Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 174

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0102/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бямба-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625031513 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Ундрах-Эрдэнийн Бямба-Эрдэнэ: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-771 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 76-21 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, /РД:ЙИ91081714/

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнэ /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Доргио” бааранд 2016 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн үед бүжгийн талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.Цэрэнбатыг мушгиж унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доргио бааранд хоёр найзын хамт үйлчлүүлж байсан юм. Тэгээд шөнө ойролцоогоор 04 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних одоо нэрийг нь мэдэх болсон Цэрэнбат гэгч нь намайг бариад авсан тэгэхээр нь хэн ямар хүн бэ гээд тавиулах гээд өөрөөсөө холдуулчихаад яваад өгсөн. Ойролцоогоор 5-10 минутын дараа би баарнаас гараад салхилах гэж байхад Цэрэнбат нь зогсож байхаар нь “чи яагаад надтай маргаан үүсгээд байна вэ” гэхэд “чи надтай хамт явсан эмэгтэйг татаж чангаагаад байсан” гэхээр нь за уучлаарай би анзаарсангүй гэж уучлалт гуйгаад явсан юм. Тэгтэл Цэрэнбат нь намайг найзуудтайгаа нийлж олуулаа нийлж зодох гээд байна цагдаа дуудна гээд цагдаад дуудлага өгсөн байдаг. Ингээд гарчихаад эргээд орж ирчихээд буцаад гарах гээд явж байхад дахиад Цэрэнбаттай шүргэлсэн юм тэгтэл чи яагаад намайг өдөөд байна вэ гэж дахиж уурласан тэгэхээр нь үгүй тийм зүйл байхгүй гэж хэлээд зөрөөд явсан. Тэгээд гадна зогсож байхад Цэрэнбат нь баарны хамгаалагчаар түшүүлээд гарч байсан. ..Тухайн үед зууралдаад байхаар нь түүнийг өөрөөсөө холдуулах санаатай түлхсэн юм тэр үед газар унаад өөрөө гэмтчихсэн байх гэж бодож байна түүнээс түүний биед цохиж зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 34/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Цэрэнбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил Сувдансондор гэх охинтой хамт Чингэлтэй дүүргийн "Доргио" нэртэй бааранд орсон тэгээд 2016 оны 07 дугаар сарын 24-ний 04 цаг өнгөрч байх үед Сувдансондорыг удаа дараа өдөж хоргоогоод байсан тэгээд надтай хамт явж байгаа юмаа гэж тайлбарлаж хэлэхэд үгийн зөрүүгүй миний хүзүүг гараараа мушгаж намайг газар унагасан тэгээд босох гэтэл босч чадахгүй хөл эвгүй болсон байсан. Би доголж босоод гадаа гараад цагдаад дуудлага өгсөн. Бямба-Эрдэнэ нь надтай хамт явсан Сувдансондорыг эсэргүүцээд байхад нь удаа дараа хувцаснаас нь татаж чангаагаад байсан. Тэгээд би “битгий найз охин оролдоод бай би энэ хүнтэй явж байгаа юм” гэж хэлтэл үгийн зөрүүгүй хүзүүгээр мушгаж аваад газар унагаасан. Би тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй.

..Тухайн үед бид хоёр юм ярьж байхад намайг хүзүүдэж бариад хөмрөөд мушгиад газар унагаасан тэр үед би дээш босох гэтэл босож чадахгүй гишгэж чадахгүй хөл нэг л сонин болсон юм. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд хөл хугалсан байна гээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хөл сарвууны 1 дүгээр тасагт 7 хоногийн хугацаатай хэвтсэн" гэсэн мэдүүлэг /хх 16, 51/

 

Гэрч Б.Билгүүнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найз Бямба-Эрдэнэ, Энхсаруул нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг Доргио бааранд орсон тэгээд тус бүр 2 шил пиво авч уусан тэгээд бүжиглэж байхад Бямба-Эрдэнэ нь нэг залуутай тэкен дээр нэг нэгнийхээ урдаас тулсан байдалтай зогсож байхаар нь очоод юу болоод байгаа юм бэ гээд дундуур нь ортол Бямба-Эрдэнэ юу ч болоогүй сая үл ойлголцоод би уучлалт гуйж байна гэхээр за гэж хэлээд Бямба-Эрдэнийг аваад сууж байсан ширээнээс холдуулсан тэгээд бүжиглэж байгаад гадаа гартал цагдаа сэргийлэх болсон байсан.. гэсэн мэдүүлэг /хх 17/

Гэрч Б.Энхсаруулаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найз Бямба-Эрдэнэ, Билгүүн нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг Доргио бааранд орсон тэгээд ууж идэцгээгээд сууж байсан. Миний хувьд тэр хоёртой уулзахаасаа өмнө архи уусан байсан, тэгээд л тэр хоёр ээлжлээд л бүжиглэлээ гээд босч яваад байсан тэгээд Бямба-Эрдэнэ харагдахгүй байхаар нь Билгүүний хамт гадаа гараад хартал өөрөөсөө намхан пагдгар биетэй залуутай инээчихсэн юм яриад зогсож байхаар нь буцаад орсон тэгээд хэсэг хугацааны дараа гарахад гадаа цагдаа нар ирчихсэн өмнө гарахад уулзсан залуу бүр хөлөө чирчихсэн явж байсан. гэсэн мэдүүлэг /хх 18/

 

Гэрч М.Баатарсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ..Тухайн өдөр би Доргио бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгээд одоо цагийг нь санахгүй байна гадаа гарч тамхи татчихаад эргээд орж ирээд зогсож байхад нэг намхандуу махлаг биетэй залуу миний урд зогсож байхад нэг хүн тэр сеткэн малгайтай залууг аваад явчихсан юм. Ингээд намхан нуруутай махлаг биетэй залуу нь миний хөлийг эвгүй болгочихлоо гаргаад өгөөч гэхээр нь би үүд рүү гаргаж өгсөн. Тэгтэл хар малгайтай залуу гадаа тамхи татаж зогсож байсан бөгөөд хөл нь эвгүй болсон залуутай хэрэлдэж муудалцаад л байсан. Намайг гадаа тамхи татаад зогсож байхад хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. гэсэн мэдүүлэг /хх 19/

Гэрч Б.Хүдэрчулуунаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би тэр шөнө Доргио бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад шөнийн бараг 02 цаг өнгөрч байхад санагдаж байна бүжгийн талбайн хажууд хоёр залуу хоорондоо тэврэлдээд юм яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би найзууд юм байна гэж бодсон. Тэгтэл хар малгайтай өндөр махлаг биетэй залуу нь нөгөө залуугаа мушгиад газар унагаачихсан юм. Тэгэхээр нь би очоод хоёуланг нь салгаад гадна хамгаалагч нарт хүлээлгэж өгсөн. Тэр хоёр залуу нэг нэгийгээ цохиж зодоогүй. Тэр малгай өмссөн өндөр нуруутай махлагдуу залуу нь тэр залууг шууд тэвэрч байгаад шууд мушгиад газар унагаачихсан. Өөрөөр цохиж зодсон зүйл гаргаагүй. Нөгөө мушгиулж унадаг залуу цагаан өнгийн подволктой байсан. Тэр газар дээшээ хараад эвгүй уначих шиг болсон. гэсэн мэдүүлэг /хх 20/

 

Гэрч М.Сувдансондороос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би "Доргио" бааранд танилцаад удаагүй байсан Б.Цэрэнбаттай орсон юм. Ингээд Доргио бааранд ороход надтай хамт явж байсан залуу маань согтолттой байсан. Ингээд уг бааранд ороод жоохон бүжиглэж байхад Цэрэнбат алга болчихсон би ч ширээн дээрээ суугаад хүлээж байсан. Тэгээд удалгүй хүрч ирээд бүжгийн талбайны орчимд нэг залуутай маргалдаад зууралдаж аваад байх шиг байсан. Тэгэхдээ зодоон цохион болоогүй юм яриад зогсоод байхаар нь би шууд баарнаас гарч яваад гэртээ харьчихсан юм. гэсэн мэдүүлэг /хх 52/

 

Доргио баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: ..бичлэгийн минутаар 01 минут 40 секундэд камерын цагаар 2016 оны 07 дугаар сарын 24-ний 03 цаг 20 минут 49 секундэд хоорондоо зууралдаж байгаад малгайтай эрэгтэй нь нөгөө зууралдаж байсан хүнийгээ дээрээс нь дарж унав ..." гэсэн тэмдэглэл /хх 14/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 24-ний өдрийн ¹10311 дугаартай дүгнэлтэнд: Б.Цэрэнбатын биед баруун шилбэний тахилзуур ясны доод хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 22/

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /хх 37/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 39-42/, хохирогч Б.Цэрэнбатаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх 43/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 24-ний өдрийн ¹10311 дугаартай дүгнэлт /хх 22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Доргио” бааранд 2016 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн үед бүжгийн талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.Цэрэнбатыг мушгиж унаган бие махбодид нь баруун шилбэний тахилзуур ясны доод хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Бямба-Эрдэнэд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Бямба-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СД 1 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалаг хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ундрах-Эрдэнийн Бямба-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Бямба-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бямба-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи, рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бямба-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР