Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/528

 

 

 

 

 

 

 

  2022          05         17                                  2022/ШЦТ/528    

 

                                 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Ц.Ш нар оролцсон эрүүгийн 2209000000620 дугаартай хэргийг 2022 оны 05 сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 5 аав, ээж, эгч, дүүгийн хамт суух хаягтай, Дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Б Э,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Ч.В.Ч гудамж 12/2 тоотод “П” эмнэлгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/22 дугаартай тушаалаар “маркетингийн менежер”-ийн албан тушаалд түр ажилтнаар “туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж ажиллах хугацаанд албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 01 дүгээр сард итгэмжлэн хариуцуулж өгсөн “toshiba satellite брендийн ай7” зөөврийн нөүтбүүкийг 2022 оны 02 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч явж, бусдын эд хөрөнгийг завшиж “П” ХХК-нд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй”...гэв.

Эрүүгийн 2209000000620 тоот хэргээс:

Хохирогч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн СБ1-22-688 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

“П” эмнэлгийн захирал Н.О-с Т.О-д компанийг төлөөлөх эрх олгосон 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10/22 дугаартай итгэмжлэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Б.Э-ыг туршилтаар ажиллуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт /хх-н 18-19-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Чин Ван Чагдаржавын гудамж 12/2 тоотод “Перфект” эмнэлгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/22 дугаартай тушаалаар “маркетингийн менежер”-ийн албан тушаалд түр ажилтнаар “туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж ажиллах хугацаанд албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 01 дүгээр сард итгэмжлэн хариуцуулж өгсөн “toshiba satellite брендийн ай7” зөөврийн нөүтбүүкийг 2022 оны 02 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч явж, бусдын эд хөрөнгийг завшиж “П” ХХК-нд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Т.О-ын “...“П” эмнэлэгт маркетингийн менежер ажилд авна гэсэн зарын дагуу Б.Э гэх залуу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирж уулзсан. Манай эмнэлгийн зүгээс Э-ыг түр хугацаанд буюу 3 сарын хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар 7 хоногт 2 өдөр оффис дээр ирж 08 цагаас 17 цаг хүртэл ажиллаж, бусад үед гэрээр ажиллахыг зөвшөөрсөн заалт оруулж өгсөн. Тухайн үед ажлын гэрээ байгуулаад түүнд ажлын зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн. Э нь ажлаа гэрээсээ хийх байсан болохоор зөөврийн компьютерыг гэр лүүгээ авч явсан. Гэвч гэрээн дээр тусгасан ажлын байрандаа цагтаа ирэхгүй хоцорч ирж байсан. Онлайн сайт нээхийн тулд мөнгө шаардлагатай байна гэсний дагуу Э-ын эзэмшлийн дансанд 307.400 төгрөгийг шилжүүлсэн. Дараа 2022 оны 02 дугаар сарын 15-нд 2-р сарын урьдчилгаа цалин гэж 550.000 төгрөгийг Голомт банкны Э-ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед Э нь түрээсийн байранд амьдардаг төлбөр нэхэгдээд байна. Урьдчилгаа цалингаа өндөр авмаар байна гэж гуйсан болохоор түүнд 550.000 төгрөгийн урьдчилгааг өгсөн юм. Э нь ажлын байран дээр маш цөөхөн ирсэн ба хааяа ирэх дээ веб сайтаа хөгжүүлж байгаа гэж хэлдэг байсан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э ажил дээр ирж ажлаа хийгээд явсан ба дахиад 02 дугаар сарын 14-нд ажил дээр ирэх ёстой байсан ч ажил дээр ирээгүй. Яагаад ирээгүй шалтгааныг тодруулахаар  дугаар луу залгахад компьютер вирустсэн ахын ажил дээр байна, янзалж байна гэсэн. Тэгээд 02 дугаарын сарын 15-наас утас руу залгахад дуудлагад хариу өгөхөө больсон. Э-ын найз охин гэх хүнийг  дугаар луу залгаж Э-ын бие нь зүгээр үү намайг асууж байна гэж дамжуулаарай гэхэд найз охин бие нь зүгээрээ гэж хэлсэн. Маргааш нь дахиад Найз охинтой нь ярихад Э нь хөдөө явсан 7 хоноод ирнэ гэсэн. Дахиад холбогдох гэхэд найз охин нь гар утсаа авахаа больсон. Тэгээд 2-3 хоногийн дараа ээж У-тэй дахин ярихад “5 дах өдрөөс ажилдаа очно гэж хэлсэн, ажилдаа очихдоо захиралтай уулзана” гэж дамжуулсан гэсэн. Гэвч Э 5 дах өдөр нь ажилдаа ирээгүй. Тэгээд би гэх дугаар луу залгахад холбогдож байсан ба Э нь утсаа авч гэнэт ажил гараад хөдөө явчихлаа 7 хоногтоо очиж чадахгүй, компьютерыг чинь хүнээр дамжуулаад өгүүлье гэсэн. Гэвч нөгөө дамжуулж өгнө гэсэн хүнийхээ утасны дугаарыг өгөөгүй худлаа ярьсан хэвээр байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

“Д” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн СБ1-22-688 дугаартай “үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.300.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь албан хэрэгцээнд ашиглуулахаар 2022 оны 01 дүгээр сард итгэмжлэн хариуцуулж өгсөн “toshiba satellite брендийн ай 7” зөөврийн нөүтбүүкийг завшиж “П” ХХК-нд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Оын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал Б.Э нь бусдын хариуцуулсан итгэмжлэн хариуцуулж өгсөн “toshiba satellite брендийн ай7” зөөврийн нөүтбүүкийг итгэмжлэн эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хууль бусаар авч захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч Т.О-ын toshiba satellite брендийн ай7” зөөврийн нөүтбүүкийг үнийн дүн болох 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 58/ байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Э-т 6 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т богд овогт Б-ы Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

    7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН