Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/556

 

 

 

 

 

 

 

 2022          05          25                                     2022/ШЦТ/556  

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Т.Б

Шүүгдэгч: Д.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсайхан нар оролцсон эрүүгийн 2109012820250 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг багтааж 11.520.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, У овогт Д-ын М

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.М, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хамгийн нэгдүгээрт хууль сахиулагчид өөрсдөө хууль ёсны шаардлагаа тавихад эсэргүүцлээ гэж үзээд байгаа. Миний хувьд тэр нотлох баримт, бичлэг дээр харахад  иргэн хүн цагдаагийн албан хаагчаас хүссэн тохиолдолд цагдаагийн албан хаагч хуулийн мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Би болбол бие бүрэлдэхүүнээс хуулиа асуух байхгүй юу? Энэ тавьж байгаа шаардлага чинь хуулийн үндэслэл нь юу юм бэ? Ямар хуулийг үндэслэн ийм шаардлага тавьж байгаа юм гээд. Тэгэхэд Ганбат хурандаа камераас зугтаж байгаа бичлэг нь байж байгаа. Хүнд хүч хэрэглэх эрхтэй цорын ганц субъект бол төр байдаг. Төрийн ийм эрхийг хязгаарлах ганц зүйл бол хууль байдаг. Тэгэхээр төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хууль л хэрэгжүүлнэ. Тэгэхээр цагдаагийн албан хаагч хуулийн нэг ширхэг ч заалтыг тайлбарлаагүй. Хоёрдугаарт: намайг бүртгэгдээгүй жагсаал цуглаан зохион байгууллаа гээд үзээд байгаа. Энэ бичлэг дээр цагдаа нь хүч хэрэглэж байгаа,  цагдаагийн биед халдаж байгаа надаас нэг ширхэг ч үйлдэл гараагүй. Дандаа цагдаа нар миний биед халдаж байгаа. Миний бие ямар нэгэн байдлаар цагдаад “би чамайг  тэгнэ шүү, ингэнэ шүү” гэсэн нэг ч заналхийлсэн үг байхгүй. Зөвхөн би асуулт л асуусан байгаа. Тэгээд малгай дээр нь гишгэсэн гэж байгаа бол тэрийгээ нотлоод харуулах ёстой байх . Мөрдсийг нь урсан гэж байгаа. Гэрчүүд нь бүгдээрээ өөрсдөө цагдаа нар. Иргэн хүнд цагдаагийн албан хаагч хууль бус шаардлага тавих юм бол биелүүлэхгүй байх эрх нь иргэн хүнд хадгалагдаж байдаг. Тэр байтугай цагдаагийн албан хаагч удирдлагаас хууль бус тушаал ирэх юм бол тэрийг биелүүлэхгүй байх эрхтэй. Бичлэгээс харахад би хамгийн түрүүнд очоод мэндлээд, ямар хууль ёсны шаардлага тавьж байгааг нь асуугаад  дараа нь гутал хурааж авахад нь та нар хурааж авах боломжгүй тийм эрх байхгүй гэсэн.  Өөрөөр хэлбэл цагдаа хууль ёсны биш хуулийн эрх нь үүсээгүй байхад хүний хувийн өмчид халдаж байгаа гэсэн үг. Жагсаал цуглаан зохион байгуулах  журмын тухай хуульд зааснаар орчиндоо аюул учруулж болохуйц хориотой зүйл,  хутга зэвсгийн чанартай тэсрэх бодисууд гээд жагсаал цуглаанд хэрэглэж болохгүй эд зүйлсийг нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр хүүхдийн гутал жагсаал цуглаан хийхэд хэрэглэж болохгүй эд зүйлсийн яг аль нь юм бэ? гэхэд гайлбарлаагүй. Цагдаа хууль бусаар хүний өмчид халдаж байхад бид цагдаагийн биед биш өмчөө авах гэж байхад надад  өгөхгүйн тулд  хүч хэрэглэж байх явцдаа гараа яах нь миний асуудал биш...” гэв.

Эрүүгийн 2109012820250 дугаартай хэргээс:

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20-26 дугаар хуудас/

Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Хохирогч И.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 93-95 дугаар хуудас/,

Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

Гэрч Я.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 150-152 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9505 дугаартай дүгнэлт /1хх-ийн 171-172 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9520 дугаартай дүгнэлт /1хх-ийн 180-181 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 237 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын  мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.М нь жанжин Сүхбаатарын нэрэмжит талбай дээр цуглаан зохион байгуулах үедээ цагдаагийн албан хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн гэх хэргийн үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Хохирогч С.Л-ийн: 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд том хайрцагтай эд зүйл барьсан жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс рүү авч явж байна гэх яриа өгүүлэлтэй явж байна гэх мэдээллийг явган эргүүл тухайн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас өгсөн. Энэ мэдээллийн дагуу тус цэцэрлэгт хүрээлэнгийн Ассемын хөшөөний дэргэд очиход хайрцагтай эд зүйл авч явсан иргэн цагдаагийн алба хаагч шаардлага биелүүлэн явах гэж байхад иргэн М нь ирж уг эд зүйл болох хүүхдийн гутлууд авч орно, бид нар наад эд зүйлүүдээр чинь акц хийнэ, та нарт оруулахгүй эрх байхгүй, мөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Я.Г нь хууль ёсны шаардлага тавих үед хувцаснаас нь зуурч гараа тавихгүй барилцаж авсан. Мөн дараа нь над руу дайрч давшлан урдаас чанга дуугаар орилж чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, давраад байгаарай, чи яах юм бэ?, чи муу яагаад байгаа юм хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү гэх мэтээр өндөр дуугаар дайрч шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн.  Д.М нь цагдаагийн алба хаагч Мөрөнгийн цээж, мөр хэсэг рүү түлхэж биед нь халдсан. Улмаар мөрдсийг нь тасалж унагаасан байсан. Д.М нь харилцааны хувьд харьцахад маш хүндрэлтэй өдөр дуугаар орилж чамд оруулахгүй байх эрх байхгүй, чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, давраад байгаарай, чи яах юм бэ?, чи муу яагаад байгаа юм хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү, чи яаж энэ цолонд хүрсэн юм гэх мэтээр хэл амаар доромжилж заналхийлж байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч И.М-гийн “...Д.М нь хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Я.Гтай маргалдаад манай тасгийн дарга С.Лтой зууралдсан. Тасгийн дарга С.Л хууль ёсны шаардлага тавих үед хувцаснаас нь зуурч, гараа тавихгүй барилцаад байсан. Би М-гийн гарыг нь тавиулах гэхэд урдаас чанга дуугаар орилж тасгийн дарга С.Л-д хандан “...чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, давраад байгаарай, чи яах юм бэ, чи муу яагаад байгаа юм, хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү” гэж заналхийлсэн. М-гийн авч явсан хайрцагтай гуталнуудыг дэд ахлагч 3 Х-тэй авч явах үед иргэн Д.М нь Б.Х рүү дайрах гэхэд нь би урдуур нь орж Д.Мтэй зууралдсан. Би Мг явуулахгүй гээд урдаас нь тэврээд авахад М миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, нэг удаа түлхсэн, Тэр үед М миний цээж рүү хүчтэй түлхсэн болохоор би яг газар унах гэж байгаад арай гэж хөл дээрээ тогтсон. Тэр үед дарга С.Л, Б.Х 2 зуурч байгаад М-г газарт унагаж хоёр гарыг нь ард нь гавласан. Д.М-д Г.Лхагвадорж дарга, Я.Г дарга хоёр цагдаагийн шаардлага биелүүлэх талаар удаа дараа хэлж ойлгуулахыг оролдсон боловч Д.М нь миний цээж хэсэгт гараараа нэг удаа цохиж, нэг удаа түлхэж надтай зууралдсан. Миний баруун гарын сарвуу шалбарч, баруун гар, цээж хөндүүр болсон. Мөн тэр явдлаас хойш толгой өвдөж, шилэн хүзүүгээр хөндүүрлээд байна. Мг гүйж байхад нь араас нь очиж барьж таслан зогсоох үед өөдөөс гарсны дараа би түүний барьж авах үед миний гадуур хүрэмний зүүн талын мөрдөснөөс татаж мөрдсийг газарт унагаасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Г-ын “...Талбай руу гутал оруулахгүй гэхэд гутал барьчихсан байсан дэд ахлагч цагдаа руу дайрахад нь хошууч Лхагвадорж, ахлах ахлагч Гандуулга хориглоход зогсохгүй байсан. Гутал барьчихсан байсан дэд ахлагчийг түлхэж, хайрцагтай гутлыг татаж байсан. Энэ үед таслан зогсоож баривчлах үүргийг хурандаа Г өгч бид нар очиж баривчилсан бөгөөд баривчлах үеэр М, Г бид гурав гавлах гэж ноцолдсон, намайг биеэрээ түлхэж цэцэрлэгийн явган замын хажуу хэсэг рүү унагаасан. Энэ үед миний камер, малгай, мөрдөс унасан байсан гэхдээ урагдаж гэмтсэн зүйл байхгүй. Би босож ирээд бид гурав нийлж байгаад ард нь гарыг нь гавласан байгаа. “Ажлаа хийж чадахгүй, хууль мэдэхгүй, чи миний биед хүрдэг хэн юм бэ” гэж хэлж хэл амаар доромжилж байсан. Тухайн үед хэлтсийн дарга хурандаа Г, хэв журмын тасгийн дарга хошууч Л нар нь хүүхдийн гутал авч Сүхбаатарын талбай руу орж бусдыг жагсаал цуглаанд уриалахаас сэргийлж “оруулахгүй, одоо гутлаа аваад явчих” гэж хэлэхэд шаардлага биелүүлэхгүй дайрч цагдаагийн гарт байсан хайрцагтай гутлыг булаах гэж дайрах үед нь таслан зогсоосон.” гэх мэдүүлэг,

Гэрч Я.Г-ын “.. Сүхбаатарын талбайд үл таних залуу цаасан хайрцагтай хүүхдийн хуучин гутал авчирч иргэн М нарын зохион байгуулж байсан бүртгэлгүй цуглаан руу аваачих үед нь шаардлага тавьж явуулсан. Гэтэл энэ үед Сүхбаатарын талбай дээр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулна гэж хэсэг бүлэг хүмүүсийн хамт М нь тэр залуугаас хайрцагтай гутлыг нь булааж аваад Сүхбаатарын талбай руу цаасан хайрцагтай хүүхдийн хуучин гутал оруулна гээд байсан учир би Сүхбаатарын талбай руу эд зүйл оруулж болохгүй гэж хууль ёсны шаардлага тавин тухайн эд зүйлийг зах гэтэл миний шаардлагыг эсэргүүцсэн. ” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.О-ын “...19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр хайрцагтай зүйл барьсан хоёр эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн талбайн урд талаасаа талбайн төв Сүхбаатар Жанжины хөшөө хэсэг рүү явах гэж байхад Цагдаагийн алба хаагчид тухайн хүмүүсийн барьж явсан эд зүйлсийг шалгаж үзээд энэ жагсаал цуглаан нь бүртгэгдээгүй жагсаал цуглаан учраас нэвтрүүлэх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл талбайн төв хэсгээс М гэх залуу лайв хийж ирээд “та нар бид нарын жагсаал цуглаанд ашиглах гэж байгаа эд зүйлсийг яагаад оруулахгүй байгаа юм, та нар мэддэг юм уу, би мэдэж байна оруул” гээд бахираад байсан. Тэр үед Сүхбатаар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга хошууч С.Л нь иргэн Д.М болон тухайн цаасан хайрцагтай эд зүйлс барьсан хүмүүст энэ жагсаал цуглаан нь бүртгэгдээгүй жагсаал, цуглаан учраас нэвтрүүлэх боломжгүй гэж хууль ёсны шаардлагыг тавьсан боловч иргэн Д.М нь “Чи мэддэг юм уу? Би мэддэг юм, хоёулаа зодолдох уу” гээд дайраад байсан. Тэр үед Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч тухайн цаасан хайрцагтай эд зүйлийг талбай руу нэвтрүүлж болохгүй гээд авах гэтэл Д.М нь тухайн алба хаагчийг араас нь татаад мөрдсийг нь ураад мөн тухайн цагдаагийн алба хаагчийн биед халдан татаж чангааж байгаад малгайг нь газар унаган дээр нь гишгэсэн Тэгээд алба хаагчид удаа дараа Мд та гаргаж байгаа үйлдлээ зогсоохгүй бол алба хаагчид хуульд заасан албадлагын арга хэмжээ авна гэж хэлж байсан боловч Д.М нь алба хаагчдын биед халдаад мөн шаардлага эсэргүүцээд байсан учраас алба хаагчид биеийн хүч хэрэглэн Д.Мг цагдаагийн албаны машинд суулган авч явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ж-ы “...Би хайрцагтай гутлыг сандал дээр тавиад хаашаа авч явахаа мэдэхгүй байж байтал цагдаа ирээд надаас хурааж аваад цаашаа явсан. Тэгэхэд М наадах чинь хүний өмч, та нар халдах эрх байхгүй, хураалгахгүй гээд гүйж очоод хайрцагтай гутлыг цагдаагаас авах гэж оролдоход түүнийг цагдаа нар унагааж гавлаад цагдаагийн машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Б-гийн “... Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/0085 дугаартай шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж байсан иргэн Д.М-д амаар уншиж танилцуулан хүлээлгэн өгөх гэсэн боловч Д.М нь уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тул шаардлагын доод хэсэгт өөрийн гараар тэмдэглэл үйлдсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9505 дугаартай “1. Д.Г-ын биед дагзны хуйх, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №9520 дугаартай 1. И.М-гийн биед баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д гэснээр эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт болох сиди бичлэг зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байх ба энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй юм.  

Нэг: Хууль сахиулагч гэх ойлголтонд хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн албан хаагч хамаарах бөгөөд  гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хохирогч С.Л нь Сүхбаатар дүүрэг дахь Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар, хохирогч И.М нь Сүхбаатар дүүрэг дахь Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицероор,  хохирогч Д.Г нь  эргүүл хамгаалалтын хэлтсийн эргүүл хамгаалалтын цагдаагаар ажиллаж  гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар олгосон  үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт  иргэн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...гэж, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Жагсаал цуглааныг Монгол улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж тус тус заасан хэдий ч иргэн уул эрхээ  эдлэхдээ хуулиар тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй гэж заасан байна.  

Шүүгдэгч Д.М-гийн  хувьд 2021 оны 09 сарын 30-ны өдөр жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаан зохион байгуулахдаа энэ тухай мэдэгдлийг урьдчилж харьяалах дүүргийн Засаг даргад гарган өгч, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд Засаг дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхийг бичгээр мэдэгдсэн байхыг  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн  9 дүгээр зүйлд тодорхой заасан байна.

Гэвч шүүгдэгч Д.М нь хуульд заасан дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй болох нь Сүхбаатар дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 09 сарын 19-ны өдрийн 2021/0085 дугаартай тухайн үйлдлээ даруй зогсоохыг шаардсан албан шаардлага, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн тасгийн дарга, гэрч П.Б, хууль зүйн тасгийн мэргэжилтэн Ж.Б нарын гэрчээр өгсөн: иргэн Д.М нь 2021 оны байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах талаар ямар нэгэн хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-гийн “Бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж байсан Д.М-д албан шаардлагыг танилцуулан хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээж авахаас татгалзсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.  

Хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй, бүртгэлгүй цуглаан зохион байгуулсан иргэн Д.М-гийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хэрэгжүүлэхээс татгалзаж,  хүч хэрэглэн эсэргүүцэж буй идэвхитэй үйлдэл нь гэрч, хохирогчийн мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчөөс: Иргэн хүний хувьд дангаараа очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайн жагсаалыг хэн нэгэн хүн удирдаагүй, зохион байгуулалттай цуглаан биш бөгөөд аяндаа өрнөсөн тул бүртгүүлэх шаардлагагүй , хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл тогтоогдоогүй, зарим хохирогчийн биед үүссэн гэмтлийг тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа тогтоосон, хүүхдийн гутал нь хориотой зүйлд хамаарахгүй гэж тайлбар гаргаж байна.

     Шүүгдэгч Д.М нь ковидын хууль хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж, хүүхдийн гутлуудыг хайрцганд хийж төв талбайд оруулахаар урьдаас зохион байгуулсан дээрх үйл ажиллагаа нь “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Цуглаан” гэж үзэх  тул аяндаа өрнөсөн, бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

    Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.М нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, биед нь халдаж, улмаар тухайн цаг хугацаанд хохирогч нарын биед тодорхой гэмтлүүд учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон  тогтоогдсон гэж үзнэ.

  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар жагсаал цуглаанд оролцогч нь халуун хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл амьтан авч явахгүй байх үүрэгтэй ба шүүгдэгч Д.Мг дээрх үйлдэлд буруутгаагүй бөгөөд харин түүний зохион байгуулсан жагсаал нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялын бүсчлэлийг  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Д.М-д ял оногдуулахдаа улсын яллагчийн гаргасан ялын саналаас бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М-гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овогт Д-ын М-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.М-гийн энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тоолон эдлэх ялд оруулан тооцсугай.

8.Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН