэг нь тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочид ямар нэгэн байдлаар саад болохгүй байх үүрэгтэй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 113 дугаар хуудас/,

ийнхүү хохирогч П.Мэндсаруулыг хоолойг нь боож ухаан алдуулснаас болж тэрээр тээврийн хэрэгслийн жолоодлогоо алдаж уг автомашинаар нийтийн эзэмшлийн шон болон замын хажуугийн зогсоолд байсан хоёр автомашиныг мөргөж гэмтээсэн байдлыг нотолсон иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн ... УНЧ улсын дугаартай “Тоёота хайландер” машинаа өөрийн төрсөн хүү П.Мэндсаруулд орхиод явсан... Миний машинд их хэмжээний гэмтэл учирсан байсан. Надад нийт 9.225.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 14-15 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Баттөр, Б.Эрдэнэчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цонхоор машинаа харахад миний “Ниссан екстрал”, эхнэрийн “Тоёота аллион” машинууд байрнаасаа хөдөлсөн мөргүүлсэн байхаар замын цагдаад дуудлага өгсөн... Шөнө 02 цагийн үед болсон замын цагдаагаас очоод хэмжилт хийгээд, зургийг нь авч явсан...”, “...Бидний машинд нийт 6.534.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 16-17, 18-19 дүгээр хуудас/,

гэмтсэн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгөд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК болон “РЗА” ХХК-ийн үнэлгээний тайланд: “...УБЦ улсын дугаартай “Тоёота аллион” загварын автомашинд 1.833.000 төгрөгийн хохирол, ...УБО улсын дугаартай, “Ниссан экстрал” загварын автомашинд 3.243.000 төгрөгийн хохирол, ...УНЧ улсын дугаартай “Тоёота хайландер” загварын автомашинд  8.427.000 төгрөгийн хохирол учирсан”, “Гэрлийн шон материал 1 107 000 төгрөг, машин механизм 106 200 төгрөг, цалин хөлс 323 000 төгрөг, нийт 1 536 000 төгрөг” гэжээ. (1 дүгээр хавтас хэргийн 54-59, 65 дугаар хуудас) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.Цгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хохирогч П.Мэндсаруулын хоолойг боож ухаан алдуулсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, түүний жолоодож явсан автомашин жолоодлогоо алдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирол учруулсан шүүгдэгч Ц.Цгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруутай этгээдээс нийт 17.297.300 төгрөгийг гаргуулж нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэрч Х.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон гэх шөнийн 01 цагийн үед Төмөр замын хажууд осол болсон байна гэсэн. Би хүү П.Мэндбаярын хамт осол болсон гэх газар очиход манай машин эсрэг талын урсгалд орсон хамар нь эвдэрсэн байсан. Тэгээд гэмтэлд очиход П.Мэндсаруул нь хүчилтөрөгч залгуулчихсан хэвтэж байсан, үзэж байсан эмч нь “Хэвтрийн байдалтай 5 хоног байлгаарай, шоконд орчихсон байна” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 178 дүгээр хуудас/, шинжээч эмч А.Амгаланболдын “...П.Мэндсаруулын биед учирсан гэмтлүүд нь ослын үед ч үүсэх боломжтой, цохих боох зэрэг үйлчлэлээр ч үүсэх боломжтой... Жолоочийн анхаарал сарних төдийд жолооч жолоодлогоо алдах боломжтой. Тэгэхээр боох үед жолоодлого алдах боломжтой” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 хавтасны 92 дахь тал/ зэргээс үзэхэд хохирогч П.Мэндсаруулын мэдүүлсэн “...Тэгтэл тэр баруун гараараа хоолой боогоод намайг арагш хэвттэл хойшоо татсан. Би түүнд “Тэнэг минь би машин жолоодож байна шүү дээ” гэхэд үгийн зөрүүгүй хоёр гараараа хоолой боосон... Нэг сэрэхэд машины копутнаас утаа гарч байсан...” гэх мэдүүлэг нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Цгийн мэдүүлсэн “...Түүнийг боож ухаан алдуулсан зүйлгүй” гэх байдал үгүйсгэгдэж байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Цгийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болон бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь, мөн түүний бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоо больсон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тус тус хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.    

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ