Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01124

 

  

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 03 өдөр

         Дугаар 184/ШШ2018/01124

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Б.Баярмаа, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: .... тоот хаягт оршин суух .. овогт А... С..... /РД:../ -ийн

 

Засгийн газрын нөөц сангаас 54.536.000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.С-, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ш.А-, гуравдагч этгээдээр төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А-, иргэдийн төлөөлөгч Г.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.С- шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1962 оны 02 сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. 1985-1990 оны хооронд тухайн үеийн ЗХУ-ын Иркутск хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн. 1990 онд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн захад хөдөлмөрийн байцаагч, мөн тус аймгийн ЗДТГ-ын хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий механик инженер зэргээр тус тус ажиллаж байгаад цомхтголд орж, улмаар 2010 оноос Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн. Цахилгаан тээвэр компанид 2010 оноос хойш дагалдан засварын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан зэрэг албан тушаалуудад ажиллах хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил гаргалгүй, сахилгын шийтгэл хүлээлгүй, ажил мэргэжилдээ чин үнэнч сэтгэлээр хандан ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг зохих түвшинд нь хангаж, ажилчдад холбогдох заавар зааварчилгаа өгч, сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулан, ажилчдыг хамруулан өндөр хариуцлагатайгаар ажиллаж байсан. Миний бие 2014 оны 6 сарын 29-ний өдрөөс 2014 оны 7 сарын 10-ны өдрийг хүртэл албан ёсоор тус компанийн захирлын тушаалаар чөлөө авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед буюу 2014 оны 7 сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Б- нь контактын сүлжээний автомашины өргөгч тавцан дээрээс унасан осол гарсан. Энэхүү осол гарах өдөр нь миний хариуцаж байсан ажил үүргийг Цахилгаан тээвэр компанийн захирлын 2014 оны 07 сарын 02-ны өдрийн тушаалаар 2014 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт шалгалтын ажилтан Д.Мөнгөнзаяад хариуцуулж өгсөн үетэй давхцаж таарсан. Ингээд дээрх ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэгт тус компанийн захирлын албан ёсны тушаалын дагуу чөлөө олгогдож, ажил үүргээ зохих ажилтанд хариуцуулан эмнэлэгт хэвтэж байсан намайг шууд буруутган хилс хэрэгт татан сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Хэрэг шалгагдах явцад ашиг сонирхлын нөлөө орж, яван явсаар 3 жилийн нүүрийг үзэж, эцэст нь шударга ёс ялж, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 171 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.С- намайг цагаатгасан. Энэхүү 3 жилийн хугацаанд хилс хэрэгт мөрдөн шалгагдах нь өмнө ийм хэрэг явдалд холбогдож байгаагүй надад үнэхээр хүнд хэцүү байсан. Сэтгэл санааны маш их дарамтанд орсон. Энэ хэргийн улмаас зөвхөн би биш намайг дагаад гэр бүлийн уур амьсгал үгүй болж, баяр баясгаланг умартан гэр бүлийн хүн, 2 охин, намайг өсгөн хүмүүжүүлсэн Бүгд Найрамдах Казакстан улсад амьдардаг том ах, бэр эгч нарт илүү хүнд туссан. Дээр нь хадам аав, ээж, ойр дотны анд найзууд, хамаатан садан гээд бүгд сэтгэл санааны хямралд орсон. Энэхүү хэрэг явдал нь зөвхөн намайг биш миний хүрээний нэг саахалт айлын сэтгэл санааг ихэд зовоосон. Монгол улс даяар цахим мэдээллийн эх сурвалжуудаар олон нийтийн дунд Цахилгаан тээврийн албан тушаалтан, ажилчид 1-4 жилийн хорих ял сонсжээ гэсэн мэдээлэл тархсан. Энэ мэдээлэл bataar.mn веб сайтад 2016 оны 12 сарын 22-ны өдөр 14:23 цагт тавигдсан байсан ч одоог хүртэл байсаар байна. Үүнээс гадна тус хэрэгт шалгагдаж байгаа, ял сонссон гэх талаарх мэдээлэл аман хэлбэрээр ч дам дамаараа тархаад байсан. Улаанбаатар хотод миний болон эхнэрийн талын гээд хамаатан садан, төрөл төрөгсөд, танил найз нөхдийн дийлэнх нь амьдардаг. Баян-Өлгий аймгийн хэмжээнд, цаашлаад Бүгд Найрамдах Казакстан улсад хамаатан садан, танил найз нөхдийн дунд гээд хүрээгээ тэлээд мэдээлэл тархсан байсан. Үүнээс болж Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хотод амьдардаг том ахын маань муу байсан бие улам муудаж, сүүлд нь хэвтэрт ороод 2017 оны 3 сарын 14-ний өдөр таалал төгссөн. Түүнээс өмнө буюу 2015 оны 12 сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймагт байдаг хадам аав маань таалал төгссөн. Дээрх ажил явдлууд хилс хэрэгт шалгагдаж байх үед гарсан. Хэрэгт шалгагдаж байх үед Цагдаагийн байгууллагаас зүүн зүг Гачуурт, баруун зүгт 22-ын товчооноос цааш гарахыг хориглож, хилийн хориг тавьж, гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн. Үүнээс болж би дээрх талийгаачдын буяны ажилд оролцож чадаагүй. Үүндээ их гашуудсан. Талийгаач болсон ойр дотно хүмүүсийн оршуулга, буяны ажил явдалд нь оролцохгүй байх нь хатуу цээрлэл бөгөөд өнөө хүртэл сэтгэлдээ тээж шаналдаг. Энэ хэрэгт намайг холбон шалгаж ирсэн учир шалтгаан, зорилгыг хэргийн явцад тодорхой болсон гэж үздэг. Тухайн үеийн Цахилгаан тээвэр компанийн захирал, түүний томилсон түр орлон гүйцэтгэж явсан ажилтан гээд хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө хамгаалан хэргээс мултрах, бүх бурууг надад тохон, намайг буруутган хэрэгт оруулах санаа зорилго агуулж, оролдлого хийж байсныг сүүлд ойлгож, олж мэдсэн. Энэ нь надад хандаж ирсэн хандлага, шинжээчээс татгалзсан хүсэлт зэргээс тодорхой харагдана. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд эрүүл мэндийн байдал муудаж, зүрх судасны өөрчлөлттэй болсон. 2014 оны 9 сарын 19-ний өдрөөс 2014 оны 9 сарын 28-ны өдрийг хүртэл 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Толгой эргэж унадаг болсноос толгойгоороо унаж бэртэл аван 2015 оны 01 сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 сарын 09-ний өдрийн хооронд эмчилгээ хийлгэж чөлөө авсан. Мөн 2016 оны 02 сарын 13-ны өдрөөс 2016 оны 02 сарын 27-ны өдөр хүртэл ГССҮТ-ийн эмнэлэгт эмчлүүлсэн. Толгой гэмтсэнээс үүссэн сорви одоо хүртэл үлдсэн. Би анх 2010 оны үед Улаанбаатар хотод орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд нүүдлийн байдлаар амьдарч байна. Ажилд ороод байртай болно гэж явж байтал хилс хэрэгт шалгагдан өмгөөллийн хөлс, бусад зардал чирэгдэл гарснаас болж, зээл тавин орон байртай болох боломжоо алдсан. Хүний сэтгэл санааны хямрал, түүний үр дагавар, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хамт олны дунд эзлэх байр суурь, албан тушаал ахих боломж зэргийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Иймд миний бие 3 жилийн хилс хэрэгт буруутгагдан учирсан эдийн бус сэтгэл санаа, түүний үр дагавар болох эрүүл мэндийн хохирлоо 1 сарын дундаж цалин хөлс дээр үндэслэн 3 жилээр, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөг дээр үндэслэн 3 жилээр тус тус тодорхойлон гаргаж ирсэн. Үүнийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болоод Монгол Улсын шүүхийн практикт шийдэгдэж байсан цагаатгах тогтоолын хүрээнд гэм хорын хохирол нэхэмжилсэн хэргүүд дээр судалгаа, дүн шинжилгээ хийн гаргасан. Иймд өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол 40.896.000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол 8.640.000 төгрөг, нийт 54.536.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газар буюу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилж байна. Намайг хохиролгүй болгож, ноцтойгоор зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд, хяналтын прокурор Ц.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Прокурорын газраас 2016 оны 10 сарын 17-ны өдөр 314 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 12 сарын 06-ны өдөр 187 дугаартай шийтгэх тогтоолоор А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 57 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Ингээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 05-ны өдөр 56 дугаартай шийтгэх тогтоолоор А.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх 2017 оны 4 сарын 04-ний өдрийн 220 дугаартай магадлалаар цагаатгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, А.С-ыг цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлд “хууль бусаар явуулсан ажиллагааны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна” гэж заасан. Үүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгэсэн этгээдийг цагаатгасан, хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон гэж заасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдохгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул А.С-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

Шүүх  хуралдаанаар  зохигчдын  тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.С- нь эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 54.536.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ “...3 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагад шалгагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 5 удаагийн шүүх хуралдаанаас 3 удаа ял сонсож, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндээрээ хохирсон...” хэмээн тодорхойлж, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол 40.896.000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол 8.640.000 төгрөг, нийт 54.536.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулна хэмээн шаардав. 

 

Хүсэлт гаргагч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт  зэргээр тус тус нотлогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.6-д заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хх-8, 9/

 

Хохирол арилгуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.3-т заасан хугацаанд А.С- гаргасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 171 дугаартай тогтоолоор тогтоогдов. /хх-65-73/

 

А.С- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 сарын 06-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар 03 жил хорих ялаар, мөн шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 220 дугаар магадлалаар А.С-ын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 171 дугаартай тогтоолоор А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.С-ыг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдов. /хх-22-31,39-49, 65-74/

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан тул хүсэлт гаргагч учирсан хохирлыг арилгуулах эрхтэй.

 

Эрүүгийн гэмт хэргийг шалгаж, тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ялыг эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа зохих ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

 

А.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан болох нь тогтоогдсон, энэ нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт учир энэ талаар мэтгэлцэх шаардлагагүй, улмаар хариуцагч оролцохгүй тул хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээдээр төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар тайлбар гаргасан ба “...хууль бусаар явуулсан ажиллагааны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна гэж заасан тул гэм бурууг шалгах ажиллагаа хуулийн дагуу байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” хэмээн тайлбарлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.1-45.3.1.6-д нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирлын талаар заасан ба хүсэлт гаргагчийн нэхэмжилж буй хохирлоос хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс нь дээрх хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.6-д хамаарч байна.

 

Түүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Ч.Нямсүрэн оролцон, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, хөлсөнд 5.000.00 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдов. /хх-77-80/

 

А.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд  харин эдийн бус хохирлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхээр заасан. Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

Хүсэлт гаргагч өөрийн сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 40.896.000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролд 8.640.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь боловч энэхүү шаардлага нь баримтаар нотлогдоогүй болно. А.С-оос эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа Натул клиникийн эмнэлэг, Гэмтэл согог сэргээх үндэсний төвд тус тус хэвтэн эмчлүүлж байсан талаар баримт гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг ирүүлсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээр эд хөрөнгийн хэдий хэмжээний хохирол учирсан талаар нотлоогүй болно.

 

А.С- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж, цалин хөлсөө хууль тогтоомжид заасны дагуу авч байсан тул цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогоор хохирсон талаар шаардлага гаргаагүй.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49.536.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас 5.000.000 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч А.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49.536.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   Д.УРАНЗУЛ

 

                          ШҮҮГЧ                                  Б.БАЯРМАА

 

                                                                               Л.ОЮУНЦЭЦЭГ