Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/572

 

 

 

 

 

 

 

     2022       05          30                                   2022/ШЦТ/572

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Б.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2209006890864 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... 5 давхарт хохирогч Д.О-ы биед шалтгаангүйгээр халдаж, баруун дээд, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн. Одоо архи уухаа болъё гэж бодож байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.О-ы мэдүүлэг / хх 54 /, гэрч Д.О-ын мэдүүлэг / хх 56 /, яллагдагч Б.Б-ын мэдүүлэг / хх 6-7 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3566 дугаартай дүгнэлт / хх 27-28 /, хохирогч Д.О- хохиролд 1.000.000 төгрөг авсан гомдол саналгүй гэх хүсэлт / хх 70 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 68 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 67 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Дэм оффисын 5 давхарт хохирогч Д.О-ыг шалтгаангүйгээр зодож, баруун дээд, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Д.О-ы / хх 54 / “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр О-ын гэрээс өөрийн бага хүүгээ авах гэж очих үед түүний найз Б.Б- нь архи уусан байсан. Тэгээд бага хүүгээ авах гэхэд өгөхгүй байсан. Хажуунаас Б.Б- “Наад нэг балай авгайгаа зайлуулаач” гэх мэтээр үг хэлээр доромжлоод байхаар нь би гарч явсан. Би буцаж ороход Б.Б- нь над руу дайраад байхаар нь би “Чи найз нөхдийнхөө амьдралд гай болоод байх юм” гэж хэлэхэд Б.Б- уурлаж, миний нүүрний баруун хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиход би газар унасан. Намайг түлхэж хэвтүүлж байгаад доошоо харчихсан байхад дээрээс 5 орчим удаа дэвсэж өшиглөөд намайг газраар чирсэн. Тэгээд би биеэ хамгаалах зорилгоор зүүн гараараа цохих гэж оролдоход онохгүй өөр зүйл цохиод гараа гэмтээчихсэн. Надад учирсан гэмтлүүдийг Б.Б- учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.О-ын / хх 56 / “...Манай бага хүүхдийг эхнэр Д.О- авч явах гэхэд хүүхэд маань явахгүй гээд байсан. ...Би өмнөх өдөр нь уучихсан байсан болохоор их согтсон байсан. Нэг мэдэхэд Б.Б-, Д.О- нар маргаан үүсгэж байсан бөгөөд болиулах гэхэд Д.О- над руу уурлаад байсан. Тэгээд Б.Б- нь Д.О-ыг цохиж унагаагаад над руу уурлаж байсан. Д.О-ы баруун нүд хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3566 дугаартай дүгнэлтэд:

1. Д.О-ы биед баруун дээд, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 27-28 /

 

Яллагдагч Б.Б-ын / хх 6-7 / “...Д.О- нь өөрөө муухай ааштай хүн бөгөөд би түүний нүүрэнд нэг удаа алгаараа түлхсэн. Сүүлд нь буйдан дээр түлхэж унагасан юм. Миний мэдэж байгаагаар хүүхэдтэйгээ уулзуулдаггүй гэж маргалдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.О-д 1.000.000 төгрөг төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.О- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ