Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/552

 

 

 

 

 

 

 

   2022        05          24                                      2022/ШЦТ/552

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Г.Д-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав нарыг оролцуулан эрүүгийн 2209000000865 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжлийн системийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нагац ах, дүүгийн хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: УК97041811 / Г.Д- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4.920.000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Н-ийн мэдүүлэг / хх 23 /, Г.Д-ийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансны хуулга / хх 28 /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 29-31 /, хөдөлмөрийн гэрээ / хх 36-37 /, ... ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22/30 дугаартай Г.Д-ийг ажилд томилох тушаал / хх 38 /, яллагдагч Г.Д-ийн мэдүүлэг / хх 7-8 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 41 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хх 42 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 43 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д- нь 2022 ооны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” зочид буудалд ресепшнээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4.920.000 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Э.Н-ийн / хх 23 / “...Би ... зочид буудалд менежер ажилтай. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай зочид буудлын зочин угтагчийн ажил хийдэг ресепшин Г.Д- гэх залуу нь тухайн өдрийн орлого 4.920.000 төрөг мөн нягтлан Б-ээс буцаалт хийнэ гэж 100.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан ба нийт 5.020.000 төгрөгийг ажлын хажуу талын Хаан банкны АТМ-ээс өөрийн данс руу хийгээд онлайнаар мөрийтэй тоглоом тоглож алдаж, байгууллагын орлогыг хувьдаа ашигласан байна. Г.Д- нь над руу 10 цаг 30 минутын үед фэйсбүүк чатаар ийм юм боллоо гэж бичсэн. ...Г.Д- нь хувьдаа шамшигдуулсан цахим тоглоом тоглосон 4.920.000 төгрөг болон ажлын алдаанаас болж бусдад давхардуулж өгсөн 100.000 төгрөгийг компанид буцааж төлсөн. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Д-ийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансны хуулга / хх 28 /,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 29-31 /,

 

Хөдөлмөрийн гэрээ / хх 36-37 /,

 

... ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22/30 дугаартай Г.Д-ийг ажилд томилох тушаал / хх 38 /,

 

Яллагдагч Г.Д-ийн / хх 7-8 / “...Тухайн 4.920.000 төгрөг нь ... зочид буудлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн орлогын мөнгө байсан. Би хувьдаа захиран зарцуулах эрхгүй. Би ажилласан өдрийн орлогын бэлэн мөнгийг баримтуудын хамт захирлын жолоочоор дамжуулж захиралд өгдөг байсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Д-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ийн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Г.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

шүүгдэгч Г.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  дээрх мөнгийг авч ашигласан даруйдаа байгууллагадаа хэлж, мөнгийг маргааш нь төлж барагдуулсан, гэм буруугаа чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Г.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосгугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ