Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2513

 

МАГАДЛАЛ

 

2017.12.11                                                     Дугаар 2513                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Н.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03249 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 770 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э ,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Ц гоос 10 000 еврог авсан бөгөөд буцаан төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу “Голомт банк” ХХК дахь түүний дансанд мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас заралсан албан ёсны ханшаар тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн 2 677.57 төгрөгөөр еврогийн ханшийг Монгол төгрөгт шилжүүлж, нийт 26 770 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хэрэв хариуцагчийн тайлбарлаж буй шиг түүний ээжийн эмчилгээ болон бөхийн цолын найр хийхэд зориулж өгсөн гэвэл хариуцагчид шаардлага байсан мөнгийг зээлдүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар тодорхой бус хугацаатай байгуулсан зээлийн гэрээний үүргийг буцаан шаардахад үүрэг гүйцэтгэгч этгээд 1 сарын дараа төлнө гэж заасан бөгөөд бид хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргахад иргэд хоорондын маргаан гээд хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш зээлийг төлөхгүй үүргээ зөрчсөөр байна. Иймд, хариуцагч Д.Ц оос 26 770 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зохигчид 10 жилийн найзууд бөгөөд дунд сургуулиасаа хойш нөхөрлөж ирсэн ба хожим их дээд сургуульд ороод хэсэг холбоогүй байж байгаад сургуулиа төгсөөд 2010 оноос хойш хамтран амьдарсан. Хариуцагчийн зүгээс 10 000 евро зээлэх хүсэл зориг байгаагүй, уг үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Н.Ц гоос хариуцагч Д.Ц д илгээсэн 10 000 евро нь хариуцагчийн ээжийнхэн бие муудсан учир ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд өгсөн. Мөн хариуцагчийг 2013, 2014 онуудад Өвөрхангай аймгийн наадамд 2 жил дараалан түрүүлсэн учир аймгийн хурц арслан цолтой болсон тул ээжийн эмчилгээний зардал болон цолныхоо найранд хэрэглээрэй гэсэн байдлаар 10 000 евро шилжүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтад ямар үндэслэл, шаардлагаар мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, тухайн үед эргэн төлөх нөхцөлгүй шилжүүлсэн атлаа өнөөдөр ийнхүү буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад залилан мэхэлсэн гэж гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай маргаан байхгүй. Хариуцагч тал цагдаад мэдүүлэг өгөхдөө дээр дурьдснаар ээжийн эмчилгээний зардал болон цолныхоо найранд хэрэглээрэй гэснийг тайлбарладаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д” Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн еврогийн ханш 2 187.69 төгрөг байсан. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.Ц оос 26 770 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 800.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 291 800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бидний зүгээс нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө болон аливаа зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй хамтын амьдралтай байх үеийн бэлэглэлийн гэрээний харилцаа гэж холбогдох нотлох баримтыг гарган өгч маргасан юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй өорөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гаргасан, шүүх хуралдаан дээр гарган өгсөн нотлох баримтуудад ялангуяа хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоолгүйгээр баримтуудад ямарч үнэлэлт дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрхгүй байна. Иймд гэрээний талуудын өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн үнэлэлт дүгнэлт өгөх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Ц  нь хариуцагч Д.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 770 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн    ХБНГУ-ын “Дойче” банкаар дамжуулан 10,000 еврог хариуцагчид шилжүүлсэн гэх гадаад шилжүүлгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй ч эх хувь нь зайлшгүй шаардлагатай талаар талууд маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтын хэмжээнд уг нотлох баримтыг үнэлснийг буруутгахгүй.

Хариуцагч нь 10,000 еврог бэлэглэл болон хандивын журмаар шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

Хэргийн 32-35 дугаар талд зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь ХБНГУ-ын “Дойче” банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20,000 еврог зээлсэн байна.

Уг баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 10,000 еврог зээлдүүлсэн гэх байдлаа нотолно гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой.

Нэхэмжэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн дансанд 10,000 евро шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримталж өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохын өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан нь валютын ханш бус, Монгол төгрөгийн ханшид хамаарах бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Хариуцагч нь ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас Н.Ц с Д.Ц д ирүүлсэн урилгыг гаргуулах, хамтын амьдралтай байснаа тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д…” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаргүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 291 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ