| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2018/01541/И |
| Дугаар | 184/ШШ2018/01423 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2018/01423
| 2018 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 184/ШШ2018/01423 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:......хаягт оршин суух овогт Ц.М-/РД:..... /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .....хаягт бүртгэлтэй .....овогт Б.Л-/РД::...... /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч Б.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Л-тэй нэг нутгийн, багаасаа бие биенээ мэддэг байсан. 1996 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Том хүү маань өвчний учир нас барсан. 2001 оны 10 сарын 15-ны өдөр охин Л.С-, 2004 оны 11 сарын 26-ны өдөр охин Л.С- нар төрсөн. Бид хоорондоо таарамжгүй болоод 2007 онд салсан. Би 2 хүүхдээ өөр дээрээ авсан. Тухайн үед амьдрал хэцүү, 2 хүүхэд жоохон байсан. Би ажил хийх гэхээр 2 хүүхэд харах хүнгүй, хотод өөрийн гэсэн ах дүү гэж байгаагүй. Тэр үед Б.Л- надад тусалж, үр хүүхдээ дэмжиж байгаагүй. Ингээд би ганцаараа амьдарч 2008 онд хүнтэй танилцаж гэр бүл болж хамт амьдарсан. Сүүлд суусан нөхөр бидний дундаас 2010 онд охин О.П- маань төрсөн. Бид хоёрын амьдрал хоёулаа ажил төрөлтэй сайхан байсан. 3 хүүхдээ тэжээгээд, хэрүүл маргаан гэж байгаагүй. Миний нөхөр хувиараа том тэрэг барьдаг байсан. Тэгээд ажлаа хийж яваад нас барсан. Харин Б.Л- бид хоёр таарч тохирдоггүй байсан. Алтан тариа компанид ажилладаг байхдаа цалингаа гэртээ авчирдаггүй. Байнга хонуутаар гадуур тэнэдэг байсан. Хоол ундны мөнгөгүй хэцүү үе олон байсан. Би ажил хийж чадахгүй, 3 хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Хариуцагч хүүхэнтэй орооцолдож, гадуур тэнэж, бүр Сэлэнгэд айлд хүргэн болоод очсон удаа ч бий. Би энэ мэдээллийг ойр дотных нь хүнээс сонссон. 2004 онд хүү маань 13 настай байхдаа хорт хавдраар нас барсан. Тэр болтол би тэвчсээр байгаад хүүгээ нас барсны дараа 2 охиноо аваад явсан. Хүүгээ өвчтэй байхад гэртээ ирдэггүй. Олон хоногоор тэнээд явчихдаг. Ийм байдлаар намайг гомдоож, олон жил явсан. Би эргээд нийлэх боломжгүй. 2 хүүхдээ 12 жил ганцаараа өсгөсөн. Б.Л- 2 хүүхэддээ хаяа хэдэн төгрөг л өгдөг байсан. Түүнийг бол үгүйсгэхгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо өөрийнхөө асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэгийг эцэг нь төлөх ёстой. Аав нь согтуу нэг удаа 10 дугаар ангийн охиноосоо архины мөнгө нэхсэн байсан. 2 охин минь хүмүүжилтэй өссөн. Манай гэрт тийм асуудал байгаагүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Б.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид Төв аймгийн Өндөрширээт сумын нэг нутгийн хүмүүс юм. Параллель ангид сурч, нэг гудамжинд өссөн. 1993 оноос хойш 10 жилээ төгсөөд үерхэж эхэлсэн. Тэгээд би цэрэгт татагдаж, 1994 онд цэргээс халагдаж ирсэн. 1995 онд тусдаа гарч гэр бүл болсон. 1995 онд Л.А- хүүтэй болсон. 2001 оны 10 сард охин Л.С- төрсөн. 2004 онд охин Л.С- төрсөн. Би Оюутолгойд хөдөө ажилладаг байсан. 2007 оны 03 сард Ц.М- над руу утсаар ярьсан. Тэгээд хэзээ ирэх вэ гэхэд маргааш ээлж ирэхээр хот орно гэсэн. Эргээд залгахад утсаа авахгүй байсан. Тэр үед 60 хоног ажиллаад, 15 хоног амардаг байсан. Намайг гэртээ ирэхэд гэрээ нүүлгээд аваад явсан байсан. Хоосон гэрийн буйр л намайг угтсан. Хол газар ажил хийж байхдаа элдэв зүйл сонсоод сэтгэл санаа тиймэрхүү л байдаг байсан. Тэр үед л тэр хүнтэйгээ танилцаж суусан. Би удахгүй хүнтэй танилцаж, Дарханд амьдарсан. Бүтэлгүй удалгүй салсан. Түүнээс хойш ганцаараа амьдарч байна. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрнө. Том охиноо өөр дээрээ авмаар байна. Тэтгэлэгийн хувьд би мэргэжил мэдлэг муу, тогтсон ажилгүй байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Б.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ц.М-, Б.Л- нар нь 1995 оноос хамтран амьдарч, 1996 оны 06 сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1995 онд хүү Л.А-, 2001 оны 10 сарын 15-ны өдөр охин Л.С-, 2004 оны 11 сарын 26-ны өдөр охин Л.С- нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2007 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч зохигчид цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2015 оны 10 сарын 27-ны өдөр дуусгавар болгожээ.
Зохигчид нь тус тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” хэмээн заасан ба 2018 оны 05 сарын 29-ний өдөр шүүхээс охин Л.С-, Л.С- нарын саналыг асуухад “...цаашид ээжтэйгээ хамт амьдармаар байна...” гэжээ. Хэдийгээр хариуцагч Б.Л- охин Л.С-г өөрийн асрамжид авах хүсэлтэй талаар тайлбар гаргасан боловч энэ талаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй, охин 2007 оноос өнөөдрийг хүртэл эхийн асрамжид өсөж байгаа, мөн эхийн хамт амьдрах хүсэлтэй тухай саналаа шүүхэд илэрхийлсэн тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг эх Ц.М-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд охин Л.С-, Л.С- нарт тэтгэлэг тогтоож, эцэг Б.Л-гээр тэжээн тэтгүүлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасантай нийцнэ.
Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 161.413 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг А- овогт Ц.М-/РД:..... /, .... овогт Б.Л-/РД:...... / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Л.С- /РД:..... /, Л.С- /РД:.... / нарыг эх Ц.М-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Л.С-, Л.С- нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг ....овогт Б.Л-/РД:.... /-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.М- нь Б.Л-г эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 161.413 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ