| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2020/0029/З |
| Дугаар | 159/ШШ2020/0032 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 159/ШШ2020/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2020/0029/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Д.Цэвэлноров
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа
Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Д.Цэвэлноров, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Ц.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Д.Цэвэлноров шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: ... 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Цэвэлноров миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Чөлөөт бүсийн дэлгүүрээс хууль тогтоомжид заасан нэг хүн 2 литр хэмжээтэй архи авах зөвшөөрлийн дагуу хүн бүрээр тогтоосон хэмжээгээр гуйж зөөлгөж цуглуулж байгаад цугларсан үед нь тавьсан айлаасаа машиндаа ачаад авч явахад шалгалт хийж миний 270 шил /26 хайрцаг/ янз бүрийн нэртэй архийг үзлэг хийж хураан авч шийтгэлийн хуудас гаалийн байцаагч Ц.Эрдэнэзаяа бичсэн юм. Үүнийг эс зөвшөөрч дээд шатны удирдлагад нь гомдол гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/247 дугаартай Гаалийн газрын даргын албан бичгээр хүсэлтийг хүлээн авах хууль зүйн боломж алга гэсэн хариу өгсөн юм.
Тиймээс нэхэмжлэгч миний бие дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Уг шийтгэлийн 0124164 дугаартай хуудсанд асуудлыг шалгаад олсон нь Д.Цэвэлноров нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн болох нь тайлбар мэдүүлэг, видео бичлэг, фото зураг нотлох баримтаар нотлогдож байна гэжээ. Тэгвэл энэхүү хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн заалт нь тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол гэж хуульчилжээ. Миний бие Чөлөөт бүсийн гаалийн хяналтаар зөвшөөрөгдсөн 2 шил, 2 литр архийг авч гарч шалгуулсан болохоос 270 ширхэг архийг нууж хааж, мэдүүлгийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-1.5 хүртэлх заалтад заасан аргаар бичсэн засварласан, хураамж мэдүүлэг бичсэн асуудал огтоос гараагүй, гаалийн хяналтын талбайд ч энэ асуудлыг гаргаагүй, хэрэв ийм тоо ширхэгтэй архийг гаалийн байцаагч шалгаад намайг хил нэвтрүүлсэн бол тэр байцаагч албан тушаалын байдлаараа ч өөрөө арга хэмжээнд орох байдал үүснэ. Тийм зүйл байхгүй. Алтанбулаг сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын дэргэд энгийн хувцастай хүн гар өргөөд Амарыг эрье гээд машин дээр ирж тээвэрлэж яваа тээшийг чинь шалгая гэж хэлээд шалгаад миний цуглуулсан архийг хураан авсан нь иргэн хүний өмч хөрөнгөнд хууль бусаар халдаж байгаа ноцтой асуудал яригдана гэж үзэж байна.
Би Зөрчлийн тухай хууль болон Гаалийн тухай хуулийг зөрчсөн асуудал гаргаагүй. Гаалийн байгууллага өөрсдөө тээвэрлэж явахад шалгаагүй, гаалийн хяналтын бүсэд хууль бусаар нэвтэрч хууль тогтоомж зөрчөөгүй, хяналт шалгалт явуулаагүй байхад гаалийн байцаагч шийтгэлийн хуудас бичиж архийг хураан авч, арга хэмжээ авч байгаа байдал нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж хүнийг эд хөрөнгөөр нь хохироож байгаа маш ноцтой асуудал гэж үзэж байна. Тиймээс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож хураасан архийг буцаан олгуулах, торгуулийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл бичиж байна. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын иргэн Дашбалбар овогтой Цэвэлноров Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяагийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаарын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд доорх хариу тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын иргэн Д.Цэвэлноровт холбогдох 2031000202 дугаартай зөрчлийн хэргийг шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу Д.Цэвэлноровыг 100 нэгжээр торгож, зөрчилд холбогдсон бараа болох 270 шил согтууруулах ундааг хураасан. Дээрх гаргасан шийдвэрт иргэн Д.Цэвэлноров нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт Хураагдсан архийг минь буцаан өгч, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн утга агуулгатай хүсэлт өгсөн. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтийг хүлээн авах хууль эрх зүйн боломжгүй талаар хариу мэдэгдсэн. Д.Цэвэлноров нь Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйл болох гомдол гаргах журам, хугацааг зөрчсөн байх тул хуульд заасан шаардлагыг хангуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудас[1] -аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож, зөрчилд холбогдох эд зүйлийг хурааж шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч Д.Цэвэлноров болон түүний өмгөөлөгч ...хураалгасан 270 шил архийг хууль зөрчиж гаалийн хилээр нэвтрүүлээгүй, гаалийн мэдүүлэг бөглөж гаргасан, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө цуглуулсан архийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор архи гаргаж өгдөг иргэдэд нэг шил архи тутамд 2000 төгрөг өгч гаргуулсан. Харин 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр чөлөөт бүсд байсан 10 гаруй иргэдээс гуйсны дагуу нэг хүн тус бүрийн 2 шил архи авах гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бөглүүлж архи авсан. Тус өдөр авсан 10 хайрцаг архиа дэлгүүрийн худалдагчийг гуйж, машинд нь хийж гаалийн хилээр гаргуулсан тул хууль зөрчөөгүй, би тус архийг гаалийн хилээр гаргаагүй тул уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Эрдэнэзаяа нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээс их хэмжээний тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Д. Цэвэлноров нэвтрүүлсэн гэх зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 48/89 тоот албан бичгээр шилжүүлснийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-т Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулсан байна.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй гэж, Гаалийн тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална. гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам-ын 2.3.1, 2.4-т тус тус зааснаар зорчигч нь 24 цагийн дотор, 2 литрээс илүүгүй архи, дарсыг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөршөөрсөн зэргээс үзвэл гомдол гаргагч Д.Цэвэлноровын Алтанбулаг чөлөөт бүсээс худалдаж авсан гэх 270 ширхэг согтууруулах ундаа нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан тоон хязгаарлалт тогтоосон тарифын бус хязгаарлалттай бараа байна.
Гэтэл Д.Цэвэлноров нь тарифын бус хязгаарлалттай барааг Алтанбулаг чөлөөт бүсээс худалдан авахдаа Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан бичгээр, мэдээллийн сүлжээгээр, зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар, аль ч зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр гэсэн гаалийн мэдүүлгийн аль ч хэлбэрээр мэдүүлээгүй болох нь хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Гаалийн байгууллагын бүртгэлийн кайс программд хийсэн Д.Цэвэлноров нь кайс программын чөлөөт бүсийн зорчигч хэсэгт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хэдэн удаа зорчсон талаарх лавлагааг авахад Д.Цэвэлноров нь тус программд нэг ч удаа бүртгэлгүй байна. гэх тэмдэглэл[2], Д.Цэвэлноровын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн ...өөрийн буруутай үйлдлээс болж огт танихгүй зүгээр ажлаа хийж байсан хүмүүс болон дэлгүүрүүдийг арга хэмжээ авахуулах гэж байгаадаа харамсаж байна... гэх холбогдогчийн мэдүүлэг[3]-ээр тогтоогдож байна.
Түүнчлэн Д.Цэвэлноров нь тарифын бус хязгаарлалттай бараа болох өдөрт 2 литрээс илүүгүй хэмжээгээр авах барааг Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ. гэж заасныг зөрчиж, нэг дор их хэмжээгээр авсан болох нь Алтан булаг чөлөөт бүсийн дэлгүүрийн худалдагч нарын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд, тус дэлгүүрүүдийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн борлуулалтын мэдээ болон Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас хийсэн дүрс бичлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд Д.Цэвэлноров 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...Дэлгүүр хаах гээд байсан өөрийнхөө машинтай гаргаж болохгүй болохоор нь сондгой ганцаараа байдаг саарал дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээр гуйж байгаад гаргуулсан. Дэлгүүр хаах гээд дэлгүүрийн худалдагч эмэгтэй таны архийг би дэлгүүртээ байлгавал бөөн асуудал үүснэ. Та архиа ав гээд байсан. Миний хувьд авч гарах боломжгүй байсан болохоор дэлгүүрийн худалдагч эмэгтэйг аваад гараач гэж гуйж байгаад гаргуулчихсан юм.... гэж[4] мэдүүлснээс үзвэл тарифын бус хязгаарлалттай барааг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон..., 1.3-т ...гаалийн шалгалтаас нуун далдалсан гэх аргаар гаалийн хилээр гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, зөрчилд хураагдсан 270 ширхэг согтууруулах ундааны гаалийн мэдүүлэг байхгүй, энэ шалтгаанаас үүдэн барааг гаалийн хилээр гаргах боломжгүй байсан учраас өөрийн зорчиж явсан тээврийн хэрэгсэл байсаар атал дэлгүүрийн худалдагчаас гуйж, түүний тээврийн хэрэгсэлд хийж гаргасан нь гаалийн шалгалтаас нуун далдалсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Харин 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө цуглуулж байсан гэх согтууруулах ундааг гаалийн хилээр согтууруулах ундаа гаргадаг гэх иргэдэд согтууруулах ундаа тус бүрд 2000 төгрөг нэмж өгч гаргуулсан[5], түүнийгээ 2 сарын турш цуглуулсан гэх боловч барааг хилээр зохион байгуулалттайгаар, хууль бусаар нэвтрүүлснийг үйлдэл дээр нь Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас барьсан байх тул зөрчилд холбогдох 270 ширхэг согтууруулах ундааг хураан авсныг буруутгах боломжгүй байна.
Иймд Д.Цэвэлноров нь тарифын бус хязгаарлалттай бараа болон согтууруулах ундааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэлгүй, 24 цагт 2 литр согтууруулах ундаа авах хязгаарлалтыг хэтрүүлэн, их хэмжээгээр нэг дор худалдан авсан нь Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-т зааснаар түүнд шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана гэж заасны дагуу хураан авсан 270 ширхэг согтууруулах ундааг хариуцагч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл зохих журмын дагуу хадгалахыг дурьдах нь зүйтэй.
1.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА