Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0686/З |
Дугаар | 221/МА2024/0117 |
Огноо | 2024-02-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0117
С.Б*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******
Нэхэмжлэгч: С.Б*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 968 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0686/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 968 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б*******ийн, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирол 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. “...Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэлтэй, зөв дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Т******* гэх хүний гарын үсэгтэй мэдэгдэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Ш******* гэх гарын үсэгтэй албадан чөлөөлөх мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь уг мэдэгдлүүдийг эрх бүхий этгээд өгөөгүй, мөн албадан чөлөөлөх тухай Засаг даргын захирамж гараагүй байхад мэдэгдэл өгч байгаа нь хууль бус, мөн түүнчлэн уг газрыг Ө.С******* гэх хүн миний эзэмшлийн газар гэж хэлээд надад түрээсэлж байсан, хэрэв нийтийн эзэмшлийн газар болохыг мэдсэн бол би зохих журмын дагуу зөвшөөрөл авах байсан, уг ТҮЦ. маний амьжиргааны гол эх үүсвэр тул ТҮЦ-г маань албадан чөлөөлөхгүй байж надад зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн үндэслэлээр Засаг даргад хандан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан.
3.2. Тухайн үед Баянзүрх дүүргийн гомдол, мэдээлэл хүлээн авах эрх бүхий ажилтан хүсэлтийг авч, Засаг дарга хуулийн дагуу шийдвэрлээд хариу хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Т*******тай уулзахад Засаг дарга шийдвэрлэх байх ямартай ч шийдвэр гартал танайхыг уг мэдэгдлүүдийн дагуу албадан чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.
3.3. Ингээд байж байтал 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө хэнд ч мэдэгдэхгүйгээр нэхэмжлэгчийн ТҮЦ-г албадан чөлөөлсөн байдаг. Ингэж албадан чөлөөлснийхөө дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг мессежээр мэдэгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан гомдол, мэдээлэл шийдвэрлэлтийн хуудсаар харагдаж байгаа. Мөн хариуцагчийн төлөөлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
3.4. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар ТҮЦ-ийг албадан чөлөөлөхөөс өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд санал, тайлбараа гаргах эрхтэй. Нөгөө талаар дээрх мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ энэ талаар хүсэлт, гомдлоо гаргах эрхтэй болохыг дурдсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ эдэлж Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй бөгөөд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх тул сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.
3.5. Мөн шөнийн цагаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр ТҮЦ-ийг ачиж явсан бөгөөд ТҮЦ-ийг албадан чөлөөлснөөс хойш буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/479 дүгээр захирамж гарч, уг захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан. Өөрөөр хэлбэл албан ёсны шийдвэр гараагүй байхад шууд нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Уг захирамжийн агуулгаас үзэхэд захирамж гарсны дараа хавсралтад заасан ТҮЦ-нүүдийг албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл захирамж гараагүй байхад ТҮЦ-г албадан чөлөөлж, дараа нь Засаг даргын захирамжийг нөхөж гаргасан байтал шүүхээс уг захиргааны актыг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөлийн ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байх бөгөөд уг үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж хэт нэг талыг барьсан хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байна.
3.6. Түүнчлэн шүүх мэдэгдлүүдэд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүйн улмаас захиргааны журмаар газрыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.7. Нэхэмжлэгч С. Б******* нь Засаг даргад гаргасан хүсэлтийнхээ хариуг хүлээж байсан бөгөөд хэрэв Засаг даргаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн бол нэхэмжлэгч өөрийн зардлаар ТҮЦ-ээ чөлөөлөх байсан. Гэтэл ямар нэгэн хариу өгөхгүйгээр шууд албадан чөлөөлснөөс болж нэхэмжлэгчийн ТҮЦ журмын хашаанд байхдаа үерт автаж, нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учирсан. Гэтэл үүнийг шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0968 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч С.Б*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирол 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” шаардлага гаргажээ.
3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “С*******” ХХК-ийн захирал Ө.С*******тэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түүнд газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
5. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Т*******ын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №7 дугаар мэдэгдэх хуудсаар тухайн газрыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт чөлөөлөх, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны №7/01 дүгээр мэдэгдэх хуудсаар 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор чөлөөлөхийг тус тус мэдэгдсэн бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг дурджээ.
6. Нэхэмжлэгч тус мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжаар тус маргаан бүхий Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо “Р*******” рестораны урд байрлах ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7. Дээрхээс үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамж хуульд нийцсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Тодруулбал, нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн газарт ТҮЦ ажиллуулж байсан бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд газар чөлөөлөх шийдвэр гаргасан хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасантай нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН