Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

                                                           

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Д.Ойгон, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр /ҮД:2283/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ойгонд холбогдох эрүүгийн 201625031503 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Наран эх овогт Дагвасүрэнгийн Ойгон: Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 35-428 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:ДЭ74111818/

 

Шүүгдэгч Д.Ойгон /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 07 сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 35-435 тоотод оршин суух иргэн С.Цэлмэгмаагийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтрэн орж, 42 инчийн ЛСД зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучны бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан бөгж зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч, бусдад нийт 1.795.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ойгоноос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 дугаар сарын 31-ний үдээс хойш Баяраа гэх зүс таньдаг хүний гэрт очсон юм. Баяраагаас нэг шил архины мөнгө зээлэх гэж очиход байшин нь цоожтой байхаар нь хойшоо харсан вакум цонхыг нь хагалж дотогш орсон. ..Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдлээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ..Би тухайн үед Баяраа ахаас архины мөнгө гуйх гэж очоод гэрт нь хүн байхгүй байхаар нь вакуум цонхыг нь хагалж дотогш ороод эд зүйлийг нь хулгайлсан юм. ..Би тэр айлаас “Haier” брендийн 42 инчийн зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн бага гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний нарийн хос загасан хээтэй алтан бөгж, Swarovski брендийн том шар шигтгээтэй ээмэг, зүүлт, бугуйвч гинжний хослол 1 хос тус тусад нь хайрцганд хийсэн байсан, сувдан ээмэг, зүүлт хослол 1 хос, эмэгтэй хүний бор шаргал өнгийн зузаан монгол дээл, эрэгтэй хүний бор шаргал өнгийн дээл, бор өнгийн хүннү захтай эрэгтэй хүний дээл, эмэгтэй хүний ягаан өнгийн пальто, эрэгтэй хүний хар хөх өнгийн, улбар шар өнгийн синтефон куртик, будаа агшаагч, ус буцалгагч, индүү, шаргал өнгийн бүрх малгай 2 ширхэг, Богино савхин куртик, гадна талдаа шигтгээтэй жижиг гар цүнх, Шаазан морины дүрстэй сувинер 2 ширхэг, уртасгагч залгуур зэрэг эд зүйл хулгайлсан юм....Зурагтыг Бямбаа гэх залууд 100.000 төгрөгөөр бодож зараад 50.000 төгрөгийг нь авсан юм. 3 ширхэг мөнгөн аягыг жижиг алтан бөгжний хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны урд байдаг түцэнд 33.000 төгрөгөөр зарсан юм. Индүү, ус буцалгагч, урт залгуур, жижиг гар цүнх, морин дүрстэй сувинерийг зүс таньдаг эгчид зарсан. Гэрийг нь мэднэ зааж өгч чадна хэдээр зарсанаа санахгүй байна. Мөнгийг нь аваагүй дараа авахаар болсон юм. Харин хувцаснуудыг таньдаг ах Д.Нямтогтохын гэрт нь аваачиж тавьсан. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим эд зүйлээ яаснаа санахгүй байна. Swarovski гэх 3 тусдаа байсан хайрцагтай эд зүйлээ хайлаастын эцэст явуулын эмэгтэй хүнд бүгдийн нийлүүлж 5000 төгрөгөөр зарсан юм. Тэр хүнийг танихгүй хүн байсан..."...Би тухайн үед Нямтогтохын гэрт ирэхэд согтуу ирсэн тэгээл Нямтогтохын эхнэр бид гурав 2-3 шил архи нэмж уусан юм шиг санагдаж байна. Тухайн үед архи ууж байхад Батхүү, Сараа хоёр ирээд тэгээд хамт архи уусан юм. Тэгээд оройхон байх Нямтогтох надад чиний хоёр дээл болон хоёр ширхэг бүрх малгайг чинь Батхүү, Сараа хоёр аваад явсан шүү гэсэн юм. Тухайн үед би согтуу байсан болохоор юу гэж хэлж өгсөнөө санахгүй байна. гэсэн мэдүүлэг /хх 59-60, 62-64/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч С.Цэлмэгмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Бид нар гэр бүлээрээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймаг руу яваад өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирсэн юм. Хөдөөнөөс ирэхэд манай гэрийн вакум цонхыг хагалж гэрт хулгай орсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс “Наiег” брэндийн 42 инчийн LCD  брэндийн зурагт 1 ширхэг 3 жилийн өмнө РС Моll дэлгүүрээс 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 600,000 төгрөгөөр үнэлж байна. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг хэрэглэж байсан. Анх 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо тухайн үнээр нь үнэлж байна. Хуучин цагийн бага гарын мөнгөн аянга 1 ширхэг энэ аяга нь хуучны аяга учраас 250,000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний нарийн хос загасан хээтэй 3 граммын жинтэй алтан бөгж 1 ширхэг. Уг бөгжийг ээж маань авч өгч байсан юм 300,000 төгрөгөөр үнэлж байна. Swarovski брэндийн том шар шигтгээтэй ээмэг, зүүлт, бугуйвч, гинжний хослол 1 хос, 2 жилийн өмнө 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ. Сувдан ээмэг, зүүлт хослол. Үүнийг анх Япон улсаас 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба одоо тухайн үнээр нь үнэлнэ. 60 см урттай 3 см тойрогтой хуучны хулсан ташуур. Үүнийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний бор шаргал өнгийн зузаан ноосон даавуун дотортой монгол дээл 1 ширхэг, 2 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авч байсан. Одоо тухайн үнээр нь үнэлнэ. Эрэгтэй хүний бор шаргал өнгийн ноосон даавуун дээл 1 ширхэг 2 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Бор өнгийн хүннү захтай эрэгтэй хүний дээл 2 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Эмэгтэй хүний хавар намрын улирлын кашемир пальто ягаан өнгөтэй 3 жилийн өмнө 380,000 төгрөгөөр УИД-ээс авсан юм. Тухайн үнээр үнэлнэ. Эрэгтэй хүний хар хөх өнгийн өвлийн синтефон куртик улаан шаргал өнгийн дотортой. Өнгөрсөн өвөл Нарантуул захаас 100,000 төгрөгөөр авч байсан одоо тухайн үнээр үнэлнэ. Будаа агшаагч 1 ширхэг, 3 жилийн өмнө 70,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Хэрэглэж байсан хуучин ус буцалгагч "Акiга" брендийн 2 сарын өмнө 25,000 төгрөгөөр худалдаж авсан тухайн үнээр үнэлнэ. Индүү 25,000 төгрөгөөр Нарантуул захаас 3 жилийн өмнө авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Эдгээр эд зүйлээс гадна хүүхдийн хар өнгийн үүргэвч уртасгагч алдагдсан байна. Эрэгтэй хүний 3 бүрх малгай хуучин хэрэглэж байсан бор шаргал өнгөтэй 3 жилийн өмнө 30,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Богино загварын эрэгтэй хүний савхин куртик өмсөж байсан 3 жилийн өмнө 50,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Эмэгтэй хүний жижиг гар цүнх 2 жилийн өмнө 60,000 төгрөгөөр авсан одоо тухайн үнээр үнэлнэ. Swarovski брэндийн зүүлт гинж, ээмэг, бугуйвч тус тусдаа цэнхэр өнгийн 3 хайрцагт байсан гэсэн мэдүүлэг /хх 18-20/

 

Иргэний нэхэмжлэгч С.Ундрахаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр оройн 00 цагийн үед байх манай нөхөр гаднаас урьд нь зүс харж байсан нэг залууг дагуулж орж ирсэн юм. Уг залуу манайд орж ирэхдээ 42 инчийн хар өнгийн "Наiег" брэндийн зурагт тэврээд орж ирсэн юм. Тэр залуутай манай нөхөр хашааны үүдэнд тааралдсан гэж надад хэлсэн. Манай нөхөр Сэлхид ажил хийж байгаад ажлаасаа буугаад ирж байсан юм. Тэр залуу тэвэрч орж ирсэн зурагтаа 100.000 төгрөгөөр зарна архины мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Манайд 50.000 төгрөг байсан болохоор тэр мөнгийг өгч үлдэгдлийг дараа өгөхөөр болохоор худалдаж авсан юм. ..Тухайн зурагтыг худалдаж авсан 50.000 төгрөгөө олж авмаар байна. гэсэн мэдүүлэг /хх 24-25/

 

Гэрч Г.Улаанаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралдаг, түрээслүүлдэг ТҮЦ-ээ онгойлгочихоод цэвэрлэгээ хийгээд байж байхад гаднаас урьд өмнө 2-3 удаа зүс харж байсан эрэгтэй 09 цагийн орчимд орж ирсэн тэгээд гартаа цэнхэр өнгийн тортой зүйл барьсан байсан. Тэгээд тэр торноосоо 3 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд ийм юм авах уу, 50.000 төгрөгөөр авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ойрхон хүнд үзүүлээдхэе гэж хэлсэн. Тэгээд миний ажиллуулдаг ТҮЦ-ний хойд талын гудамжинд байдаг эхнэрийн хамаатан Ужаа гэж эмэгтэйд үзүүлсэн тэгшсэн чинь Ужаа үзчихээд сүүлийн үеийн эдлэл байна аваад хэрэггүй байх гэж хэлсэн. Тэгээд би буцаад дэлгүүр лүү очиход нөгөө эрэгтэй гадаа сууж байсан. Би үнэд хүрэхгүй юм байна 20.000 төгрөгөөр авья гэж хэлсэн. Тэгээд тэр хүн тэг тэг гээд би 20.000 төгрөгөөр авсан. Би худалдаж авчихаад байж байхад 10 орчим минутын дараа нөгөө эрэгтэй дахин орж ирээд нэг шар өнгийн бөгж үзүүлээд алтан бөгж байгаа юм авах уу гэсэн. Тэгээд би үзэж байгаад 13.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд би худалдаж авчихаад ТҮЦ-ээ ажиллуулж байгаад 16:00 цагийн орчимд таньдаг ахыгаа гуйгаад ломбард ороодхоё гэж ярьсан. Тэгээд яваад 17 дугаар сургуулийн автобусны буудлын дэргэд "Сайн" ломбарданд ирж үзүүлэхэд авна гэсэн 220.000 төгрөгний барьцаанд авсан. ...Би хямд зарж байгаа зүйлсийг аваад гэртээ тавьчихье гэж бодоод авсан юм. ..надад мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан. гэсэн мэдүүлэг /хх 26-27/

 

Гэрч Ц.Батцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш манай ах Баатарчулуунтай хамт явж байдаг зүс таньдаг Ойгон гэх хүн манайд гартаа будаа агшаагч бариад худалдаж авах уу гэж ороод ирсэн. Тухайн үед 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн юм. Тэгээд мөнгө байхгүй байсан болохоор худалдаж авч чадаагүй юм. Тэгээд Ойгон маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гартаа ус буцалгагч, индүү, 2 ширхэг бүрх "шлиап" малгай эмэгтэй жижиг гар цүнх олон залгуур, уртасгагч, хоёр ширхэг шаазан морины дүрстэй сувинер барьж орж ирээд зарна гэсэн юм. Тэгээд би ус буцалгагч, индүү морины шаазан сувинер, эмэгтэй хүний жижиг гар цүнх болон уртасгагч олон залгуурыг нийтэд нь 25,000 төгрөгөөр худалдаж авсан юм.Тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор мөнгийг нь дараа өгнө гэж өгөөгүй юм. 2
ширхэг бүрх малгайг нь авахгүй гэж буцаасан юм. ...Ойгон өөрөө нилээд архи уудаг хүн байгаа юм Манай ах Баатарчулуунтай найз болохоор мэддэг юм. Ойгон тухайн үед архи уух гэж архины мөнгө байхгүй гэрийнхээ юмнуудыг зарж байна гэж хэлсэн юм. Тэгээд худалдаж авсан Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. гэсэн мэдүүлэг /хх 28-29/

 

Гэрч Д.Нямтогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Ойгон гэж хүнтэй танил болоод 2-3 жил болж байна. ..2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр юм шиг санагдаж байна манайд нилээд халамцуу орж ирээд бор саарал өнгийн эрэгтэй хүний дээл 2 ширхэг, эмэгтэй хүний бор саарал дээл 1 ширхэг эмэгтэй хүний ягаан өнгийн пальто 1 ширхэг, 2 ширхэг шаргал өнгийн бүрх малгай, хүүхдийн савхин куртик, хар өнгийн үүргэвч зэрэг эд зүйлийг авчраад манай гэрт тавьсан юм. Тухайн үед Д.Ойгон би хөдөөнөөс ирлээ эдгээр хувцаснуудыг түр үлдээчихье дараа ирж авна гэж хэлээд үлдээчихсэн юм. Тухайн үед би гэртээ эхнэр Дулмаа болон охин Одчимэгийн хамт байсан юм. Тэгээд Ойгон авчирсан эд зүйлээ тавьчихаад 0,75 л нэг шил архи авчраад хуваагаад ууж сууж байхад гаднаас манай найз Батхүү, Сараа нар ирсэн.Тэгээд авчирсан архийг бид 5 уугаад шөнө 03 цаг хүртэл хөзөр тоглож сууж байгаад унтсан. Тэгээд тэр өдөр манайд хоноод өглөө нь
Батхүү, Сараа хоёр дахиад нэг шил 0,75 л архи аваад тэрийг хувааж уусан юм. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад 17 цагийн үед Батхүү, Сараа хоёр гэр лүүгээ явсан. Тэр үед Ойгоны манай гэрт тавьсан хувцаснаас нь бор саарал өнгийн 2 ширхэг дээл болон шаргал өнгийн 2 ширхэг бүрх малгай Батхүү, Сараа хоёрт өгч явуулсан. Тэгээд орой нь цагдаа ирж Ойгоныг аваад явсан. ..Ойгон сүүлийн 2 сар харагдаагүй юм. Тухайн өдөр манайд ирэхэд 2 сар хөдөө явж байгаад ирлээ чацарганы мод тарьж байгаад ирлээ миний хувцас гэж бариад ирэхээр нь би анзаарч хараагүй юм. Хулгайн эд зүйл гэдгийн мэдээгүй юм. гэсэн мэдүүлэг /хх 32-34/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹4925 тоот дүгнэлт /хх 36-48/, Шүүгдэгч Д.Ойгоны иргэний үнэмлэхний хуулбар /хх 74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 75/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 77-78/, иргэний нэхэмжлэгч С.Ундрахаас гомдол саналгүй гэсэн баримт /хх 102/, хохирогч С.Цэлмэгмаагаас гомдол саналгүй гэсэн баримт /хх 103/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14-15/,  эд зүйлийн үнэлгээ /хх 16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Ойгон нь 2016 оны 07 сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 35-435 тоотод оршин суух иргэн С.Цэлмэгмаагийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтрэн орж, 42 инчийн ЛСД зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучны бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан бөгж зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч, бусдад нийт 1.795.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Ойгоныг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ойгоны 77 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулцан тооцож, шүүгдэгч Д.Ойгонд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтанд өгөхөөр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Наран эх овогт Дагвасүрэнгийн Ойгонг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ойгонг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ойгонд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ойгоны цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Ойгон нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ойгонд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ойгонд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ойгонд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР