| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2020/0025/З |
| Дугаар | 159/ШШ2020/0030 |
| Огноо | 2020-10-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 159/ШШ2020/0030
| 2020 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 159/ШШ2020/0030 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2020/0025/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Соёолж ХХК,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал
Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Соёолж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүндамба, гомдол гаргагч Соёолж ХХК-ийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Захирахбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Соёолж ХХК 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан гомдолдоо: ...Манай Соёолж ХХК нь мод үржүүлэг, ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага бөгөөд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр болох Ар тойлбо тогосын нарс гэх газар мод үржүүлгийн аж ахуй байгуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргатай гэрээ байгуулж тус суманд газар эзэмших гэрээ болон бусад үйл ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ зэргүүдийг хууль дүрэмд заасны дагуу байгуулсан. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын Тамгын газартай /Засаг дарга Б.Атартулга давхар зөвшөөрч баталсан/ 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/12 дугаартай Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээ-г 20 жилийн хугацаатайгаар байгуулсан ба тус гэрээний дагуу хэт шигүүрэлтэй нарсан ойд сийрүүлэлтийн журмаар зулзаган моднуудыг үржүүлгийн талбайд шилжүүлэн суулгаж мод болгон ургуулах ой экологийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа болно. Соёолж ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд хэт шигүүрлийн улмаас доройтон мөхөж байгаа зулзаган нарсан ойг аварч, тэдгээрийг мод үржүүлгийн бойжуулах талбайд шилжүүлэн суулгаж модлогийн чанарыг нэмэгдүүлэн хөгжүүлэх замаар мод болгон ургуулах, улмаар ойжуулалт хийх хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаартай шийтгэлийн хуудсаар манай Соёолж ХХК-ийг 3.000.000 төгрөгөөр торгосон гэх ба үүнийг нь доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэгдүгээрт. Бидний зүгээс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дээрх байгуулсан гэрээний дагуу ажил эрхэлж байгаа тухайгаа 20/175 дугаартай албан бичгээр сумын Засаг дарга Б.Атартулгад албан ёсоор мэдэгдэж ажлаа эхлүүлсэн ба 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн эзэмшлийн арчилгаа явуулдаг ойгоос гэрээний дагуу сийрүүлэлтийн журмаар 16 ширхэг нарсан модыг Баянчандмань дахь мод үржүүлгийн газар руу тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг сумын захиргаанаас хууль бусаар саатуулж үндэслэлгүйгээр шалгуулсан. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь сумын Засаг дарга Б.Атартулгын төрсөн дүү бөгөөд дээрх гэрээг гуйвуулан тайлбарлаж хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтанд худал, ташаа мэдээлэл өгч манай компанийн нэр хүндийг унагааж харлуулах, дарамт шахалт үзүүлж, хууль бусаар торгож байгаа үйлдэл нь өөрийн ах Засаг дарга Б.Атартулгатай ашиг сонирхлын нэгдмэл санаатай байгаа үйлдэл гэж үзэж байна. Учир нь Б.Наранжаргалын ах болох Засаг дарга Б.Атартулга нь манай компанийн эзэмшлийн газраас 4-5 компанид дур мэдэн гэрээ байгуулах замаар нарс модыг зарж борлуулдаг атлаа олон жил хамтран ажилласан байгаль экологийн өндөр ач холбогдол бүхий ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байгаа байгууллагыг дарамталж дүүгээрээ хавчин боогдуулж байгаа үйлдлийг гаргуулсаар байна.
Хоёрдугаарт. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй гарсан байна. Улсын байцаагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримталсан ба ...ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө орлого зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэжээ. Гэтэл байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудас нь тухайн үед хуулийн дагуу мод тээвэрлэж явсан Д.Билгүүндамбыг торгосон ба Соёолж ХХК-ийг торгосон нэг ч заалт байхгүй. Хэрвээ иргэн Д.Билгүүндамбыг торгож байгаа юм бол 3000 нэгжээр торгох заалт мөн байхгүй. Улсын байцаагч хуульд заасан эрхээ хэтрүүлж торгосон гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-т ...ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн байна.
Гуравдугаарт. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг өөрийн эрхийнхээ хүрээнд гаргахдаа бусдын эрхийг хүндэтгэхгүйгээр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох ажиллагааг хийгээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т ...захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд... нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.7-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж заасан байхад энэ ажиллагааг хийгээгүйгээр акт гаргасан нь буруу юм.
Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/537 тоот албан бичгээр хариу ирсэн ба Зөрчлийн тухай хуулиар үндэслэлтэй гарсан байна гэж үзсэн байна. Иймд шүүгчийн захирамжид заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн тул Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагч Соёолж ХХК 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь манай компаниас тус шүүхэд гаргасан гомдолд тайлбар гаргасныг хүлээн авч дараах хариу тайлбар хүргүүлж байна.
Нэг. 2018 оны №2/12 тоот Ойн салбарт хамтран ажиллах хоёр талт гэрээний:
4.2-т Засаг дарга болон Тамгын газар энэхүү ой экологийн төслийг Улсын Их Хурлаар баталсан Ойн тухай үндэсний хөтөлбөр, Ойн тухай хуулийн хүрээнд бүрэн дэмжиж авлигал, хүнд суртал аливаа хууль бус дарамт шахалтаас ангид байлгаж дэмжин ажиллана.
4.3-д Ойн салбарт хувийн компани өөрийн хөрөнгөөр арчилгаа цэвэрлэгээ хийх гэж байгаа уг ажлыг дэмжиж, мөн хэт шигүүрэлтэй нарсан ойг өмнөх ойнуудад 100% огтолж хаядаг байсан хуучин хэрэгжүүлдэг байсан арчилгаа огтолгооны аргын оронд Соёолж ХХК-ийн Шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх технологийг нэвтрүүлж байгаа ажлыг дэмжиж ажиллана.
4.6-д 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шигүүрэлтэй талбайгаас Соёолж ХХК-нд Баянчандмань дахь мод үржүүлэг рүү шилжүүлэн суулгах нарсны 1 ширхэг тутмаас 5000 төгрөгийн хураамжийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн хураамж татварыг авч сумын орлого болгоно.
4.7-д Сумын байгаль орчны байцаагчаас тээвэрлэлт бүрт гарал үүслийн бичиг олгох, эсвэл барааны падаан дээр тэмдэглэл хийнэ гэж заасан байдаг. Манай компани нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад албан тоот хүргүүлж байсан ба Засаг дарга Б.Атартулга, байгаль хамгаалагч Б.Лхагвадоржид гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах гэж цохолт хийсэн байдаг.
4.7-д Сумын байгаль орчны байцаагчаас тээвэрлэлт бүрт гарал үүслийн бичиг олгох, эсвэл барааны падаан дээр тэмдэглэл хийнэ гэж заасан байдаг боловч энэ заалтын дагуу бичиг баримт үйлдэж байгаагүй мөртлөө тээвэрлэлт, ачилтын явцад өөрсдөө шалгаагүй, гэрээнд заасан ажлаа хийгээгүй байж албаар зөрчил хэрэг мэт харагдуулах байдал үүсгэж төрийн албаны хяналт шалгалт хийх, журмыг зөрчиж манай талыг хэлмэгдүүлсэн.
Хоёр. Төлбөр төлөөгүй тухайд: Манай компани нь төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу өмнөх онуудад саадгүй төлж барагдуулж ирсэн ба 2019 онд хоёр удаагийн төлөлтөөр 15.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Өмнөх онуудын төлбөрийг модоо тарьснаас хойш 1-2 сар болоод манай компанийн санхүүгийн орлогоос хамаарч төлж байсан. Гэрээнд төлбөрийг яг ямар хугацаанд хэзээ төлөхийг нарийвчлан заагаагүй байна. Гэтэл төлбөрөө төлөөгүй гэдэг асуудлыг зөрчил мэт гэмт хэргийн шинжтэй байдлаар тайлбарлах нь гэрээ байгуулсан талуудад маш буруутай үйлдэл болсон.
Гурав. Гэрээний үндсэн зорилго: Манай тал гэрээний үүргийн хүрээнд ажлаа хийж байсан бөгөөд гэрээнд заагдаагүй өөр ажил огт хийгээгүй болно. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын буруутай үйл ажиллагаанаас манай компани хохироод зогсохгүй байгаль орчин, ойн аж ахуйн ажилд чухал ач холбогдолтой ажил зогсонги байдалд орсноор байгаль орчинд хор хохирол учруулсан үйл ажиллагаа болно. Иймд манай компанийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагч Соёолж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны хавар компаниасаа даалгавар аваад Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажилласан. Манай эзэмшдэг ойн сан нь сумын төвөөс 60 км зайд байдаг. Тухайн ойгоос мод шилжүүлэн суулгах замаар Төв аймгийн Баянчандмань сум дахь мод үржүүлгийн газар луу Шланз маркийн машинаар тээвэрлэн явсан. Талбайгаас гараад 10-аад км газар явж байхад тус сумын цагдаа болон Байгаль орчны улсын байцаагч Б.Наранжаргал нар надаас гадна 9 хүн, 2 тээврийн хэрэгслийн хамт саатуулсан. Тус сумын цагдаа нь мод хулгайлсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хуулийг буруугаар тайлбарлаж, хэлмэгдүүлсэн. Хэрэг бүртгэлт нээж, прокурорын байгууллагад шилжин прокурорын дүгнэлт гарч Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Мэргэжлийн хяналтын газарт шилжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 3.000.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд намайг гарын үсэг зур гэсэн. Миний бие компаниас заасан чиг үүрэг болон гэрээнд тусгагдсан зүйлсийг сайн мэдээгүй байсан. Өөрсдийгөө тайлбарлаж чадаагүй нь алдаа болсон. Соёолж ХХК нь ойн сийрүүлэлт хийдэг юм. Ойн сийрүүлэлт хийхдээ шилжүүлж суулгаж байна уу? модыг цавчиж алж байна уу? гэдэг нь өөр өөрийн арга технологи байдаг. Торгуулийн арга хэмжээг яагаад зөвшөөрөхгүй байна бэ гэхээр ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж торгосон. Бид нар ойд сийрүүлэлтийн ажил хийж байсан. Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолд ойн сийрүүлэлтийн ажлыг аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн хөрөнгөөр хийсэн бол аливаа төлбөрөөс чөлөөлнө гэсэн заалт байдаг. Үүний дагуу ажил үйлчилгээгээ хийж байсан. Энэ шийтгэлийн хуудас нь хориглосон үйл ажиллагаа явуулсан талаар нотолж чадахгүй байна. гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрээтэй холбоотой маргаан Иргэний хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан шийтгэлийн хуудас оногдуулсан. Энэ заалтад ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж заасан. Хориглосон үйл ажиллагаа явуулсан үгүйг тогтоох байсан. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгээгүй. Яагаад эрүүгийн хэрэг үүсгээгүй гэхээр ойн салбарт хамтран ажиллах гэрээтэй учраас эрүүгийн хэргийн шинж байхгүй байна гэж үзсэн. Соёолж ХХК нь 16 ширхэг модыг тээвэрлэсэн нь гэрээний нөхцөлийг зөрчсөн байна. Энэ прокурорын тогтоолыг үндэслэж байгаль орчны байцаагч шийтгэлийн хуудас оногдуулсан. Гэрээний нөхцөлийг зөрчсөн ажиллагааг хориглосон үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн нь боломжгүй асуудал юм. Гэрээний үйл ажиллагаа зөрчсөн асуудал нь Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх тусдаа асуудал юм. Гэрээний үйл ажиллагаа зөрчсөн үйлдлээс болж хохирол учирсан бол төр хохирлоо Соёолж ХХК-аас нэхэмжлэх асуудал. Гэрээний үйл ажиллагаагаа зөрчсөн гэсэн прокурорын тогтоолыг шууд хориглосон үйл ажиллагаа гэж үзээд шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу юм. Б.Наранжаргалын гаргасан тайлбарыг үзэхэд дахиад гэрээгээ баримталсан. Гэрээний 4.7 дахь хэсэгт заасан үндэслэл нь Соёолж ХХК-ийн төлөх үүрэг биш. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга болон Тамгын газрын даргын хүлээх үүрэг дээрээ заасан заалт юм. Соёолж ХХК-ийн хүлээх үүрэг гэрээний 5.3-д заасан байгаа. Тээвэрлэлт хийх гэдэг нь Хушаат сумаас Улаанбаатар хот руу орох замыг хэлж байгаа юм. Гэрээнийхээ дагуу модоо аваад Хушаат сумын тамгын газар руу явж байсан. Гэрээний 5.3-д заасан ажиллагааг хийхээр явж байсан. Гэрээнийхээ дагуу ажиллагаагаа хийх гэж байхад замаас нь бариад зөрчлийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар огт зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулаагүй газраас мод авсан үйлдлийг ойлгож байна. Ойн санг Соёолж ХХК эзэмшиж байгаа. Ойн ангиас тусгаарлалтаа хийгээд авсан. 2015 оноос хойш явуулж байсан л ажиллагаа юм. Анх удаагаа хийж байгаа ажиллагаа биш юм. Зөрчлийн хэрэг гэж үүсээд явсан бол яагаад хялбаршуулсан журмаар шийдсэн бэ? Байгууллагын гэрээтэй холбоотой асуудалд шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгууль оногдуулсан талаар асуудал гарч ирж байна. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар заасан байгаа. Тодруулахгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал байна. Б.Наранжаргал байцаагч аж ахуйн нэгжийг торгож байгаа бол захиргааны актууд хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны акт гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй талаар тайлбар санал гаргах боломж байсан. Сонсох ажиллагаа хийгээгүй. Хавтаст хэрэгт байгаа шийтгэлийн хуудас нь 2 салаа утгатай шийтгэлийн хуудас. Зөрчлийн тухай хуульд хуулийн этгээдийг торгож байгаа бол хуулийн этгээдийн регистрийн дугаар, гэрчилгээг хавсаргаж, хуулийн этгээд мөн эсэх талаар нотлох баримт цуглуулж торгох байсан. Соёолж ХХК-ийн менежер Д.Билгүүндамба гэж бичээд Д.Билгүүндамбын регистрийн дугаарыг бичсэн. 300 нэгж биш 3000 нэгжээр торгосон. Хариуцагч талаас Соёолж ХХК-ийг торгож байгаа бол Соёолж ХХК-ийг торгосон шийтгэлийн хуудас байхгүй байна. Энэ шийтгэлийн хуудас нь хүчингүй болох магадлалтай. Хууль бус ажиллагаа хийгээгүй. гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, тодруулгатаа: ... Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0144683 дугаар шийтгэлийн хуудсаар Соёолж ХХК-нд 3.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан ба Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга Н.Эрдэнэцогтоос 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 65 дугаар тогтоол болон хавсралт материалыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хушаат сумын Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд Соёолж ХХК-ийн менежер ажилтай Д.Билгүүндамбыг байлцуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан болно. Учир нь тухайн Соёолж ХХК-ийн гаргасан зөрчил нь ойд хориглох үйл ажиллагаа буюу Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах гэж заасныг, мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга, Соёолж ХХК нарын байгуулсан №2/12 дугаар Ойн салбарт хамтран ажиллах хоёр талт гэрээ-ний 5-д Соёолж ХХК-ийн хүлээх үүрэг, эрхийг заасан бөгөөд 5.3-д Соёолж ХХК нь тээвэрлэхэд бэлэн болсон нарс модыг Артойлбо дээр сумаас томилогдсон Байгаль орчны байцаагчид тоо хэмжээг шалгуулж, гэрээнд заасан төлбөрийг төлсний дараа тээвэрлэлт хийнэ гэсэн заалтыг тус тус зөрчин үйл ажиллагаа явуулсан болно.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/02 тоот хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Б.Батцоож, жолооч Р.Мөнхтөр, идэвхтэн байгаль хамгаалагч Б.Алтаншагай нарын бүрэлдэхүүнтэйгээр сумын төвөөс Артойлбо, Арсүүжийн чиглэлд хяналт шалгалт хийх явцад Соёолж ХХК-ийн жолооч гэгдэх Б.Ганболд, Соёолж ХХК-ийн менежер гэгдэх Д.Билгүүндамба нар нь 10-00 ДАХ дугаартай тээврийн хэрэгсэлд 5 метрийн өндөртэй 16 ширхэг залуу нарс модыг шалгахад Сэлэнгэ аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газраас зөвшөөрөл аваагүй, ойн ангийн дүгнэлт байхгүй, ойгоос мод шилжүүлэн суулгах гэрээ байгуулаагүй, төлсөн төлбөрийн баримт байхгүй бөгөөд Соёолж ХХК-ийн менежер Д.Билгүүндамба өөрөө бичсэн гарал үүсэл гэх тамга, тэмдэг нь буруу харсан бичиг авч явсан тул сумын хэсгийн төлөөлөгч Засаг даргын Тамгын газрын хашаанд саатуулан хэрэг бүртгэл нээж ажилласан.
Хэрэг бүртгэлтийн явцад Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын 3 дахь заалтад зааснаар Соёолж ХХК нь 16 ширхэг нарс модны суулгацыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдэл нь ойгоос мод бэлтгэх гэрээний нөхцөл болзол зөрчин үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгасугай гэсэн заалтын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Соёолж ХХК-ийн менежер Д.Билгүүндамбыг байлцуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Соёолж ХХК-нд 3.000.000 төгрөгийн торгууль оногдуулан танилцуулж гарын үсэг зуруулсан болно.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга Н.Эрдэнэцогтоос 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар тогтоол болон хавсралт материалыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хушаат сумын Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд Соёолж ХХК-ийг төлөөлж менежер ажилтай Д.Билгүүндамбыг байлцуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Захирахбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Соёолж ХХК нь 16 ширхэг зулзаган модыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэнд гол асуудал байгаа юм. Миний бие Д.Билгүүндамбыг сумын Засаг даргын өрөөнд сууж байхад нь 2020 оны 5 дугаар сард зөрчил үүсэхээс 2-3 хоногийн өмнө мод шилжүүлэн суулгахдаа Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт сумын Засаг даргын албан бичгийг авч очоод зөвшөөрөл авч, гуравласан гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулах талаар урьдчилан сануулж хэлсэн. Гэрээгээ байгуулсан байхад ямар нэг маргаан үүсэхгүй хууль ёсны дагуу гэдгийг сануулсан. Гэтэл Д.Билгүүндамба нь шууд ой руу явсан. Хэрэг зөрчил үүссэн үед байгаль орчны газраас шинжээчээр томилогдсон. н.Цэнгэлзаяа нь дүгнэлтдээ Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсгийг зөрчиж, ойн сангийн талбайгаас залуу зулзаган мод ухах зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас аваагүй, ойн ангийн дүгнэлтгүй, сумын Засаг даргын хүсэлт байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын яриад байгаа сумын Засаг даргаас Соёолж ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ойн салбарт хамтран ажиллах 2/12 дугаар гэрээ нь 20 жилийн хугацаатай, ойн салбарт хамтран ажиллах ерөнхий гэрээ юм. Энэхүү гэрээнд тухай тухайн жилийн авах модны тоо, хэмжээ, төрийн сангийн орлогод орох мөнгөн дүнг тусгаагүй юм. Учир нь Соёолж ХХК-ийг хэдэн онд, хэдэн ширхэг модыг хэдэн төгрөгөөр авахыг 20 жилийн хугацаанд урьдчилан тооцоолох боломжгүй. Тухай тухайн жилдээ үндсэн гэрээгээ үндэслэн шинээр гэрээ байгуулж, хууль ёсны дагуу Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч хүсэлт гаргах ёстой байсан. 2018, 2019 онд энэ гэрээ хийгдэж байсан. 2020 онд хийгдээгүй, үндсэн гэрээгээ зөрчсөн. Шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх талаар урьдчилан хэлж, анхааруулсаар байтал энэ зөрчлийг үйлдсэн. Хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч нь өөр ажлаар тэр газар явж байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэ гэж Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Эрдэнэцогт ээлжийн амралттай байсан. Ингээд Б.Наранжаргал байцаагчид уг зөрчлийн хэргийг удирдах шатны байцаагчаас шилжүүлсэн бөгөөд хууль ёсны хүрээнд шийтгэлийн хуудсыг оногдуулсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Соёолж ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Байгалийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 16 ширхэг зулзаган нарс мод шилжүүлэн авсан зөрчилд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгожээ.
Гомдол гаргагч Соёолж ХХК болон түүний өмгөөлөгч ...Бид ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, сумын Засаг даргатай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ойн салбарт хамтран ажиллах 2/12 дугаар хоёр талын гэрээтэй тул хуулийн дагуу мод тээвэрлэсэн, хариуцагч сонсох ажиллагааг хэрэгжүүлж, тайлбар санал гаргах боломж олгоогүй, шийтгэлийн хуудсаар иргэн, хуулийн этгээдийн алиныг нь торгож байгаа нь эргэлзээтэй байна. гэж маргадаг.
Соёолж ХХК нь хэдийгээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо дахь хэт шигүүрэлтэй ургасан зулзган нарсыг биологийн хувьд авран хамгаалж ойн зохион байгуулалт, ойн цэвэрлэгээ, арчилгаа мод үржүүлгийн ажлын хүрээнд ажиллах зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулгатай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 жилийн хугацаатай байгуулсан Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээ[2]-тэй, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах гэрчилгээ[3]-тэй мэргэжлийн байгууллага боловч өөрийн эзэмшлийн гэх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо дахь нарсан ойгоос 16 ширхэг нарс модыг Төв аймгийн Баянчандмань дахь Соёолж ХХК-ийн мод үржүүлгийн газарт шилжүүлэхдээ холбогдох хууль, журмыг зөрчжээ.
Тодруулбал, Соёолж ХХК-ийн тээвэрлэж явсан гэх 16 ширхэг модыг шинжээчийн дүгнэлт[4]-ээр шилмүүст үүлдрийн залуу зулзаган нарс мод гэж дүгнэсэн бөгөөд Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах, 14 дүгээр зүйлийн 14.1-д Аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг суманд сум дундын болон сумын ойн анги ажиллана. гэж тус тус зааснаар Хушаат сумын ойн ангийн зөвшөөрөлгүй 16 ширхэг залуу зулзаган нарс мод шилжүүлэн суулгахаар тээвэрлэж явсан нь зөрчлийн хэрэгт авагдсан Д.Билгүүндамбыг гэрчээр асуусан тэмдэглэл[5], шинжээчийн дүгнэлт[6] болон хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар[7], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Соёолж ХХК-ийн өмгөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ...бид Хушаат сумын Засаг даргатай 20 жилийн хугацаанд ойн салбарт хамтран ажиллах гэрээтэй атал яагаад биднийг ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзээд байгаа юм бэ? Бид энэхүү гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. гэж тайлбарлан маргадаг боловч Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх, Сэлэнгэ аймгийн ойгоос мод шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод шилжүүлэн суулгах журам[8]-ын 1.2-д Энэхүү журмыг тус аймгийн ойн сангаас өөр аймаг болон нийслэлд мод шилжүүлэн суулгах ойн мэргэжлийн байгууллага болон аймаг дотроо ашиг олох зорилгогүйгээр мод шилжүүлэн суулгах гэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд дагаж мөрдөнө гэж хамрах хүрээг тогтоосноос үзвэл энэхүү журам нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо тогосын нарсанд ойн арчилгаа цэвэрлэгээ, ойжуулалт хийн, мод шилжүүлэн суулгах ажлыг хийж буй Соёолж ХХК-нд хамааралтай бөгөөд тус компани шигүү ургасан гэх ойн арчилгаа хийх шаардлагатай талбайгаас мод шилжүүлэн суулгахдаа дээрх журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах байжээ.
Гэтэл журмын хоёр, гуравдугаар хэсэгт заасан Ойгоос мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгох болон мод шилжүүлэн суулгах гэрээ байгуулах ажиллагааг тус тус зөрчиж, мод шилжүүлэн суулгах хүсэлтгүй, сумын ойн ангийн дүгнэлтгүй, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын зөвшөөрөлгүй, тус зөвшөөрлийг үндэслэн Хушаат сумын Засаг даргатай мод шилжүүлэн суулгах гэрээ байгуулаагүй атлаа бид ойн салбарт хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байна гэж тайлбарлаж байгаа нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалт болоод уг заалтыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан дээрх журамтай нийцэхгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...сумын Засаг даргаас Соёолж ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ойн салбарт хамтран ажиллах 2/12 дугаар гэрээ нь 20 жилийн хугацаатай, ойн салбарт хамтран ажиллах ерөнхий гэрээ юм. Энэхүү гэрээнд тухай тухайн жилийн авах модны тоо, хэмжээ, төрийн сангийн орлогод орох мөнгөн дүнг тусгаагүй. Учир нь Соёолж ХХК-ийг хэдэн онд, хэдэн ширхэг модыг, хэдэн төгрөгөөр авахыг 20 жилийн хугацаанд урьдчилан тооцоолох боломжгүй. Тухай тухайн жилдээ үндсэн гэрээгээ үндэслэн Мод шилжүүлэн суулгах гэрээг шинээр байгуулж, хууль ёсны дагуу Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, хүсэлт гаргах ёстой байсан... гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.
Учир нь Ойгоос мод шилжүүлэн суулгах журмын 2.1-д ...мод шилжүүлэн суулгах хүсэлтдээ ойгоос шилжүүлэн суулгах модны төрөл, тоо, өндөр, нас, зориулалт, шилжүүлэн суулгах газрын талаарх мэдээллийг тус тус тусгасан байна, 3.1-д Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч тухайн сумын Засаг даргатай мод шилжүүлэн суулгах гэрээ байгуулна гэж тус тус зааснаас үзвэл Соёолж ХХК нь мод шилжүүлэн суулгахдаа тухай бүр хүсэлт гаргаж, зөвшөөрөл авч, гэрээ байгуулах байжээ.
Харин Хушаат сумын Засаг даргатай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/12 дугаар Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээг ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойжуулалт хийх, хөрөнгө оруулах, эрх үүрэг хүлээх, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулахаар 20 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд тус гэрээний 4.6-д 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шигүүрэлтэй талбайгаас Соёолж ХХК-ийн Баянчандмань дахь үржүүлэг рүү шилжүүлэн суулгах нарсны 1 ширхэг дутмаас 5000 төгрөгийн хураамжийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн хураамж татварыг авч сумын орлого болгоно гэж зааснаас үзвэл энэхүү хамтран ажиллах гэрээнд модны тоо ширхэг, төрөл зэргийг тухайлан заагаагүй, заах боломжгүй байгаа нь харагдаж байх тул уг гэрээгээр мод шилжүүлэн суулгах харилцааг тусгайлан зохицуулсан гэрээ гэж үзэхгүй бөгөөд ойн салбарт 20 жилийн хугацаанд хамтран ажиллах ерөнхий гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шилжүүлэн суулгах модыг тээвэрлэхдээ байгаль орчны байцаагчид модны тоо, хэмжээг шалгуулаагүй, модны төлбөрийг төлөөгүй зэрэг нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ойгоос мод шилжүүлэн суулгах журмын 4.3, 4.4, Ойгоос 1 ширхэг мод шилжүүлэн суулгах үнэлгээ[9], 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/12 дугаар Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээний 5.3-д заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримт, болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Билгүүндамбын компанийн үйл ажиллагааг нарийн мэдэхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Захирахбаатарын Д.Билгүүндамбыг Засаг даргын өрөөнд сууж байхад нь 2020 оны 5 дугаар сард, зөрчил үүсэхээс 2-3 хоногийн өмнө мод шилжүүлэн суулгахдаа Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт Засаг даргын албан бичгийг авч очоод зөвшөөрөл авсны дагуу мод шилжүүлэн суулгах гуравласан гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулах талаар урьдчилан хэлсэн. Гэрээгээ байгуулсан байхад ямар нэг маргаан үүсэхгүй хууль ёсны дагуу гэдгийг сануулсан. гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалаас Соёолж ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцэж байх тул Соёолж ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэдийгээр хариуцагч шийтгэлийн хуудсанд зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг бичээгүй боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Соёолж ХХК гэж үзээд, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн этгээдэд хамаарах нэгж болох 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хариуцагч Соёолж ХХК-нд шийтгэлийн хуудас оногдуулсан. Шинжээчийн дүгнэлтээр мөн компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзсэн. Шийтгэлийн хуудсанд хуулийн этгээд гэсний доогуур зурсан бөгөөд Д.Билгүүндамбаас асуусан гэрчийн мэдүүлэгт Д.Билгүүндамба нь өөрийгөө Соёолж ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж мэдүүлж, гарын үсгээ зурсан. гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй.
Түүнчлэн гомдол гаргагч Соёолж ХХК-ийн өмгөөлөгч шийтгэлийн хуудсанд бичигдсэн байдал бидэнд эргэлзээ төрүүлж байна. Хэрвээ хариуцагч хуулийн этгээдэд бус, хүнд холбогдуулан шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзвэл бид нэхэмжлэл/гомдлоосоо татгалзаж болж байна. Харин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Соёолж ХХК гэж тайлбарлаж байгаа учраас бид шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ. гэж илэрхийлсэн гомдол гаргагчийн байр суурь, хэрэгт цугларсан баримтыг шүүх дүгнээд, Соёолж ХХК-ийг гомдол гаргах эрхтэй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Хавтаст хэргийн 1-р хуудас
[2] Хавтаст хэргийн 70-р хуудас
[3] Хавтаст хэргийн 7-8-р хуудас
[4] Хавтаст хэргийн 125-р хуудас
[5] Хавтаст хэргийн 121-122-р хуудас
[6] Хавтаст хэргийн 125-р хуудас
[7] Хавтаст хэргийн 104-105-р хуудас
[8] Хавтаст хэргийн 141-143-р хуудас
[9] Хавтаст хэргийн 144-р хуудас