Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/553

 

 

 

  

   2022       05          24                                      2022/ШЦТ/553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2209000000826 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.П- нь:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... хотхоны зүүн талд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрч уучлалт гуйсан гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд дуудлагын лавлагааны хуудас / хх 42 /, хохирогч Г.Ө-ын мэдүүлэг / хх 14-15, 17 /, гэрч Д.Ц-гийн мэдүүлэг / хх 22 /, гэрч Э.Д-ын мэдүүлэг / хх 24 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5384 дугаартай дүгнэлт / хх 25-26 /, яллагдагч Б.П-гийн мэдүүлэг / хх 5 /, хохирогч Г.Ө-ын гомдол саналгүй тухай хүсэлт / хх 45 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 31 / зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... хотхоны зүүн талд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ө-тай маргалдаж түүнийг зодож биед баруун шилбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, хацар, баруун шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

Дуудлагын лавлагааны хуудас / хх 42 /

Хохирогч Г.Ө-ын / хх 14-15, 17 / “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орой 23 цаг гээд найз Ц, Д гэх хоёр найзтайгаа уулзахаар болсон бөгөөд нөхөр намайг хардаж уурлаад хүүхдээ дагуулж яваарай гэж хэлэхээр нь хүүхдээ дагуулаад гарахад байрны гадаа найз Ц ирж намайг авсан. Тэгээд Д-ын гэр болох Цагаан хуаранд очиж хүүхдээ тэднийд үлдээгээд Баянбүрдийн тэнд байх Чикаго гэх бааранд ороод бүжиглэж байхад нөхөр ирээд намайг дагуулаад гараад машинд суу гэхэд хоёр найз битгий суу, янз бүрийнх юм болж магадгүй гээд буцаад баар руу орсон. Удалгүй гараад такси барих гээд байж байхад таксины ард манай нөхөр машинтайгаа ирсэн байхаар нь гайгүй байх гэж бодоод түрүүлээд суугаад хоёр найз сууж амжаагүй байхад нөхөр машинтайгаа хөдөлж яваад иргэний бүртгэлийн тэр хавийн гудамжаар ороод нэг мэдсэн далан дээр гараад намайг ална гээд байсан. Миний цээж, нүүр, гар руу цохихоор нь би эсэргүүцээд нөхрийн цээж хэсэгт өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр нэг алх гаргаж ирээд далайж байсан бөгөөд би цохисныг хараагүй. Гэтэл миний баруун хөлний шилбэ хэсэг өвдөөд эхлэхээр хартал цус гарч байсан. Би хөл рүү цохиж байгаа юм уу гэхэд урд талд сууж байснаа бууж ирээд хойд хаалгыг онгойлгоод хараад цохино гэж бодоогүй гээд намайг аргадаад байсан. Ер нь гар хүрдэг. ...Одоо надад гомдол байхгүй” гэх мэдүүлгээр,

Гэрч Д.Ц-ийн / хх 22 / “...Ө руу яриад “Хүүхэд чинь Д-ын гэрт байна. Чи шууд хүрээд ир” гэж хэлэхэд “Нөхөр намайг зодоод байна” гэж хэлсэн. Удалгүй Өлзийбаяр нөхөртэйгөө хамт Д-ын гэрт ирсэн бөгөөд баруун өвдөгнөөс нь цус гарсан байсан. Ө-ын нөхөр нь хүүхдээ авч явах гээд байхаар нь өгөөгүй. Тэгээд Ө-ын нөхрийг явуулаад Ө нь Д-ын гэрт хоносон” гэх мэдүүлгээр,

Гэрч Э.Д-ын / хх 24 / “...Ө нь манай гэрт орж ирэхэд баруун өвдөгнөөс нь цус гарсан байсан. Ө хэлэхдээ миний баруун хөлийг алхаар цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлгээр,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5384 дугаартай дүгнэлтэд:

Г.Ө-ын биед баруун шилбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, хацар, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 25-26 /

Яллагдагч Б.П-гийн / хх 5 / “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.П-гийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Б.П- нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд прокуророос шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.П-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.П- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Өлзийбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх хүсэлт гаргасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.П- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хохирогч Г.Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.П- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.П- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ