Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0494/Э |
Дугаар | 2022/ШЦТ/529 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/529
2022 05 17 2022/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Ц.Г нар оролцсон эрүүгийн 2209002260359 дугаартай хэргийг 2022 оны 05 сарын 17-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, ахын хамт,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт О-гийн Б,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны хажууд байрлах иргэн Б.Х-ы ТҮЦ-ийг ажиллуулахаар тохиролцон итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 4, 5-ны орлого болох 299.400 төгрөгийн бараа болон бэлэн 100.000 төгрөгийг хувьдаа завшиж нийт 399.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он сар өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр мөнгөөр найзуудтайгаа хамт интернэт тоглоомын газраар үйлчлүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө дараах хэрэг гарсан. Шүүгдэгчээс бараа материалын үнэ 299.400 төгрөг, хариулт мөнгө хэмээн үлдээдэг 100.000 төгрөг нийтдээ 399.400 төгрөгийг нэхэмжилж байна...гэв.
Эрүүгийн 2209002260359 тоот хэргээс:
Хохирогч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Тооцоо нийлсэн баримт /хх-ийн 14-18 дугаар хуудас /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны хажууд байрлах иргэн Б.Х-ы ТҮЦ-ийг ажиллуулахаар тохиролцон итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 4, 5-ны орлого болох 299.400 төгрөгийн бараа болон бэлэн 100.000 төгрөгийг хувьдаа завшиж нийт 399.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.Х-ы “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр 2 удаа гарсан. ...Би түцний камерыг шалгахад шөнийн 01 цаг 10 минут хүртэл суусан байсан. Намайг маргааш нь бараагаа тоолох гээд очиход ТҮЦ-ний хаалга тайлж өгөхгүй байсан. Би эгч З руу нь яриад хэлэхэд өөрөө очоод уулзана гэж надад хэлсэн. Эгч нь ирээд З нь ТҮЦ-ний цонхыг түлхээд онгойлгоод ороход ТҮЦ доторхыг замбараагүй болгосон байсан. Тэгтэл Б “би нойл орчоод ирье” гэж яваад ирээгүй. Би утас руу нь залгахад утас нь ТҮЦ дотор дугарч байсан. Тэгтэл тухайн өдрийн орлого байгаагүй. Би З-тай бараагаа тоолоход төгрөгийн бараа байхгүй, хариулт мөнгө гэж 100,000 төгрөг үлдээдэг тэр мөнгө бас байхгүй байсан... гэх мэдүүлэг,
Гэрч М.З-ын “...Би 2021 оны 12 дугаар сарын дундуур фэйсбүүкээр зар харж байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын түцэнд дээр худалдагч авна гэхээр нь би Б-г дагуулж очиж уулзаад Б-г тэр өдрөө ажиллаад эхэлсэн ба хэд хоног ажилласныг мэдэхгүй байна. 2022 оны 01 дүгээр сард Б-гийн ажиллаж байсан түцний хүн нь намайг яаралтай хүрээд ир гээд би 100 айлын түцэн дээр очиход Б-н түцэн дотроо унтсан түцэнд зардаг тамхинуудыг торон дотор хийсэн байсан. Би түүний салхивчийг онгойлгоод тамхи авч Б руу шидсэн. Тэгтэл Б тамхи татаад нойл орчхоод ирье гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш ирээгүй алга болсон. Түцнээс бараа авч гараагүй зарагдсан бараануудын мөгийг авсан байсан. Мөнгө байдаг шургуулганд ямарч мөнгө байгаагүй. Нийт 399.400 төгрөг Б аваад явсан байсан. Зарагдсан барааны мөнгө нь байгаа юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-гийн “...Б нь хоригдож байгаад цаг зүүсэн гарч ирсэн. Гарч ирснээс нь хойш 2 удаа уулзсан. Эхэлж ирээд бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэгээд орой нь Б гэр рүүгээ явсан. Дараа нь утсаар яриад би 100 айлын автобусны ард талд түц ажиллуулж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очиход Б нь би нэг хүнтэй хамтраад түц түрээслүүлж ажиллуулж байгаа гэж надад хэлсэн. Бид хоёр түцэн дотор юм ярьж сууж байгаад 19 цагийн орчим Б бид 2 пи-си тоглоом тоглохоор болоод намайг түрүүлээд гараад байжээ гэж хэлсэн. Б гарч ирээд бид хоёр такси бариад хорооллын тэнд байрлах Пи си ороод 22 цаг өнгөрч байхад гарч ирээд 1 кино театрын ард талд байх нийтийн караоке ороод шөнийн 00 цаг өнгөрч караокеноос гарч ирээд буцаж 100 айл орж түцэн дээр очоод намайг таксин дотор байж бай гээд Түц рүүгээ гүйж орсон. Б нь надад хэлэхдээ түц ажиллуулахгүй бол болохгүй байна түцийг хамт ажиллуулж байгаа хүн залгаад байна гээд 15-20 минутын дараа гарч ирээд бид хоёр Баянбүрдэд байрлах шөнийн цэнгээний газар орсон. Тэр дотроо сууж байгаад мөнгөтэй байж юм авсангүй гээд намайг хэлээд бид хоёр муудалцсан. Тэгээд гараад такси барьж далайг 100 айлд байх түцэн дээр нь аваачиж буулгаад би гэр рүүгээ явсан. Б нь 30,000 төгрөгтэй гарч ирсэн. Шөнийн 00 цаг өнгөрөөгөөд Түц орчоод буцаж гарч ирэхдээ 120,000 төгрөгтэй гарч ирсэн. Надад хэлэхдээ хоёр өдрийн ажилласан хөлсөө авч байна гэж надад хэлсэн. Би түц хамтран ажиллуулдаг хүнтэй орлогоо нэг нэг өдрөөр ээлжилж аваад бараагаа татдаг гэж надад хэлсэн. Би тухайн өдөр 70,000-80,000 төгрөгийн хооронд байсан Бг түцэн дээр авааччихаад гэр рүүгээ харихад надад 10,000 төгрөг үлдсэн байсан. Түцэнд байсан тамхиа хайрцаг дотор хийгээд далд хийгээд байсан. Яг хэдэн төгрөг авч гарч ирснийг мэдэхгүй байна надад хэлэхдээ 120,000 төгрөг авч гарч ирсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны хажууд байрлах иргэн Б.Х-ы ТҮЦ-ийг ажиллуулахаар тохиролцон итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 4, 5-ны орлого болох 299.400 төгрөгийн бараа болон бэлэн 100.000 төгрөгийг хувьдаа завшиж нийт 399.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Х-ы мэдүүлэг, тооцоо нийлсэн баримт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал О.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн хүнсний бараа бүхий ТҮЦ-ийг ажиллуулж байхдаа нийт 399.400 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх О.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.
Шүүгдэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 1225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтэн нийт 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж,
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 4 /дөрөв/ 17 /арван долоо хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 24-ний өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 26 /хорин зургаа/ хоногийг хорих ялаар сольсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 1225 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 09 /ес/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-гаас 399.400 /гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д олгохоор шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халиун овогт Олзвойгийн Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Б-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 1225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 09 /ес/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийт О.Б-гаас 399.400 /гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН