Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01123

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 03 өдөр

     Дугаар 184/ШШ2018/01123

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: …... хаягт байрлах “Ү банк” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ /РД:.........../-т холбогдох

 

Зээлийн батлан даалтын гэрээний үүрэгт 5.435.269 төгрөг, 52 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 сарын 29-ний өдөр З.Б-тай ДС-ЦЗ-16/061 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж,  3.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2017 оны 4 сарын 13-ны өдөр тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үлдэгдэл 2.650.000 төгрөг дээр 2.050.000 төгрөг нэмж, 4.700.000 төгрөгийн зээл олгосон. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн Т ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 сарын 13-ны өдөр “Батлан даалтын гэрээ” байгуулсан. З.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Банкны зүгээс зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутамд мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч болон батлан даагчтай удаа дараа уулзаж шаардсан. Зээлдэгч З.Б- нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээсээ 350.000 төгрөг, хүүнд 339.196 төгрөг 129 мөнгө, хугацаандаа төлөөгүй нэмэгдүүлсэн хүү 4.958 төгрөг 91 мөнгө, нийт 694.155 төгрөг 20 мөнгийг 2016 оны 11 сарын 23-ний өдрөөс хойш төлсөн. Одоогийн үлдэгдэл шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 4.700.000 төгрөг, зээлийн хүү 724.440 төгрөг 97 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 10.828 төгрөг 59 мөнгө, нийт 5.435.269 төгрөг 52 мөнгө байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэл нь 2017 оны 4 сарын 13-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний 2.1-т зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх үүргийг батлан даагч хүлээнэ гэсэн. Энэ заалтын дагуу батлан даагчаас шаардсан.  Зээлийн гэрээний 4.1.4-т зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зээлдэгч нь 2 ба түүнээс дээш удаа биелүүлэлгүй зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил болно. Зээлдэгч З.Б- нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй шалтгаан нь хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Мөн хариуцагч компанид ачигчаар ажилладаг байсан. Хоригдсон шалтгаан нь эрүүгийн хуулийн хулгайн гэмт хэргээр орсон гэсэн. Тиймээс төлбөрөө төлөх чадваргүй, боломжгүй байна. Батлан даалтын гэрээний 1.2-т заасан үндэслэл бүрдэж байгаа учир зээлийн гэрээний үүргийг бүрэн төлөх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Шүүхээс хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Зохигчдын хооронд байгуулсан гэх 2017 оны 04 сарын 13-ны өдрийн ДС-БДГ-17/03 дугаартай батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан “Хууран мэхэлж хийсэн хэлцэл” байна. Тухайн үед манай газрын захирлаар ажиллаж байсан Б.С-тай Ү банкны Драгон салбарын н.Б- гэх хүн яриад эрх зүйн хувьд танайд ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Батлан даалтын гэрээ нь зүгээр хэлбэр төдий, баримт бичгийн бүрдлийн асуудал юм гэсэн байдаг. Гэтэл банк эрсдэлээ шилжүүлэх зорилгоор манай тухайн үеийн гүйцэтгэх удирдлагыг хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Батлан даалтын гэрээг хүчинтэй гэж үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т  заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. Нэмэлтээр байгуулсан цалингийн зээлийн гэрээ 4.700.000 төгрөг болсон. Тэр гэрээний хугацаа 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байна. Батлан даалтын гэрээний 1.2-т зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэж байна. Тэгэхээр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ 2020 оны 04 сарын 06-ны дотор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар шаардах эрх үүснэ гэж үзнэ. Мөн гүйцэтгэж чадахгүй нь илт илэрхий байвал гэж байна. З.Б- нь 461 дүгээр хорих ангид байгаа тул цаашид үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Тэр тодорхойлолт нь З.Б- Эрүүгийн хуульд заасан хулгайн гэмт хэрэгт холбогдож таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэсэн. Таслан сэргийлэх арга хэмжээ хуулинд 1 сарын хугацаатай байдаг. Лавлагаа авснаас хойш таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаад З.Б- гарсан эсэхийг тодруулаагүй байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохоос хулгайн хэрэг хийсэн нь баттай гэж шийдвэрлээгүй байгаа. Тэгэхээр хэрэг хийгээгүй гэж үзвэл цаашид үүргээ гүйцэтгэх хугацаа байна. Манай байгууллагын зүгээс З.Б-ын таслан сэргийлэх арга хэмжээ дууссан бол буцааж ажилд нь авах сонирхолтой байна. Тиймээс цаашид З.Б- нь үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Цаашид үүргээ гүйцэтгэж чадахгүй гэдэг нь илт тодорхой болоогүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ү банк ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ-т холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 5.435.269 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ     “...З.Б-тай

Байгуулсан ДС-ЦЗ-16/061 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч батлан даалтын гэрээгээр хангахаар тохиролцсон тул гэрээний үүргийг шаардана...” хэмээн тодорхойлов. 

 

Хариуцагч нь “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргав.

 

Ү банк ХХК нь 2016 оны 11 сарын 29-ний өдөр ДС-ЦЗ-16/061 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г Дөрвөн хөх чоно овогт Зөмүүгийн Б-тай байгуулан, 3.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцжээ. Уг зээлийн гэрээнд 2017 оны 4 сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн үлдэгдэл 2.650.000 төгрөг дээр 2.050.000 төгрөг нэмж, нийт 4.700.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдов. /хх-5-8/

 

Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ нь 2017 оны 4 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ү банк ХХК-тай ДС-БГД-17/03 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний 1.1-т “...З.Б- болон банкны хооронд байгуулсан 2017 оны 4 сарын 13-ны  өдрийн ДС-ЦЗ-16/061 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах..”-аар тохиролцсон байна. /хх-9,10/

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 460 дугаар зүйлийн 460.1-т “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан тул батлан даагч Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ нь нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар батлан даагч болон зээлдэгчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх ба энэ тухай баримтыг хэрэгт хавсаргажээ./хх13-15/

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч З.Б- нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа болох нь тогтоогдов.  /хх-3/

 

Иргэний хуулийн 460 дугаар 460.2-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” талаар заасан бөгөөд зээлдэгч З.Б- нь зээлийн гэрээний үүргээ 2017 оны 04 13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа болох нь тогтоогдсон тул хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагчаас “...тухайн үеийн гүйцэтгэх удирдлагыг хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна” хэмээн маргах боловч хууран мэхлэгдсэн талаар баримт гаргаагүй, хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагчаас батлан даалтын гэрээний үүрэгт 5.435.269 төгрөг, 52 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.915 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ-аас 5.435.269 төгрөг, 52 мөнгө гаргуулан нэхэмжлэгч “Ү банк” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “Т” ОНӨААТҮГ-аас 101.915 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ү банк” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ